Баримт 1.
Л.Энхболд 1989 онд Өмнөговь аймгийн Нэгдүгээр арван жил, 1993 онд хойно Краснодар хотын их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр дүүргэжээ. 1999 оныг хүртэл хувийн хэвшилд ажилласан тэрбээр нягтлан бодогч, эдийн засагчаар МУИС-ийг 1999 онд төгссөн байна.
Баримт 2.
Сүүлд буюу 2007 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Харин 2002 онд “Ди Энд Эл групп” ХХК-ийг үүсгэн байгуулж 2005 оныг хүртэл захирлаар ажллажээ. Тэрбээр 2004 оноос “Монгол говийн хөгжил сан” ТББ-ыг үүсгэн байгуулж, тэргүүлэгчээр ажиллаж эхэлжээ.
Баримт 3.
Мөн “Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв” ТББ-ыг байгуулж хоёр жил тэргүүнээр ажиллаж байгаад “JCI Capital”-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Улмаар 2012 оноос Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж, 2016 оны сонгуулиар Батлан хамгаалахын сайд асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй өрсөлдөж, ялалт байгуулжээ.
Баримт 4.
Улс төрд ажилласан туршлага, эрхэлж байсан албан тушаалын хүрээнд тэрбээр шинэ хүн. 2016 оны сонгуулиар Д.Бат-Эрдэнэтэй аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Энхболдыг өрсөлдөхөөр болоход Өмнөговь аймгийн мандатыг АН-д зүгээр “бэлэг”-лэлээ гэсэн яриа гарч байсан нь үүний илрэл.
Баримт 5.
Учир нь, 2008 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан нэгэн. “Намчирхалыг эцэс болгоё, устгая” уриатайгаар сонгуульд оролцсон ч ялагдсаныхаа дараа тэрбээр МАН-д элсч, намын хорооны дарга болон дэвшжээ. Гэвч хувийн хэвшлээс намд элссэн, улс төрийн намтар нимгэн Л.Энхболд эрхэлсэн ажлаа гар, хөлийн үзүүрээр хийн аргалж байна гэсэн хэл аманд өртсөнөөр чөлөөлөгдсөн гэдэг.
Баримт 6.
УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ төдийлөн гадарлаагүй явсан Л.Энхболдын тодорч эхэлсэн үе нь 2018 он. Сайн гэхээсээ саар талаараа танигдаж эхэлсэн түүний хувьд УИХ-ын гишүүд, сайд, дарга нар мэдээлэлд ойр байдлаа ашиглан иргэдэд очих ёстой ЖДҮ-гээс зээл авагчдын нэгээр тодорсон юм.
Баримт 7.
Тодруулбал, Л.Энхболд өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулж ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан баримт дэлгэгдсэн. Тэрбээр “ИРЭЭДҮЙ ИНВЕСТ” банк бус санхүүгийн байгууллагын 50 хувийг эзэмшдэг талаар ХОМ-тээ мэдүүлж ирсэн нэгэн. Тус ББСБ-ын бизнесийн зээлийн хүү сарын 3-3,5 хувь. Сэлэнгэ, Сүхбаатар, Дархан-Уул, Өмнөговь аймагт салбартай. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө ББСБ-ынхаа захирлаар ажиллаж байсан юм.
Баримт 8.
Гишүүн Л.Энхболдыг мэдээлэлд ойр байдлаа ашиглаж ЖДҮ-ээс авсан асуудлаар Улсын ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах хүсэлтийг УИХ-д хүргүүлж байлаа.
Баримт 9.
Прокурорын хүсэлтэд дурдсанаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор “Х тайлантай байсан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-гийн компанийг иргэн Ч-гийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан.
Баримт 10.
Улмаар мах боловсруулах “Дэлгэр говь” компаниар төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн албан тоот явуулжээ.
Баримт 11.
Үүнийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон.
Баримт 12.
Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан, Тусгай ангийн 22.1.3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон.
Баримт 13.
Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн тухайгаа дурдсан байдаг. Гэвч УИХ-ын холбогдох Дэд болон Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Энхболд гишүүнд холбогдох асуудлыг хэлэлцээд бүрэн эрхтэй нь үлдээж байв.
Баримт 14.
Тухайн үед “Ерөнхийлөгчөөс үүрэг даалгавар авч Б.Батзориг гишүүний асуудлыг оруулж ирсэн гээд байгаа. Үгүй. Тийм үүрэг даалгавараар хөдөлдөг хүн би биш. Хуулийн дагуу нөхцөл байдал тогтоогдсон учраас Б.Батзориг гэдэг хүнийг яллагдагчаар татаж, та бүхэнд танилцуулж байна. Та бүхэн энэ хүний эрхийг түдгэлзүүлэх эс түдгэлзүүлэхээ өөрсдөө шийдэх ёстой.
Баримт 15.
Гэхдээ аливаа тохиолдолд шударга ёс гэж байх ёстой. Би гурав дахь удаагаа асуудал оруулж ирж байна. Эхний хоёр дээр нь та нар татгалзсан хариу өгсөн. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм. Хаана байгаа юм тэр шударга ёс чинь.
Баримт 16.
Хууль ёсыг дээдлэх ёстой гэсэн зарчимтай Их хурал чинь яагаад энэ хүмүүсийг журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм. Түдгэлзүүлэхгүйгээр шалгах жирийн иргэн хоёр чинь шал өөр шүү дээ. Сангийн эрхлэгч жирийн иргэн өнөөдөр цагдан хоригдчихсон байж байна.
Баримт 17.
Шийдвэр гаргасан Их хурлын гишүүн нь болохоор энд сууж байна. Энэ хүний шийдвэрээр үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь цагдан хоригдоод явж байна. Энэ чинь шударга ёс юм уу. Энэ шударга ёсыг тогтоохын төлөө л би оруулж ирж байна” хэмээн Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан эгдүүцэж байв.
Баримт 18.
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хууль зүйн байнгын хороон дээр намайг Н.Номтойбаярыг авч үлдэхийг дэмжсэн гээд гүтгэлээ. Л.Энхболд л дэмжсэн юм билээ ш дээ. Л.Энхболдыг ЖДҮ-тэй холбоотой асуудлаар бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал орж ирэхэд Н.Номтойбаяр хамгаалсан.
Баримт 19.
Л.Энхболд түүнийхээ хариуг л өгч байна лээ ш дээ. Ийм ойлгомжтой зүйл дээр худлаа мэдээлэл тараах хэрэггүй. Та нар энэ асуудлаа нээлттэй хэлэлц. Санал хураалтаа ч нээлттэй явуул. Юуг нь нуудаг юм та нар. Надад ЖДҮ, 60 тэрбумд холбогдсон танай намын 64 гишүүнийг хамгаалах хумсын толионы чинээ ч шалтгаан байхгүй. Тийм учраас нээлттэй хуралдахыг шаардаж байна” гэж байв.
Баримт 20.
Л.Энхболд нарыг Эрүүгийн хуулийн 22.1.3-т зааснаар буюу нөлөө бүхий албан тушаалтан болох УИХ-ын гишүүн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэдгээр яллагдагчаар татсан тухай дээр өгүүлсэн. Хэрвээ парламент прокурорын хүсэлтийг хүлээн авч, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах үеэр гэм буруутай нь тогтоогдвол нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жилээр хасч, 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оноох байжээ.
Баримт 21.
Өөртэй нь холбоотой ЖДҮ-ийн асуудал сөхөгдөх үеэр Л.Энхболд гишүүн олны анхаарлыг бултуулахын тулд Тавантолгойн орд газраас 340 мянган тонн нүүрс алга болсон гэх хэргийг хууль, хяналтын байгууллагаас шалгахыг шаардан мэдэгдэл хийсэн байдаг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ч орон нутагт ажиллах үеэр уг асуудлыг хөндсөн удаатай. Түүний хэлсэн үгтэй холбогдуулж, Ерөнхий сайд Засгийн газарт чиглэл өгч Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан 10 гаруй агентлагийг хамруулсан ажлын хэсэг байгуулж, ажиллаж байв.
Баримт 22.
Төрийн тахилгат Говь гурван сайхан хайрханы тэнгэрийг тайх ёслол 2018 оны зургадугаар сард болсон байдаг. Энэ үеэр Ерөнхийлөгчийн элч төлөөлөгчөөр томилогдож, хүндэтгэлийн сэнтийд заларсан УИХ-ын гишүүн Л.Энхболдын зураг сошиалд багагүй шүүмжлэл дагуулсан юм. Энэ тухайгаа тэрбээр “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийг ухан сэндийлэн байгаль дэлхийг хилэгнүүлсэн хүмүүсийн эсрэг би тухайн зан үйлийг хийсэн. Нэг талаар шашнаар дамжуулж байгаль дэлхийгээ аргадсан” хэмээн тайлбарлаж байлаа.
Баримт 23.
Л.Энхболдын хувьд ирэх сонгуулиар өөрийн сонгогдсон УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрог буюу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3, 4, 6 дугаар баг, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Номгон сумдад нэр дэвшихээр горилж буй. Гэвч Намын дарга У.Хүрэлсүх нь ЖДҮ-д нэр холбогдсон хүмүүсийн нэр дэвшүүлэхгүй гэж хэлсэн нь хоёр дахь удаагаа сонгогдох хүсэлтэй түүнд томоохон хаалт болох нь тодорхой.
Баримт 24.
Нэг үгээр, өмнө нь бие даан өрсөлдөж байсан шигээ үйлдэл гаргадаггүй л юм бол Л.Энхболд гишүүн МАН-аас нэр дэвших боломжгүй хүний нэгээр тодроод байгаа юм.
Сэтгэгдэл (1)