Баримт 1.
Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын уугуул. МУИС-ийг эрхзүйч, Австрийн Мельбурнийн их сургуульд олон улсын төсөл хөтөлбөрийн менежмент, МУБИС-ийг улс төр судлалаар магистрын зэрэг хамгаалсан тэрбээр ажлын гараагаа Хэнтий аймгийн Бэрх сумын Захирагчийн албанд Тамгын газрын даргаар эхлүүлж байсан түүхтэй. "Дэлхийн Зөн" ОУБ-ын салбарын захирал, Европ тивийн санхүүжилт хариуцсан бүсийн захирал, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төсөл хөтөлбөрт зөвлөх, Филиппин, Тайланд улсад төслийн менежер, мэргэжлийн үнэлээчээр, 2008-2009 онд Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар, 2009 оны тавдугаар сараас МАХН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт намын байгуулалтын хэлтсийн даргаар ажиллажээ.
Баримт 2.
Түүний улс төрд хөл тавьсан он цаг хугацаа 1999 онд тухайн үеийн МАСЗХ-нд, 2000 онд МАН-д элссэнээр эхэлдэг. Харин 2010 оны есдүгээр сард болсон Нийгмийн Ардчилал, Монголын залуучуудын залуучуудын холбооны дөрөв дэх ерөнхийлөгчөөр сонгогдож байлаа. Ингэхдээ УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, О.Содбилэг нарыг хол орхиж, буюу 100 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулж байв. Түүнийг уг албанд очсон шалтгааныг одоогийн Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй шадарлаж явсантай нь холбож, харах, ярих хүн олон бий.
Баримт 3.
Гэвч 2015 оны дөрөвдүгээр сард Л.Оюун-Эрдэнийг АНУ-д сурч байх үед нь Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн тэргүүтэй хүмүүс түүнийг НАМЗХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалаас буулгах асуудлыг хөндөж эхэлсэн байдаг. Хэдийгээр НАМЗХ-ны Бага хурлаас Л.Оюун-Эрдэнийг албан тушаалтай нь үлдээх шийдвэрийг гаргасан ч Их хурлын үеэр тэрбээр нэрээ татсанаар Г.Тэмүүлэн ерөнхийлөгч байв.
Баримт 4.
Өөрөө ч энэ тухай “У.Хүрэлсүхийн дахин ирэлтээс болгоомжилсон том тоглолтын нэг хэсэг байсан. Мань мэт нь хөөрхий одоо л ойлгож байна. Зүгээр нэг намаар хардаг хүн чинь ойлгодоггүй юм байна лээ шүү дээ. Намын байгуулалтын газрын дарга, намд ороод бараг арваад жилийн амьдралаа бүтэн цагаар зарцуулчихсан хүн чинь бол энийг ерөөсөө олж хардаггүй юм байна лээ. Цаана нь ийм том бизнес эдийн засгийн юм яваад байна гэдгийг ойлгодоггүй юм билээ.
Баримт 5.
Энэ үед би одоогийн Ерөнхий сайдтай бас ярьж байсан юм. Энэ нэг л өөр юм болоод байнаа гээд. Гэнэт найз нөхдүүд маань, хамтран зүтгэгчид маань огт ойлгогдохгүй, огт мессеж бичихгүй, ярихгүй, ийм нөхцөл байдал руу ороод явчихсан. Манай холбооны Д.Амарбаясгалан дэд ерөнхийлөгчөөс бусад нь бүгд миний эсрэг гэнэт болсон. Тэр нь ерөөсөө нэг ийм урт хугацаа биш. Ерөөсөө л нэг сарын дотор бүх юм өөр болсон” хэмээн хожим дурссан байдаг юм.
Баримт 6.
2016 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг УИХ-аас батлах үеэр эрх баригч АН-ын зүгээс өөрсдөдөө зориулж тойрог зурсан нь сөрөг хүчин МАН-ынхны эгдүүцлийг төрүүлж байв. Энэ үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймагт өөртөө зориулан нэг тойргийг нэмж зурсан удаатай. Үүнийг нь Л.Оюун-Эрдэнэ шүүмжилж “Хуулийг ч гууль болгож байна даа. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын өөртөө зориулсан тойрог дээр нь очиж өрсөлдөнө.
Баримт 7.
Эрх мэдэл, эд хөрөнгө бүгдийг ялахгүй” хэмээгээд “Чингис хааны өлгий нутаг учраас нэмсэн” гэж намын дарга З.Энхболдыгоо лоббидож өөртөө гаргуулсан тойрогт нь Б.Гарамгайбаатарыг амлан авч байлаа. Л.Оюун-Эрдэнэ ч нэр дэвшсэн, Б.Гарамгайбаатартай нэг тойрогт өрсөлдсөн, үр дүн нь анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.
Баримт 8.
МАН-ын Үндсэн дүрэмд зааснаар сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулснаараа тухайн үед намын дарга М.Энхболд Ерөнхий сайд болох ёстой байв. Гэвч М.Энхболд намын дүрмээ “сөрж” УИХ-ын даргын сэнтийд сууж байлаа. Түүнийг УИХ-ын даргаар томилох эсэх асуудлыг хэлэлцэх үеэр Л.Оюун-Эрдэнэ гишүүн шүүмжлэлтэй хандаж байсан юм.
Баримт 9.
Л.Оюун-Эрдэнэ гишүүний хувьд УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” бодлогын баримт, бичгийн автор. Гэвч уг бодлогын баримт, бичигтэй холбоотой шүүмжлэл хэсэгтээ явсан. Одоо ч явсаар буй. Тэрбээр “Би их л үйлийн үртэй хүн юм даа. Гэхдээ яахав ээ. Зүгээр л гүүглдээд үзвэл улс орон бүхэн л өөрийн гэсэн алсын хараатай байгааг төвөггүйхэн харж болно. Нэг үгээр хэлбэл ирээдүйгээ ярьдаг гэсэн үг. Мэдээж ирээдүйг бүтэн төсөөлөх боломжгүй. Тэртээ тэргүй олон эрсдлүүд гарна шүү дээ. Гэхдээ улс орон бүхэн л урт хугацааны төлөвлөлттэй байгаа. Улс орон бүхэн өөрийн орны хөгжлийн загвартай байгаа. Бүгд шүү дээ. Бидний хоёр хөрш маань ч, бидний жишээ авдаг Япон ч ялгаагүй.
Баримт 10.
Бидний жишээ авах дуртай Сингапур ч мөн адил. Солонгосч тийм. Адилхан баялагтай гэж ярьдаг Казахстан ч тийм. Ерөөсөө бүгд шүү дээ. Манайд болохоор ирээдүй ярихаар л уурладаг. Тэгээд л эсвэл бүр 13-р зуунаа яриад эсвэл өнөөдрийн хов живэндээ сатаарчихдаг. Бид нар түүхээ унших хэрэгтэй, түүхээ судлах хэрэгтэй. Түүхээ харж байж л ирээдүйгээ илүү тод хардаг гэдэг шүү дээ. Би ч ялгаагүй түүхэндээ дуртай, бахархдаг.Гэхдээ дандаа өнгөрсөндөө байгаад байж болохгүй шүү дээ. Одоо цагт маань юу байна вэ гэхээр хэрүүл л байна. Жишээлбэл,Монгол Улсад эдийн засгийн маш олон маргаанууд болж байна. Эдийн засгийн том том чуулган, уулзалтууд болж байна.
Баримт 11.
Монгол Улсад зөндөө олон хурал болж байна. Би ч бас 4 жилийн хугацаанд чамлахааргүй олон хуралд суулаа. Ордны их танхим дүүргээд л сайхан хурлууд зөндөө л боллоо. Гэтэл тэр хурал дунд адаглаад манай Монгол Улс хэдэн боомттой юм. Ямар хэмжээний баялагтай юм. Тэрнийх нь дундуур ямар дэд бүтэц явах юм. Энийгээ яаж нэмүү өртөг шингээх юм. Тэгээдтөсөв болон мөнгөний бодлого нь яаж уялдах юм гээд маш энгийн зүйлүүд дээр өнөөдрийг хүртэл бид нарын нэгдсэн төсөөлөл яригддаггүй. Учир нь бидэнд байхгүй. Улсын Их Хурлаар өнгөрсөн 30 жилийн хугацаанд 500 гаруй бодлогын бичиг баримт хэвлэж гаргасан байна. За, энийг бүгдийг нь нэгтгээд үзэхээр үнэндээ маш их давхцал байна.
Баримт 12.
Хоёрдугаарт, яахав гэхээр төлөвлөгөө, хууль бүрийн ард санхүүгийн тооцоолол байхгүй. Санхүүгийн тооцоололтой нэг ч хууль байхгүй. Нэг ч төлөвлөгөө бид нарт алга. Техник эдийн засгийн үндэслэлүүд ингэж хийгдэх юм аа гэдгийг гаргасан томоохон төслүүд бидэнд алга. Жишээлбэл, нийслэлчүүд адаглаад Улаанбаатар хот хаашаа тэлэх вэ гэдгээ мэдэхгүй байна. Энэ чинь нэг тэлж таарнаа даа. Улаанбаатар хот чинь. Монгол Улс чинь одоо 30 орчим жилийн дараа 5,5 орчим сая хүнтэй байх нь ээ. Улаанбаатар хот 3,2 сая хүнтэй болж одоо байгаа хүн ам 2 дахин нэмэгдэх нь. Гэтэл усных нь хэрэгцээ яах юм бэ гэдгийг тооцож байгаа нэгдсэн төсөөлөл бидэнд алга. Бид нар Богд уулаа тойрох гээд байгаа юм уу. Эсвэл бид нар Налайх руу сунаж хөгжих гээд байгаа юм уу. Эсвэл Дархан руу сунаж хөгжих гээд байгаа юм уу. Хэдэн ширхэг орон сууц хаана баригдах юм. Тэр дунд нь нөгөө театр, эмнэлгүүд нь хаана төлөвлөгдөх юм. Энэ дээр Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын төсөөллүүд хоорондоо зөрж байна.
Баримт 13.
Тэгэхээр бид үүнийг цогцоор нь хэлэлцүүлэгт оруулахаас өөр ямар ч гарц байхгүй. Өнгөрсөн 30 жил ингэж явж болсон байх. Дараагийн 30 жил ингэж яваад 5 сая хүнтэй болсон тохиолдолд Монгол Улс ачааллыг нь дийлэхгүй. Үндсэндээ бид нар чинь алт, зэс, төмрийн хүдэр, нүүрс гэсэн дөрөвхөн зүйлээс хамааралтай байгаа улс шүү дээ. Үндсэндээ Гашуунсухайт боомт дээр байгаа тэр нэг 12000 жолооч л Монгол Улсын эдийн засгийг авч яваа хүмүүс шүү дээ, ер нь бол. За, тэгээд “Эрдэнэт” үйлдвэр гээд. Гэтэл энэ дээр ямар нэгэн байдлаар доголдол үүсвэл яах вэ. Жишээлбэл, 30 жилийн дараа гэхэд дэлхий даяараа хүрэн нүүрснээс татгалзана. Одоо ч нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг дэмжихээ больж байна. Дараагийн 30 жилийн хугацааны циклийг бодохгүйгээр, ирээдүйн ямар ч төсөөлөл байхгүйгээр явж байгаад маш том хэмжээний эрсдэлд ороод Монгол Улсын аюулгүй байдал тусгаар тогтнолтой холбоотой асуудал болж хувирвал яах вэ. Монгол Улсын төсөв дефолтод орвол яах вэ.
Баримт 14.
Шоолж гоочилж, цэцэрхэж, эсвэл уурлаж бухимдахаас илүү бодохыг би зөвлөж байгаа юм. Миний хувьд ажил хэрэгч бүтээлч мэтгэлцээн хэрэгтэй байгаа юм. Нөгөө талаараа энэ улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр гэж аймшигтай зүйл байна. Таалагдахын тулд юу ч хамаагүй амладаг. Тэгээд хамгийн харамсалтай нь тэрэн дээр нь тодорхой хэмжээний суудлууд бий болдог. Тэгээд дараа нь тэрийгээ хэрэгжүүлэх гэж нөгөө муу төсвөө самардаг. Жижиг мажоритар тогтолцоо төсвөө тэгшхэн хувааж авдаг. Тэгэхээр энэ бүх зовлонгоос гарах тухай ярих нь энэ 2020 он байх болов уу гэж би бодоод байна. Яагаад гэхээр бид нар 30 жил явлаа. Одоо дараагийн 30 жилээ бүгдээрээ төсөөлцгөөе л дөө. Энэ дээр харин бүх нийтээрээ л анхаарлаа өгч ажиллая гээд байна. Бүсчилсэн хөгжлөө яах юм, эдийн засагтай холбоотой асуудлуудаа яах юм гээд тооцоо судалгаанууд хийх гэж оролдсон.
Баримт 15.
Гэхдээ энэ чинь зөвхөн Л.Оюун-Эрдэнийн ажилласан зүйл биш шүү дээ. 1500 гаруй хүний бүтэн жилийн хөдөлмөр. Нэг олзуурхууштай тал нь юу вэ гэхээр 2001 оны бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаас авахуулаад тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гээд бүгд дээр нь бид суусан. Бүх эрдэмтэд энэ дээр нийлж ажилласан. Алдаа оноогоо дүгнэсэн. Тэгээд ирээдүйн тухай ярьцгаая аа, ярихгүй бол болохгүй нь ээ гэдгийг л гаргаж тавьж байна. Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очиж чадахгүй гэдэг нэг үг байдаг шүү дээ. Ирээдүйн тухай мэтгэлцээн эхэлж байна л гэж ойлгох хэрэгтэй” гэсэн удаатай.
Баримт 16.
Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсныхоо дараа “Эрдэнэт” үйлдвэрт онц дэглэм тогтоож, хэд хэдэн шалтгалтыг эхлүүлж байлаа. Шалгалтын явцын үеэр тэрбээр “Жил бүрийн шинэ жилийн баяраар Сингапур улсад хууль хяналтын байгууллагын удирдлагууд, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой компанийн удирдлагууд болон нөлөө бүхий улстөрчид уулзалддаг. Энэ үеэр хууль хяналтынхны томилгоо, янз бүрийн тохироо болдог. Өөрөөр хэлбэл, ирэх жилийнхээ төлөвлөгөөг хэлэлцдэг. Хамгийн гол нь ойрын 20 жилд сонгогдох бүх Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг урьдаас томилж, гурав дахь хүчнийг байгуулсан байдаг юм аа” гэсэн нь хэсэгтээ шуугиан дэгдээж байлаа.
Баримт 17.
Мөн “Ц.Элбэгдоржийн ойр дотны найзууд “United friends” буюу “Нэгдмэл найзууд” холбоо гэдэг компани байгуулсан. Түүн дотор Монголын хууль хяналтын удирдлага, зарим улс төрчид холбогдож, оффшор бүсээс мөнгө угаасныг нь нотолсон.
Баримт 18.
Магадгүй Ц.Элбэгдорж Монголд ирж чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой. Гутлаа тосоод, зангиагаа зүүж очоод шалгуулна гэж бүлтрээд байсан хүн хаана байна вэ. Одоо ирээд хуулийн байгууллагад шалгуулах хэрэгтэй. Ц.Элбэгдорж таван одтой зочид буудалд амьдарч байгаа. Та бүхэн нэг өдрийн төлбөрийг нь мэднэ. Хаанаас тэр их мөнгийг олов. Гадаад руу хуралд яасан удаан явдаг юм бэ. Зургаан сар боллоо шүү дээ.
Баримт 19.
Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Ж.Батнзандан, Л.Болд нарын таван гишүүн нэгдэж, М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах акцыг өрнүүлж, хажуугаар нь МАНАН дэглэмийн эсрэг жагсаалыг төв талбайд зохион байгуулж явсан нь хоёр жилийн өмнөх үйл явдал. Үүнийхээ хүрээнд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд бойкот зарлаж, М.Энхболдыг албан тушаалаасаа буухыг шаардаж байсан юм.
Баримт 20.
Үүнээс ганда Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын тухай танилцуулах үеэрээ 2015-2016 онд ажиллаж байсан удирдлагуудын хариуцлагагүйгээс болж банк их хэмжээний хохирол хүлээсэн. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон бусад албан тушаалтнууд зээлдэгчдэд давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. “Чингис”, “Самурай”, Евро бондын асуудлууд болон зарим төсөл хөтөлбөрийг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг АТГ-т шилжүүлсэн талаар хэлж байлаа.
Баримт 21.
Төрийн албыг зарж, наймаалцахыг завдсан гэх “60 тэрбум”-ын гэх хэргийн автор НИТХ-ын дарга асан Ц.Сандуй “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ уг схемд МАН-ын өнөөгийн дарга нар, Засгийн газрын сайд нар холбоотой гэсэн мэдээллийг өгсөн удаатай. Ингэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар сонгуулийн үеэр 60 тэрбумын схемийг үзэж, “маш сайн төлөвлөгөө” хэмээн сайшааж байсан тухай нэвтрүүлгийн үеэр ярьсан юм.
Баримт 22.
Үүнд нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Энэ хэрэг шүүх рүү очих үед Ц.Сандуй мэдэгдэл хийсэн нь надад сонирхолтой санагдаж байгаа. Өмнө нь ярьж болох зөндөө хугацаа байсан ч огт байр суурь илэрхийлээгүй байж шүүх хурлын өмнө ярьсан нь хардлага төрүүлсэн. Нэг үгээр хэлбэл энэ хэрэг замхрах шат руугаа явж байгаа юм биш биз гэж бодогдсон.
Баримт 23.
Үүнийг дахиад нягталж харах ёстой байх. Эцэстээ М.Энхболд гэх хүн огт байгаагүй болж хувирсан. Тэгээд 60 тэрбумыг зохион байгуулсан хүн нь Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх бас байсан гэж ярьсан. Эндээс улс төрийн ямар нэг тохироо явагдаж байна уу гэсэн хардлага төрснөө нуугаад яахав” гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Харин шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн ял оноосон билээ.
Баримт 24.
Л.Оюун-Эрдэнэ хувь хүний хөгжил, философи, утга зохиол, угсаатны зүй, түүхийн чиглэлээр таван ном бичсэн нэгэн. Алсын хараа ном нь 2009 оны шилдэг борлуулалттай номоор шалгарч байсан гэдэг. Түүний хувьд энэ удаагийн сонгуулиар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын хамт Хэнтий аймагт дахин нэр дэвшин сонгогдож, У.Хүрэлсүхийн танхимын гал тогоог дахин зангидахаар болоод байгаа юм.
Сэтгэгдэл (27)