Баримт 1.
Улаангом хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль төгссөнийхөө дараа хойно Екатеринбургийн Уралын политехникийн дээдийг дүүргэсэн Б.Чойжилсүрэнгийн ажил амьдралын гараа найзуудынхаа хамт "СП-Каман" компанийг байгуулснаар эхэлдэг.
Баримт 2.
Тэрбээр хүнс, барилга, бөөний худалдаа зэрэг бизнес эрхэлж яваад улс төрд хөл тавьсан нь 2006 он. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярыг Монгол Улсын гурав дахь Төрийн тэргүүнээр ажиллаж байхад Б.Чойжилсүрэн Тамгын газрын дэд даргаар томилогдож байв.
Баримт 3.
2008 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход төрөлх нутаг Увс аймгаас нэр дэвшиж, сонгогджээ. УИХ-д анх удаа сонгогдсон түүнийг “нугалах” ажил тухайн үеийн парламентад байж таарав. Өөрөөр хэлбэл, төсөв, мөнгөний холбоотой асуудал бүрийн ард Б.Чойжилсүрэнг томилж, Ажлын хэсгийн ахлагчаар ажиллуулсан байдаг.
Баримт 4.
2008 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлсэн тэрбээр төсөв талдаа хариуцлагатай, ханатай үг хэлдэг хүний нэг. Хувийн хэвшлээс парламентад сонгогдсон хүний нэг чанар нь энэ.
Баримт 5.
2012 оны сонгууль. Увс аймгаас сонгогдсон Б.Чойжилсүрэнг тойрсон асуудал хөвөрч эхэллээ. Гэвч тэрбээр сонгогчдын санал өгсөн үзүүлэлт, бусдын дайралт, гүжирдлэгт тодорхой хариу өгч, байр сууриа илэрхийлээгүй юм.
Баримт 6.
Хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Чойжилсүрэн АН эрх барьсан Засгийн газар, парламент /олон суудалтай/ үед төсөв, мөнгөтэй холбоотой бүхий л асуудлыг базаж, зангидаж явжээ. Парламентад хууль боловсруулах төвшинд.
Баримт 7.
Ингэж явсаар 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН УИХ-д үнэмлэхүй олонхи болж, “Мэргэжлийн” хэмээх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг эмхлэн байгуулах үед Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилж байв.
Баримт 8.
Түүнийг эл албан очиход гайхаж, эргэлзэх цөөнгүй хэсэг байв. Улсын төсөв нь таван тийшээ харж, гадаадын хөрөнгө оруулалт тэг зогсож, ам долларын ханш чангарахын хэрээр эдийн засаг нь туйлдаа хүрсэн тухайн үед мэргэжлийн эдийн засагчийг томилсонгүй хэмээн сөрөг хүчин Ардчилсан намынхан ч улстөржүүлж байлаа.
Баримт 9.
Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар томилогдсон өдрөөс ганцхан зүйл түүнийг чиглэж байв. Тэр нь эдийн засгаа эрчимжүүлэх. Энэ хүрээнд Олон улсын валютын сантай гэрээ, хэлцэл байгуулах ажлыг тэрбээр гардан гүйцэтгэжээ. Өөрөө ч "Монгол Улсын Сангийн Яам, Монголбанк нь ОУВС-ийн төлөөлөгчидтэй хөтөлбөрт хамрагдах хэлэлцээрийг 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж ажиллалаа.
Баримт 10.
ОУВС-тай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийг /Extended Fund Facility/ хэрэгжүүлэхээр тохирсон. Энэ хөтөлбөр нь 3 жилийн хугацаатай. Энэ хүрээнд ОУВС-гаас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох бөгөөд ОУВС болон олон улсын байгуулагууд, хандивлагч орнуудаас нийтдээ 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлөлттэй санхүүжилтийг төсвийн алдагдал төлбөрийн тэнцлийн зориулалтаар ашиглах тохиролцоонд хүрлээ" гэв. Мөн тэрээр "Эдийн засаг маш хүнд байна. Үүнээс өөр арга зам үлдсэнгүй, Монголын ард түмэн ойлгох байх гэж найдаж байна” гэж байв.
Баримт 11.
Хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татвар нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн ч олон нийтийн хүрээнд багагүй шүүмжлэл хүлээснээр эцэстээ УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрээр буцааж байлаа.
Баримт 12.
Харин ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаныхаа дараа Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд нэлээн удаан хугацаанд, хүнд нөхцөлтэй хэлэлцүүлэг хийсэн. ОУВС өөрөө ахлаад Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Японы Засгийн газар, Хятадын төв банк зэрэг доноруудтай найман сарын хугацаанд хэлэлцээр хийсэн. Тухайн үед би Сангийн сайдаар ажиллаж байсан. 2016 оны гуравдугаар улирлын байдлаар эдийн засгийн уналт 1.2 хувьтай байсан.
Баримт 13.
Харин биднийг ажлаа хүлээлгэн өгөхөд эдийн засаг 5.8 хувийн өсөлттэй болчихсон байсан. Энэ жилийн байдлаар эдийн засгийн өсөлт найм орчим хувьтай гарах байх. 2017 оны гуравдугаар сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын өрийг төлөх хугацаа тулаад байсан үе. Хэрэв энэ өрийг төлж чадахгүй бол бусад бүх бонд харилцан дефолтоор татагдаад, Монгол Улсын Засгийн газар дефолт зарлах нөхцөл үүссэн юм. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлсний том үр дүн нь бондын өрийн асуудлыг шийдэж чадсан явдал” гэж байв.
Баримт 14.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн Сангийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн мэдлийн “Хурд групп” ХХК-д НӨАТ-ын буцаан олголтоос 36 тэрбум төгрөгийг олгосон гэх мэдээлэл гарсан байдаг. Түүний энэ үйлдэл нь УИХ-ын гишүүний ёс зүйг зөрчсөн эсэхийг тодруулахаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан байв. Харин уг асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос шалгаад албан ёсны дүгнэлтээ гаргасан гэдэг.
Баримт 15.
Дүгнэлтэд "“Хурд групп” ХХК-д 18 тэрбум төгрөгийн татварыг буцаан олгосон нь НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан, импортоор оруулсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” албан татварыг тухайн татвар төлөгчийн төсөвт төлөх татвараас хасаж тооцох, мөн хуулийн 15.1-д албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг буцаан олгохоор заасныг тус, тус үндэслэсэн байна.
Баримт 16.
Албан татварын илүү төлөлтийг холбогдох журмын дагуу Татварын ерөнхий газраас хянаж, баталгаажуулсан байна. Иймд Ёс зүйн дэд хорооноос УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг зөрчөөгүй байна гэж үзсэн болно” гэсэн дүгнэлт гаргаж байлаа.
Баримт 17.
Б.Чойжилсүрэн гишүүн өөрөө “Монгол Улсад мөрдөж буй НӨАТ-ын тухай хуулийн хүрээнд жил бүрийн борлуулалт, худалдан авалтын зөрүүгээс үүссэн НӨАТ-ын тайлангаа тайлагнаж, НӨАТ-ын буцаан авалтыг хуулийн 15-р зүйлийн дагуу холбогдох харьяа татварын байгууллагад хүсэлт гаргаж илүү төлөлтөө хяналт шалгалтаар баталгаажуулсны үндсэн дээр буцаан олголт авсан.
Баримт 18.
Энэхүү үйлдэл нь хууль зөрчсөн явдал биш бөгөөд хуулийн хүрээнд хийсэн татварын буцаан олголт. Олон компаниуд илүү төлсөн татвараа буцаан авдаг. Баримт нь ил тод, нээлттэй байдаг. Гол нь намайг улс төрд байгаа болохоор Сангийн сайд байхдаа улсын төсвийн орлогыг өөрийн компанидаа авчихсан юм биш байгаа л гэж хардаад байгаа юм” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан байдаг.
Баримт 19.
Б.Чойжилсүрэн гишүүнтэй холбоотой өөр нэг асуудал нь Өмнөговь аймгийн нутагт орших Тосон бумбын нурууны ойролцоо үйл ажиллагаа явуулдаг "Саус гоби гоүлд транс" компанитай холбогддог. Үүнтэй холбогдуулж тэрбээр “Намайг олон жил дагаж байгаа асуудал. 2010 онд энэ лицензийг худалдаж авсан нь үнэн. 2016 онд буцаагаад зарсан. 50 хувь нь минийх.
Баримт 20.
Надаас худалдаж авсан залуус үйл ажиллагаа явуулах гээд бүтэлгүйтэж байна. Бүх бичиг баримтыг нэгтгээд хэрхэхээ шийднэ. Энэ бол бизнесийн эрсдэл юм. Энэ лицензийг надаас худалдаж авсан хүмүүс улс төрөөс хамаарч хэлмэгдлээ. Хэрвээ миний оронд гаднын иргэн эсвэл өөр хүн ажиллуулж байсан бол ийм эрсдэлд орохгүй байсан байх.
Баримт 21.
Асуудал нь надад байна. Улс төржүүлж байна. Уг уурхайд 130 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Би хөрөнгө оруулалтыг хамгаалдаг, ардчилсан нийгэмд амьдарч байна гэж бодож байсан. Хурд группийн нийт ажилчдын цалингийн нэг сарын зардал зургаан тэрбум төгрөг. Эдийн засгийн эрсдэлд орж компанийн үйл ажиллагаа зогсоход хуримтлалтай байх ёстой.
Баримт 22.
Үүний төлөө л явсан. "Сауд Гоби Коэл Транс" ХХК-иас өмнө есөн уурхай ажиллаж байсан юм байна лээ. Гэтэл ганц энэ компанийн үйл ажиллагааг зогсоосонд гайхаж байна” гэсэн удаатай.
Баримт 23.
Б.Чойжилсүрэн гишүүний хувьд 2016 оны сонгуулиар “ТЭСО” группийн ерөнхийлөгч, Увс аймгийн Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Монголын гол, нуруудын нэгдсэн хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвслээс нэр дэвшигч Я.Цэрэнханд, Иргэний хөдөлгөөний намын Р.Батсуурь нартай УИХ-ын 31 дүгээр тойрогт өрсөлдөж ялалт байгуулсан байдаг.
Баримт 24.
Түүний хувьд ЖДҮ, концессоос эхлээд нийгэмд хэсэг шуугиан тарьсан асуудалд нэр холбогдоогүй гишүүдийн нэг. Энэ удаагийн сонгуульд дахин нэр дэвших эрх нь нээлттэй гэсэн үг. Нэг үгээр Б.Чойжилсүрэн гишүүн сонгуульд өрсөлдөх магадлал өндөр нэр дэвшигчдийн жагсаалтад зүй ёсоор багтаж байгаа хэрэг.
Сэтгэгдэл (19)