Баримт 1.
Тэрбээр Ховд аймгийн Ховд хот Жаргалант суманд төрж, 1992 онд Ховд аймгийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль төгссөн. Улмаар 1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2005 онд Голландын Мастрихтын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистер зэрэг хамгаалжээ.
Баримт 2.
Сургууль төгсөнгүүтээ буюу 1998 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2000 “Нью прогресс” ХХК-ийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажилласан.
Баримт 3.
Яг энэ үедээ МАХН-ын гишүүн болсноор улс төрийн замнал эхэлсэн гэж болно. Улмаар 2006 он хүртэл компанийнхаа захирлаар ажиллаад Монголын ардчилсан социалист оюутны холбоо ерөнхийлөгчөөр хоёр жил ажиллаж, Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.
Баримт 4.
Компани нь 2000 оны дунд томорч групп болон өргөжсөн. Ингээд 2008 онд ТУЗ-ын дарга, группын ерөнхийлөгч болсны дараа 2009 оноос Ховд аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, Ховд аймгийн Оюутан залуучуудын хөгжлийн төвийн тэргүүн, Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын Волейболын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 оноос Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны тэргүүн зэрэг сонгуульт албыг зэрэг шахуу амжуулж явсан овсгоотой нэгэн.
Баримт 5.
Ийнхүү сонгуульт ажилд идэвхийлэн зүтгэсэн тэрбээр УИХ-ын 2008 оны ээлжит сонгууль төрөлх нутгаасаа сонгогдсоноор парламентад гурвантаа сонгогдоод буй туршлагатай улстөрч болжээ.
Баримт 6.
Тухайн үеийн улстөрч дундаас хамгийн залуу бөгөөд хамгийн баян гишүүнээр тодорч байсан. Үүнийгээ ч тэрбээр хүлээн зөвшөөрсөн удаатай.
Баримт 7.
Түүний гэр бүлийн жилийн орлого нэг тэрбум төгрөг, бол өөрийнх нь жилийн орлого 53.2 сая төгрөг. Нийт 1.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилгатай бол 200 сая төгрөгийн газартай гэж АТГ- мэдүүлжээ.
Баримт 8.
Тэрбээр гэр бүлийн болон өөрийнх нь жилийн орлого өссөн цөөн хэдхэн гишүүний нэг. Хадгаламж, картын үлдэгдэл нь 183 сая төгрөг бол бусдаас 4.5 тэрбум төгрөгийн авлагатай, бусдад зээлгүй гэж мэдүүлжээ.
Баримт 9.
Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой””, “Агротехимпекс”, “Силикат”, “Зоос Гоёл”, “Тавантолгой”, “Говь”, “Агротехимпекс”, “Хар тарвагатай”, “Ремикон” зэрэг компанийн хувьцааг одоогоор эзэмшиж байна. Харин үүсгэн байгуулсан "Нью прогресс” компанийнхаа хувьцааг 2014 оноос хойш хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй аж.
Баримт 10.
УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо “Илүү харж, билүү долоох гэж улс төрд ороогүй” гэж байсан. Энэ хугацаанд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласан. Хэдийгээр хуулийн сайд хүртэл хашиж, гурван удаа сонгогдсон ч тедер, концессоос эхлээд багагүй дуулиантай нэр холбогдсон гишүүн бол С.Бямбацогт.
Баримт 11.
Тэрбээр 2008 онд УИХ-ын гишүүнээр анх удаагаа сонгогдож тангараг өргөснөөс гурван сарын дараа төрийн ажилд улстөрийн зорилгоор бус сэтгэл зүрхээрээ л хандах ёстой гэж хэлж байсан. Ингэхдээ “Хүн таван давхар костюм өмсч, 10 таваг хоол идэхгүй нь ойлгомжтой. Би монголчуудын ярьдгаар хоёр идэхгүй, хоосон хонохгүй хэмжээнд амьдралаа төвхнүүлчихсэн хүн. Монголчууд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж хэлдэг. Би биеэ зассан, гэрээ ч бас зассан. Надад бизнес хийх шаардлага байхгүй. Тиймээс төрөө түшилцэж, түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх зорилго надад байна” гэж хэлж байсан. Гэвч үүнээс хойш өрнөсөн үйл явдлаас харвал тэрбээр энэ үгэндээ үнэнч байж ирсэн эсэх нь бас л эргэлзээтэй.
Баримт 12.
Түүнийг УИХ-ын 2008 оны ээлжит сонгуульд нэр дэвших үеэр зарим тендертэй холбож, бүр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүн гэх яриа хүртэл гарч байсан. Уг асуудалд “Энэ бол сонгуулийн шоу. Зарим гүтгэлгийг нь би өөрөө ч ойлгоогүй. Би өөрийнхөө ойлгохгүй байгаа худал хуурмаг гүтгэлэгт янз бүрийн тайлбар хийхгүй. Үнэхээр тэр гүтгэлгүүд үнэн л юм бол нотлог. С.Бямбацогт гэж хэн бэ гэдгийг цаг хугацаа харуулах биз. Тэрний хүн, энэний хүн гэж хайрцаглахаа болих хэрэгтэй. Би улс төрд хөл тавьсан цагаасаа өнөөг хүртэл өөрийнхөө зарчим, итгэл үнэмшилд захирагдаж ирсэн. Цаашдаа ч захирагдах болно. Энэ бол миний үнэт зүйл” гэсэн ярилцлага өгч байв. Үнэхээр ч С.Бямбацогт гэж хэн бэ гэдгийг өнгөрсөн 12 жилийн түүх хангалттай харуулсан биз ээ. Үүнийхээ хариултыг ч тэрбээр удахгүй сонсох байх.
Баримт 13.
УИХ-ын гишүүн асан Л.Пүрэвдорж өөрийн дараагийн үеэ УИХ-ын гишүүн болгохоор сойсны нэг нь С.Бямбацогт гэж тухайн үед хэвлэлээр бичиж байв. Хэдийгээр тэрбээр үүнийг үгүйсгээд бизнесмэн хүний хувьд хамтарч ажиллаж байсан гэсэн юм. Гэвч УИХ-ын 2008 оны сонгуульд Д.Дэмбэрэл, Л.Пүрэвдорж, С.Бямбацогт гурав нэг тойрогт өрсөлдөхөөр болсон. Энэ үед намынх Бага хурлын шийдвэрээр Л.Пүрэвдоржийн нэрийг татуулсан нь дээрх үйл явдлыг гэрчлэх мэт.
Баримт 14.
Тэрбээр УИХ-ын гишүүн болсноос хойш ганцхан жилийн дараа олныг талцуулсан хүсэлт гаргасан байдаг. Энэ нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нар аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нарт “Хэрэв таны гэр бүл хуулийн дагуу сар бүр хүүхдийн мөнгө авдаг бол энэ оны аравдугаар сараас өөрсдийн санаачилгаараа энэ мөнгийг авахаас татгалзан төрийн бусад албан хаагчдад үлгэр дуурайл үзүүлнэ үү” гэсэн хүсэлт. Тэрбээр хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшин харгалзахгүйгээр олгохыг анхнаасаа хүлээн зөвшөөрдөггүй байсан тул хүүхдийнхээ нэр дээр данс нээлгэхгүй уг мөнгийг улсын төсөвт үлдээсээр ирсэн юм байна. Харин УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өөрийн хүүхдийн мөнгө авдаг нэрийн дансыг 2009 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн хаана мэдэгдэж байлаа.
Баримт 15.
УИХ-ын 2016 оны сонгуульд МАН, МАХН эвсэж оролцох тухай яригдаж байсан. Тухайн үед С.Бямбацогт “Уг нь эвслийн мөрийн хөтөлбөр өргөн барих байх гэж горьдож байлаа. Гэвч МАХН замын голоос буцсан учир МАН дангаараа мөрийн хөтөлбөрөө баталлаа. Энэ бол зохисгүй үйлдэл. МАХН-ын хувьд АН, Ногоон намтай эвсэх үү гэдэг байдлаар ярьж байна лээ. АН-ын дарга З.Энхболд “МАН-ынхан хоёр намын дунд яс хаяж байна. Тиймээс эвсэхгүй” гэдэг зүйлийг ярьсан байна лээ гээд Үерхэлдээ үнэнч байж чаддаггүй хүнтэй адил зүйл боллоо гэж байв.
Баримт 16.
Эл тайлбартаа голдоо ортол гомдлоо гэх маягтай зүйл бас хэлж байсан бөгөөд цахим хуудастаа “Эвлэж, нэгдэж сонгуульд оролцъё гэсэн боловч МАХН-ынхан тохирсноосоо буцаж МАН-айхан дангаараа сонгуульд оролцохоор боллоо. Ярьсандаа байдаггүй хүмүүстэй ханилж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо" хэмээн бичсэн удаатай.
Баримт 17.
МАН-ын мөрийн хөтөлбөр гэдэс цатгалан, мөр бүтэн амьдрах бололцоо боломжийг ард иргэддээ өгөхөд тулгаарлаж боловсруулсан. Бид мөрийн хөтөлбөртөө хүүхдээ харж хүмүүжүүлж байгаа ээжүүдэд цалин олгох, өнөөдөр оюутнуудын 30 хувь оюутны 70 мянган төгрөг авч байна. Тэгвэл бид оюутнуудад 100 хувь өгөхөөр тусгасан. Ардын нам, Ардчилсан нам хамтарч Засаг барих үедээ ярьж байсан 1072 ширхэг хувьцааг амь оруулах, үр шимийг нь иргэдэд хүртээх асуудлыг оруулсан байгаа. Энэ хямралтай хүндрэлтэй үеийн МАН-ынхан ард түмэнтэйгээ хамтдаа давж чадна” гэж амалж байсан хүн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт. Гэвч эл амлалт хэрэгжсэн болов уу?.
Баримт 18.
Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг МАН-ын нөхөд нь унагахдаа “Танхимын сайд нартаа 800 тэрбум төгрөгийн концесс өгсөн” гэж буруутгаж байв. Хачирхалтай нь, У.Хүрэлсүхийн Засгийн газар Ж.Мөнхбатад хамаарах концессыг гэрээг цуцалж, ХЗДХ-ийн сайд асан С.Бямбацогт тэргүүтэй нөхдүүдэд дур зоргоор нь концессын гэрээг өгсөөр байгааг тухайн үеийн хэвлэлүүд онцолж байсан юм. Тодруулбал, ХЗДХ-ийн сайд асан С.Бямбацогт 67.7, ХНХ-ийн сайд асан Н.Номтойбаяр 9.5 тэрбумыг төсвөөс авахаар болсон гэж байв. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гэгддэг “Алтай трест” компани “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессыг ХЗДХ-ийн сайд байхдаа “Барих-шилжүүлэх” нөхцөлөөр 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлуулсан байна. Ингэснээр “Алтай трест” компани 2019 оны улсын төсвөөс 37.2 тэрбум төгрөгийг суулган авчээ.
Баримт 19.
Төсвийн хэлэлцүүлгийн үеэр хамгийн сайн лобби хийж, бусдыг түлхэн, өөртөө ашигтай нүүдэл хийдэг гэгддэг гишүүн бол С.Бямбацогт. Тиймдээ ч анх 77.6 тэрбумаар төсөвлөгдөж байсан “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн ажлыг 81.8 тэрбум болгон өсгөж, 3.6 тэрбумыг зөрүүнээс нь “цохих”-оор албажуулсан гэх. Азаар гэх үү, эзээр ч гэх үү, коронавирусний тархалтаас болж зарим зардал төсөв танах шийдвэр гарсан нь эл дуулиан намжих түлхүүр болж байв.
Баримт 20.
Түүний эзэмшлийн “Нью Прогресс” группийн охин компани “Мост Интернэшнл” ХХК нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд дөрвөн тэрбум төгрөг авсан атлаа зориулалтын дагуу ашиглалгүй, эргэлтийн хөрөнгө болгож зарцуулсан нь шалгалтаар илэрсэн гэх мэдээлэл цацагдаж байлаа. Өөрөөр хэлбэл улсаас гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор олгосон их хэмжээний мөнгийг 3.8 хувийн хүүтэйгээр авч, зориулалтын бусаар зарцуулж, “угаасан” нь нотлогдсон аж.
Баримт 21.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт нь 2006-2008 онд "Нью Прогресс" группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 онд "Нью Прогресс" группийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд яах аргагүй түүний компани гэдэг нь тодорхой мэт. “Нью Прогресс” групп нь “Мост Интернэшнл” ХХК-ийн толгой компани учраас С.Бямбацогт гишүүний АТГ-т гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлгээс “Нью Прогресс” групп дэх хамаарлаа мэдүүлсэн байдаг.
Баримт 22.
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын нэр бүхий 27 гишүүн гарын үсэг зурсан тухай мэдээлэл цацагдаж байв. Уг жагсаалтад С.Бямбацогтын нэр тодоос тод дурайж буй албан бичиг бас л хэвлэлийнхний гарт орж байлаа.
Баримт 23.
Коронавирусний халдвар тархсан энэ цаг үед бүх нийтээрээ амны хаалт зүүж, хулийн ариун цэврийг сахихыг уриалж буй. Энэ ч утгаараа чуулганы хуралдааныг Төрийн ордны таван танхимд цахимаар хийж байна. Чуулганы хуралдааны үеэр хэлэлцэж байгаа асуудлаас илүүтэй гишүүдийн хувийн ариун цэвэр сахих соёл хамгийн хүнд асуудал байв. Тухайлбал, чуулганд суусан гишүүдийн олонх нь амны хаалт зүүхгүй шүлсээ энд тэнд үсчүүлж суусан. Тэдний нэг нь С.Бямбацогт гишүүн. Түүнийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэдэнтээ хатгаж, аашилж, бүр гуйж үзсэн. Гэвч тэрбээр дургүйцлээ илэрхийлэхдээ “Амны хаалт байхгүй биш байгаа. Бүр вирус устгадаг амны хаалт зүүсэн шүү” гэж хээв нэг хэлсэн. Тэрбээр яг ийн хэлэхдээ амны хаалт зүүгээгүй байсан юм. Түүгээр ч барахгүй “С.Бямбацогт гишүүн корона устгадаг амны хаалт хийсэн байна. Ард түмэндээ тараагаач” гэдэг яриа хүртэл гарч байв.
Баримт 24.
Спортоор хичээллэх дуртай, гар бөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй. Ялангуяа уулын спортоор хичээллэх тун дуртай. Алтай таван богд, цаст Цамбагарав, Мөнххайрхан зэрэг Монголын дээвэр болсон ноён оргилуудад авирсан. Төр засгаас хөдөлмөрийг үнэлэн 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2005 онд Монголын үндэсний олимпын хорооны “Алтан од” одон, 2005 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2008 онд Алтан гадас одонгоор тус тус шагнасан. Ийнхүү их сургуулийн босго давав уу, үгүй юү, компанийн ерөнхий захирлын албанд очиж үүнээс 10 хүрэхтэй үгүйтэй хугацаанд УИХ-ын гишүүн болж, концесс, тендерийн хэрэгт нэр холбогдож, явсан хүн бол С.Баярцогт. Түүний 12 жил парламентад тухалсан дүнг тун удахгүй тойргийн иргэд нь тавина. Ямар дүн тавих бол гэдэг тун сонин.
Сэтгэгдэл (13)