ЭШЛЭЛ 1
Би Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул. 10-р ангиа төгсөөд МУИС-д урилгаар орж хэрэглээний математикийг сонгон суралцсан. 2007 оны 6-р сард Хадхүү багш өрөөндөө дуудав. МУИС-ийн төв байрны хоёрдугаар давхарт яваад орсон чинь нэг хүнтэй хамт байсан нь одоогийн Н.Алтанхуяг дарга. Тэр хүн надаас “Оюутолгой, Таван толгойн ордоор математик загвар гаргах хүн хайж ирсэн юмаа. Чи улсын математикийн олимпиадад “3-р байр эзэлж байсан юм байна. Хийж чадах уу” гэж байна. Тухайн үед Н.Алтанхуяг дарга УИХ дахь АН-ын зөвлөлд зөвлөх байсан. Би ч шууд л “Чадна, чадна” гэсэн. Харин Н.Алтанхуяг дарга “Тэгвэл чи АН-ын зөвлөлд ажиллана аа. Оюутолгой, Таван толгойн ордыг Монголын ард түмэнд ашигтай, үр өгөөжтэй байлгах талаас судалгаа хийх хэрэгтэй байна” гэсэн. Маргааш нь намайг Төрийн ордонд дуудаад “Өнөөдрөөс ажиллаж эхэл” гэсэн. Ингээд л анх Н.Алтанхуяг гэж хүнтэй танилцаж 2007 онд УИХ дахь АН-ын зөвлөлд референтээр орж Оюутолгой, Тавантолгойн ордыг хэрхэн яаж загварчлах вэ, математик загварыг яаж байгуулах вэ, түүнтэй холбоотой хууль эрх зүйн орчин ямар байдаг талаар судалгаа хийснээс гадна төрийн албан хаагчдын цалинг яаж нэмэгдүүлэх тал дээр бас тооцоо судалгааны ажил хийж эхэлсэн.
ЭШЛЭЛ 2.
2008 онд ЗГХЭГ-т Тэргүүн шадар сайдын зөвлөхөөр ажилласан. Энд би төрийн ажил хэрхэн явдаг, яаж хийх ёстойг маш сайн ойлгож суралцсан. Үнэн хэрэг дээрээ зөвлөх нэртэй ч яг л ЗГХЭГ-ын референтийн ажлыг хийж байсан. Референтийн статустайгаар харьяа агентлагуудын асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлэх, хууль бол хуулийг Засгийн газраар хэлэлцүүлээд УИХ-д өргөн барих гэх мэт. Тиймээс ч энэ тал дээр нэлээд ажлын туршлага дадалтай болсон. Дөрвөн жил яг л тэр төрийн албанд нухлагдаж ажилласан даа. Тэгээд 2012 оны нэгдүгээр сард АН Засгийн газраас гарснаар манай албаныхан ажлаа өгсөн.
ЭШЛЭЛ 3.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад намайг ЗГХЭГ-т ажиллаж байсан туршлагатай гээд орон нутаг, хяналт шалгалт хариуцсан дэд дарга болгосон. Байж боломгүй дампуу зүйл төрд их байсан. 1 сургууль, цэцэрлэгийн барилга дөрвөн жил баригдаад ашиглалтад ордоггүй, цэцэрлэгийг анх барихдаа 500 сая төгрөг гэж төсөвлөсөн нь 4 жилийн дараа нэг тэрбум 900 сая төгрөг болсон атлаа цэцэрлэг нь босоогүй байх жишээтэй. Ингээд л улс даяар авилгажсан төсөв гэж яригдаж эхэлсэн. Ингээд авлигажсан төсвийн талаар тухайн үед Ерөнхий сайд ил гаргаж тавиад сенсааци болж байсныг хүмүүс санаж байгаа байх. Хоёрдугаарт, зарим дарга нар төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байсан тохиолдол олон байсан. Би эхлээд цочино ш дээ, тэгээд хатуухан шалгаад олон нийтэд ил гаргасан. Энэ маань их гал дуудсан даа. Одоо бодоход ийм зүйлүүдийг хийсэн болохоор би олон хүний зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэсэн юм шиг байгаа юм. Эндээс бүх зүйл эхэлж, Дэнзэн гэж нөхрийг, барын зулзагыг бага дээр нь дарж авъя гэсэн улс төр явчихсан.
ЭШЛЭЛ 4.
Энэ бол цэвэр улс төрийн хэрэг. 2013 оны дөрөвдүгээр сараас Н.Номтойбаяр гишүүн Г.Дэнзэн гэмт хэрэгтэн гээд УИХ-ын индэр дээрээс зарлачихсан. Зүй нь эрүүгийн хэрэг гэдгийг хэн нэгэн УИХ-ын гишүүн зарлахгүй, хуулийн байгууллага шалгаж тогтоодог зүйл. Гэтэл үүнийг хэрэг гэж УИХ-ын индэр дээрээс зарласан нь улс төрийн хэрэг гэдгээ нотолчихож байгаа юм. Бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Би энэ хүнийг ажлаа өг гэж хэлсэн. Шалгуулах ёстой” гэж телевизийн ярилцлагад орохдоо ярьчихаж байгаа юм. Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч хүн жирийн нэг залуугаар оролдоно гэдэг их сонирхолтой.
ЭШЛЭЛ 5.
2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж гэж хүн нэр дэвшсэн. Тэр үеийн сонгууль их будлиантай болж байлаа. Одоогийнх шиг цахим үнэмлэх гэж байсангүй. Хуучны иргэний үнэмлэхтэй. Царцааны нүүдэл их явдаг. Нэг иргэн нэг газарт хоёр, гурван удаа санал өгчихдөг. Намайг Тэргүүн шадар сайдын ажлын албанд ажиллаж байхад Н.Алтанхуяг сайд дуудаад “Ер нь иргэний үнэмлэх дээр бахиар тэмдэглэгээ хийдэг болчихвол иргэн нэг л удаа санал өгдөг болох юм байна” гэж яриад тэр бахийг олж ирэхийн тулд би Хятад улс явж бахь авч ирээд СЕХ-д хүлээлгэж өгөөд, тус газар ч дүрэм журмаа гаргаад л сонгууль болсон доо. Тухайн үед би Ц.Элбэгдорж гэж хүнийг Ерөнхийлөгч болчихоосой, гарчихаасай гэж тэгж л зүтгэж явсан. Харамсалтай нь дөрвөн жилийн дараа дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үед тэгж хэлэхийг харсан, сонссон. Тэгэхэд л их харамсаж байлаа. Ямар хүний төлөө зүтгэж явж байв даа гэж.
ЭШЛЭЛ 6.
2013 оны дөрөвдүгээр сарын 16-нд Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөгдөөд Г.Дэнзэнгийн эхнэр Гэрэлхүүгийн Уянгаар дамжуулж “Говь повер” компанийн хувьцаа эзэмшигчийн асуудал өрнөсөн. Тухайн оны тавдугаар сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас хуурамч баримт бичиг үйлдсэн гэх хэрэг үүсгэсэн юм билээ. Тухайн үеийн Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйл ангид зааснаар. Ингээд Нийслэлийн прокурорын газраас хэргийг шалгаж үзээд “Энэ бол хэрэг биш” гээд хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, “Говь повер” Чулуунбаатарын Уянга гэж хүний компани. Гэтэл Г.Уянга гээд ижил нэрээр тухайн үед улс төр хийчихсэн, Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр, О.Содбилэг гэсэн МАН-ын залуус оройлж оролцсон. Хэдий тийм ч тэр асуудал хэрэгсэхгүй болсон.
ЭШЛЭЛ 7.
Г.Дэнзэн гадаад руу оргон зугатлаа гэж гүтгэж эхэлсэн. Тиймээс “Би оргон зугтаагүй. Хэрэг хийгээгүй учир шалгуулахад бэлэн” гээд магистраа дутуу орхиод тавдугаар сард нь Монголд ирсэн. Тухайн үед Мөнхбаясгалан сэтгүүлч намайг “Цензургүй яриа”-нд орооч гээд бид 2 нэвтрүүлэгт орохоор тохирсон байтал урд өдөр нь намайг цагдан хорьчихсон.
ЭШЛЭЛ 8.
Шударга бусын хонгил гэж юу байдаг, ямар шат дамжлагатай байдаг вэ гэхээр эхлээд хэвлэлээр баахан муулаад, эрүүгийн хэрэг үүсгэдэг, АТГ нь хүнийг баахан дарамтлаад зохиомол хэргийн материал бүрдүүлдэг, ингээд прокурорын шатанд заавал зүйлчлээд түүнийхээ дагуу ёсчлоод шүүхээр ял онооно. Шүүхээр ял оноосныхоо дараа нь шударга бусын хонгил хорих газарт ч ажилладаг. Намайг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаад чанга дэглэмтэй Мааньтын хорих ангид хүртэл үргэлжлүүлэн хорьсон. Ийм л муухай технологи явдаг.
ЭШЛЭЛ 9.
2015 орны тавдугаар сарын 21-нд намайг цагдан хорьсон. Би хэрэг хийгээгүй учраас 77 дахь хоног дээрээ 13 хоног өлсгөлөн зарлаж тэмцсэн. Биеийн байдал маш их хүндэрсэн. Үхэхийн даваан дээр батлан даалтад гаргаж байгаа юм. Тэнхрэх гэж удлаа. Цөсний чулуутай болоод ходоодныхоо талыг тайрууллаа. Намайг суллачихаад нэг хэсэг таг болчихсон. Тэгээд 2016 оны сонгуульд Н.Алтанхуяг дарга нэр дэвшсэн, тэгсэн зургадугаар сард дахиад л над дээр хэрэг үүсгээд яллагдагчаар татаад чимээгүй болсон.
ЭШЛЭЛ 10.
АТГ-ын шинэ дарга Н.Энхжаргал өрөөндөө дуудаад “Дэнзээн, чи залуу хүн байна. Гэмт хэрэг хийгээгүй юм шиг байна. Чи ерөөсөө энэ бүх гэмт хэргийг жимс иддэг хүн хийсэн гээд хэлчих л дээ” гэж байсан удаатай. Нэрийг нь хэлэхгүй, Н.Алтанхуяг даргыг хэлж байгаа юм. “Тэгээд л болоо. Чи ирээдүйгээ бод л доо” гэх жишээний.“Говь повер”-ийн хэрэг гэгчид “Мөнгийг эхнэрийнхээ компаниар оруулахад Н.Алтанхуяг нөлөөлсөн. Тиймээс Н.Алтанхуяг ийм даалгавар өгсөн гээд л хэлчих. Чи тэгж хэлэхгүй бол эхнэрийг чинь хорино. Чи эхнэрээ сонгох уу, Н.Алтанхуягийг сонгох уу” гэж байгаа юм. Гэм буруугүй Н.Алтанхуяг гэж хүнийг гүтгэлтэй нь биш. Тэгээд дахиад хоригдох болж ачигдах гэж байхад Н.Энхжаргал дарга хонгилд тааралдаад “Хохь чинь” гэж хэлсэн. Ингэж л хүнийг сэтгэл зүйгээр дарамталдаг, нухчин дардаг аймшигтай коммунист арга барилыг АТГ-ынхан ашигладаг байсан. Хүнийг дарамтална, сэтгэл зүйн хувьд шаналган зовооно, хорих ангид эрүүдэн шүүлт маягийн зүйл тулгана.
ЭШЛЭЛ 11.
Зөвхөн намайг ч бус өөр хүмүүсийг ч дарамтална. Тухайн үед ЭТТ компанийн захирлаар Б.Батбилэг гэж залуу ажиллаж байсан. АТГ-аас Б.Батбилэг захирал руу “Танай ЭТТ компанид хохирол үүсчихлээ. Хохирогчоор ор” гэсэн нууцын зэрэглэлтэй бичиг явуулсан байдаг. Хариуд нь ЭТТ-оос 2015 оны есдүгээр сарын 24-ны өдөр “Шинээр илэрсэн нөхцөл байдлын дагуу манайх хохирогч гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн бичиг явуулж. Энэ бол баримттай үнэн. Гэтэл яг сарын дараа аравдугаар сарын 22-нд гэнэт нөгөө Б.Батбилэг гэж хүн маань байр суурь нь эрс өөрчлөгдөөд “Манайх хохирогч мөн юм” гэсэн албан бичиг АТГ-руу явуулсан. Хожим сонсоход тухайн үед АТГ-аас Б.Батбилэг захирлын ах дүүд хэрэг үүсгээд дарамталж, чи энэ хэргийг ингэж хэлэхгүй бол ах дүүг чинь шоронд явуулна гэдэг нөгөө технологио хэрэглэсэн юм шиг байгаа юм.
ЭШЛЭЛ 12.
“Говь повер” компанийн талаар надад мэдээлэл байгаагүй. Надтай холбож шуугиад эхэлсэн. Г.Дэнзэнгийн эхнэр “Говь повер” компанийн захирал гээд эхэлсэн. “Говь повер” компани Таван толгойн ордоос нүүрсийг нь буулгаад гаалийн хяналтын үйлчилгээг үзүүлээд буцаагаад ачдаг үйлчилгээнд шалгарсан компани юм билээ. Тэгсэн чинь 2013 оны зургадугаар сард Засгийн газрын хурлаар “нүүрсний үнэ унаж байгаа тул ЭТТ бусад компаниас илүү үйлчилгээ авах шаардлагагүй. Мөнгө хэмнэх үүднээс өөрөө гаалийн хяналтын үйлчилгээг үзүүлэх нь зүйтэй” гэж үзсэн. Үнэхээр миний компани мөн байсан бол, Н.Алтанхуяг даргын нөлөө тэр компанид байсан бол ийм шийдвэр гаргах уу. “Говь повер” компани гэрээний дагуу ажлаа хийж байтал Засгийн газрын тогтоолын дагуу гэрээ нь цуцлагдчихсан. Тэгээд тэд Иргэний шүүхэд гомдол гаргасан юм билээ. Шүүхийн процессоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилж, “Говь повер”-той холбоотой нийт төсөвт өртөг, хохирол 5.3 тэрбум төгрөг болжээ гэдгийг комисс хэлэлцэж баталсан байдаг. Үүнийх нь дагуу шүүх шийдсэн асуудал. Гэтэл АТГ-аас хувийн компани хөлсөлж, Соёлмаа гэдэг хүнээр “Говь повер”-ийн хохирлыг 2.6 тэрбум төгрөг гэж үнэлүүлээд үнийн зөрүү гаргаж намайг улсад хохирол учруулсан гэж ялласан. Соёлмаа нь буруу дүгнэлт гаргасан. Энэ нь бол АТГ-ын технологи. Өөрөөр хэлбэл, АТГ зүгээр нэг хувийн компани хөлслөөд шүүхийн шийдвэрийг буруутгаж болдог жишээ.
ЭШЛЭЛ 13.
“Говь повер” компани Чулуунбаатарын Уянга, Доржпүрэвийн Баярхүү гэсэн хоёр хувьцаа эзэмшигчтэй. Яг үйл ажиллагааг нь явуулдаг захирал нь Баярмаа гэж хүн байдаг юм билээ. Ийм компани л тендерт шалгарсан. Асуудлын гол зангилаа нь хувьцаа эзэмшигч нь Уянга гэдэг нэртэй хүн дээр л байсан. Н.Номтойбаяр гишүүн анх мэдэгдэл хийхдээ Дэнзэнгийн эхнэр Чулуунбаатарын Уянга гэснээ маргааш нь “Гэрэлхүүгийн Уянга байж. Эд нар бүртгэл дээр нэрийг нь сольчихлоо” гэж шуум тараасан. Хавтаст хэрэгт авагдсан баримт дээр бүх зүйл байдаг.
ЭШЛЭЛ 14.
Миний шүүх хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 3-нд нээлттэй болсон. Шүүх хурлын бүх процесс хэвлэлийнхэнд нээлттэй байсан. Үүн дээр ярьдаг гол зүйл бол нотлох баримтын асуудал. Үнэхээр энэ “Говь повер” компанийн хувьцаа эзэмшигч нь хэн юм бэ гэж. Улсын бүртгэлийн бүхий л баримтаар Ч.Уянга энэ компанийн хувьцаа эзэмшигч байсан нь нотлогддог. Хамгийн сонирхолтой нь шүүх хурлын бүх процесс, хавтаст хэрэгт авагдсан бүх баримт дээр гэрчийн мэдүүлэг дээр ч Ч.Уянга “Дэнзэн гэдэг хүнийг танихгүй. Би энэ компанийн 60 хувийн эзэмшигчээр нь байсан” гэж мэдүүлдэг.
ЭШЛЭЛ 15.
Анх хэрэг үүсгэхдээ Я.Батсуурь нарт Эрүүгийн хуулийн 265.2-оор хэрэг үүсгэсэн. 2015 оны наймдугаар сард Монгол Улсад Өршөөлийн тухай хууль батлагдан, 265 дугаар зүйл анги нь өршөөлд орчихсон юм. Өршөөлд орсон ч шүүх хурал болж гэм буруугийн асуудал яригддаг. Тэгсэн энд их сонирхолтой зүйл өрнөсөн. Хонгил технологийн үргэлжлэл. Энэ нь прокурорын шатанд ч явна. АТГ, прокурор хоёр нэг болчихсон. Тиймээс прокурор АТГ-аас ирсэн хэргийг тэр чигт нь зүйлчлээд яллах дүгнэлтээ үйлдээд 2016 оны арванхоёрдугаар сарын 14-нд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Хэргийг шүүгч Г.Буяннэмэх хүлээж авдаг.
ЭШЛЭЛ 16.
2016 оны арванхоёрдугаар сарын үед АН-ын даргын сунгаа болж Н.Алтанхуяг дарга сунгаанд өрсөлдөж байсан. Миний хэргийг хүлээж авсан Г.Буяннэмэх шүүгч хэдхэн хоногийн дараа буюу 2017 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байгаа юм. Миний хэргийг хүлээж авангуут шүүгч маань одон зүүчихээд 20 хоногийн дараа “Г.Дэнзэнг ЭТТ компанийн ТУЗ-ийн даргаар зүйлчилсэн нь буруу байна. ЗГХЭГ-ын дэд дарга учраас түүнийг төрийн албан хаагчийнх нь хувьд зүйлчлэлийг нь өөрчил” гэсэн агуулга бүхий бичгийг прокурор руу буцаадсан байдаг. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл. Нэгдүгээрт, шүүгч хүн урьдчилж хэн нэгнийг гэм буруутай гэж үзэх ёсгүй. Тэгэхэд намайг гэм буруутай гэж шууд урьдчилсан дүгнэлт хийчихсэн.
ЭШЛЭЛ 17.
Анх зүйлчилсэн байсан Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл ангийг 263 болгож өөрчил гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 265 нь өршөөлд орчихсон байна, тэгэхээр өршөөлд ороогүй зүйл анги буюу 263-р зүйлчил гэсэн үг. Нэг ёсондоо намайг заавал шоронд суулгах арга. Түүнийг нь прокурор дор нь гүйцэтгээд л хэдхэн хоногийн дараа миний зүйл ангийг 263 болгож өөрчлөөд шүүхэд шилжүүлсэн. Ингэснээр энэ хэргийн шүүх хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 3-нд болж, надад гурван жил зургаан сарын хорих ял, Я.Батсуурь захиралд хоёр жилийн хорих ял, надад ямар ч хамааралгүй “Говь повер” гэдэг компанийн хохирлыг таллаж гаргахаар шийдвэр гарч байсан. Энэ бол үнэхээр аймшигтай технологи. Улсын дээд шүүхийн хурал болох хүртэл намайг залхаан цээрлүүлж чанга дэглэмтэй Мааньтын хорих ангид хорьсон.
ЭШЛЭЛ 18.
Шударга бусын хонгил гэдэг зүйл АТГ, прокурор, шүүх, цаашлаад хорих анги дээрээ ч үргэлжилдэг юм шүү. Яагаад үүнийг хонгил гэж нэрлээд байна вэ гэхээр Ц.Элбэгдорж гэдэг хүн АТГ-ын дарга, прокурор, Ерөнхий прокурор, шүүгчийг томилж байсан. Ганц л хүн удирдаж байгаа учраас энэ чинь хонгил үүсгэчихээд байгаа юм. Ядаж УИХ нь АТГ-ын удирдлагыг өөрөө санал болгоод томилдог байсан бол нэг хүний удирдлагаар бүх зүйл явахгүй. Ядаж энэ гурван байгууллагын томилгоо тус тусдаа байх юм бол хонгил үүсэхгүй. Ингэж би 533 хоног хоригдсон. Урт хугацаа шүү.
ЭШЛЭЛ 19.
Хэдийгээр анхан болон давж заалдах шатны шүүх ийм шийдвэр гаргасан ч Улсын дээд шүүхээс “Г.Дэнзэнг буруутгаж байгаа үйл баримтад гэм буруугийн ямар хэлбэрээр оролцсон болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй” гэж үзээд анхан шат руу хэргийг буцаасан. Тэгэхэд би улсын дээд шүүхийнхэнд үнэхээр баярласан. Үхтэл хэлмэгдсэн надад шударга ёсны гэрэл ёлтолзсон нь энэ л дээ. Тэгэхдээ шинээр батлагдаж гарсан ЭХХШТХ-ийн үндсэн концепци нь ямар ч хэрэг улсын дээд шүүхээс буцахгүй, улсын дээд шүүх дээр эцэслэн шийдэгдэх ёстой. Хэрэг хийсэн бол ялуулна, хэрэг нь нотлогдоогүй бол цагаадах хуулийн үзэл баримтлалтай. Уг нь нотлох баримтгүй гэсэн юм чинь энэ хэрэг цагаадах учиртай байгаа биз. Гэтэл Г.Дэнзэн гэдэг улс төрийн хэрэгтнээс болоод энэ хуулийн үзэл баримтлал над дээр зөрчигдсөн.
ЭШЛЭЛ 20.
Миний алдаа гэвэл тухайн үед “Г.Дэнзэн албан тушаалаа урвуулан ашиглалаа” гэж гүтгэхэд нь “Улс төрийн асуудал юм” гээд орхичихсон. Тэртээ тэргүй хэрэг биш учраас цагаадна, цагаадсаныхаа дараа олон нийтэд ил гарч энэ талаар хүргэе гэсэн бодол тээж явсан нь буруу байж. Худал үгийг мянга давтвал үнэн болдгийн үлгэрээр Г.Дэнзэн эрүүгийн гэмт хэрэгтэн, тендер авсан, албан тушаалаа урвуулсан гээд л үнэн болтол нь гүтгүүлээд явсан нь харамсалтай. Олон нийтэд гарч хэлээгүй, өөрийгөө зөвөөр ойлгуулж чадаагүй нь миний алдаа байсан. Дээрээс нь тухайн үед бодож байсан зүйл монголчуудын маань сэтгэл зүй “Өөрийгөө өмгөөлж байгаа хүнд их дургүй. Хүлээж авах нийгмийн сэтгэл зүй байгаагүй. Тэгэхээр би шүүхээр асуудлаа шийдүүлж, хэрэг хийгээгүй юм чинь цагаадна, цагаадсаныхаа дараа олон нийтэд хандана гэж бодож байсан маань буруу болжээ.
ЭШЛЭЛ 21.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэж хүн рүү дайрсан дайралтын золиосонд маш олон хүн хэлмэгдсэн. Хамгийн аймшигтай, гунигтай зүйл юу вэ гэхээр Ганц худагт би хадам ээжтэйгээ таарсан. Манай хадам ээжийг бас бариад хорьчихсон байсан. Гэр бүлээр нь ингэж тарчлаасан. Хадам ээж, хүргэн хоёр шоронд тааралдана гэдэг үгээр хэлэхийн аргаггүй зүйл юм билээ. Дээр нь өнөөг хүртэл би эхнэр, хүүхэдтэйгээ уулзалгүй таван жил гаруй болж байна. Хүүгээ 3 настай байхад явуулчихаад одоо гар утсаар л холбогдохоос цаашгүй байна шүү дээ. Эхнэр маань ХБГНУ-д сурч байгаа. Одоо ч би хилийн хоригтой хэвээрээ л байгаа. Та бодоод үз дээ бид чинь залуу гэр бүл. Уг нь эхнэр хүүхдээ нэг харчихмаар, оччихмоор бодогдох л юм. Миний амьдралыг золигт гаргачихсан. Энэ зүйл зөвхөн ганц надаар дуусаасай билээ, Монгол Улсад эрүү шүүлт битгий байгаасай. Хэрэг хийсэн хүмүүс нь хэргээ хүлээгээд явна биз. Хэрэг хийгээгүй хүмүүсийг битгий хэлмэгдүүлээсэй гэдэг үүднээс олон нийтийн өмнө гарч байгаа минь энэ. Үнэхээр гунигтай, хүнд, хэцүү долоон жил өнгөрч байна даа.
ЭШЛЭЛ 22.
Хүмүүс нэг зүйлийг буруу ойлгодог юм шиг санагддаг. Дэнзэн Н.Алтанхуяг гэж хүний нөмөр нөөлгөнд дээшээ гарсан. Хамаатан садан болсныхоо хэрээр л ингэж яваа юм гэх зэргээр дүгнэдэг. Би өөрийгөө дөвийлгөхийг хүсэхгүй байна. Тухайн үед математикийн чиглэлээр сургуульд гайгүй сурч байсныг үнэлсэн байх. Надаас илүү математикч мундаг хүмүүс бий. Гэхдээ хувь заяаны эрхээр л энэ хүнтэй холбогдсон. 2011 онд миний эхнэр болсон Уянгаа маань Тэргүүн шадар сайдын ажлын албанд орж ирсэн. Тэр үеэс л танилцаж, үерхэж эхэлсэн. Үүнийг л хүмүүс буруугаар мушгин гуйвуулдаг.
ЭШЛЭЛ 23.
Хорих ангид байхдаа би 135 ном уншсан байна лээ. Энэ үед надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн ном бол Жавахарлал Неругийн “Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл гэдэг ном. Охин Махатми Гандид бичсэн захидал дээр суурилсан дэлхий ертөнцийн түүхийн талаарх ном. Энэ номыг уншиж байхад Жавахарлал Неру гэдэг хүний туулсан амьдрал надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Тэрээр есөн жилийн турш шоронд хоригдсон. Тэгэхдээ тэрээр үзэл бодолдоо маш үнэнч, Энэтхэг улсыг тусгаар тогтнолыг бататгаж, хүчирхэг болгохын төлөө, Их Британийн колониос гаргаж улсынхаа ард түмнийг аятай таатай амьдруулахын төлөө зүтгэсэн зүтгэл нь хэмжээлшгүй их. Тийм ч учраас би хоригдож гарч ирснийхээ дараа МУИС-д математикаараа магистр хамгаалсан. Одоо Оюу толгой ордыг ашигтай ажиллуулах математик загварчлал сэдвээр докторын диссертацийн ажил бичиж байгаа.
ЭШЛЭЛ 24.
Шударга бусын хонгилоор орсон надад хууль судлах шаардлага тулгарсан. Ингээд оройн ангиар хуулиар суралцаж байна. Яг үнэндээ миний сурсан математик цагдан хорих төвд ямар ч хэрэггүй юм билээ. Надад юу хэрэг болж байсан бэ гэвэл хууль. Яаж би өөрийгөө өмгөөлж хамгаалах вэ, яаж би энэ шударга бусын өөдөөс тэмцэх вэ үүн дээр л их ач холбогдол өгч байна. Хуульд суралцаж байгаа болохоор одоо шүүх хурал дээр өөрийгөө өмгөөлж орж байгаа. Мөнгө төгрөгийн хувьд ч тэр, нөөц бололцооны хувьд ч тэр би шавхагдаж байна. Таван жил ямар ч ажил орлогогүй явлаа. Хуулийн сургуулиа энэ 12 сард төгсөнө. 2017 оны аравдугаар сарын 13-ны өдөр Улсын дээд шүүхээс хэргийг анхан шат руу буцаачихсан. Ингээд нэг хэсэг чимээгүй болсон. Ерөөсөө чимээгүй болдог технологио дахиад хэрэглэнэ. Гэнэт байж байснаа намайг 2019 оны гуравдугаар сард прокуророос дуудаад “Дэнзээн хэрэг чинь хэрэгсэхгүй боллоо” гэдэг юм. Би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Би хэрэг хийгээгүй болохоор өөрийнхөө гэм буруугүй гэдгийг тогтоолгохоор шүүхэд хандсан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа ЭХХШТХ-д өөрийнхөө гэм буруугүйг шүүхээр хянан шийдвэрлүүлж болно. Ийм тохиолдолд ердийн журмаар хянан хэлэлцэнэ гэсэн байдаг. Түүний дагуу би шүүхэд гомдол гаргаад явж байна. Улсын дээд шатны шүүх хурал болоогүй байна. Шударга ёс, шударга шүүх гэж байдаг бол би цагаадна гэдэгтээ бат итгэлтэй байгаа.
Сэтгэгдэл (18)