Баримт 1.
Түүний намтарын талаарх мэдээлэл тун бага. Юутай ч аав нь эрдэмтэн Отгоо гэдэг эрхэм байдаг. УИХ-ын сонгуульд хүүгээ өрсөлдөх үеэр нь ар талыг нь бат хариуцсан хүн гэгдэг юм билээ. О.Батнасан гишүүний хувьд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургууль, Архангай аймаг дахь Багшийн коллеж, Боловсролын их сургууль, МУИС, “Чингис хаан” дээд сургуулийг багш, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Баримт 2.
1992-1994 онд Нийслэлийн 82 дугаар сургуульд багш, Замын цагдаагийн газарт сургагч багш
2001-2016 онд “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирал
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн гэдгээс өөр мэдээлэл бараг байхгүй нууцлагдмал хүн.
Баримт 3.
УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөхөөс гадна МАН-ын бага хурлын гишүүн, “Торгон нутаг” сангийн тэргүүн, “Минжит Булган” нутгийн зөвлөлийн дарга, “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирал гэсэн албан тушаал хашиж ирсэн. Түүний эзэмшлийн уг компани нь ОХУ-аас чихэр экспортлох үйл ажиллагаа явуулдаг. Нийт 70 гаруй ажилтантай компанийн захирал нэгэн. Бизнесмэний хувьд иймэрхүү намтартай “сураггүй” гээд хэлчихэд хэлсдэхгүй нэгэн УИХ-ын 2016 оны сонгуулиар гэнэт цойлон гарч ирсэн.
Баримт 4.
Түүний улс төрийн намтар богино боловч сонирхолтой. 2012 он хүртэл улс төрийн үйл хэрэгт төдийлөн сураг чимээгүй явсан тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН-ыг дэмжихээ мэдэгдэж, АН-д элсэн орж, Ховд аймгийн АН-ын даргад өөрийн нэрийг дэвшүүлэн өрсөлдөж байсан аж. Гэвч улс төрд шинэ хүн гэдгээ анзаарч, уу яасан, гэнэт л нэрээ татсан байна.
Баримт 5.
Гэтэл дараа жил нь буюу 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар экс Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг дэмжин, түүний сонгуулиар Ховд аймгийн бизнесменүүдээс хандив босгох ажлыг хариуцан ажиллаж 270 гаруй сая төгрөгийн хандив “босгож” өгч байсан сүйхээтэй эр ажээ.
Баримт 6.
Эл үйлдэлдээ харамссан уу, эсвэл УИХ-ын 2016 оны сонгуульд АН амжилт олохгүй гэдгийг бизнесмэн хүний хурц хараагаар ажиж мэдсэн үү, гэнэт буурь сэлгэсэн. Өөрөөр хэлбэл 2014 оны есдүгээр сард МАН-д элссэн бөгөөд хоёрхон жилийн дараа буюу УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-ын нэрийн өмнөөс Ховд аймагт нэр дэвшиж, парламентад суудалтай болсон нь энэ. Түүний энэ амжилтад Ховд аймгийн МАН-ын хорооны гишүүд тааламжгүй ханддаг гэсэн. Тэр нь арга ч үгүй биз. Цагтаа АН-ын талд гүйж явсан хүн нэг л өглөө МАН-ын гишүүн болж бүр УИХ-д сонгогдчихоор гомдолтой санагдсан байх.
Баримт 7.
Бидон О.Батнасан. Ингэж хэлсэн учир нь УИХ-ын 2016 оны сонгууль болохоос зургаан сар гаруйн өмнө тэрбээр Ховд аймгийн сумдаар тойрч, иргэд сонгогчидтой уулзан нүүрс, орос бидон, орос чихэр тараасан байдаг. Түүний тараасан бидоны бөөрөн дээр “Сааль шүү арвин байг. О.Батнасан” гэсэн бичиг, мөн давхиж яваа гурван морины дүрс “сийлбэртэй”. Бас зүгээр ч үгүй орос бидон дотор өөрийн бизнес болох орос чихэр зэргийг хийсэн байсан гэх.
Баримт 8.
Ийнхүү ард түмнээс хайрласан “бидон” хочоо золтой л “нүүрсчин” гээд сольчихоогүй. Учир нь сонгууль угтаж иргэдэд хайр зарлаж явахдаа “Дулаан гэр-Халуун сэтгэл” аян нэрээр Ховд аймгийн төвийн Жаргалант сумын 4000 гаруй өрхөд нүүрс тараасан байдаг.
Баримт 9.
Үүнээс өөр шалтай зүйлээр өөрийгөө таниулж чадаагүй түүнийг Ховд аймгийн Булган сумынхан гэхээс биш бусад сумдын тухайд тэр “шинэ хүн” байсан. Гэвч “Алтай Ховд нутгийн бахархалт хөвгүүдийн нэг” гэж хэвлэлээр нэг магтуулж, дуулуулсаар ийнхүү парламентад сонгогдсон гэж хэлж болно.
Баримт 10.
УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө АН-аас урваж МАН-д тал зассан тэрбээр дэндүү азтай, бас толгой сайтай нэгэн гэдгээ өөрөө хэлсэн байдаг. Энэ нь сонгуульд “зориулсан” магтан дуулалын нийтлэлүүдэд өөрийгөө “Би чинь аливааг цээжилж тогтоохдоо гаргууд байлаа. Хоолны гурилаа элдэж байхдаа физик, математикийн томьёогоо цээжилчихнэ. Геометр, физик зэрэг хичээлд гоц байсан” гэж магтжээ.
Баримт 11.
Ийнхүү тэрбээр бидон, нүүрс тарааж Их хуралд сонгогдсон ч олонд танигдаж амжилгүй бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. Чуулганы танхимд байгаа байхгүй нь мэдэхгүй суудаг тэрбээр тойргоо хамгийн сайн усалдаг нэгэн. Сав л хийвэл Ховд нутаг руугаа гүйдэг нь ирэх сонгуулийн бэлтгэлээ базааж байсныг гэрчлэх биз ээ.
Баримт 12.
Арав гаруй жил бизнес эрхэлж олсон ашгаасаа багагүйг МАН-д хандивласан гэх хардлагад өртөж явсан тэрбээр олны өмнө гарахдаа хойрго. Сэтгүүлчид ярилцлага авъя гэхэд “Би юугаа ярих билээ. Зарим асуудлыг сайн мэдэхгүй юм” хэмээн хээвнэг хэлж суудаг. УИХ-ын гишүүнийхээ хувьд 2-3 Байнгын хороонд харьяалагддаг ч мөн л хэлэлцэж буй асуудалд байр сууриа барагтай илэрхийлдэггүй. Дүлий дүмбэ оргиж, дөрвөн жил ховдчуудыг төрд төлөөлөхдөө санаачилсан хууль, тогтоолын төсөл нь хуруу дарам цөөхөн юм билээ.
Баримт 13.
Гишүүнээр сонгогдоод жил хүрэхтэй үгүй хугацаа өнгөрөх үед УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр тэргүүтэй улстөрчид УИХ-ын дахь МАН-ын бүлгийн 30 гишүүний гарын үсэгтэй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг УИХ-д өргөн барьсан юм. Эдгээр нэр бүхий гишүүдээс О.Батнасан ч гэсэн дутахгүй мутраа хайрлаж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад гар бие оролцсон.
Баримт 14.
Үүний дараа У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр барагтай бол үг дуугарч харагддаггүй тэрбээр их л тал зассан байдлаар хэдэн үг хэлсэн. Энэ нь “Засгийн газрын гол зүйл бүтэц. Боловсон хүчинд анхаарах ёстой. Төрийн албаны хууль чуулганаар хэлэлцэгдэж байгаа. Төрийн албыг мэргэжшсэн чадварлаг байлгах тал дээр анхаарч ажиллаарай. Уул уурхайн томоохон төслүүд дээр анхаармаар байна. Жаргаах гэж 65-ыг сонгоогүй. 65-ынхаа бүлгийг түшиж ажиллаарай” гэж том дуугаар хэлсэн нь чуулганд суусан гишүүдийн амыг ангайлгасан гэхэд болно.
Баримт 15.
Түүний хөрөнгө орлогийн мэдүүлэг хэтэрхий даруухан. Учир нь 10 гаруй жил бизнес эрхэлсэн тэрбээр 2015, 2016 онуудад жилийн 130 сая төгрөгийн орлоготой хэмээн ХОМ-тээ дурдаж байв. Харин 2017, 2018 онуудад гэнэт орлогоо эрс буурж жилийн 20 гаруйхан сая төгрөгийн орлоготой гэжээ. Өнгөрсөн 2018 онд л гэхэд 22 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ.
Баримт 16.
Үүнээс гадна 740 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, 89 сая төгрөгийн үнэлгээтэй хоёр машин, 80 сая төгрөгийн мал, 70 сая төгрөгийн газар, 85 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй гэдгээ ХОМ-тээ бүртгүүлжээ.
Баримт 17.
УИХ-ын гишүүд дундаас ямар ч хадгаламж, өр, зээлгүй гишүүнийг олоод ир гэвэл ганцхан О.Батнасан л байх болов уу. Түүний хувьд АТГ-т хадгаламж, өр, зээл авлага байхгүй гэж мэдүүлсэн. Гэхдээ “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн 45 хувийг эзэмшдэг ч, ганц төгрөгийн ч ашиг олоогүй гэж харагдуулахаар ХОМ-ээ бөглөсөн нь анхаарал татаж байна.
Баримт 18.
Гэсэн атлаа компанийн дүрмийн сангийн хэмжээ гишүүн болохоос нь өмнө нь 148.5 сая төгрөг гэж байсан бол гишүүн болсны дараах жилүүдэд 401.3 сая төгрөг болж өсчээ. Энэ тоо эрхгүй анхаарал татах нь лавтай.
Баримт 19.
УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан, зээл олгоход ямар нэг байдлаар нөлөөлсөн гэх хэрэгт холбогдоод буй. О.Батнасан гишүүний хувьд ч ЖДҮ-гийн хөрөнгөнд “гар дүрэхгүй” өнгөрч чадаагүй бололтой. Учир нь түүний төрсөн дүү О.Ганбаатарын 100 хувь эзэмшдэг “Топкондитер” ХХК нь ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан болох нь илчлэгдэж байв. Гэхдээ тэрбээр ямар ч хариуцлага хүлээгээгүй.
Баримт 20.
Эл мэдээлэл цацагдсаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх зээл авсан нэр бүхий эрх мэдэлтнүүдийг зээлээ хурдан төлөхийг шаардаж, мэдэгдэж байв. Энэ ч үүднээс О.Батнасангийн дүүгийн компани 150 сая төгрөг төлсөн гэх. Гэхдээ энэ бол 2019 оны үеийн мэдээлэл. Үүнээс хойш төлбөрөө бүрэн барагдуулсан эсэх нь тодорхойгүй.
Баримт 21.
Парламентад анх удагаа сонгогдсон гишүүд Төрийн ордонд төөрөхөөс эхлээд чуулган, байнгын хороогоор хэлэлцэж байгаа асуудлыг бүрэн ойлгож ухаардаггүйгээсээ болж “факт”-лах нь олон. О.Батнасан гишүүн ч гэсэн энэ замыг тойрохгүй дайраад гарсан нэгэн. Ганцхан жишээ дурдахад л гишүүн болсноос 1.6 жилийн дараах УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр Банкны тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдах хуулийн төслүүд, Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн юм. Гэтэл О.Батнасан гишүүн хэлэлцэж байгаа асуудлаас тэс өөр буюу “Хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрлээ. Малчид биднээс өвс нэхээд хэцүү байна. УИХ-ын дарга анхаарч, чиглэл гаргамаар байна” гэсэн санал гаргасанд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан эгдүүцэж, “Хуралдаа хоцорч ирчихээд тэс өөр зүйл ярьж хадуурах болъё. УИХ-ын дэг гэж бий. Өвөлжилтийн асуудлыг дараа буюу маргаашнаас ярьж болох байх” гэж уурласан юм.
Баримт 22.
Ховд аймаг УИХ-ын сонгуулиар гурван гишүүн сонгох мандаттай. Баруун бүсийн тулгуур төв Ховд нь бусад аймгуудаа бодвол хөгжил, хөрөнгө оруулалтаараа тэргүүлэгч. Нийт 53451 сонгогч саналаа өгөх тооцоо бий. Энэ удаад МАН-аас С.Бямбацогт, О.Батнасан нарыг эмэгтэйчүүдийн квотын дагуу Ц.Цогзолмаагийн хамт Ховдод илгээнэ гэсэн шуум бий. Энэ нь оргүй мэдээлэл биш. Учир нь тойргоо хамгийн сайн усалсан гишүүнийг нэрлэ гэвэл О.Батнасан гишүүн нэрсийг жагсаалтыг өнгөлнө үү гэхээс сүүл мушгихгүй.
Баримт 23.
Монгол Улын 2020 оны төсвийг улстөржсөн, сонгуультай холбоотой төсөв баталсан гэсэн шүүмжлэл бий. Энэ ч оргүй биш. Харин О.Батнасан гишүүн улстөржсөн төсөв гэдгийг огт зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Учир нь 2016-2020 оны улсын төсвөөс тэрбээр Ховд аймагт багагүй төсөв суулгаж, гацаанд ороод байсан хэд хэдэн төслийг амжилттай эхлүүлж дуусгахад нөлөөлсөн байдаг. Үүнийгээ ч ирэх сонгуулийн “пи ар” болгож цахим орчнаар хэдийнэ тараагаад эхэлсэн харагдсан.
Баримт 24.
Дэлхий нийтэд цар тахал нүүрлэж, иргэн бүр чадлынхаа хэрээр халдварын эсрэг тэмцэж байна. Тэгвэл О.Батнасан гишүүн Эрүүл мэндийн яаманд 12 мянган ширхэг амны хаалт хандивлаж байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатараар дамжуулж олон нийтэд мэдэгдүүлсэн. Хэдий бага мэт боловч улс орны нөхцөл байдал хүндэрсэн энэ үед бага ч гэсэн сэтгэлийн хандив буян болох нь лавтай. Ийнхүү тэрбээр парламентад дөрвөн жил суухдаа ЖДҮ-гээс “хумслагч”, “хэлгүй” гэх хоч зүүгээд амжив. Оюутолгойн гэрээг цуцлахын эсрэг байр сууриа нэг биш удаа илэрхийлж байсан тэрбээр төрөлх Ховд нутагтаа дахин нэр дэвшинэ. Улс орноо хөгжүүлэхэд эрдэм мэдлэгээ бүрэн зориулаагүй ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойргоо хангалттай усалсан. Тиймдээ ч ирэх сонгуульд баараггүй гарах биз. Гэвч хоёронтоо парламентад суулаа гээд “хэл”-д орох нь юу л бол.
Сэтгэгдэл (18)