Баримт 1.
Содномын Чинзориг нь 1964 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж, 1982 онд Хужирт сумын арван жилийн дунд сургууль төгссөн. Улмаар 1986 онд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр, 2005 онд “Отгонтэнгэр” их сургууль төгсчээ.
Баримт 2.
МУИС-ийг төгсөнгүүтээ төрөлх нутгаасаа ажлын гараагаа эхлүүлэхээр очсон байдаг. Ингээд 1986-1990 онд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтнээр ажлын гараагаа эхлүүлжээ.
Баримт 3.
Залуу боловсон хүчин, эзэмшсэн мэргэжлээрээ чамгүй үр дүнтэй ажилласан тэрбээр тушаал ахиж 1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Нийгэм, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллажээ.
Баримт 4.
Улмаар 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын даргын албыг хашсан байна. Үүний дараа 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар ажиллах болсноор улс төрийн замналаа эхлүүлсэн юм.
Баримт 5.
Харьцангуй нэр цэвэр улстөрчдийн тоонд багтдаг тэрбээр 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, ерөнхий менежер, 2009 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажилласан туршлагатай.
Баримт 6.
Төлөвлөгч эдийн засагч, бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй, мөн Тайвань, Швед, Японд мэргэжил дээшлүүлсэн аж.
Баримт 7.
Түүний сонгуульт ажлын хувьд 1997-2000 онд аймгийн МАН-ын хорооны дарга, 2011 оноос МАН-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажилласан.
Баримт 8.
Тэрбээр өнгөрсөн 2012 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймгийн тойрогт МАН-аас Н.Төмөрхүүгийн хамт нэр дэвшиж, үнэмлэхүй ялалт байгуулсан ч тойргоо булаалгасан гэхэд болно. Гэвч “Би хууль бус зүйл хийгээгүй. Үнэн, худлыг цаг хугацаа нотлоно” хэмээгээд тоглоомын тойргийн гадна үлдсэн юм.
Баримт 9.
Сонгуульд ийн өвдөг шороодсон ч 2014 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар томилогдож, 2016 онд МАН-аас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр төрөлх Өвөрхангай аймгаасаа сонгогдсон юм.
Баримт 10.
Улмаар 2017 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдох үед нь нүдээ олсон шийдвэр боллоо гэх хүн цөөнгүй байсан. Учир нь 2000 оноос хойш уг салбарт ажиллаж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлийн олон хуулийн төсөл дээр ажилласан туршлагатай. Энэ ч утгаараа салбарын шинэчлэлд ихээхэн хувь нэмэр оруулж буй.
Баримт 11.
Сайд болсныхоо дараахан “Монгол Улсад нийт 105,7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Эдгээрээс 11,3 мянга буюу 10,6 хувь нь 0-17 насны хүүхдүүд. Эдгээр хүүхдүүдэд бид анхаарал халамж тавьж, хүрч ажиллах ёстой” гэдгийг онцолж байв. Тиймдээ ч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахад ихээхэн хувь нэмэр оруулж ажилласан нь томоохон амжилтын нэг билээ.
Баримт 12.
Мөн 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарлаж хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох шийдвэрийг Засгийн газраас гаргахад салбараа төлөөлөн багагүй идэвх гаргасан байдаг. Үүний үр дүнд Монгол Улсын 0-18 насны хүүхдүүдийн 85 хувь буюу нэг сая гаруй хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах боломжтой болсон юм.
Баримт 13.
С.Чинзоригийн хувьд дээр хэлсэнчлэн хөгжлийн бэршээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд түүчээлэх үүрэг гүйцэтгэсэн хүн. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхэд олгож буй асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудалд бат зогссоноор Засгийн газрын анхаарлыг чиглүүлж чадсан юм.
Баримт 14.
Тэрбээр Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Конгресст бэлтгэх үндэсний хороог тэргүүлдэг. Энэ утгаараа 2019 онд Монгол Улсад анх удаа зохиогдсон конгресст оролцох 600 гаруй төлөөлөгчийн 50 хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх учраас бэлтгэл ажил ялангуяа дэд бүтэц, үйлчилгээний хүртээмжтэй байдлыг хангахад онцгой анхаарах шаардлагатайг онцолж тодорхой үүрэг даалгаврыг өгсөн байдаг. Энэ ч утгаараа “Чингис хаан” олон улсын нисэх буудал, хуралдаан болох “Шангрила” зочид буудлын орчим болон зочдыг байрлуулах 18 зочид буудал, томоохон үзвэр, үйлчилгээний газруудад хийсэн хүртээмжийн үнэлгээний ажлын дагуу тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэд төвөггүй зорчих зам, орц, гарцыг бий болгох, засч сайжруулах, ариун цэврийн өрөөг стандартын дагуу тохижуулах ажлыг хийх хэрэгтэйг анхааруулж, шаардаж, ажил хэрэг болгосон юм.
Баримт 15.
Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчинг бүрэлдүүлэхэд салбарын зүгээс багагүй анхаарч ажилласан. Үүний тод жишээ нь өнгөрсөн 2019 онд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв хамгийн орчин үеийн эмчилгээ болон нөхөн сэргээх үйлчилгээний тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан цогцолбор юм. Нийт 250 хүүхдэд өдрөөр эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс гадна 250 хүүхдийг хэвтүүлж эмчлэх хүчин чадалтай тус төв нь өнгөрсөн 2019 оны зургадугаар сарын 1-нд нээлтийг нь хийж үйл ажиллагаа эхлүүлсэн ч Баянгол дүүргийн Тамгын газрын нэр дээр бүртгэлтэй байх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажил хүртээмжгүй гэж үзэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэр дээр шилжүүлж өгөхийг хотын даргаас тэрбээр хүсэлт гаргасан удаатай.
Баримт 16.
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборыг ирэх 2021 онд ашиглалтад оруулахаар болсон нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хамгийн том амжилтын нэг гэхэд болно. Монгол Улсын спортын түүхэнд цөөнгүй тамирчид паралимпын дэвжээний Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулж буй. Эл спорт цогцолбор ашиглалтад орсноор тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой болохоос гадна олон улсын хэмжээний тэмцээнийг Монголдоо зохион байгуулах боломжтой болно.
Баримт 17.
Дээрх цогцолбор нь тив, дэлхийн хэмжээний тэмцээн явуулах боломжтой заал, талбайтайгаас гадна фитнесс, жүдо бөх, хүндийн өргөлт, таэквондо, сагсан бөмбөг, суугаа волейбол, ширээний теннис, хөнгөн атлетик, байт харваа, хонхот бөмбөг, буудлага зэрэг пара спортын 10 төрлөөр зэрэг хичээллэх боломжтой олон улсын стандартад нийцсэн тусгай тоноглол бүхий танхимтай. Гэвч манай талаас газрын асуудлаа шийдэж өгсөн ч энэ нь Хан-Уул дүүрэгт байршилтай ТОСК-ийн нэр дээр бүртгэлтэй Хөгжлийн банкинд барьцаанд тавьсан газар юм. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор ХНХЯ-наас гурвалсан гэрээ байгуулж газрын асуудлыг шийдвэрлэхийг хичээж байна.
Баримт 18.
Түүний хувьд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэлтгүй оюутан залуусын сурч хөдөлмөр боломжийг дээшлүүлэхэд олон ажил хийсэн. Үүний нэг жишээ нь МСҮТ-ийн эрэлт багасч, толгойтой бүхэн их, дээд сургуулийг сонирхож улмаар чанаргүй боловсон хүчний тоог нэмэгдүүлэх болсон цаг үед шийдвэртэй алхам авч хэрэгжүүлсэн юм. Энэ нь Засгийн газраас МСҮТ-ийн оюутнуудын тэтгэлгийг 200 мянган төгрөг болгож нэмэх шийдвэр гаргуулахад салбарын сайдын хувьд ихээхэн хүчин чармайлт гаргаснаас харж болно.
Баримт 19.
Үүний үр дүнд улсын болон хувийн хэвшлийн 80 гаруй МСҮТ-д суралцагч 37.8 мянган оюутан 200 мянган төгрөгийн тэтгэлэгийг энэ оны нэгдүгээр сарын 1-ээс авах боломжтой болсон юм. Уг шийдвэрийн хүрээнд шаардлагатай 70 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгасан.
Баримт 20.
С.Чинзориг ХНХ-ын сайд болсны дараагаас цалин, тэтгэврийг нэмэх чиглэлээр удаа дараа санал гаргаж байсан. Үүний үр дүнд Засгийн газрын хуралдаанаар 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр нийт 190 мянган төрийн албан хаагчдын дундаж цалин нэг сая төгрөг рүү дөхсөн. Уалинг нэмэхэд зориулж 2020 оны улсын төсөвт 276 тэрбум төгрөг тусгажээ. Мөн 408 ахмад настны тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон.
Баримт 21.
Засгийн газар мэдэгдээд буй. Цалин, тэтгэврийг нэмэхээс гадна хамгийн чухал шийдвэр гаргахад түүчээлсэн. Энэ нь цэцэрлэгийн хүүхдийн хоол, сурагчдын үдийн цай, дотуур байрны хоолны мөнгө нэмэгдэхээр болсон шийдвэр. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг буюу 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнхийг 2400 төгрөг байхаар шийдвэрлэсэн. Уг шийдвэр энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн давхардсан тоогоор 640 гаруй мянган хүүхэд хамрагдах судалгаа гарчээ. 2012 оноос хойш өнөөг хүртэл цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны зардал 1650 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувилал болон тусгай цэцэрлэгийнх 2400, дотуур байрны хүүхдийнх 2315 төгрөг, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны зардал 600 төгрөг байсан юм.
Баримт 22.
Дэлхий нийтэд коронавирусний халдвар тархсантай холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг ажлын байрыг хадгалах, иргэн, ААН-ийн орлогыг хамгаалах ёстой гэсэн байр суурь илэрхийлсээр ирсэн. Тэгвэл УИХ-ын хаврын чуулганаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай зэрэг хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан юм. Ингэснээр 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжих бөгөөд аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас татвараас чөлөөлөх, мөн иргэн, аж ахуйн нэгжийг НДШ-ээс зургаан сарын хугацаатай чөлөөлөх, 2020 оны хоёр, гуравдугаар сарын орлого нь өмнөх оны мөн үеийнхээс 50 хувь болон түүнээс дээш хувиар буурсан ч ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжид 200 мянган төгрөг олгох зэрэг арга хэмжээ хэрэгжих боломжтой болсон юм. Түүнчлэн хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөг дээр 10 мянган төгрөгийг гурван сарын хугацаанд нэмж олгох шийдвэр гарсан.
Баримт 23.
Энэ талаар ХНХ-ын сайд тэрбээр “Тогтоолын төсөлд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажил олгогчийн болоод ажилтны төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаатай чөлөөлөх асуудлыг тусгасан. Нийтдээ 45 мянган ажил олгогч, хувийг хэвшилд ажиллаж байгаа 572 мянган хүн энэ хөнгөлөлтөд хамаарахаар тооцсон. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэн, сайн дурын даатгалд хамрагддаг 186 мянган иргэн хамрагдана. Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд нийтдээ 800 гаруй мянган иргэнийг хамруулж, энэхүү арга хэмжээнд 800 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Монгол Улсын хэмжээнд 1.1 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдний 800 мянгыг энэ хөнгөлөлтөд хамруулснаар нийт ажиллагсдын 75 орчим хувь нь хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдана.
Баримт 24.
Үүнээс гадна хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх ёстой, ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангасан боловч зээлийн төлбөр хойшлуулах хүсэлт гаргаагүй зээлдэгчийн жилийн нийт нэрлэсэн хүүний 2 нэгж хувьтай тэнцэх дэмжлэгийг 3 сарын хугацаанд төрөөс хариуцах, жижиг, дунд болон бичил бизнесийг дэмжих батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэгт өөрийн болон салбарын саналаа оруулж тусгасан нь цаг үеэ олсон зөв шийдвэр байсныг гэрчлэх биз ээ.
Сэтгэгдэл (12)