Баримт 1.
Намсрайн Амарзаяа Өмнөговь аймагт төрж өсөн, арван жилийн дунд сургуулийн нэг анги хамт өссөн хөвгүүнтэйгээ гэр бүл болжээ.
Баримт 2.
Сагс, воллейбол, теннис тоглох дуртай тэрбээр ажлын гараагаа малчны хотноос эхлүүлсэн гэх. Тодруулбал, 1998 онд МУИС-ийг физикч, физикийн багш мэргэжлээр төгссөний дараа нэг жил мал маллажээ.
Баримт 3.
Үүний дараа аймгийн ЕБС-ийн I, III сургуульд физикийн багшаар ажиллаж байгаад 2002 оноос аймгийн татварын хэлтэст нягтлан бодогчоор гурван жил ажилласан байна. Үүний дараа буюу 2004-2005 онд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт санхүү, эдийн засгийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, 2009-2013 онд аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2013-2015 онд аймгийн намын хорооны даргаар ажилласан.
Баримт 4.
Аймгийн МАН-ын даргаас “Бонсай” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2015-2016 онд ажиллаж байгаад 2016 онд Өмнөговь аймгаас Их хуралд сонгогдсон.
Баримт 5.
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан цөөнгүй гишүүдийг МАН-ын “бор халзан төлөг” гэж иргэд нэрлэсэн. Тэдний нэг нь Н.Амарзаяа гишүүн. Тэднийг ийн нэрийдсэн учир нь АН-ын алдаан дээр дөрөөлсөн МАН-ын хэний ч мэдэхгүй азтай гишүүд гэсэн юм.
Баримт 6.
Гишүүн болныхоо дараахан тэрбээр “Би зүгээр нэг хийрхэл бодлоор албан тушаалтай болохын төлөө улс төрийн намыг сонгоогүй” гэсэн юм. Тодруулбал, түүний аав улс төр, нийгмийн зүтгэлтэн байсан бөгөөд Өмнөговь аймгийн анхны төлөөлөгчөөр сонгогдож, сумынхаа орон тооны бус хурлын дарга, говийн бүсийн мал аж ахуйн салбар хүрээлэнгийн захирлаар олон жил ажиллажээ. Тиймээс аавынхаа ажлыг үргэжлүүлж, залгамжлая гэж бодож МУИС-ийг төгссний дараа ийн намд элссэн байна.
Баримт 7.
Тэрбээр МАН-ын гишүүний батлах авсан цагаас үзэл бодолдоо тууштай болсон гэж хэлсэн. Тиймдээ ч багшийн ажлаас хууль тогтоох байгууллагад сонгогдоод зогсохгүй “Монгол Улсын төрийн бодлого, шийдвэр ард түмэндээ ээлтэй, хэрэгцээтэй, яг ард түмнийхээ амьдралд нийцсэн байгаасай гэж хүсдэг. Үүний төлөө ч зүтгэнэ” гэж хэлсэн удаатай. Гэвч тэрбээр “Ханан энгэр” хоршоо, “Хатан хармаг” ХХК-иар дамжуулж ЖДҮХС-гаас зээл авсан гэх мэдээлэл цацагдсан нь энэ үг, амлалтадаа хэрхэн хүрч тэмцсэн болохыг гэрчлэх биз ээ.
Баримт 8.
Түүнийг болон УИХ-ын нэр бүхий 40 гаруй гишүүд ЖДҮ-гээс зээл авсан мэдээлэл цацагдсаны дараа Улсын Ерөнхий прокурор асан Б.Жаргалсайхан Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан юм. Энэ үеэр тэрбээр “Манай Засгийн газраас хууль бус зүйл битгий шаардаарай гэж Ерөнхий сайд хэлсэн. Энэ үгэнд итгэж бид томилогдсон. Үүнээс хойш шударга бус байдалтай холбоотой асуудлууд үүссэн учир хурлаа хийхгүй ирсэн. Гэтэл Засгийн газар санаатайгаар шударга бус үйлдэл хийж байна” гэж чуулганы танхимд хэлж байв.
Баримт 9.
Ингэж мэдэгдсэн тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, ЖДҮ-гийн хэргээр шалгуулахад бэлэн гэж мэдэгдсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, А.Ундраа, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан Н.Амарзаяа нар өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын 11-нд ийн мэдэгдсэн билээ.
Баримт 10.
Тэд ийн мэдэгдэж, хүсэлтээ УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод өгсөн ч үүнийг нь шалгаагүй өнгөрсөн.
Баримт 11.
Эл мэдэгдлийн араас нэгэн жигтэй мэдээлэл цацагдсан. Энэ нь түүнийг Өмнөговь аймагт бүртгэлтэй “Амин хэлхээ байгаль сан”-д 123.9 сая төгрөгийг олгоход албан тушаал, эрх мэдлээ ашиглаж нөлөөлсөн байж болзошгүй. Хэргийг АТГ-аас шалгаж байна гэх мэдээлэл. Гэвч чухам үнэн эсэхийг нь одоо болтол тогтоогоогүй.
Баримт 12.
Тэрбээр УИХ-ын гишүүн гэхээр мөнгө гэж харахаар болихыг нэгэнтээ хүссэн байдаг. Учир нь гишүүн болоод удаагүй түүнээс олон иргэд тусламж гуйж ханддаг болсон, энэ бүхэн нь төвөгтэй санагдах болж. Тиймдээ ч “Мөнгө гэж битгий хараач” гэж гуйх, шаардахын хооронд хэлсэн юм.
Баримт 13.
Уул уурхайн салбарын гол төв болох Өмнөговь аймгаас сонгогдсон тэрбээр Оюутолгой, Тавантолгойн асуудлаар цөөнгүй удаа байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Өмнөговь аймаг нь Монгол Улсын стратегийн холбогдол бүхий эдийн засаг, нийгмийн хөгжлийг авч явах хамгийн томоохон аймаг гэж үздэг. Хэрвээ уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр үнэтэй байвал Монголын эдийн засагт ашигтай. Өөрөөр хэлбэл Оюутолгой, Тавантолгойг зогсоовол хүүхдтйн мөнгө, цалин, тэтгэврийг юугаараа өгөх бэ гэж хэлсэн. Эндээс үзвэл, Оюутолгойн бүтээн байгуулалтыг дэмжигч тал гэж харахаар.
Баримт 14.
МАН-аас УИХ-ын гишүүний сэнтийд суусан хэд хэдэн гишүүн ёс зүйгүй үйлдэл гаргасан. Тэдний нэг нь Н.Амарзаяа. Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр бохь зажилж, хэлэлцэж байгаа асуудалд хэнэггүй хандсан нь монголчуудын дургүйг хүргэж, “ангалзуур”, “шалир” гэх зэрэг хоч зүүхэд хүргэсэн. Тэрбээр энэ үйлдэлдээ уучлалт гуйж, дахин ийм алдаа гаргахгүй гээд “Тэр үеэс УИХ-ын гишүүн болсон гэдгээ илүү ухаарсан” гэж хэлсэн юм.
Баримт 15.
УИХ-ын гишүүний тангараг өргөж, ард түмэндээ үйлчлэх ёстойгоо хэзээ хойно ойлгосон тэрбээр “мими” гэх сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээг хумихад түүчээлж ажилласан. Уг бодисыг Өмнөговь, Дорноговь аймагт нүүрсний тээвэр хийдэг жолооч нар ихээр хэрэглэх болоод багагүй хугацаа өнгөрсөн байдаг. Жолооч нарын хувьд олон цагаар жолоо барьдаг, дээр нь хилээр гарч, ороход их цаг зарцуулдаг зэргээс болж нойроо сэргээх зорилгоор уг бодисыг хэрэглэдэг байлаа Харин Н.Амарзаяа гишүүний гаргасан саналыг дагуу уг бодисыг хориотой жагсаалтад оруулсан билээ.
Баримт 16.
Гишүүн болсныхоо дараа нэр бүхий гишүүнээс орон сууц бэлгэнд авсан гэх мэдээлэл цацагдсан. Гэвч энэ нь хуулийн дагуу үйлдэл гэдгийг тэрбээр мэдэгдсэн.
Баримт 17.
Уг асуудлын хувьд УИХ-д хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүний орон байрны асуудлыг шийдвэрлэх зохицуулалт хуульд байдаг бөгөөд энэ дагуу 50 сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг нь урьдчилгаа төлбөрт өгч орон сууц авсан гэсэн тайлбар өгсөн.
Баримт 18.
УИХ-ын гишүүн болсны дараа түүний хөрөнгө орлого багагүй хувиар өссөн байдаг. Тухайлбал, АТГ-т мэдүүлснээр 2016 онд өөрийн орлого нь 20 сая төгрөг, гэр бүлийн орлого 7.8 сая гэсэн бол 2018 онд 110.6 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 8.5 сая төгрөг болж өсжээ.
Баримт 19.
Харин орон сууцны хувьд 2016 онд нэг, 2017 онд гурав, үүнээс нэг жилийн дараа хоёр орон сууцтай гэж мэдүүлсэн бол 16 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 322 сая төгрөгийн зээлтэй гэж мэдэгджээ.
Баримт 20.
Өмнөговь аймгаас хоёр дахь удаагаа нэр дэвшинэ гэж хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн. Гэхдээ өмнийн говьчууд түүнд дахин итгэл хүлээлгэх эсэх нь тодорхойгүй.
Баримт 21.
Учир нь тойргийнхоо сонгогчидтой уулзах үеэрээ “Би та нарыг гуйж сонгогдоогүй шүү. Битгий давраарай” гэж зандарсан нь тойргийн иргэд болоод нийт монголчуудын дургүйцлийг ихээхэн төрүүлсэн.
Баримт 22.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны нэгдүгээр сарын 18-ний өдрийн хуралдаанаар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр тэрбээр “Сум болгонд хилийн маргаантай асуудал бий. Энэ асуудалд зөвхөн хэдхэн сум ч биш бүх сумдын нутгийг хамруулж, иргэдийн дунд үүссэн маргаантай асуудлуудыг шийдэх нь зөв. Холбогдох яам, тамгын газар энэ асуудал дээр ул суурьтай судалж реформ хийх хэрэгтэй гэдэг дээр анхаараарай” гэсэн юм. Түүний эл үг нь оргүй биш гэдгийг аймгийн удирдлагуудын зөвлөгөөний хурлаас гарсан санал, дүгнэлт баталдаг юм.
Баримт 23.
Тэрбээр Өмнөговиос сонгогдсон болоод тэр үү, уул уурхайн салбартай холбоотой асуудлаар дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Тухайлбал, УИХ-ын чуулганы 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр “2016 оноос эхлэн яригдаж эхэлсэн Хүрмэн, Номгоны нутгаар “Цагаан дэл уул-өлзий” боомтын асуудал хүчтэй яригдаж байна. Сүүлийн гурван сар иргэд чадлаараа эсэргүүцсэн. Үүнд төр давуу эрх эдэлж газрын зөвшөөрлийг тухайн нутаг дэвсгэрээс нь аваагүй, усны дүгнэлт гаргуулаагүй, байгаль орчны нарийвчилсан дүгнэлт хийгээгүй. Хилийн хориотой бүсэд боомт байгуулахаар барилга байгууламжын материал аваачсан. Иргэд тэмцээд байдаг. Шөнө үйл ажиллагаа нь яваад, иргэдийг бухимдуулдаг асуудал газар авч байна. Засгийн газар асуудлыг анхааралдаа аваад, газар дээр нь очиж үзээд, анхаарч ажиллаад өгөөч ээ. Шаардлагатай гэж үзвэл УИХ тогтоол гаргаад, Засгийн газарт үүрэг өгөөд хоёр улсын гэрээ хэлэлцээр дээрээ анхаарч ажиллах шаардлага байна” гэж хэлсэн нь нүдээ олсон үйлдэл байсан юм.
Баримт 24.
УИХ-ын гишүүдээс зээлийн хүүг бууруулах тал дээр байр сууриа байнга илэрхийлдэг гишүүдийн нэг нь Н.Амарзаяа. Тэрбээр “Тэтгэврийн зээлийн хүүг 10 хувиас доош бууруулах боломж байна уу” гэж гишүүн болсноос хойш олон удаа асуусан. Гэвч энэ асуулт үе үеийн парламентийн толгойн өвчин болсоор ирсэн ч өнөөдрийг хүртэл хариултыг олоогүй л байна.
Сэтгэгдэл (52)