Баримт 1.
Тэрбээр Хөвсгөл нутагт төрж өссөн. 1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. Их сургуулиа төгссөний дараа Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтнээр ажилд орсон. Тус яаманд 10 жил ажилласны эцэст УБЕГ-т шилжин ажилласан.
Баримт 2.
МАН-ыг мандан бадарч байх үед УБЕГ-ын улсын байцаагчаас тус газрын дарга хүртлээ суга дэвшсэн. Гэхдээ энэ бүхнийг ганцхан жилийн дотор амжуулсан сүйхээтэй нэгэн.
Баримт 3.
Түүнийг УБЕГ-ын даргаар ажиллаж байхад “царцааны” асуудал жинхэнэ утгаараа цэцэглэсэн гэх шар мэдээ гарч байсан. Газрын даргын үүрэгт ажлаа хүлээлгэж өгсний дараа буюу 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, МАН-ын даргын зөвлөхөөр ажилласан.
Баримт 4.
Улмаар 2012 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөж ялагдал хүлээсэн. Гэтэл сонгуулийн дараа “нэр дэвшигч нь ялагдал хүлээсэн” хэмээн Хөвсгөл аймгийн “SKY” телевизийн ажилчдаа зодсон бичлэг шуугиан тарьж байв. Өөрийгөө рекламдуулах гэж мөнгө төлсөн телевиз нь эсрэг нам болон АН-ынханд үйлчилсэн гэх шалтгаанаар ажилтнаа зодсон захирал нэр дэвшигч нь Л.Мөнхбаатарын зөвлөх байсан гэх юм билээ.
Баримт 5.
Сонгуульд ялагдал хүлээсний дараа шархаа нөхөхөөр Хөвсгөл нутгийг зорьж тэндээ суурьшсан гэхэд болно. Энэ хугацаанд Хөвсгөл хөгжил сангийн тэргүүнээр ажиллах болж, хөвсгөлчүүддээ дөрвөн жил хайр зарласны эцэст УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулсан.
Баримт 6.
Их хуралд анх удаагаа сонгогдоод буй тэрбээр олны хэл амнаас хол байх дуртай. Тиймдээ ч тэр үү, чуулган, байнгын хорооны хуралдаанаар тийм ч олон удаа байр сууриа илэрхийлээд байдаггүй. Хаа нэгтэй ам нээхдээ Хөвсгөл нутаг, эс бөгөөс тэтгэвэр тэтгэмж, Засгийн газар, нам эвслийн тухай ярихаас хэтрэхгүй.
Баримт 7.
МАН-ын 32-ын бүлэгт харьяалагддаг, Засгаа огцруулахын эсрэг байсан. УИХ-д сонгогдоод хоёр жил гаруй болж байж арай хийж “хэлд” орсон.
Баримт 8.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар намын ах нараа дагаж хурдан моринд хорхойссон нэгэн. Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз бага насны ангилалд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, “Түмний эх” галын уяач, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын хул халзан даага айргийн тавд хурдалсан юм. Эл хурдан даага нь Тод манлай Д.Ононгийн адууны угшилтай гэх.
Баримт 9.
Эр хүн сайхан хүүхэн, хурдан хүлэгт нугасгүй гэдэг үг Л.Мөнхбаатарт яг тохирсон үг. Тэрбээр АТГ-т мэдүүлэхдээ 90 сая төгрөгийн хурдан удмын 25 адуутай гэж мэдүүлсэн нь хурдан моринд гар татдагггүй нэгэн болохыг харуулах биз.
Баримт 10.
Тэрбээр гишүүний хувьд гишүүн болохоосоо өмнө буюу 2015 онд 12 сая төгрөгийн цалинтай байсан бол 2016 онд гишүүн болсон жил орлого нь огцом өсөж 137 сая төгрөгт хүрсэн байна. Харин 2017, 2018 онуудад орлого нь гэнэт буурч 20 гаруй сая төгрөгийн жилийн орлоготой хэмээн мэдүүлжээ. Гэр бүлийн гишүүд нь түүнийг гишүүн байхаас өмнө 252 мянган төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд жилийн гурван сая шахам төгрөгийн орлоготой болжээ.
Баримт 11.
Тэрбээр нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг авто зогсоолтой. Эдгээрээ 840 сая төгрөгөөр үнэлсэн. BMW-X6, Lexus-570 маркийн хоёр машинтай, 170 сая төгрөгийн үнэлгээтэй. Нийт 150 сая төгрөгийн үнэт эдлэл, есөн сая төгрөгийн хадгаламжтай, ямар нэг өр зээлгүй юм байна.
Баримт 12.
Төрд арав гаруйхан жил ажилласан хэрнээ чамгүй хөрөнгө цуглуулсан нэгэн болох нь түүний хөрөнгө орлогийн мэдүүлгээс харагдсан байх. Бүр нарийвчилбал, “Бодиткапитал” ХХК-тай. Тус компани нь гадаад худалдаа, аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөлтэйгөөр 2013 онд байгуулагдсан. Уг компанийг Б.Бурмаа гэх хүн толгойлж, Л.Мөнхбаатар гишүүн 100 хувь эзэмшдэг гэжээ.
Баримт 13.
Л.Мөнхбаатар гишүүний хувьд 2007 онд С.Баярын сонгуулийн менежерээр ажиллах болсноор улс төрд хөл тавьсан гэх юм билээ.
Баримт 14.
Энэ цагийн парламентийн гишүүдийн олонх нь ЖДҮ-гийн зээлтэй нэр холбогдсон. Тэдний нэг ч гэсэн Л.Мөнхбаатар гишүүн. Түүнийг "Аёон” пропортийз" ХХК-иар дамжуулж ЖДҮХС-гаас зээл авсан гэх юм билээ.
Баримт 15.
Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд хуралдсан юм. Хуралдаанд МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна. Уг хуралдаанаар ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцэх байсан юм.
Баримт 16.
ЖДҮ-гийн асуудлыг хэлэлцэх хуралдааныг тасалсан хэрнээ “ЖДҮ-гийн асуудлаас болж жинхэнэ ЖДҮ-чид талбай дээр жагсана шүү” гэж чухал царай гаргаж явсан нэгэн.
Баримт 17.
ЖДҮ-гийн дуулиантай нэр холбогдсон уяач гишүүн Засгийн газрыг унагахад гар бие оролцож, мутраа хайрлаж явсан юм.
Баримт 18.
Эл хэргийн өмнө Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас олгосон нэг тэрбумын ЖДҮ-гийн зээлийг хууль зөрчиж олгосон гэх асуудалд түүний нэр мөн л хавчуулагдаж байв.
Баримт 19.
Дөрвөн жил нутагтаа галаа манасан тэрбээр Хөвсгөл аймгийн газрыг нутгийн бус иргэд өмчилж, эзэмшиж байгаад дургүйцдэг нэгэн. Тодруулбал, энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад өргөдөл гаргасан байдаг. Үүнд, “Ялангуяа хөдөө амьдарч буй иргэдийн хувьд газар бол тэдний оршин байх үндэс нөхцөл бөгөөд энэ талаар эдгээр тусгай хамгаалалттай бүс нутагт амьдарч буй иргэдээс байнга гомдол, санал гаргаж байдаг хэдий ч төрийн аль ч шатны байгууллагад шийдэгдэхгүй, иргэд хохирсоор, цаашдаа хэвийн ажиллаж амьдрах нөхцөлгүй болж байна" хэмээгээд дараах асуулгуудыг тавьж байсан удаатай.
Баримт 20.
Парламентад анх удаагаа сонгогдсон түүний нэр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргад яригдаж байв. Харамсалтай нь, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар түүний өмнүүр орсон.
Баримт 21.
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Солонгос руу зорчиуж явахдаа онгоцны үйлчлэгчийн өгзөгөнд хүрсэн гэх асуудалтай холбогдож байв. Тухайн үед Д.Одбаяртай хамт Л.Мөнхбаатар гишүүний сайн найз О.Батчулуун явсан гэх дуулиан дэгдэж, түүнийг багагүй сандаргаж байв. О.Батчулуун нь “Монголын цахилгааны холбоо” компанийн захирлаар ажиллаж байсан, гишүүн Л.Мөнхбаатарын тэргүүлдэг “Хөвсгөл хөгжил” сангийн УЗ-ийн гишүүнээр ажилладаг. Мөн Хөвсгөл аймгаас МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон, “Монголын цаатны холбоо”-ны Ерөнхийлөгч гэсэн статустай аж.
Баримт 22.
Тэрбээр Хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог бүрдүүлэх хууль боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа. Хэрвээ хуулийн төслөө чуулганаар батлуулж амжвал ирэх сонгуульд яах аргагүй том үнэлгээ авах шалтгаан болох нь лавтай.
Баримт 23.
Тэрбээр УБЕГ-ын даргаар ажиллаж байсан. Тиймдээ ч уг салбарт хийгдэж буй ажил бүхэн Л.Мөнхбаатар гишүүнтэй нэр холбогддог. Тухайлбал, ТҮЦ машиныг хураах асуудал өнгөрсөн жилээс хойш яригдсан. Эл асуудлаар тэрбээр “2008-2012 онд намайг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байх үед улсын бүртгэлийн шинэчлэл хийж, бүртгэлийн мэдээллийн цахим санг бүрдүүлсэн. Ингэснээр ТҮЦ машин гэх мэт технологийн шийдлийг ашиглах боломжтой болсон юм. ТҮЦ машин цахим үйлчилгээний нэг төрөл боловч, төрийн үйлчилгээг хөнгөвчлөх, цахимжуулах асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Учир ТҮЦ-ээс иргэн биечлэн очиж шаардлагатай мэдээлэл аваад, өөрийн үйлчилгээ авах газраа аваачиж өгнө, нөгөө мэдээллийн үнэн зөвд тухайлбал, хувийн байгууллагууд, банк итгэж, үйлчилгээндээ ашиглахгүй тохиолдол байна. Түүнчлэн ТҮЦ машинд байгаа мэдээллүүд уг мэдээллүүдийг оруулж байгаа байгууллага тус бүрийн мэдээллийн сантай байнга холбоотой байх, ТҮЦ машин бүрийн интернетийн сүлжээ, цахилгаан болон техникийн бүрэн бүтэн байдал зэргээс шалтгаалж байдаг. Өөрөөр хэлбэл, ТҮЦ машин бол завсрын шийдэл . Ерөнхийдөө бол ТҮЦ машины хэрэглээ байхгүй болсон” гэсэн тайлбар өгсөн юм.
Баримт 24.
Парламентад олонх болсон МАН-ын гишүүд Итгэлийн зээл гээчийг санаачилсан нь багагүй дуулиан тарьж байв. ЖДҮ-гээс тэрбумаар нь зээл авсан хэрнээ ард иргэдийг шилний цаанаас чихэр долоолгох гэлээ гэж шүүмжилсэн. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Батзориг, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Д.ДамбаОчир, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нарын санаачилсан хуулиар барьцаагүй, бага хүүтэй 20 сая хүртэлх төгрөгийн зээл олгох байсан юм.
Сэтгэгдэл (12)