Баримт 1.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн боловсрол эзэмшсэн Ж.Эрдэнэбат 1995 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ. Мөн Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийг 1998 онд төгссөн байна. Ажлын гараагаа Мандал сумын “Сүүтэй” ХХКомпанид нягтлан бодогчоор эхлүүлжээ.
Баримт 2.
Сумандаа нягтлан бодогчоор ажиллаж байсан тэрбээр 1997-2000 онд аймгийн Хянан шалгах хороонд байцаагч, 2000-2004 онд Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга болон дэвшжээ. Ингээд зогсохгүй Засаг даргын орлогчоор жил хугацаанд ажиллаад хуучин албандаа эргэн ирсэн байна.
Баримт 3.
2008 оны ИТХ-ын сонгуульд МАН ялалт байгуулахад Ж.Эрдэнэбатыг аймгийн Засаг даргаар томилсон байдаг. Дөрвөн жил Засаг даргын албатай явсан тэрбээр 2012 онд нэр дэвшиж анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Энэ үеэр АН Засгийн газраа огцруулж, МАН-тай хамтран дахин байгуулахад Ж.Эрдэнэбат Ч.Сайханбилэгийн танхимд Сангийн сайдаар очиж байв.
Баримт 4.
Түүнийг Сангийн сайдаар томилоход үед нягтлан бодогч мэргэжилтэй хүнд улсын сан хөмрөгийг хариуцууллаа гэсэн шүүмжлэл нэг биш удаа гарч байлаа. Харин 2016 оны сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгуулахад Ж.Эрдэнэбатыг 29 дэх Ерөнхий сайдаар томилж байв. Хэний ч санаанд багтамгүй байдлаар Ерөнхий сайд болсон түүнд тухайн үеийн МАН-ын дарга, УИХ-ын дарга асан М.Энхболдын нөлөө их байсан гэдэг.
Баримт 5.
МАН-ын мөрийн хөтөлбөрт заасны дагуу Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Мэргэжлийн” гэх тодотголтойгоор байгуулагдсан. Ингэхдээ 13 яам, Ерөнхий сайдаас гадна 15 сайдтайгаар ажиллахаар болсон юм. Үүний наймыг нь УИХ-ын дотроос, үлдсэн наймыг нь парламентын гаднаас томилж байлаа.
Баримт 6.
Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн “Мэргэжлийн” Засгийн газрын хамгийн эхний үүрэг нь эдийн засгаа хямралаас гаргах байв. Энэ хүрээнд Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн тэргүүтэй албаныхан Олон улсын валютын сантай гэрээ байгуулахаар хэд хэдэн удаагийн хэлэлцээ хийж, ширээний ард суусны эцэст жил гаруйн хугацааны дараа Монгол Улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулж байв.
Баримт 7.
Тодруулбал, Л.Энхболд өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулж ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан баримт дэлгэгдсэн. Тэрбээр “ИРЭЭДҮЙ ИНВЕСТ” банк бус санхүүгийн байгууллагын 50 хувийг эзэмшдэг талаар ХОМ-тээ мэдүүлж ирсэн нэгэн. Тус ББСБ-ын бизнесийн зээлийн хүү сарын 3-3,5 хувь. Сэлэнгэ, Сүхбаатар, Дархан-Уул, Өмнөговь аймагт салбартай. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө ББСБ-ынхаа захирлаар ажиллаж байсан юм.
Баримт 8.
Удсан ч үгүй Т.Аюурсайхан тэргүүтэй МАН-ын бүлгийн 32 гишүүн Засгийн газрыг огцруулах тухай албан бичгийг УИХ-д өргөн барьсан юм. Т.Аюурсайхан тэргүүтэй гишүүдийн зүгээс Засгийн газрын нэр бүхий сайд шууд болон шууд бус хамаарал бүхий компаниудтай концессын гэрээ хийсэн, Хүүхдийн мөнгийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцөлийг хааж, иргэдийн итгэлийг алдсан, Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдуулсан гэсэн гурван үндэслэлийг гаргаж тавьсан юм.
Баримт 9.
Уг асуудлыг УИХ-аар хэлэлцэж санал хураахад хуралдаанд оролцсон нийт гишүүний 42 нь буюу 57.5 хувийн саналаар “Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газар огцорсон байдаг. Энэ үеэр Ж.Эрдэнэбат “Бид улсаараа хөгжье гэвэл засаглалыг улам тогтворжуулж, тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Тэргүүлсэн танхимынхаа болон сайд нарынхаа алдааг миний бие бүрэн хариуцна. Монгол Улсын Ерөнхий сайд бол энх цагт ч хүнд үед ч нөхдөө орхидог хөлгийн ахмад биш.
Баримт 10.
Засгийн газрыг огцруулахад хуулийн баттай үндэслэл байх хэрэгтэй. Эдийн засаг сэргэж, хөрөнгө оруулагчид эргэж эхэлснийг энэ танхимд сууж байгаа та бүхэн мэднэ. Зарим хүн манай танхимыг том төслүүдээ хөдөлгөхгүй байна гэж шүүмжиллээ. Бид зүгээр суугаагүй. Таатай цаг үеийг хүлээсэн юм.
Баримт 11.
Хөдөлгөсөн нэр зүүхийн тулд Монголчууддаа ашиггүй хөдөлгөснөөс тохиромжтой цаг үед нь хөдөлгөх хэрэгтэй. Эдийн засаг сэргэж эхэлсэн ч хямрал дуусаагүй. Олон ажил биднийг хүлээж байна. Ерөнхий сайдыг огцруулах гурван үндэслэлийг миний бие болон манай танхим хүлээн зөвшөөрөхгүй.
Баримт 12.
Шадар сайдыг тагнаж чагнасан гэдэг бол миний ой тоймд багтахгүй гүтгэлэг. Би хуулийн байгууллагад хандсан. Одоо энэ маргааныг хуулийн байгууллага шийдэж, үнэлэлт дүгнэлтээ гаргах байх. Шадар сайдаа тагнах ёс суртахуун, хүмүүжил надад байхгүйг би энэ индэр дээрээс хариуцлагатайгаар хэлье” гэж байлаа.
Баримт 13.
Ж.Эрдэнэбат нь “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэтэй үй зайгүй найзууд. Тэднийг амин найзууд гэж хэлж болно. Үүнээс үүдэж зарим нэгэн хардлага улс төрийн хүрээнд явах нь бий. Жишээ нь, Х.Бат-Эрдэнэ өөрийн болон эхнэр, хадам, нягтлан, менежерийн нэр дээр байдаг Төгс шим ХХК, Кореансан са ХХК, Блю Скай Стар ХХК, Рояал кроун ХХК, Буйр лэйк тур зэрэг нийт таван компаниар дамжуулж тус бүр 2 тэрбум буюу нийт 10 тэрбум төгрөгийн зээлийг Ж.Эрдэнэбатийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед авсан нь ил болсон юм.
Баримт 14.
Мөн Х.Бат-Эрдэнэ болон түүний хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани нь дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Гэвч Хөгжлийн банканд барьцаалсан Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан нь хууль хяналтын байгууллагаас шалгах үндэслэл болоод буй. Түүнийг Хөгжлийн банкнаас ийм хэмжээний зээл авахад Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын нөлөө байсан тухай хэвлэлээр нэг бус удаа гарч байв.
Баримт 15.
Өөр нэг ил болсон баримт нь Ж.Эрдэнэбат Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших “Улаан сайр 2” нэртэй талбайг 2017 арванхоёрдугаар сарын 21-ний өдөр “Элбэг орд” ХХК-аас өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх-илч” ХХК-ийнхаа нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авсан байдаг.
Баримт 16.
Хямдхан авсан тусгай зөвшөөрлөө дахин зургаан сарын дараа өөрийн сайн найз “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд ердөө нэг сая төгрөгөөр зарсан нь мөн ил болсон. “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэ нь өөрийнхөө нэр дээр уг арилжаанд оролцохоосоо сарын өмнө “Бэст ланд майнинг” ХХК-аа байгуулан, уг лицензийг шилжүүлэн авсан. Энэ нь уг арилжаанд зориулж, зориудаар компани байгуулсан гэх хардлага үүсгэдэг.
Баримт 17.
Ж.Эрдэнэбаттай холбоотой асуудал ингээд зогсохгүй. Банкаар дамжуулан олгодог байсан ЖДҮХС-гийн зээлийг банкаар бус сангаас шууд санхүүжүүлдэг болгосон журмыг Ерөнхий сайд байхдаа гаргасан нь одоо ч шүүмжлэл дагуулдаг. Уг шийдвэрийг яагаад гаргасан тухайгаа тэрбээр “Ж.Эрдэнэбат гэдэг хүн ЖДҮХС-тай холбоотой журам гаргаад, банкаар өгдөг байсныг болиулж, сайд өгдөг болгосон мэт буруу ташаа мэдээлэл явуулж байна.
Баримт 18.
Тиймээс иргэд болон хэвлэлийнхнийг 2015 онд Аж үйлдвэрийн яамнаас хэвлэн гаргасан “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан гарын авлага” гэдэг номыг олж уншаасай гэж бодож байна. ЖДҮХС байгуулагдсанаас хойш салбарын сайд нь ЖДҮХС-гаас олгох зээлийг хэрхэн олгох журмыг өөрсдөө баталж ирсэн байдаг.
Баримт 19.
Ингэж баталж ирсэн журамд нь салбарын сайд өөрөө Ажлын хэсгийг байгуулаад, Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд үндэслэн өөрөө тушаал гаргаснаар зээл олгож болно. Хоёрдугаарт, банкаар дамжуулж олгож болно гэж заасан байсан.
Баримт 20.
Банкаар олгохоор ЖДҮ-дэд очиж байгаа зээлийн хүүгийн хэмжээ нь өсдөг. Гэтэл нэгэнт энэ мөнгийг сайд нь жилийн 3 хувиар олгож болоод байхад заавал дундаас нь хэн нэгэнд хүү төлдөг байдлыг л зогсооё гэдэг шийдвэрийг би гаргасан.
Баримт 21.
П.Сэргэлэн сайдын хувьд өөрөө тушаал гаргаад, өөрөө Ажлын хэсгээ байгуулаад, сонгон шалгаруулалтаа хийгээд өөрөө олгоод байгаа нь хууль зөрчих гээд байгаа учраас энэ сангийн зээлийг Засгийн газраас олгох байдлаар түр журам баталж явж байгаад хуулинд оруулж тусгуулъя гэсэн санал гаргасныг нь дэмжээд түр журам баталсан гэдгийг хэлье” хэмээн тайлбарлаж байв.
Баримт 22.
Мөн тэрбээр “Өнөөдөр ЖДҮХС-гийн журамд өөрчлөлт оруулаад баялаг бүтээгч нартаа банкаар дамжилгүй гурван хувийн хүүтэй зээл очдог нөхцөл бололцоог бүрдүүлсэндээ би ард түмнээс уучлалт гуйж байна.
Баримт 23.
Уг нь жинхэнэ баялаг бүтээгч нартаа ЖДҮХС-гийн мөнгө очоосой, очихдоо гурван хувийн хүүтэй очоосой гэж би шийдвэрээ гаргасан юм. Харамсалтай нь албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хуваагаад авчихна гэж бодсонгүй. Тийм учраас би уучлалт гуйж байгаа юм. Үүнийг зохион байгуулалттай хувааж авсан хүмүүсийн өмнөөс уучлалт гуйж байгаа юм” гэж байлаа.
Баримт 24.
Ж.Эрдэнэбатын хувьд ирэх сонгуулиар нэр дэвших эсэх нь тодорхойгүй яваа хүний нэг. Намын удирдлагын төвшинд ч түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх сонирхолтой байгаа тухай хэвлэлээр бичиж эхэлсэн байдаг. Ж.Эрдэнэбат өөрөө ч ирэх сонгуульд нэр дэвших эсэх тухайгаа ам нээж, байр сууриа илэрхийлээгүй явна.
Сэтгэгдэл (14)