Баримт 1.
Наймдугаар ангиа Төрхурахын сургуулийг төгссөн А.Сүхбат 1987 онд Барилгын техникумд оржээ. Улмаар Монголын Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг 1994 онд төгсчээ. Дээд сургуульд сурч байхдаа Чөлөөт бөхийн залуучуудын шигшээ багийн тамирчнаар гурван жил хэртэй явж, 1994 онд төгссөнийхөө дараа багшаар үлдсэн байна.
Баримт 2.
Ингэж явахдаа тэрбээр Чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчнаар 1998 оныг хүртэл явжээ. Чөлөөт бөхөөр төдийлөн амжилт гаргаагүй А.Сүхбат үндэсний бөхөд босоо явсан үе бий. 1993 оны Улсын баяр наадамд зургаа давж улсын начин цол, "Өсөх идэр" чимэг хүртсэн тэрбээр үүнээс дөрвөн жилийн дараа буюу 1997 онд заан цолонд хүрч байлаа.
Баримт 3.
Энэ үеэс бөх сонирхогчид барилдааныг нь шимтэн үзэх болсон “Залуу зургаан” зааны нэгээр тодорч байв. А.Сүхбат 2000 оны Улсын баяр наадамд ес даван түрүүлж арслан цолонд хүрсэн байдаг. Удаах жил нь 10 даван түрүүлж Улсын аварга цолонд хүрч байлаа. Үүнээс гурван жилийн дараа дахин ес даван түрүүлж Улсын далай аварга цолонд хүрэв.
Баримт 4.
Харин 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гаргаж, түүнд даян аварга цол олгосон байдаг. А.Сүхбат 2006 оны Улсын баяр наадмын үеэр зодог тайлснаар барилдааныг нь сонирхон үздэг бөх сонирхогчдын сэтгэлийг гонсойлгож байв. Уг шалтгаанаа тэрбээр “Нийт ард түмэн та бүгдэдээ их баяр наадмын мэнд дэвшүүлье. Би бээр бөхийн спортод хөл тавьж, бэлтгэл сургуулилт хийж эхэлснээс хойш 20 жил өнгөрчээ.
Баримт 5.
Энэ хугацаандаа өнгөрсөн зууны отгон наадам, шинэ зууны анхны наадамд түрүүлж, улмаар далай аваргын анхдагч цолтон болж, түмэн олноо баясгасан билээ. Сүүлийн үед ойр ойрхон гэмтэл бэртэл авч, биеийн эрүүл мэндэд маань сөрөг нөлөө үзүүлж байгаа бөгөөд ийм учраас бөхөө барилдахаа зогсоож байна. Ийм шийдвэр гаргахад надад их хэцүү байна. Надад туслажж дэмжиж байсан бүх сайхан сэтгэлтэй хүмүүст баярлалаа. Бөхдөө хайртай түмэн олондоо баярлалаа. Өдий зэрэгт хүргэсэн миний багш, аав Х.Баянмөнх багшдаа баярлалаа.
Баримт 6.
Би аварга хүнийхээ хувьд шавь нар болон өсвөр хойч үеэ бэлтгэх, сурган хүмүүжүүлэхэд бие сэтгэлээ эориулах болно. Тун удахгүй миний шавь нар торгон ногоон дэвжээгээ эзэгнэн барилдана гэдэгт итгэлтэй байна. Энэ цаг үеэс хойш миний барилдаан түүх болон үлдлээ. Олон жил сайхан барилдаж явсан бөхчүүддээ баярлалаа. Төрийн минь сүлд өршөө Түмэн олны минь сүлд өршөө. Монгол бөх өнөд мандан бадраг” гэж байлаа.
Баримт 7.
2014 оны Улсын баяраас өмнө Р.Гончигдорж гишүүн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсныг, УИХ-аас баталж, далай аварга цолыг хасах шийдвэр гарч, даян аварга цолоор олон жил ард түмэндээ хүндлэгдсэн Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар дархан аварга цол авах боломж бүрдсэн юм. Энэ хүрээнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж наадмын өмнөхөн зарлиг гаргаж А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт дархан аварга цол олгосон.
Баримт 8.
Анх 1990 оны Үндэсний их баяр наадам, Монголын нууц товчооны 750 жилийн ойгоор Б.Бат-Эрдэнэ дархан аварга цол хүртэж байсан гэдэг. Үүнээс 25 жилийн дараа А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар дархан аварга цол хүртсэн нь тэр байв. Тухайн үед А.Сүхбат “Энэ зууны анхны дархан аварга цолтон боллоо. 10 жилийн дараа, хөлсөө хатчихсан байхад дархан аварга цол авлаа” гэж байв. Гэвч шинээр дархан аварга цолонд хүрсэн А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэн нь зүүний магнайд гарах эсэх нь маргаан дагуулж эхэлсэн юм.
Баримт 9.
А.Сүхбат гишүүний хувьд “Дархан аваргуудыг эрэмбэлдэггүй. Хэн түрүүлж энэ цолонд хүрсэн нь зүүний магнайд гардаг. Миний хувьд 2004 онд дархан аварга цолны болзол хангасан. Харин Г.Өсөхбаяр 2009 онд энэ болзлыг хангасан байдаг. Тэр утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн жилийн баяр наадмын өмнө бид хоёр дархан аварга цол өгч, үнэмлэх гардуулахдаа 08 тоот үнэмлэхийг надад өгсөн. Өөрөөр хэлбэл, дархан аварга цолыг би Г.Өсөхбаярын өмнө хүртсэн. Гаргасан амжилтаараа ч би зүүний магнайд гарах ёстой. Эрэмбэндээ багтаж амьдрах ёстой” гэсэн байдаг. Харин Бөхийн холбооноос А.Сүхбат гишүүний мэдэгдэлд няцаалт хийж, зүүний магнайд Г.Өсөхбаяр аварга гарна гэдгийг зарлаж байв.
Баримт 10.
Гишүүн А.Сүхбатын хувьд зодог тайлснаасаа хойш Бөхийн холбоотой зөрчилтэй явж ирсэн нэгэн. Түүний хэд хэдэн удаагийн мэдэгдлийн хариуд Бөхийн холбооноос “А.Сүхбатаас анх удаа 2002 онд допинг илэрсэн билээ. Тэр үед хууль гараагүй байсан бөгөөд манайх дүрмэндээ заасан ёсоор арга хэмжээ авахаар тэргүүлэгчид цуглаад хуралдах гэж байтал А.Сүхбат шүүхийн захирамж, дараа нь ШШБГ-ын тогтоол авчирч хурлыг зогсоосон хүн. Энэ тухай баримт хангалттай байна. Тэрбээр 2006 онд допингийн шинжилгээ өгөлгүй зугтсан. Үүнийг олон улсын жишгээр допинг хэрэглэсэнд тооцдог журамтай” хэмээн мэдэгдэж байсан билээ.
Баримт 11.
Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнээ өрсөлдөгч явсан дархан аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нар парламентын танхимд тангараг өргөснөөсөө хойш ч зөрчилтэй явж иржээ. Шалтгаан нь Бөхийн холбоо тойрсон маргаан. Бөхийн холбооны өмнөх удирдлагууд болох Р.Нямдорж, Д.Данзан нарын А.Сүхбат гишүүнтэй хийж ирсэн маргаан Б.Бат-Эрдэнийг тэргүүнээр сонгогдсоны дараа ч үргэлжилсэн.
Баримт 12.
Тодруулбал, Үндэсний бөхийн холбооны тэргүүний суудал, Бөхийн өргөөний асуудлаас болж хоёр дархан аварга, гишүүн өөр хоорондоо тун таагүй харилцаатай явах нь бий. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын танхимд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах Т.Аюурсайхан нарын тогтоолын төсөлд А.Сүхбат гарын үсгээ зурсан нь үүгээр тодордог.
Баримт 13.
УИХ, Засгийн газрын гишүүдийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниуд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан тухай баримт олон нийтэд ил болох үеэр А.Сүхбатын нэр холбогдож байлаа. Тухайн үед түүнээс зээл авсан эсэхийг сэтгүүлчид лавлахад “Нотлох баримтаа гаргаж ирээд надтай ярь" гэснээс өөр зүйл хэлж байгаагүй юм.
Баримт 14.
Гэвч УИХ-ын гишүүн А.Сүхбатын хамаарал бүхий компанийн авсан зээлийн талаарх баримт ил болсон. Тодруулбал, А.Сүхбатын отгон дүү А.Баттөгс, түүний эхнэр Г.Буяндэлгэрийн "Түгээмэлтүмэн хишиг" компани 2017 онд ЖДҮ-ээс 800 сая төгрөгийн зээл авсан нь ил болсон. Харин А.Сүхбат гишүүн “Шинэ сонгогдсон гишүүд бид юугаа мэдэх билээ дээ. Намын дарга нар тайлбарлаж өгсөн бол юу гэж ЖДҮХС-гаас зээл авах юм бэ. Зүгээр юм байна л гэж ойлгосон” хэмээн Бүлгийн хуралдааныхаа үеэр ярьсан удаатай.
Баримт 15.
Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат нараар дамжуулан Бөхийн холбоонд үүссэн асуудлаар наадмын өмнөхөн хуралдаж, ойлголцолд хүрсэн байдаг. Энэ тухай А.Сүхбат гишүүн “Бөхчүүд үл ойлголцлоо эцэс болгосон. Монгол бөх ариун байвал, төр цэвэр ариун байна гэдэг зүйлийг ярилцаж, ойлголцсон. Хоёр тал эвлэрлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурахаар тохирсон. Харин дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын гарьд Д.Рагчаа, тэргүүтэй бөхчүүд дархан аварга Б.Бат-Эрдэнэ зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар гарын үсэгт зураагүй. Дархан аварга нүүрэн дээрээ эвлэрэх асуудал ярих боловч үйлдэл нь өөр байна. Монголын үндэсний бөхийн холбоо ард түмний өмч, өв их соёл.
Баримт 16.
Цаашлаад улсын баяр наадам эмх замбараагүй болно. Хэрвээ бөхчүүд барилдахгүй бол хариуцлагыг Дархан аварга Б.Бат-Эрдэнэ үүрнэ. Бөхөд хайртай ард түмэн, төрөө хүндлээч гэж Б.Бат-Эрдэнэ аваргаас хүсч байна. Монгол бөхчүүдийг хагалах үйлдлээ таслан зогсоохыг хүсч байна. Монгол наадам л сайхан болох ёстой. Би өнөөдөр үнэн, шударга үнэнийг хэлж байна” гэсэн “Бөх бол Төр” гэсэн агуулгатай агаар нэг гэсэн шүүмжлэлийг хүлээж байсан юм.
Баримт 17.
Хариуд нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ “Баяр наадмын комиссын дарга долоон аваргыг хүлээж авч уулзсан. Тэдний уулзалтад орж ирээд сууж байгааг нь харахад юманд хандаж байгаа, байр суурь бол гайхалтай бахархмаар байгаа юм. Долоо аварга, Шадар сайдын уулзалтаар хамгийн чухал хэлэлцсэн асуудал нь допингтой холбоотой асуудал. 2000-аад оны эхээр допин хэрэглэж эхэлсэн. Тухайн үед нэг эмчээс ханиадны эм уусан, допин хэрэглээгүй гэсэн бичиг аваад л хариуцлага ярих гэхээр зогсоодог байсан. Тэр үед нь бөхчүүд “допингтой хүнтэй барилдахгүй” гэж хэлж мэддэггүй байж.
Баримт 18.
Зөвшөөрнө гэж байхгүй шүү дээ. Дэлхий дахин допингтой тэмцэж байна шүү дээ. Анх допинг хэрэглэсэн хүнээсээ эхлээд хариуцлагаас зугтаад, хууль завхруулж яваад ирлээ. Дараа дараагийн үед маш муу үлгэр жишээ болж байна. Бид допингтой холбоотой асуудал дээр хатуу л байр суурьтай байхаас өөр арга байхгүй. Нөгөө тал допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн гэсэн. Допинг хэрэглэсэн байгаа нь л өөрөө факт юм шүү дээ. Сүүлдээ намайг допингийн сүлжээг барьдаг гэж ярьж байна. Ингэж гүжирдэж болохгүй шүү дээ. Би Монголын бөхийн ногоо дэвжээнээс нэр цэвэр салсан хүн” гэж байлаа.
Баримт 19.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үеэр А.Сүхбат гишүүн Туулын загас бүгд охин сүвтэй болсон гэсэн судлаачдын дүгнэлт гарсан гэж ярьсан нь олны нийтийн эгдүүцэл, инээдийг зэрэг хүргэж байлаа. Тэрбээр “Бохирдлоос болоод Алтанбулаг сумаар дайран өнгөрөх Туул голын эрэг, хөрснөөс биологийн органик нэгдэл бохирдол элемент илэрсэн.
Баримт 20.
Тэрний нэг нь эстрогенийн (эм даавар) элемент юм гэсэн. Эстрогенийн нөлөөллөөр голын загас бүгд охин сүвтэй болсон гэсэн дүгнэлт гарсан байдаг юм билээ. Цэвэр усны загас ховордож бохир усны загас үржиж, бидний мэдэхгүй загас, бичил биет байгаа гэсэн. Энэ эс амьд амьтанд зохистой хэмжээгээр байхаас ихээр илэрвэл хорт хавдрыг дэмждэг юм гэсэн.
Баримт 21.
Өөр нэр усыг нь сонсоогүй миний мэдэхгүй элементүүд хэлж байна лээ. Ер нь, загасны сүв өөрчлөгдөх процессыг загас тэжээдэг хүүхдүүд ч мэднэ л дээ. Аквариумын ус бохирдоход загасны сүв өөрчлөгддөг. Тэгэхээр загас бохир усанд үхэхээс өмнө тэнд мутац явагдаж байна гэсэн үг” гэж ярьсан нь түүнийг тойрсон шүүмжлэлийн галыг өрдөж байв.
Баримт 22.
2016 онд шинэ парламент бүрдсэний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 эхлэхээр товлосон байсан боловч гишүүдийн ирц бүрдээгүй гэсэн хойшилсон байдаг. Тухайн үед А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүн хурлаас нэг цаг гаруй хоцорч ирэхэд тухайн үеийн УИХ-ын дэд дарга, одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат гишүүнээс хурлын ирцэд найраа байхгүй шүү” хэмээн хатуухан анхааруулж байлаа.
Баримт 23.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолын төслийг батлах талаар өмнөх санал хураалтыг хүчингүй болгож, дахин явуулсан байдаг. Сонирхолтой нь, УИХ-ын гишүүн А.Сүхбат уг горимын саналыг гаргасан өөрийн эрхгүй хардлага төрүүлж байв.
Баримт 24.
Учир нь, Төрийн байгуулалт болон Хууль зүйн гэсэн аль, аль байнгын хороонд харьяалалгүй А.Сүхбат гишүүнээс ийм санал гарсан нь түүнийг хэн нэгний даалгаврыг биелүүлсэн гэж харахаар өөр аргагүйд хүргэсэн байдаг. Улмаар түүний гаргасан горимын саналаар санал хураахад гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн юм. Тухайн үед А.Сүхбат гишүүнд горимын санал гаргуулах даалгавар өгсөн эрхэм хэн байв гэсэн асуулт хөвөрч байсан юм.
Сэтгэгдэл (12)