Баримт 1.
М.Энхболд нийслэлийн уугуул. Нэгдүгээр дунд сургуулийг төгссөн тэрбээр МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Ажлын гараагаа Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны харъяа Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагчаар эхэлсэн нэгэн. Мөн тухайн үеийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны Төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байгаад Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны Ахуйн үйлчилгээний хэлтсийн даргаар эргэн иржээ.
Баримт 2.
1992-1996 онд МАН нийслэлд эрх барихад тэрбээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор ажилласан байна. Улмаар 1996-1998 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын хурлаар даргаар ажилласан М.Энхболд Ж.Наранцацралт агсныг Ерөнхий сайдаар томилогдоход нийслэлийн Засаг дарга болон дэвшжээ. Зургаан жилийн турш хотын даргаар ажилласан М.Энхболд 2005 онд Н.Энхбаярыг Ерөнхийлөгч болсны дараа сонгогдсон тойрогт нь явуулсан нөхөн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж анх удаагаа УИХ-ын гишүүн болсон байдаг.
Баримт 3.
Үүгээр зогсохгүй Н.Энхбаяраас намын МАН-ын даргынх нь тамгыг мөн гардаж байв. Тодруулбал, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тухайн үеийн МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн Н.Энхбаяр ялсан тул намаасаа түдгэлзэх шаардлагатай болсон юм. Сонгуулийн дараа буюу 2005 оны зургадугаар сард МАХН-ын XXIV Их хурал хуралдаж намын шинэ даргыг сонгох болоход түүний нэрийг Н.Энхбаяр санал болгон дэвшүүлсэн гэдэг. Тэгэхэд Ц.Нямдорж, Ч.Улаан, С.Баяр нарыг хуралд оролцогчдоос нэр дэвшүүлсэн боловч Ц.Нямдорж, Ч.Улаан нар нэрээ татаж авснаар намын даргын төлөөх өрсөлдөөнд С.Баяр, М.Энхболд тунаж үлджээ. Өрсөлдөөн тун ширүүн болж М.Энхболд 50,25 хувиар буюу 29 хүний саналаар ялалт байгуулан МАХН-ын даргаар сонгогдож байв.
Баримт 4.
Намын дарга болсон М.Энхболд Ц.Элбэгдоржийн Засгийн газар огцроход Ерөнхий сайдаар томилогдож, “Үндэсний эв нэгдлийн” хэмээх тодотголтой шинэ танхимаа бүрдүүлсэн юм. М.Энхболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2006 оны гуравдугаар сарын 26-30-нд Япон улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Улаанбаатар хотын ойролцоо олон улсын шинэ нисэх онгоцны буудал байгуулахад хамтран ажиллах тухай санал тавьсныг тус Засгийн газар нааштайгаар хүлээн авч, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр уг онгоцны буудал барих шийдвэрийг гаргаж байв.Уг ажлын хүрээнд өдгөө Хөшгийн хөндийд шинэ нисэх онгоцны буудлыг барьж, ашиглалтад оруулаад байгаа юм.
Баримт 5.
М.Энхболдыг МАН-ын даргаар ажилласан хоёр жил гаруйн хугацаанд ажилласан тус намд олон жигүүр хөдөлгөөн, шинэчлэгч бүлгүүд бий болж, шинэчлэл, дотоод ардчиллын тухай ярих болжээ. Эдгээр хөдөлгөөнүүдийн шахалт шаардлагаар намын ээлжит бус Их хурлыг хуралдуулахаар болсон юм. 2007 оны аравдугаар сарын 22-30-нд болсон МАН-ын XXV Их хурлаар намын даргын төлөө С.Баяр, М.Энхболд нар дахин өрсөлдөж, энэ удаа С.Баяр 56,6 хувийн саналаар ялжээ.
Баримт 6.
Мөн “Элсний 13” гэгддэг УИХ-ын гишүүн Т.Ганди, Ц.Шаравдорж, Т.Очирхүү, Л.Пүрэвдорж, Д.Арвин, Ц.Мөнхоргил, Д.Одбаяр, Ч.Улаан, Л.Одончимэд, Р.Нямсүрэн, Ч.Авдай, А.Цанжид, Д.Тэрбишдагва нарын 13 гишүүн Ерөнхий сайд М.Энхболдыг парламентад шахах болсон нь түүний тэргүүлсэн Засгийн газрын байр суурийг ганхуулж эхэлсэн байдаг. Тэдгээр гишүүний шаардлагад “МАХН өөрийн ажилд шүүмжлэл, дүгнэлттэй хандаж, өнөөгийн эмх замбараагүй байдлын буруутныг гаднаас хайж, алдааг бусдаас эрэхийг урьтал болголгүй, алдаа дутагдлыг өөрөөсөө эхлэн засаж залруулах нь шударга ёсонд илүүтэй нийцнэ.
Баримт 7.
Төрийн албаны шинэчлэл хийх, Засгийн газарт бүтцийг боловсронгуй болгон олон шат дамжлага, хүнд суртлыг яаралтай арилгах, цомхон чадварлаг, үр бүтээлтэй бүтэц тогтолцоог бий болгох хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлж эхлэн төрийн үйлчилгээг сайжруулах гэх мэтчилэн есөн шаардлага хүргүүлж байна” гэж байв.
Баримт 8.
Ингэж явсаар МАН-ын Удирдах зөвлөлөөс М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг хөндөж байлаа. Ийнхүү намын даргаасаа бууж “нүцгэн” Ерөнхий сайд М.Энхболд УИХ-ын төвшинд хүчгүйдэж явсаар эцэстээ огцорсон байдаг. Намын дарга болсон С.Баяр ч “Хариуцлага үүрүүлж байгаа бол ярих мэдлийг өг” хэмээгээд М.Энхболдын халааг авч байсан юм. Гэхдээ огцорсон Ерөнхий сайд М.Энхболд С.Баярын Засгийн газарт, үргэлжлүүлэн Сү.Батболдын танхимд Шадар сайдаар ажиллаж байсан юм.
Баримт 9.
2012 УИХ, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН дараалсан ялагдал хүлээхэд М.Энхболд МАН-ын даргаар хоёр дахиа очиж байв. 2012-2016 оныг хүртэлх парламентын бүрэн эрхийн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг хүчтэй сөрөг хүчин байсныхаа хүчинд ээлжит сонгуулиар үнэмлэхүй олонхи буюу 65 суудалтай болж байсан юм. Үүнд АН-ын дотоод зөрчил, тэдэнд итгэх сонгогчдын итгэл алдарсан байсан нь багагүй хувь нэмрээ оруулсан.
Баримт 10.
Улс төрд тогтсон жишиг, МАН, АН-ын дүрэмд зааснаар ялсан намын дарга нь буюу М.Энхболд Ерөнхий сайд болох байсан ч тэрбээр УИХ-ын даргын сэнтийд суусан байдаг. Үүнийг хэд хэдэн УИХ-ын гишүүн эсэргүүцэж, намын дарга нь хариуцлагаас зугтааж УИХ-ын даргын сэнтийд суучихлаа хэмээн шүүмжилж байлаа. Хариуд нь М.Энхболд гишүүн Манай бүлгийн гишүүдээс ийм зүйл ярьж байсныг үгүйсгэхгүй. Манай намын албан ёсны байр суурийг илэрхийлэх мэдэгдэл, албан бичигт ийм зүйл байгаагүй.
Баримт 11.
Манай намын дүрэмд “Намын дарга Ерөнхий сайд байж болно” гэж заасан болохоос “Намын дарга Ерөнхий сайд байна” гэсэн заалт байхгүй. Ирэх дөрвөн жил нэлээд амаргүй байна гэдгийг бид мэдэж байгаа. Засгийн газар ачааны хүндийг үүрэх нь ойлгомжтой. Засгийн газраар ажил хийлгэж, ачаа үүрүүлж, хариуцлага тооцоход харин ч намын дарга УИХ-ын дарга байсан нь дээр дээр болов уу гэж бодож байна. Тийм ч учраас намынхаа Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүлээж авсан” хэмээн хариулж байсан удаатай.
Баримт 12.
Удалгүй М.Энхболд УИХ-ын дарга болсны цаад шалтгаан ил болж тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн. Гэвч төрийн албыг худалдаж авахаар оролдсон гэх “60 тэрбум”-ын асуудалд М.Энхболдын нэр дурдагдсан нь түүнд хасах, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад нэмэх оноо болж сонгогчдын саналыг эргүүлэхэд хүргэсэн, ялалт авчирсан байдаг. АН-ын “60 тэрбум”-ын хэрэг гэх асуудлыг хангалттай улстөржүүлсэн.
Баримт 13.
УИХ-д 65 суудалтай, засаглалын бүх төвшинд үнэмлэхүй олонхиор шууд удирдлага гүйцэтгэж явсан мөртлөө Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн нь МАН-д хүнд цохилт болсон юм. Удалгүй МАН сонгуулийн үр дүнгээр эмхлэн байгуулсан Ж.Эрдэнэбатыг Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсны дараагаас М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах яриа жил гаруйн хугацаанд явсны эцэст 2019 оны Сар шинийн баярын өмнөхөн түүнийг чөлөөлсөн билээ.
Баримт 14.
Нэр бүхий 39 гишүүний зүгээс М.Энхболдыг 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэн сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн нэр бүхий тогтоолын төслийг өргөн барьсан юм.
Баримт 15.
Ингэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хуулийн төсөл өргөн барьсныг парламент хүлээн авснаар УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар чөлөөлж болдог жишиг Монголын парламентад тогтсон байдаг. М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх үеэр тэрбээр “Тавантолгойн орд газрыг ашиглах талаар тухайн үеийн УИХ, Засгийн газар тодорхой шийдвэрүүд гаргаж байсан. Энэ төслийг УИХ-д танилцуулахгүй ажил хэрэг болгох гэж байсныг таслан зогсоосон хүн нь би. Тухайн үеийн УИХ-ын дарга дээр орж энэ талаар ярьж, Засгийн газраас энэ төслийг буцаан татаж байсан. Харин энэ Засгийн газрын үнэт цаас гаргах саналыг дэмжиж, асуудлыг шийдвэрлэж байсан. Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг 2007 онд боловсруулж өргөн барьж байсан. Харамсалтай нь тухайн үеийн УИХ хэлэлцээгүй.
Баримт 16.
Энэ танхимд Ерөнхий прокурор 60 тэрбум хэрэг биш яриа байсан гэдгийг хэлсэн. Үүнийг хууль хяналтын байгууллага нэг бус удаа шалгасан. Одоо ч шалгаж байгаа. Би УИХ-ын танхимд 60 тэрбум гэж яригдаад байгаа асуудлаар нээлттэй ярилцлага хийх санал тавьсан. Энэ танхимд сууж байгаа 64 хүн миний гарын үсгээр нэр дэвшиж энэ танхимд орж ирсэн хүмүүс. Ямар нэгэн мөнгө төгрөг авалгүйгээр хүмүүсээ нэр дэвшүүлсэн юм шүү” гэж байв.
Баримт 17.
Мөн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд нарын таван гишүүн М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах жагсаалыг төв талбайд зохион байгуулж байсан удаатай. Гишүүдийн зүгээс УИХ-ын дарга асан М.Энхболдтой уулзах үеэр жагсагчдын төлөөлөл хутга барин дайрсан тухай түүний зөвлөхөөр ажиллаж байсан Б.Гүнбилэг хэлж байв. Гэвч М.Энхболд гишүүн үүнийг үгүйсгэж “Над руу ухасхийсэн хүний гарт хутга байгаагүй. Харин хамгаалалтын албаныхан хутга хураасан гэж надад танилцуулж байсан. Би тэр үед ордны доторх болон гаднах нөхцөл байдлыг сайн мэдэрч байсан тул энэ асуудлыг дэвэргэх шаардлагагүй гэж хэлсэн” хэмээн мэдэгдэж байлаа.
Баримт 18.
М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшил худалдан авсан асуудал нь хууль бус эсэхийг хэлэлцэж, төрд буцаан авах шийдвэрийг гаргаж байлаа. Мөн гурван ч парламент дуншсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг байгуулж, хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баталж, түүхэн үүрэг гүйцэтгэхэд голлох нөлөө үзүүлсэн байдаг.
Баримт 19.
Түүний хувьд 2010 оноос Монголын морин спорт, уяачдын холбооны ММСУХ ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд ММСУХ-г Азийн морин уралдааны холбоонд гишүүнээр элсүүлэх ажлыг зохион байгуулж гадаад харилцааг сайжруулах тал дээр онцгой анхааран ажиллажээ. Мөн уяачдыг үнэмлэхжүүлж тэмдэгтэй болгох, тэдний хөдөлмөр зүтгэлийг төр засгаар үнэлүүлэх Тод манлай уяач Д.Даваахүү уяачдаас анхлан 2013 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртэж, унаач хүүхдүүдийг спортын зэрэг цолоор шагнасан байна.
Баримт 20.
2010 онд 8 унаач хүүхдэд анх удаа спортын дэд мастер цол олгосон, салбар хороодын ажлыг идэвхжүүлэх улс, бүсийн чанартай томоохон уралдаануудыг Засгийн газрын тогтоолоор зохион байгуулдаг болж цэгцэлсэн, хүүхэдгүй морийг тав ухрааж барих, монгол морь, эрлийз морьдыг тусад нь уралдуулах зэрэг ажлуудыг санаачлан зохион байгуулсан. 2013 оны наймдугаар сард Хүй мандлын дэнжид “МОНГОЛ МОРЬ-3000” хурдан морины уралдаан, Түмэн морьтны жагсаалыг амжилттай зохион байгуулж 4249 хурдан морь уралдаж, 11125 морьтон жагссан Гиннесийн дээд амжилтын номд бүртгүүлжээ.
Баримт 21.
М.Энхболдыг нийслэлийн Засаг даргаар зургаан жил ажилласантай нь холбогдуулж, газрын наймаачин тодотгол өнөөг хүртэл түүнийг дагадаг. Энэ талаар тэрбээр тодорхой тайлбар өгдөггүй ч өөрийг нь огцруулах асуудал хөндөгдөж эхлэхэд телевизэд өгсөн ярилцлагадаа “Газрын наймаа гэдэг бол намайг хотыг даргаар ажиллаж байсантай холбогдуулж өгсөн нэр хоч. Би газар олгож байсаан. Гэхдээ газар зарж байгаагүй.
Баримт 22.
Миний олгосон газар дээр Улаанбаатар хотод хэчнээн мянган айлын орон сууцны хорооллууд бий болов, хэдэн мянган ажлын байр бий болов, Улаанбаатар хотын өнгө төрх хэрхэн өөрчлөгдөв гээд сайн талаас нь харах юм бол бас ч багагүй зүйлүүд бий. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар олгож, бүтээн байгуулалт хийх боломж, нөхцөлийг нь бүрдүүлэх явдал үе үеийн хотын даргын үүрэг.
Баримт 23.
Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч гэсэн хотын даргаар ажиллаж байхдаа Төрийн ордны хойд талд газар олгож байсан. Тэр газар дээр 6-7 давхар байшин барьж, тэрнийгээ зарж борлуулсан байх. Тэрнийгээ өнөөдөр намайг газар зарсан мэтээр андуурч, сольж яриад байгаа юм болов уу?” гэсэн байдаг.
Баримт 24.
М.Энхболд УИХ-д дөрвөн удаа сонгогдсон туршлагатай. Үүний нэгд нь Чингэлтэй, үлдсэн гуравт нь Төв аймгаас сонгогдсон нэгэн. Өөрөөр хэлбэл, Төв аймагтаа тэрбээр дархлагдсан хүний нэг. Ирэх сонгуулиар Төв аймагт дахин өрсөлдөх хүний тоонд зүй ёсоор багтаж буй. Гэвч “60 тэрбум”-ын гэх асуудалд нэр холбогдсон нь М.Энхболдыг нэр дэвшүүлэхгүй байх үндэслэл гэсэн яриа гарч эхэлсэн тухай мэдээлэл цацагдах болсон. Гэхдээ энэ нь албан ёсных биш юм. МАН-ын удирдлагын зүгээс ч энэ талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа юм. Нэг үгээр, М.Энхболд нэр дэвших эсэх нь цаг хугацааны асуудал болж байна.
Сэтгэгдэл (29)