Баримт 1.
ЗХУ-д инженер-эдийн засагч мэргэжил эзэмшсэн Ч.Улаан төгсч ирээд Улсын төлөвлөгөөний комисст 1985 оныг хүртэл мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртэл ажиллажээ. МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгчээр 1990 он хүртэл ажилласан байна. Ардчилсан хувьсгал гарсны дараа сонгуульд МАХН ялалт байгуулахад П.Жасрайн Засгийн газарт Үндэсний хөгжлийн газрын дарга, сайдаар ажиллажээ. Ийнхүү улс төрд эргэлт буцалтгүй орсон тэрбээр 1996 оны сонгуульд нэр дэвшиж анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогджээ.
Баримт 2.
Тухайн үеийн МАХН одоогийн МАН 1996-2000 онд дөрвөн жилийн турш хүчтэй сөрөг хүчнээр ажилласныхаа үр дүнд 2000 оны сонгуулиар 72 суудал авахад Ч.Улаан хоёр дахь удаагаа сонгогдоод зогсохгүй Ерөнхий сайд Н.Энхбаярын танхимд Сангийн сайдаар ажилласан байдаг. МАН-ыг, Н.Энхбаярыг хүчтэй байх үед нь Сангийн сайдын албатай явсан удаахь сонгуульд ч мөн ялалт байгуулж, гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдов. Бүр Шадар сайд болж дэвшсэн юм.
Баримт 3.
2004-2006 онд Шадар сайдын албыг хашсан тэрбээр албан тушаалаасаа буусан ч Төсвийн байнгын хорооны дарга болжээ. Жил гаруйн хугацаанд уг албыг хашсан тэрбээр дахин Сангийн сайдаар ажилласан юм.
Баримт 4.
Үүгээр нь Ч.Улааныг мөнхийн сайд, дарга хийх хувь тавилантай нэгэн гэж тодотгож болохоор. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээр сонгогдсон дөрвөн жилийн хугацаанд тэрбээр ямар нэгэн байдлаар сайдын сэнтийд заларсан байдаг юм. Нөгөөтэйгүүр, түүний хувьд 2008-2012 онд л дан ганц УИХ-ын гишүүнээр ажиллажээ.
Баримт 5.
Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусан үе буюу 2009 оноос эхэлж МАН доторх багагүй зөрчил үүсч явсаар 2010 онд МАХН нэрээ халсан байдаг. Үүнээс жил хүрэхгүй хугацааны дараа Н.Энхбаяр нарын улстөрчид нийлж МАХН-ыг дахин байгуулахад Ч.Улаан МАН-аас гарч байв. Улмаар парламентаас баталсан хуулийн дагуу УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахад Ч.Улаан МАХН-ын жагсаалтад багтаж, тав удаагаа гишүүнээр сонгогдсон байдаг.
Баримт 6.
Цаашлаад МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл парламентад бүлэгтэй болсны дагуу Ч.Улааныг УИХ-ын дэд даргын албан тушаалд нэрийг нь дэвшүүлж томилуулж байв. Гэвч Ч.Улааны хувьд УИХ-ын дэд даргаар сар хүрэхгүйн хугацаанд ажиллаад Н.Алтанхуягийн Засгийн газарт Сангийн сайдаар очсон юм. Ингэж Ч.Улаан тав дахь удаагаа сайд болон дэвшсэн байдаг. Харин АН-ынхан Засгийн газраа огцруулсны дараа Ч.Улаан Төсвийн байнгын хорооны даргаар хоёр дахь удаагаа очиж байлаа. Үүгээрээ Ч.Улаан гишүүн болохоороо сайд болдог, сайдаас буухаараа Байнгын хорооны даргаар очдог жишгийг Монголын улс төрд дархалжээ.
Баримт 7.
Гэвч нэг удаа урвасан хүн хоёр дахиа урвах нь амархан гэгчээр МАХН-ын жагсаалтаар УИХ-д сонгогдож, сайд, Байнгын хорооны дарга хийсэн Ч.Улаан 2016 оны сонгуулийн өмнөхөн нь МАХН-аас гарч МАН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаагаа мэдэгдэж байлаа. Уугуул намынхаа гишүүнчлэлийг сэргээх болсон шалтгаан нь ердөө л дахин нэр дэвшиж, сонгогдох байсан нь Сүхбаатар аймагт МАН-аас хүч үзсэнээр тодорсон.
Баримт 8.
Ийнхүү МАХН-аас, Н.Энхбаяраас өрх тусгаарлаж, МАН-д эргэн орсон Ч.Улаан 2016 оны сонгуулиар Сүхбаатарт аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай хүч үзэж торолгүй гарч ирснээр зургаа дахь удаагаа төр түшилцэхээр болсон юм. УИХ-д сонгогдсон тоо, хашсан сайд албан тушаалаараа энэ удаагийн парламентад Ч.Улаан хамгийн туршлагатай цөөн гишүүний нэг байж болох ч сайд болох түүний замнал эцэс болсонгүй.
Баримт 9.
Нэр бүхий УИХ-ын гишүүд, сайд, дарга нар мэдээлэлд ойр байдлаа ашиглан хамаарал бүхий компаниараа дамжуулан ЖДҮ-ээс зээл авсан асуудал ил болж, олон нийтийн зүгээс ирэх шүүмжлэл өндрөө авах үед салбарын сайд Б.Батзориг өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн байдаг. Түүний оронд хэнийг нэр дэвшүүлж, томилох нь улс төрд сонирхолтой сэдэв байсан ч өнөөх л Ч.Улаан тодорсон нь олон хүний эгдүүцлийг хүргэж байв. Үүнтэй зэрэгцэн “Улайдаггүй Улаан” гэсэн нэр томъёо гарсан нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш байсан юм.
Баримт 10.
Ийнхүү зургаа дахь бүрэн эрхийнхээ хугацаанд зургаа дахь сайдынхаа сэнтийд заларсан Ч.Улааныг тойрсон шүүмжлэл өмнөхөөсөө илүү “зузаарч”, гаргасан шийдвэртэй нь холбоотой хардлага түрүүчээсээ гарч эхэлсэн байдаг.
Баримт 11.
Хэвлэлд гарсан баримтуудаас нь дурдвал “Тэрбээр хадам дүүдээ давуу эрх олгож, хилээр мал амьдаар нь гаргах зөвшөөрөл өгсөн. ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны эхнэрийнх нь төрсөн дүү О.Даваасүрэн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж сууна. Тэр “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Энэ компанийн хувьцаа эзэмшигч нь БНХАУ-ын иргэн Хуанг Мин. Дотоодын биш гадаадын хөрөнгө оруулалттай энэ компани 300 га газарт мал амьдаар нь авч, бордон хилээр гаргадаг байгууламж бүхий хашаатай. Үйлдвэр нь БНХАУ-ын Эрээн хотод байдаг гэх мэдээллийг эх сурвалжууд өгч буй юм.
Баримт 12.
Таваарын хонь, ямаа гадаадад гаргах тусгай зөвшөөрлийг Ч.Улаан сайдын үед өнгөрсөн оны тавдугаар сард зургаан компанид нууцаар олгожээ. Гэтэл үүнээс нэг сарын дараа Ч.Улаан сайд ичиж улайхгүйгээр хэвлэлийнхэнд “Хилээр мал амьдаар нь гаргасан асуудал байхгүй, тусгай зөвшөөрлийг ямар ч компанид олгоогүй” хэмээсэн юм. Тэгвэл ХХААХҮ-ийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн салбарын яамаа төлөөлж, аж ахуйн нэгжтэй гэрээ хийсэн баримт бий. Гэрээг талууд өнгөрсөн оны тавдугаар сарын 15-нд байгуулсан байдаг.
Баримт 13.
Монгол Улс 140 гаруй махны үйлдвэртэй. Эдгээрийн зөвхөн 10 хувьд нь БНХАУ руу мах экспортлох квот олгосон. Ингэхдээ авлигаар квот өгдөг. Квотгүй үлдсэн 130 гаруй махны үйлдвэр нь квот авсан 10 гаруй компанийн нэр дээр махаа экспортлох хүсэлт тавьдаг. Уг хүсэлтийн хариуг өгөхдөө “Авлига өгч мах экспортлох квот авсан учраас нэг кг адууны мах тутамд 12 юанийн төлбөр авч байж, махыг нь экспортолно” гэдэг шаардлагыг тавьдаг. Тэгэхээр адууны мах кг нь 5000 төгрөгийн үнэтэй байхад энэ үнэтэй дүйцэхүйц кг тутамд 4800 төгрөгийн авлигыг бий болгож байна. Энэ төлбөрийг төлсөн махны үйлдвэрүүд өөрсдийн ашгаа бууруулж, малчдын малын махны үнийг унагаах зорилгоор дээрх авлигын мөнгийг төлж байна.
Баримт 14.
Хилээр мал амьдаар нь гаргах гэрээний 2.6-д “...Мал, амьтныг дамжуулан өнгөрүүлэх үед улсын мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслээс буулгахыг хориглоно. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас болон амраах, услах, тэжээх зорилгоор мал, амьтныг маршрутын дагуу урьдчилан тогтоосон цэгт улсын байцаагчийн хяналтын дор тээврийн хэрэгслээс буулгана” гэж заажээ. Эндээс мал амьдаар нь гаргаагүй гэж салбарын сайдын няцаалт худлаа болох нь харагдана. Дээрх зургаан компани зургаан өөр боомтоор мал амьдаар нь гаргана. Үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийн ханш 300 саяд хүрч байжээ. Одоо энэ ханш хэд дахин нугарч өссөн баримт байна.
Баримт 15.
Түүний хадам дүүгийн компани хилээр амьдаар нь гаргах малаа Сүхбаатар аймгаас авдаг. Мал амьдаар нь хилээр гаргалаа гэх шүүмжлэл тасрахгүй байгаа учир тэд аргаа нарийсгажээ. Махны ченжүүдтэй тохиролцож машиных нь түрээс, шатахууны зардлыг өгдөг. Ченжүүд Сүхбаатар аймгийн сумдаар малчидтай уулзаж, малаа авч төвлөрүүлэн Замын-Үүд сум “Шаргын овоо”-нд байрлах “Бээжин интоксикэйшн интернэйшнл трейд монгол” компани руу тээвэрлүүлдэг болсоор хоёр жил гаруй хугацаа өнгөрч буй аж” гэжээ.
Баримт 16.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ч.Улаан зөвхөн Хятадын махны компаниудад мах экспортлох зөвшөөрөл олгосон. Нийтдээ махны квот авсан 12 компанийн ес нь Хятадын компани. Дотоодын гурван компани нь сайд, дарга нарынх. Ийм луйврын системийг үе үеийн ХХААХҮ-ийн сайд нар хэзээ ч хийж байгаагүй.
Баримт 17.
Энэ хулгайн системийг ганцхан Ч.Улааны үед хийж эхэллээ. Өнөөдөр махны компаниуд бүгд хүнд байдалтай байна. Квот нэрийн дор дотоодын махны компаниудын үйл ажиллагааг боомилж эсрэгээрээ Хятадын компаниудыг дэмжсэн Ч.Улааныг огцруулах нь зүйтэй гэж үзэн 250 мянга гаруй малчны нэрийн өмнөөс хуулийн төсөл өргөн барьж байна” гэсэн байдаг.
Баримт 18.
Дээрх мэдээлэл болон Б.Пүрэвдорж гишүүний мэдэгдэлтэй холбогдуулж ““Мах экспортлох зөвшөөрлийг авлигаар өгч байна” гэсэн яриа гарсан байна. Тийм асуудал байхгүй. Энэ жилийн хувьд квот авсан компани байхгүй байна. Өнгөрсөн оны гажуудлыг засахаар бид ажиллаж байна. Нийтдээ 18 мянган тонн мах, 9000 тонн дулааны аргаар боловсруулсан махыг экспортод гаргаж чадаагүй байгаа. Энэ нь эрх аваагүй компаниуд махаа бэлтгэчихсэн гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ квот худалдаж аваад байгаа гэж хэлж болохгүй. Эдгээр компанийн асуудлыг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан экспортод гаргах боломжийг нээж өгнө. 2020 онд квот худалдах асуудал байхгүй. Хэрэв Б.Пүрэвдорж гишүүнд эзэнтэй мэдээлэл байгаа бол хамтраад шалгая.
Баримт 19.
Малчдаас авах малын үнийг хатуу тогтоох боломж байхгүй. Гэхдээ зах зээлийнхээ хангамжтай уялдуулаад махны үнийг унагахгүй, өсгөхгүй байх ёстой. Бид хоёр талын хайчин дунд байгаа. Нэг талаас малчдын орлогыг нэмэгдүүлэх, нөгөө талдаа ард иргэдэд боломжийн үнэтэй мах нийлүүлэх учиртай.
Баримт 20.
Энэ үүднээс Засгийн газар бодлогоор зохицуулалт хийж байгаа. 2019 онд малчдаас мал, мах авсан үнэ өмнөх оныхоос буугаагүйг хариуцлагатайгаар хэлнэ. Мах бэлтгэлтэй холбоотойгоор махны үнэ өссөн тохиолдол бий. Дахиж ийм зүйл гаргахгүй байхад онцгой анхаарч байна. Мах ховорддог хаврын тарчиг цагт ашиглахаар 20 тонн нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн жил 4000 мянган тонн махны нөөцтэй байсан болохоор зах зээлийн савлагаанд өртсөн тал бий” хэмээн Ч.Улаан сайд няцаасан байдаг.
Баримт 21.
Ч.Улаан гишүүнийг эхнэрийнхээ дүүг зөвлөхөөрөө ажиллуулдаг талаарх шүүмжлэл хэсэгтээ гарч байв. Уг шүүмжлэлд тэрбээр “Тэр чинь орон тооны бус зөвлөх. Намайг УИХ-ын гишүүн байхад зөвлөхөөр ажиллаж байсан хүн. Бид хамтраад бараг 20 жил ажиллаж байна.
Баримт 22.
Их хурал дээр байж байгаа зөвлөх минь надад Их хурал болон Засгийн газрын үйл ажиллагаа уялдаа холбоотой явуулах чиглэлд зөвлөгөө өгдөг. Их хурлын тамгын газрын ажилтан хүн шүү” гэлээ. Харин нэг дүү нь компаниа байгуулсныг надаас өмнө байгуулчихсан байсан гэдэг тайлбар өгч байв.
Баримт 23.
Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны өнгөрсөн оны наймдугаар сард Төрийн ордонд болсон байдаг. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ч.Улаан сайдад хандаж махны үнийг толгойгоороо хариуцна шүү хэмээн хатуу анхааруулж байв.
Баримт 24.
Тодруулбал, “Махны үнэд онцгойлон анхаарал хандуулаарай. Засгийн газрын хуралдаан дээр ч ярьсан. Ирэх жил /2020 онд/ мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Эрт хэлсэн. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй янз янзын тайлбар хүлээж авахгүй” гэсэн байдаг.
Сэтгэгдэл (49)