Баримт 1.
Б.Пүрэвдорж англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. МУИС-ийг 1994 онд дүүргэсэн нэгэн. Орлуучагч мэргэжилтэй тэрбээр 1995-2009 онд Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцагчаас албаны дарга хүртэл дэвшин ажиллажээ.
Баримт 2.
Төрийн албанд мэргэжилтнээс өгссөн Б.Пүрэвдорж, үндсэн ажлынхаа хажуугаар Ардчилсан намд элсэж, орон нутаг дахь үйл хэргийг нь сурталчилж, явсаар Ховд аймгийн АН-ын хорооны дарга болжээ. Түүнийг ингэж өсч, дэвших замыг нь засахад тухайн үеийн Ерөнхий сайд, АН-ын дарга асан Ц.Элбэгдорж голлох нөлөөтэй оролцсон гэдэг.
Баримт 3.
Б.Пүрэвдоржийг улс төрд хөтлөн оруулсан хүн нь хожим Ерөнхийлөгчийн албан тушаалд найман жил суусан Ц.Элбэгдорж хэмээдэг. Энэ нь ч батлагддаг юм. Улс төрд өрнөдөг энэ яриа Ардчилсан нам Засгийн эрх барьсан 2012 оноос эхэлдэг. Б.Пүрэвдоржийг Гадаадын иргэн харьяатын газрын даргаар томилсон үед тодордог юм.
Баримт 4.
Тухайн үед Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэний ч мэдэхгүй Б.Пүрэвдоржийг аймгийн Гаалийн байгууллагаас татаж, АН-ын Засгийн газрын голлох агентлагийн газрын даргаар томилуулсан нь энэ байлаа.
Баримт 5.
Өөрөөр хэлбэл, гаалийн байцаагч албатай Б.Пүрэвдорж нэг л өдөр томорч, тодрон Гадаадын иргэн, харьяатын газрын дарга болсон нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш юм. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой эртнээс хамааралтай явсан түүний хувьд Монгол Улс руу гаднын иргэн гарч, орох, нэвтрэх асуудалд гарын үсэг зурдаг томоохон албан тушаалд очжээ.
Баримт 6.
Сонирхолтой нь, нутгийн ах, Ерөнхийлөгчийн ивээлд багтаж, гадаадын иргэнтэй холбоотой асуудлыг хариуцах болсон Б.Пүрэвдорж телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Би хүнд суртал гаргана" гэх утга бүхий зүйлийг ярьсан нь тухайн үедээ шуугиан тарьж байлаа.
Баримт 7.
Уг шалтгааныг тэрбээр “1990-ээд оны үед Монгол Улсын харьяатаас гараад гадаадын иргэн болсон тэр хүмүүсийн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд авчрахын тулд би телевизэд ярилцлага өгсөн юм. Харьяатын тухай хуулиар Монгол Улсын харьяатаас гарч гадаад орны иргэн болоход нэлээд өндөр шаардлагуудыг тавьдаг.
Баримт 8.
Буцаад манай улсын иргэн болоход мөн л өндөр шаардлагыг тавьдаг. Энд хүнд сурталын зүйлүүд байдаг. Хүмүүс харьяатаа сэргээлгэхийн тулд олон сар төрийн байгууллагуудыг дамжиж явдаг асуудлууд байдаг. Ер нь бол гадаадын иргэн болсон хүн Монгол Улсын иргэн болохдоо эхний ээлжинд манай байгууллагуудад ханддаг.
Баримт 9.
Дараа нь бид Цагдаагийн байгууллага, Тагнуулын байгууллага, Улсын бүртгэлийн Ерөнхий газар руу энэ хүмүүсийн мэдээллийг авах зорилгоор албан бичиг явуулдаг. Үүнд нэг сарын хугацаа шаарддаг. Дахиад сарын хугацаанд энэ иргэдийг харьяат болох эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг.
Баримт 10.
Дараагаар нь Монгол Улсын Ерөнхий сайдад танилцууах үйл ажиллагаа сарын хугацаанд болдог. Тэгээд дараа нь Ерөнхийлөгчид өргөн барьдаг. Ерөнхийлөгчид өргөн барих хугацаа хүртэл нийтдээ гурван сарын хугацааг эрхээ сэргээлгэх гэж байгаа хүмүүс хүлээдэг” хэмээн тайлбарлаж байв.
Баримт 11.
Гадаадын иргэн харьяатын даргаар ажиллаж асан Б.Пүрэвдорж гурван жил гаруйн хугацаанд ажиллаад өөрийнхөө хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байв. Түүнийг ийн ажлаа өгөх болсон шалтгаан нь эрхэлсэн албан тушаалаа ашиглан хууль зөрчсөн гэх үйлдэлтэй нь холбоотой.
Баримт 12.
Тодруулбал, “Ховдын хөгжил” сангаас 350 сая төгрөг хувьдаа завшсан байж магадгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байдаг. Үүнтэй холбогдуулж, Б.Пүрэвдорж яаралтай хэвлэлийн хурал зарлаж, “Надад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн.
Баримт 13.
Би ч шалгуулахад бэлэн байна. Хуулийн байгууллага буруутай эсэх, үнэн мөнийг олох хүртлээ албан тушаалаасаа түр чөлөөлөгдөж байна. Тиймээс хуулийн байгууллага энэ хэргийг үнэн мөнөөр шалгана гэдэгт итгэлтэй байна” гэж байв.
Баримт 14.
Түүний ажлаа өгөх болсон шалтгаан хийгээд өөртэй нь холбоотой хуулийн байгууллагын шалгалтад хийсэн тайлбарыг тухайн үеийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж зохион байгуулж, УИХ-д нэр дэвшүүлэхээр сойсон хүн нь ийм асуудалд орооцолдсондныг хатуухан шүүмжилж, хэсэгтээ нам жим байхыг шаардсан гэдэг.
Баримт 15.
Ийнхүү Гадаадын иргэн харьяатын дарга байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдсон Б.Пүрэвдорж 2016 оны сонгуулиар УИХ-ын сонгуульд Ховд аймгаас нэр дэвшин анх удаагаа сонгогдсон байдаг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр өөрт ногдсон таван минутын хүрээнд “шударга” ярьдаг Б.Пүрэвдорж гишүүн, бусад үед тийм байдаг уу гэвэл үгүй.
Баримт 16.
Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа тэргүүтэй тус яамны хэсэг ажилтнууд улсын төсвөөс 1.9 тэрбум гаруй төгрөг хувьдаа авч завшсан болон авлига, хээл хахуулийн өөр хэд хэдэн хэргээр шалгагдаж эхэлсэн асуудал цаагуураа түүнтэй холбогддог юм.
Баримт 17.
Учир нь, Г.Нямдаваа Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа мах боловсруулах үйлдвэр байгуулах нэрээр “Баруун Монгол интернэшнл” компанид аймгийнхаа хөгжлийн сангаас 350 сая төгрөг олгосон байдаг. Тус компанийн гүйцэтгэх захирлаар тухайн үед Ц.Элбэгдоржийн хамаатны дүү хүү, одоогийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ажиллаж байсан нь баримтаар нотлогддог.
Баримт 18.
Өөр нэгэн асуудал гэвэл “Манай улсад Эрхзүйн маргааны олон төрөл хэлбэрүүд шалгадаг байгууллагуудаараа зэрэг, зэрэг үүсгэн шалгагдаад байдаг боллоо. Захиргааны хэргийн шүүх өөрсдийн тааламжтай хэрэг дээрээ хэрэг үүсгэдэг, таалагддаггүй зүйлээ Үндсэн хуулийн цэц рүү шийддэг боллоо.
Баримт 19.
Манай Б.Пүрэвдорж гишүүний ах Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй холбоотой Эрдэнэтийн 49 хувийг авсантай холбоотой маргааныг болохоор Захиргааны хэргийн шүүх дээр байлгаад байдаг. Харин Ахтай нь хамааралгүй асуудал болохоор Цэц рүү шидчихдэг. Сая Баасанхүү гишүүн үнэн л зүйл хэлж байна шүү дээ. Хууль дээдлэх гэдгийг ингэж хавтгайруулж ойлгож болохгүй.
Баримт 20.
Энэ чинь хөдөлмөрийн маргаан шүү дээ. Үндсэн хуулийн цэц маань үнэхээр ойлгомжгүй боллоо” гэх үгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Б.Пүрэвдорж гишүүнд дайж байлаа.
Баримт 21.
Анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Пүрэвдорж бүрэн эрхээ хэрэгжүүлсэн дөрвөн жилийн хугацаанд хийсэн хамгийн “дорвитой” гэж хэлж болох ажил нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах асуудлыг хөнджээ. Уг шалтгаанаа Б.Пүрэвдорж “Өнгөрсөн есдүгээр сард малын үнэ хангаллтай хэмжээнд өссөн байсан. Нэг төлөг 100 мянга, эм хонь 130 мянга, эр хонь 160 мянган төгрөг байсан бол өнөөдөр 20-30 мянган төгрөгөөр унасан байна.
Баримт 22.
Бод мал нэг тус бүрдээ 200 мянган төгрөгөөр унасан байна. Үүний шалтгаан нь ХХААХҮ-ийн сайд БНХАУ-ын компаниудад олгосон квоттой холбоотой. Манай улс нийт 140 гаруй махны үйлдвэртэй. Үүнээс 12 нь л БНХАУ руу мах экспортлох квоттой. Ийм цөөхөн олгож байгаа нь эрэлтийг бий болгож авлига авах шалтгаан болж байна. Бусад компаниуд эдгээр зөвшөөрөлтэй 12 ААН-д нэг кг адууны махан дээр 12 юаний төлбөр төлж мах нийлүүлэх болдог. Зөвшөөрөл олгосон 12 компанийн ес нь БНХАУ-ын эзэнтэй компани, үлдсэн гурав нь сайд, дарга нарынх" хэмээн тайлбарласан удаатай.
Баримт 23.
Гэвч УИХ-ын гишүүнээр ажиллаад зогсохгүй Монголын махны холбоо гэх ТББ-ыг тэргүүлдэг нь Б.Пүрэвдорж гишүүний дээрх үйлдлийг албан тушаалаа ашиглах замаар салбарын сайдад нь дарамт үзүүлж байна гэсэн шүүмжлэлийг нийгэмд төрүүлсэн байдаг.
Баримт 24.
Анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Пүрэвдорж энэ удаагийн сонгуулиар дахин АН-аас нэр дэвшигчдийн тоонд багтаж байгаа хүний нэг. АН-ын дэд даргын албан тушаалыг давхар хашдаг тэрбээр С.Эрдэнэ даргадаа 100 сая төгрөгийн дэнчингээ хэдийнэ тушаасан гэдэг.
Сэтгэгдэл (17)