Баримт 1.
Монгол түмнээ Баднаанямбуугийн Бат-Эрдэнэ гэж дуудуулах ховорхон хувьтай төрсөн дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь Улсын баяр наадамд нийт 186 давахдаа 11 жилд нь түрүүлсэн. Самбо бөхийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, хошой мөнгөн медальт, Залуучуудын дэлхийн аварга, жүдо бөхөөр Азийн наадмаас нэг мөнгөн, гурван хүрэл медаль, сохирхогчдын сумо бөхийн Дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгө, хүрэл медаль хүртэж, тив, дэлхийд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж явсан түүний амжилтыг тооцоод барахгүй.
Баримт 2.
Гурван эгч, нэг ахтай. Түүнийг бага байхаас нь аав нь бөхийн хорхойтон болгож өсгөсөн. Гэргийг Б.Болормаа нь философийн багш мэргэжилтэй. Гэсэн ч волейболын спортоор хичээллэж спортын мастер цол хүртсэн. Гэргий Б.Болормаатай ханилахаас өмнө аавтай нь “багш, шавийн” барилдлагатай байсан. Хожим санаандгүй байдлаар хүргэн нь болсон гэж хууч хөөрсөн байдаг.
Баримт 3.
Хэдий бөхийн спортоор хичээллэж олон амжилтын эзэн болсон ч Цэргийн дээд сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж 1990 онд төгссөн. Орос, англи хэлтэй, хууль зүйн ухааны магистр. Ажлын туршлагын хувьд 1983-1990 онд “Хүч” нийгэмлэгийн тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” дээд сургуулийн захирлаар ажилласан.
Баримт 4.
Ингээд УИХ-д тухайн үеийн МАХН буюу МАН-аас өрсөлдөж ялснаас хойш тасралтгүй 16 жил парламентад суусан туршлагатай улстөрч болжээ.
Баримт 5.
Тэрбээр байгаль орчныг хамгаалах, хариуцлагатай уул уурхайн эсрэг чуулганы үеэр идэвхтэй ажиллаж ирсэн гишүүн. Тиймдээ ч Урт нэртэй хуулийн автор нь болсон. Гэхдээ үүнд багагүй эргэлзээ байдаг юм билээ. Энэ нь нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг боловсруулж Б.Бат-Эрдэнэ гишүүнээс дэмжлэг хүсэж хандсан байна. Уг хүсэлтийг нь эрхэм гишүүн хүлээж аваад өөрийн нэртэй албан бичгээрээ хуулийн төслийг өргөн барьжээ. Ингэж л Урт нэртэй хуулийн автор болсон гэх юм билээ.
Баримт 6.
Урт нэртэй хуулийн ачаар Хэнтий аймгаас эхлээд цөөнгүй аймаг, сумдын газар нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байсныг цуцалж, цаашид энэ салбар дахь бугшсан идээ бээрийг шахах эхлэл тавигдсан гэхэд болно.
Баримт 7.
Энэ хугацаанд 2009-2010 онд УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны даргаар нэг жил ажилласан. Мөн УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд МАН үнэмлэхүй олонх болох үед Ж.Эрдэнэбатын танхимд дэвшиж, Батлан хамгаалахын сайдаар ажилласан ч У.Хүрэлсүхийн Засгийн газарт суудлаа тавьж өгсөн.
Баримт 8.
Өдгөө УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар ажилладаг. Парламентийн туршлагатай ахмад гишүүн гэдэг утгаар нь энэ үүргийг түүнд оногдуулсан. Тэр ч итгэлийг алдахгүйн тулд багагүй хүч гаргаж ажилласан. Эх оронч түшээгээр тодорч байсан тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж байсан.
Баримт 9.
Нэгэн цаг үед МАН лидергүй боллоо гэх шүүмжлэлд өртөөд байв. Тэр үед Б.Бат-Эрдэнийг онцож, лидерээрээ өргөмжлөн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг олгож байсан удаатай.
Баримт 10.
Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр 41.7 хувийн санал авсан. Энэ нь ч яах аргагүй лидер улстөрч гэдгийг нь баталсан байх. Нөгөө талаасаа бөхөд хайртай монголчуудын зан Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр илэрсэн байхыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч МАН-ын нэрээр бус өөрийн нэрээр дээрх саналыг цуглуулсан гэж болно.
Баримт 11.
МАН-аас УИХ-д сонгогдсон түнийг МАХН-д урвах байх гэсэн хардлага олон жил үргэлжилсэн. Учир нь 2011 оны намар “Оюу толгойн гэрээ нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн нэр бүхий найман гишүүний хамт Ерөнхий сайд С.Батболдыг огцруулахыг шаардаж байсан. Тиймдээ ч тэрслүү гишүүн гэж цоллуулж байлаа.
Баримт 12.
УИХ-ын 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын 40 гаруй парламентийн гишүүн ЖДҮ-гийн хэрэгт нэр холбогдсон. Харин Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд үүнтэй нэр холбогдоогүй цөөн хэдхэн гишүүний нэг юм.
Баримт 13.
Энэ ч утгаараа ЖДҮ-чдийн төлөөлөл болсон УИХ-ын Б.Ундармаа, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Л.Элдэв-Очир нарын гишүүд ЖДҮ, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болох хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх үеэр Б.Бат-Эрдэнэ гишүүн хатуухан үг дайсан байдаг. Энэ нь ЖДҮ-г дэмжих, бодлого батлагдаад олон жил болсон ч зорилтод бүлэгтээ бүрэн хүрэхгүй байна. Арилжааны банкууд бизнесийг дэмжих санаачилга гаргахгүй байна. Зөвхөн өндөр хүүтэй мөнгө зээлүүлж, ашиг олохыг санаархаж байна. Үүнд төрийн эрх баригчид, гишүүд бид буруутай гэж байв.
Баримт 14.
Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон ч хариуцлага хүлээдэггүй явдал гаарсанд тэрбээр шүүмжлэлтэй хандаж ирсэн. Тиймдээ ч Эрүү, Шүүхийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсээр ирсэн юм. Тодруулбал, уг асуудлаар чуулганаар хэлэлцэх үеэр “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хаагдсан хэдэн хэрэг байна вэ. Үүнээс болж улсад хэдэн төгрөгийн хохирол учирсан бэ. Бид ийм байдлаар улсад хохирол учруулсаар байх уу?. Авлига, албан тушаалын хэргийг сэргээж шалгах хэрэгтэй. Бид өмнөх алдааг давтах ёсгүй. Хэрвээ Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадвал энэ боломжийг хааж чадна” гэдгийг удаа дараа мэдэгдэж, хэлж ирсэн юм. Түүний эл шаардлага ч хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад ихээхэн дэмжлэг үзүүлсэн билээ.
Баримт 15.
Парламентад 16 жил суухдаа барагтай хэл аманд өртөж байгаагүй түүний талаар 2017 онд нэгэн таагүй мэдээлэл цацагдсан. Энэ нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа хурандаа Б.Колягаар дамжуулж авлига нэхсэн гэх мэдээлэл. Тодруулбал, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл ТӨҮГ-ын захирал, хурандаа Б.Коля БХЯ-тай хийсэн гэрээгээ хийхээр ирсэн гадныханд “Гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгийг дансанд хий. Энэ талаараа сайд Б.Бат-Эрдэнэ мэдэж байгаа” гэсэн утга бүхий зүйл хэлсэн аж. Эл үйлдлийн хариуд гадныхан АТГ-д гомдол гаргаж, улмаар мэдээлэл нь хэвлэлээр цацагдаж байв.
Баримт 16.
Үүнээс гадна Бөхийн холбоотой асуудал багагүй шуугиан дэгдээсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Сүхбат “Б.Бат-Эрдэнэ аварга нэгдэх асуудлыг наадмын дараа болгох санал гаргаж шийдэхээс татгалзсан” гэдгийг хэлээд энэ асуудлаар гурван дархан аварга, улсын гарьд, заан цолнуудын төлөөлөл, хоёр талын удирдлага уулзсан. Бөхчүүд эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурахаар тохирсон. Гэтэл дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын гарьд Д.Рагчаа тэргүүтэй бөхчүүд зөвшөөрөхгүй гээд гарын үсэг зураагүй. Дархан аварга нүүрэн дээрээ эвлэрэх асуудал ярьсан ч үйлдэл нь өөр байна” гэдгийг мэдэгдсэн юм. Үүнтэй зэрэгцээд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг Бөхийн өргөөг хууль бусаар авсан гэх дуулиан мөн өрнөсөн юм.
Баримт 17.
Улсын баяр наадмаар зодоглосон бөхчүүд допинг хэрэглэсэн гэх асуудалд удаа дараа нэр холбогдсон. Үүнээс болж цөөнгүй бөх барилдах эрхээ хасуулж, цолоо хураалгасан. Допингийн асуудалд Бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг хариуцлага хүлээх ёстой гэж зарим бөхчүүд Ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан удаатай.
Баримт 18.
Монгол Бөхийн өргөөний хувьд 1.6 тэрбум төгрөгөөр иргэдийн хандив дэмжлэгээр боссон. Гэтэл тайлангаа огт тавьж байгаагүй гэдгийг мөн л А.Сүхбат мэдэгдэж байлаа. Үүнд Р.Нямдорж, Г.Данзан, Б.Бат-Эрдэнэ “буруутай” гэж байв.
Баримт 19.
Тэрбээр Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших үеэр “Тужийн нарсыг үгүй хийсэн”, “Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг шахсан” гэх дуулиан дэгдсэн.
Баримт 20.
Харин үүнийг тэрбээр эрс үгүйсгэсэн байдаг. Ингэхдээ “Хүн андуураад байна уу. Эсвэл зориуд ингэж мушгиж байна уу, мэдэхгүй. Би Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг ог нийлүүлж байгаагүй. Харин ДЦС-III нийлүүлсэн нь үнэн. Гавьяат Г.Эрдэнэбат, О.Балжинням бид нийлж “ББ” компани байгуудж ган бөмбөлөг, ноолуурын бизнес хийсэн. Гэхдээ ноолуураа худалдаж аваад “Говь” компанид худалддаг байсан. Олсон орлогоороо “Буудайн цацал” компанийн хувьцааг худалдан авсан. Гэхдээ би ганцаараа биш, Д.Тэрбишдагва, “Алтан тариа”-гийн Цэвэвтэй нийлж авсан” гэжээ.
Баримт 21.
УИХ-ын нэр бүхий гишүүдийн хөрөнгө орлого огцом нэмэгдэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар нэр бүхий иргэд АТГ болон Б.Бат-Эрдэнэ гишүүний тэргүүлдэг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан. Эл асуудлаар Б.Бат-Эрдэнэ гишүүн дэд хорооны даргын хувьд удаа дараа асуудал дэвшүүлсэн. Гэвч хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гэх Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нарын гишүүдийн асуудал шийдэгдэлгүй өнгөрсөн.
Баримт 22.
Харин М.Оюунчимэг гишүүн “АТГ-ынхан “ЦЭГ, ТАСЛАЛ” андуурсан байна” гэж өөрийгөө өмгөөлсөн бол Б.Бат-Эрдэнэ гишүүн “Энэ асуудлыг шалгах эрх нь УИХ-ын Ёс зүйн дэд хороонд алга” гэснээр асуудал замхарсан.
Баримт 23.
Тэрбээр парламентад олон жил суусан туршлагатай улстөрчийн хувьд УИХ-ын залуу гишүүдийн хэлсэн үг, үйл хөдөлгөөнд шүүмжлэлтэй хандаж ирсэн. Жишээлбэл, цар тахлын үед чуулганыг цахимаар хуралдуулахаар болохдоо гишүүдийг амны хаалт зүүж, хувийн ариун цэврийг сайтар сахихыг Тамгын газраас анхааруулсан юм. Гэвч С.Бямбацогт, Л.Болд тэгүүтэй гишүүд амны хаалт зүүхдээ хойрго хандаж байгааг байнга шүүмжилж, аашлах үедээ аашилж байв. Энэ ч үүднээс түүнийг хэтэрхий үгэлж байна гэж ангийн нөхөд нь дургүйцсэн удаатай.
Баримт 24.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд төрөлх Хэнтий аймгаасаа дахин нэр дэвшихээр болсон. Ингэснээр тойргоо сольдоггүй, урваж шарвадаггүй гэдгээ батлан харууллаа. Түүнтэй хамт нэг тойрогт МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар нэр дэвших бол АН-аас хотын дарга асан Э.Бат-Үүл, Ж.Оюунбаатар, П.Пүрэвхатан нар нэр дэвшинэ. Ийнхүү дархан аварга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын сонгуульд дөрөв дэх удаагаа өрсөлдөх гэж байна. Хэнтийчүүд түүнд итгэл найдвараа дахин хүлээлгэх нь тодорхойгүй. Гэхдээ МАН-аас хийсэн судалгаагаар рейтингээрээ нэгдүгээрт жагссан гэх юм билээ.
Сэтгэгдэл (24)