Баримт 1.
Увс аймагт төрж өсөн, 1986 онд Улаангом хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг дүүргэсэн Ч.Хүрэлбаатар Увс аймгаас гурвантаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэрбээр тойргоо солиогүй хуруу дарам цөөхөн гишүүний нэг.
Баримт 2.
Долоо дахь удаагийн парламентын мэргэжлийн цөөхөн эдийн засагчдын нэг тэрбээр ОХУ-ын Ленинградад эдийн засагч мэргэжил эзэмшиж, Австралийн Сиднейн их сургуульд мастерын зэрэг хамгаалсан.
Баримт 3.
Эрдэм шинжилгээний ажилтан, Их сургуулийн багш, төслийн ахлах эдийн засагч, Ерөнхий сайдын зөвлөх, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар 2008 оноос хойш гурван удаа тасралтгүй УИХ-ын гишүүнээр Увс аймгийн сонгогчдын итгэлээр сонгогдоод байна.
Баримт 4.
Тэрээр гурван удаа сайдын албыг хашжээ. 2007-2008 онд Түлш, эрчим хүчний сайд,2009-2012 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2017 оноос Сангийн сайдаар ажиллаж байгаа.
Баримт 5.
Түүнийг Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх болон Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан 2000-2007 он дэлхийн эдийн засгийн хямралын үетэй давхцдаг. Монгол Улс эдийн засгийн энэхүү хямралыг хохирол багатай давсан нь Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх, Төрийн нарийн бичгийн даргын ухаалаг, мэргэжлийн шийдвэрүүд нөлөөлсөн.
Баримт 6.
Улс орны эдийн засагт тодоор бичигдэх түүхэн шийдвэрүүдтэй Ч.Хүрэлбаатар холбогддог. ОХУ-д төлөх их өрийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан, АНУ-ын Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлсэн 285 сая ам.долларын анхны компакт гэрээг байгуулалцсан, одоо хэрэгжүүлж байгаа 350 сая ам.долларын хоёр дахь компакт гэрээг байгуулахад бас л гар бие оролцсон. Оюутолгойн гэрээний анхны хувилбарыг бичсэн, Орос улс Монголын нутгаар хийн хоолой тавих тухайгаа зарласан У.Хүрэлсүх сайдын хойд хөршид хийсэн айлчлалын бэлтгэл ажлыг тэрбээр хангасан. Тодруулбал, айлчлалын үеэр яригдах бүх яриа хэлэлцээг урьдчилан тохирох үүргийг хүлээсэн гэсэн үг.
Баримт 7.
Сүүлийн 20 гаруй жил мөрөөдөл хэвээр яригдсан энэ ОХУ-аас БНХАУ руу импортлох байгалийн хийг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулах энэ төсөл У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед, Сангийн сайдын оролцоотойгоор анх удаа цаасан дээр Санамж бичиг болон буусан нь энэ билээ. Энэ төслийг хэрэгжүүлснээр 1060 км урт хоолойгоор жилдээ 38 тэрбум шоо метр байгалийн хийг Монгол Улс нутаг дэвсгэрээрээ дамжуулан урд хөрш рүү дамжуулах боломж нээгдэнэ.
Баримт 8.
Ч.Хүрэлбаатар иргэдийн амьжиргааг дэмжсэн удийн засгийн олон шийдвэрийн автор. Тогтвортой амьжиргаа төсөл, Малын индексжүүлсэн даатгал зэргийг Монголдоо нэвтрүүлэхэд гардан оролцсон тэрбээр Сангийн сайд болоод 13 жилийн турш цаасан дээр шарласан Татварын реформыг хийж чадсан. Ингэснээр гаднын хөрөнгө оруулагчдыг татвараар хянах боломж бүрдэж, хувийн хэвшлийнхнийг тэтгэх бодлого баримталсан. Одоо түүний эхлүүлсэн, амжилттай хэрэгжиж байгаа төсөл нь “Гаалийн шинэчлэл”.
Баримт 9.
Өмнөх Засгийн газар иргэдэд ногдох татварыг шууд нэмэгдүүлж байсан бол шинэ сайд буулгах чиглэлд ажилласан юм. Ингэхдээ зөвхөн Сангийн яамны боловсруулсан төслийг УИХ-д өргөн барилгүй Татварын багц хуулийн төсөлдөө иргэд, аж ахуйн нэгжүүд, татвар төлөгчдөөс саналыг нь авсан юм. Татварын багц хуульд санал авах хэлэлцүүлэг орон даяар бүтэн сар үргэлжилж, 39 удаагийн танхимын хэлэлцүүлэг, мөн цахим сүлжээ, бичгээр нийтдээ 5600 гаруй саналыг тусгуулахаар ирүүлснээс 1783 саналыг хуулийн төсөлд тусгажээ. Сангийн яам энэхүү саналуудыг багцлан шинэ төсөлдөө тусган УИХ-д өргөн барьж эцэслэн батлуулсан.
Баримт 10.
Түүнийг Сангийн сайдаар томилогдсон 2017 оны аравдугаар сарын статистик мэдээллээр Монголын эдийн засаг хүнд нөхцөлд байлаа. Тэрбээр сайд болоод батлуулсан анхны төсвөөсөө эхлээд ганцхан зарчим баримталсан нь Төсвийн сахилга бат. МАН УИХ-ын сөрөг хүчин байхад л улсын мөнгөнд хоноцын сэтгэлээр хандахыг хамгийн ихээр шүүмжилдэг байсан тэрбээр УИХ-ын чуулганы танхимд “Сангийн сайдаар ажиллаж байгаа цагтаа хулгайчдыг төрийн мөнгө рүү оруулахгүй” гэж чангаар сануулж байлаа.
Баримт 11.
Сангийн сайдаар томилогдоод хэлж байсанчлан У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг ч өр нэмж тавилгүйгээр 8.5 их наяд төгрөгийн өрийг дараад байна. Төсвийн сахилга батыг сайжруулж, мөнгөн хөрөнгийг зөв менежмент хийх замаар энэ 8.5 их наядын өрийг төлж барагдуулсан бөгөөд 2021 оноос төлөх гадаад бондуудын төлбөрийн менежментийг улсын төсөвт дарамтгүйгээр шийдэх механизмыг боловсруулж байгаа гэдгээ Сангийн сайд мэдэгдсэн.
Баримт 12.
У.Хүрэлсүхийн Засгийн газар Монгол Улсын шинэ их өрийг 10 гаруй хувиар хэлтэлсэн. 2.1 их наяд төгрөгийн дотоод бондын үндсэн болон хүүгийн төлбөр төлж, дотоод бондын үлдэгдлийг 1.6 их наяд төгрөг болгон буулгасан. Мөн 500
сая ам.долларын “Чингис” болон 1 тэрбум юанийн “Дим сам” зэрэг гадаад бондуудыг төлж барагдуулсан. Ийнхүү Засгийн газрын өр (ӨҮЦ) ДНБ-ий 74.4 хувиас 61 хувь болж буурсан.
Баримт 13.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хэрэгжүүлж, Хүний хөгжил сангийн 1071.9 тэрбум төгрөгийн өрийг Сангийн сайдын зөв менежментээр барагдуулснаар Монгол Улсын Ирээдүйн өв санд анх удаа хуримтлал үүссэн. 2020 оны нэгдүгээр сарын байдлаар энэ сан 636.7 тэрбум төгрөгийн хуримтлалтай болжээ.
Баримт 14.
У.Хүрэлсүхийн Засгийн газрын Сангийн сайд Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагаанд шалгалт оруулснаар 29 тусгай санг 22 болгон цөөрүүлж санхүүжилтийн хяналтыг чангатгасан. Хамгийн их хэл ам таталсан, төрийн албан тушаалтнууд төрөл садандаа авч өгч байсан ЖДҮ-ийг дэмжих сангийн санхүүжилт Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан төсөв болгон дээр 0 төгрөг байсан. Төсвийн төслийг өргөн барихдаа энэхүү сангийн санхүүжилт дээр нэг ч төгрөг тавиагүй анхны Сангийн сайд гэсэн үг.
Баримт 15.
Ч.Хүрэлбаатар төсвийн сахилга батыг сайжруулах, ил тод байлгахад онцгой анхаарсан. Жилд хэдэн удаа төсөвт тодотгол хийж, зардал нэмдэг гажуудлыг засахын төлөө тэрбээр олон сорилтыг даван ажилласан. Ерөнхийлөгч шахан, УИХ-ын олон гишүүн шаардаж байсан ч 2018, 2019 оны төсөвт тодотгол хийгээгүй. 2020 оны төсөвт тодотгол хийхгүй гэдгээ ч удаа дараалан мэдэгдээд байгаа. Үүний үр дүнгээр төсвийн сахилга бат сайжирч, төсвийн давсан орлогыг хуримтлуулж өр төлбөрийг төсөвт ачаалалгүйгээр дарж байгаа юм.
Баримт 16.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын үед анх удаа төсөв иргэдэд нээлттэй, ил тод байгаа. Тэрбээр “Иргэдийн төсөв” санаачилга дэвшүүлж, иргэдийн төлсөн татвар юунд зарцуулж байгааг ил тодоор тайлагнадаг болсоор гурван жил өнгөрсөн байна.
Баримт 17.
Мэдлэгтэй, мэргэжлийн эдийн засагч Монгол Улсын санхүүг барих болсноор бодлогын алдааг залруулж, эдийн засаг сэргэсэн олон өөрчлөлт гарсан. Манай улсын эдийн засаг 2016 онд ердөө 1.2 хувийн өсөлттэй байсан бол 2019 оны эцэст 5.1 хувь болтлоо өсчээ. Гадаад валютын нөөц 4.3 ам.доллар хүрч 2016 оныхоос 3.4 дахин өссөн.
Баримт 18.
Тэрбээр Сангийн сайд болоод ОУВС-тай хөтөлбөр тохирч чадсанаар хэвтэрт байсан Монголын эдийн засаг сэхээний тасагт шилжсэн. Харин Сангийн сайдын төсвийн сахилга батыг сайжруулах бодлого хэрэгжсэнээр Монголын эдийн засагт үүр цайсан.
Баримт 19.
ОУВС-гийн хөтөлбөр манай улсад амжилттай хэрэгжсэнийг ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб ярилцлагандаа онцолсон. Тэрбээр, “Хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд санаа зовоож байсан зүйл нь Монгол Улсын төсвийн өр. Монгол Улсын төсвийн өр ДНБ-ий 85 хувьтай тэнцэж, валютын нөөц шавхагдахад ойрхон байсан. Хөтөлбөр эхлээд удаагүй байхад үр ашгаа өгч эхэлсэн мэдээг сонсоод бид их баярласан. Эдийн засгийн дефолт зарлахаас зайлсхийгээд зогсохгүй, төсвийн алдагдлыг ДНБ-ий 18 хувьд хүргэж бууруулж чадсан. Энэ бол ОУВС-гийн хөтөлбөрийн түүхэнд байгаагүй том амжилт болсон. Үүний зэрэгцээ Монголын эдийн засаг сэргэж эхэлсэн. Энэ бүхэн Монголын Сангийн сайдын хүчин чармайлт байсан. Тэрээр төсвийн үрэлгэн байдалд хяналт тавьж, төсвийн сахилга батыг баримталсан. Түүний энэ бодлого санхүүгийн тогтолцоог тогтворжуулахад чухал нөлөө үзүүлсэн юм. Тухайлбал, төрийн албан хаагчдын дундаж цалин нэмэгдсэн. Энэ хоёр жилийн хугацаанд гарсан бүх ололт, амжилт асар их байлаа. Дахин хэлэхэд энэ хөтөлбөрийн хамгийн том амжилтуудын нэг нь Монгол Улсын эрх барих хүчин, ялангуяа Сангийн сайдын хүчин чармайлт байсныг онцолъё…” гэсэн билээ.
Баримт 20.
2016 онд Монгол Улсын экспортын орлого, төсвийн бүрдэлт, гадаад валютын урсгал муудсан. Эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдлыг үндэслэн Мүүдис, Стандарт энд Пүүрс, Фитч зэрэг зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг Caa1, B-, B- болгож тус тус нэг шатлалаар бууруулаад байсан. Төсвийн сахилга батыг сайжруулах, гадаад өрийн дарамтыг бууруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих, банкны салбарыг эрүүлжүүлэх шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр Мүүдис, Фитч, Стандарт энд Пүүрс агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 1-2 шатлалаар нэмэгдүүлсэн.
Баримт 21.
Улс орны эдийн засгийн ерөнхий төлөв байдал сайжирснаар иргэдийн цалин тэтгэврийг нэмж чадсан. Түүнчлэн, төрийн үйлчилгээний албан хаагчдын тэтгэмж, 2014 оноос нэмэгдээгүй байсан цалин, үдийн хоол, цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэмэгдэл, малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл, эхчүүд эмэгтэйчүүдэд зориулсан зорилтот дэмжлэг зэрэг нь Сангийн сайдын зөв менежментийн үр дүн.
Баримт 22.
Сонгууль угтсан популист амлалтууд одоо Сангийн сайдын сөрөх цэг. Энэ амлалтууд босгосон эдийн засгийг нураах эрсдэлтэй тул мэргэжлийн эдийн засагч тэрбээр улстөрчдийн увайгүй амлалтуудад хатуухан сануулга өгч байгаа. Эргээд энэ нь түүнийг харлуулах гүтгэх оролдлогууд болон ирж байгаа ч мэргэжлийн эдийн засагч хүнд байх наад захын зарчимдаа бат зогсож байгаа нь харагддаг.
Баримт 23.
Түүнийг Сангийн сайдаар томилогдсоноос хойш мэргэжлийн, ул суурьтай шүүмжлэл бараг гараагүй. Харин улсын төсвийг Увс аймаг руу их хуваарилсан гэсэн нэг л шүүмжлэл түүн рүү чиглэдэг. Сүүлийн гурван жилийн улсын төсвийн задаргаанаас харвал энэ нь үнэний ортой. Өөрөөр хэлбэл, Сангийн сайдын хамгийн сул тал нь төрсөн нутаг руугаа, сонгогдсон тойрог руугаа хөрөнгө оруулалт түлхүү хийсэн нь болж байна.
Баримт 24.
Тэр бол “Хоригтой сайд”. Уг нь Ч.Хүрэлбаатарын мэдлэг чадвар Монголын эдийн засагт хэрэгтэй гэдгийг Санхүү эдийн засгийн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад нь ч харж л байсан, Сангийн сайдаар ажилласан энэ гурван жилийн хугацаанд ч хангалттай мэдэрсэн. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг томилогдох томилгооноос эхлээд л хориг тавьсан. Бараг л Сангийн сайдын гаргасан шийдвэр, өргөн барьсан төсөл болгон дээр хориг тавьдаг гаж жишгийг улсын Ерөнхийлөгч хэрэгжүүлж байгаа. Төрийн тэргүүний буруу байжээ гэдгийг бид “Хоригтой сайд”-ын авч хэрэгжүүлсэн эдийн засгийн эерэг өөрчлөлтүүдээс хангалттай харж байна.
Сэтгэгдэл (17)