Баримт 1.
1977 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын 10 жилийн сургуулийг төгссөн Д.Эрдэнэбат Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг 1983 онд авто-инженер, механик мэргэжлээр дүүргэжээ. Хойно төгсч ирсэн тэрбээр мэргэжлийнхээ хүрээнд Багануурын нүүрсний уурхайд засварчин, механик, авто хүнд механизмын хэсгийн даргаар 1993 оныг хүртэл ажилласан байна.
Баримт 2.
Ардчилсан хувьсгал гарч зах зээлийн нийгэмд шилжсэний дараа “Ноён” компанийг үүсгэн байгуулж, 1999 оныг хүртэл захирлаар нь ажиллажээ. Улмаар 1999-2000 оны хооронд Багануурын Засаг даргаар ажиллажээ. Энэ үеэс тодорч эхэлсэн Д.Эрдэнэбат 2008 онд Багануурын Засаг даргаар хоёр дахиа ажиллах үеэрээ УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн ч өвдөг шороодсон удаатай.
Баримт 3.
УИХ-ын сонгуульд бүдэрснийхээ дараа тэрбээр АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож 2012 оныг ажилласан туршлагатай. Парламентаас баталсан хуулийн хүрээнд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахад Д.Эрдэнэбат намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж, Бүлгийн даргаар ажиллах болсон юм.
Баримт 4.
АН Засгийн газраа огцруулж, Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилоход түүнийг Аж үйлдвэрийн сайдад нэрийг дэвшүүлж, УИХ-аас дэмжлэг хүлээж байв. Д.Эрдэнэбатын хувьд аливаа асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ хэний ч өмнө хурц илэрхийлчихдэг зангарагтай ч сайдаар ажиллах байх үед нь гаргасан зарим шийдвэр нь өдгөө хууль хяналтын байгууллагад ороогдох нь бий.
Баримт 5.
Тэдгээрийн нэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь тойрсон маргаан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдан авсан гэх хэрэгт холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах саналаа АТГ-ынхан прокурорт хүргүүлсэн байдаг. Үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан “Монголын зэс”, Худалдаа хөгжлийн банкны удирдлагад холбогдох хэрэгтэй прокуророос танилцаад нэгэн тогтоолыг гаргаж байлаа.
Баримт 6.
Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татах тогтоол баталснаас гадна тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, уг хэрэгт хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татсан тухай мэдээлэл гарч байв. Үүнтэй холбогдуулж гишүүн Д.Эрдэнэбат мэдэгдэл хийж байсан удаатай.
Баримт 7.
Тэрбээр "Тавдугаар сарын 21-ний өдөр АТГ-аас намайг дуудаж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг танилцуулсан. Долоо хоногийн өмнө гэрчийн мэдүүлэг авсан. Иргэний хувиар хуулиа биелүүлж, тогтоолтой танилцсан. Ингэхдээ "Танилцав" хэмээн гарын үсэг зурсан. Харин өчигдөр мэдүүлэг өгөөгүй шалтгаан нь мөрдөн байцаагчтай уулзсаны дараа хэвлэлүүдээр ялын үндэслэл, яллагчаар татсан тухай эх сурвалж тодорхойгүй мэдээллүүд түгсэнтэй холбоотой юм.
Баримт 8.
Эрүүгийн хуульд зааснаар аливаа нэгэн мэдээллийг өгөхдөө прокурор зөвшөөрөл өгөх ёстой. Би ч иргэнийхээ үүднээс хуулийн дагуу шийдвэрлээд явж ирсэн. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сайд Хөгжлийн банк болон миний нэр холбогдсон асуудлаар, харин Ч.Хүрэлбаатар сайд “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар нийтэд мэдээлсэн. Энэ бүх асуудал улстөржсөн шинжийг агуулж байна хэмээн хардах үндэслэлтэй болж байгаа юм.
Баримт 9.
Иймд АТГ болон УЕП-т хүсэлт хүргүүлж байгаагаа мэдэгдэж байна. Учир нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5 дахь хэсэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр Прокурорын дэргэд мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдээлж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн үзлээ. Тиймээс энэ хэргийг хяналтад авч шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүргүүлж байна. Түүнээс гадна АТГ-ын дарга З.Дашдаваад мөн хүсэлт явуулсан. 49 хувийг худалдаж авахтай холбоотойгоор олон нийтийн санал бодол хуваагдсан байгааг ойлгож байна.
Баримт 10.
Нийгмийн хэсэг бүлэг нөхөд 49 хувийг зарим хүн хулгайлаад, хуваагаад идчихлээ гэж ойлгоод байгаа. Гэхдээ надад нэг л зарчим бий. ОХУ-ын компанийн өмчид байсан 49 хувийг Засгийн газар шийдвэр гаргаж, монголдоо оруулж ирснийг зөв гэж харж байгаа. Энэ асуудлаар намайг өнөөдөр яллагдагчаар татлаа. Энэ бол улс төрийн шинж чанартай болж эхэлж байна” гэж байлаа.
Баримт 11.
УИХ-ын гишүүд, сайд, дарга нар мэдээлэлд ойр байдлаа ашиглан ЖДҮ-ээс бага хувийн хүүтэй зээл авсан асуудал баримтаар ил болсон нь нийгэмдээ хэсэгтээ шуугиан тарьсан. Хэдийгээр ЖДҮ-ээс зээл авсан асуудал нь энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд хамаардаг ч Д.Эрдэнэбат гишүүнийг сайдаар ажиллаж байх үеийн баримт мөн олон нийтэд ил болсон юм. Тэр нь Д.Эрдэнэбат 2015 онд Аж үйлдвэрийн сайд байхдаа ЖДҮ-ийн сангаас нэр бүхий дөрвөн компанид зээл авч өгсөн асуудал.
Баримт 12.
Тэрбээр Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас сонгон шалгаруулалтгүй 7.3 тэрбумын зээл олгосон талаар Сангийн яамны ахлах байцаагчийн дүгнэлтэд дурдагдсан байдаг юм. Тухайлбал, экспортыг дэмжих, импортыг орлох төслийг дэмжих зорилгоор “Само мах” компанид хоёр тэрбум, “Он энд офф” компанид нэг тэрбум, “Гетженероус” компанид 980 сая төгрөгийн зээлийг сонгон шалгаруулалтгүйгээр олгосон тухай баримт нь ил болсон билээ.
Баримт 13.
Мөн Аж үйлдвэрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн А/25 дугаар тушаалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Аж үйлдвэрийн цогцолбор” төрийн өмчит хувьцаат компанитай байгуулж үүнээс хэдхэн хоногийн дараа тус компанид хүүгүй, барьцаагүй 1,800,000,000 төгрөгийн зээл олгон, үүнийгээ Говийн бүсэд барих газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Унгарын Евройл компанийн ажлын хөлсөнд шилжүүлсэн нь гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна.
Баримт 14.
Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа 2016 оны зээлийн эргэн төлөлтөөс 17 тэрбум 799 сая төгрөгийн зээлийг санхүүжүүлсний дийлэнх нь Сэлэнгийн, тодруулбал өөрийнх нь тойргийнх нь иргэд байсан гэдэг. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “ЖДҮ-ийг дэмжих сангийн хуваарилалт ямар ч шалгуургүйгээр эрх мэдэлтэйд нь олгох байдал хавтгайрсан. Ардчилсан намынхнаас хэн, хэн хэдэн төгрөгийн зээл авч байсныг гаргаад ир. Хуулийн дагуу, зохих шалгуурыг нь хангаад, иргэн хүнийхээ хувьд авсан уу эсвэл эрх мэдэл албан тушаалаар далайлгаж авсан уу гэдэг нь чухал” хэмээн байр сууриа илэрхийлж байсан ч ийнхүү өөртэй нь холбоотой баримтууд дэлгэгдэж байв.
Баримт 15.
УИХ-ын дарга Г.Занданшатар Австрали айлчлал хийх үеэр нэр бүхий гишүүд бүрэлдэхүүнд нь багтан явсан байдаг. Тэгэхэд Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нарын гишүүн тус улсын казиногоор үйлчлүүлж байгаа зураг нь ил болж шуугиан тарьсан. Үүнтэй холбогдуулж, тэрбээр “УИХ-ын даргатай Австрали улсад болсон АНДОП-ын чуулганд оролцоод ирлээ. Бид нэг өдөр чөлөөтэй өнгөрөөх хөтөлбөртэй байсан. Хөтөлбөрийн дагуу Сиднейн түүх дурсгал, аялал жуулчлалын газруудаар орох төлөвлөгөөтэй байсан. Бид энэ газруудаар явсан. Казинотой холбоотой асуудал гарч байна. Сиднейд аялал жуулчлалын том төвдөө нээлттэй казино байдаг юм байна.
Баримт 16.
Бид казиногоор ороод гарсан. Би нэг л зүйлийг бодож байгаа. Харь оронд бид нэг л монгол. Түүнээс биш аль нэг намын ч юм уу ялгаа байхгүй. Чөлөөт цагаа чөлөөтэй өнгөрөөе гэсэн бодол хүн бүрт байдаг. Энэ утгаараа тэнд ороод гарсан нь үнэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Казиногоор орсноо ямар нэг байдлаар зөвтгөх үндэслэл байхгүй. Бид нэгэнт л ардчилсан нийгэмд амьдарч байна. Харь оронд явахдаа бие биеэ хайрлаж, хүндэтгэж халамжилж явах ёстой гэж боддог. Энэ асуудал хэний ч анхаарлыг татаж байгааг ойлгож байна.
Баримт 17.
Харин энэ шуугианыг далимдуулж, улстөржих шаардлага байхгүй шүү гэдгийг хэлье. Казино тоглоогүй. Тоглох ч шаардлага байхгүй. Миний зураг гарсан байна лээ. Хүмүүс мөн үү, биш үү гээд л асууж байна. Би Д.Тогтохсүрэн гишүүний хажууд хараад зогсож байгаа хүн мөн. Үүнд эргэлзэх шаардлагагүй. Бусад орны казинод залуу байхдаа орж байсан. Хааяа нэг тоглодог байсан. Тэнд их хэмжээний мөнгөөр тоглох боломж ч байхгүй.
Баримт 18.
Сая л гэхэд бидэнд тоглох мөнгөтэй ч хүн байгаагүй. Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн гишүүд явсан. Манай Д.Лүндээжанцан гишүүнд ямар мөнгө байх вэ дээ, хөөрхий. Гэхдээ хүнд сонирхол байна шүү дээ. “Үүнийг нэг сонирхоод үзье. Хууль баталж байгаа шүү дээ” гэсэн хүн ёсны бодлоос болсноос биш ямарваа нэгэн азаартсан зүйл байхгүй. Их хэмжээний мөнгөөр тоглосон ч зүйл байхгүй. Казиногийн хуулийн төслийг өргөн барьсан. Нэлээд дуулиантай зүйл болох байх.
Баримт 19.
Өнөөдөр казиногийн асуудлаар ингэж байгаагаас харахад Монголд байгуулбал их л дуулиан болох байх. Хөгжилтэй орнуудад казино бол аялал жуулчлалын байдаг л зүйл гэж ойлгож байгаа. Мөрийтэй тоглох гэсэн хүн бүр ордоггүй юм билээ. Сонирхсон хүмүүс ч орж болдог. Ийм л зүйл болсон. Казиногийн хуулийг хэлэлцэхийн өмнө нийгмийн уур амьсгал ямар байгааг анхаарах нь чухал гэсэн бодол төрж байна” гэж байв.
Баримт 20.
Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газрыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дэмжсэн санал өгч байв. Уг хэлэлцэхээс нэг хоногийн өмнө тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй хэмээн мэдэгдэл хийж байсан юм. Иймд түүнийг Байнгын хорооны хуралдааны үеэр Н.Алтанхуягийн эсрэг кноп дарах болсон талаар гайхах хүн олон байлаа. Харин Д.Эрдэнэбат гишүүн “Байнгын хорооны хуралдаан дээр би томъёоллоо буруу ойлгоод кнопоо дарчихлаа. Би чуулганы нэгдсэн хуралдаан дээр байр сууриа тодорхой илэрхийлнэ” хэмээн тайлбарласан байдаг.
Баримт 21.
УИХ-ын сонгуулийн үр дүнгээр эрх баригч явсан АН-ын есхөн суудлыг авч ялагдал хүлээсний дараа намын дарга асан З.Энхболд ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэний дараа тус намын даргын сунгаа өрнөсөн. Тухайн үед гишүүн Д.Эрдэнэбат намын даргад нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн байдаг.
Баримт 22.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан нэгэнтээ “Д.Эрдэнэбат гэж муу хогийн шүгэл юу гээд байгаа юм бэ. Хэн юм тэр. МАХН-ын Удирдах зөвлөлд л байсан юм билээ. Хувьсгалт намын тагнуул байсан юм билээ. Одоо АН-ын нэр нүүрийг гутаагаад л явж байна. Багануурын хамаг тендерийг хамдаг юм гэсэн, тэр нөхөр чинь. Нэг баар ажиллуулдаг гэнэ лээ.
Баримт 23.
АН баарны эзэнтэй ёс суртахууны хариуцлага тооцож намаасаа хөөж явуул. Намдаа яах гэж ийм большевикүүдийг шингээж байдаг юм. Нөгөөдүүл л арга барилаа тавихгүй большевизмээ яриад л. Ингэж болохгүй. Өдөөн хатгаж байна шүү дээ. Д.Эрдэнэбат чинь ердөө таалагдахгүй байгаа шүү. Телевизээр нэг халзан толгойтой нөхөр данхалзаад л, даналзаад л байх юм. Тэр хэн юм, тэрнээс хэн айх юм. Миний байгуулсан АН-ыг тэр гутааж байна. Анх АН, Ардчилсан холбоог байгуулж байхад би Д.Эрдэнэбат гэдэг хүний сургийг ч мэддэггүй байсан. Түүнд хандаж хэлэхэд “Ардчилал гэдэг зүйлд хэрээ мэдэж, болгоомжтой хандаарай” хэмээн эгдүүцэж байв.
Баримт 24.
Д.Эрдэнэбат гишүүний хувьд ирэх сонгуулиар Сэлэнгэ аймагт дахин нэр дэвшихээр горилж буй хүний нэг. Гэвч АН-ынхан горилогчдодоо 100 сая төгрөгийн босго тогтоосон нь олон хүний эгдүүцлийг төрүүлж эхлээд байгаа юм. Харин Д.Эрдэнэбат гишүүн уг асуудалд намын удирдах албан тушаалтны хувиар ямар нэгэн байдлаар байр сууриа илэрхийлээгүй явна.
Сэтгэгдэл (16)