БАРИМТ 1
Дорнод аймгийн уугуул Х.Болорчулуун 1982 онд 10 жилийн дунд сургууль, 1987 онд Хөдөө, аж ахуйн дээд сургуулийг агрономич мэргэжлээр төгсчээ. Агрономич мэргэжлээр их, дээд сургууль дүүргэсэн тэрбээр ажлын гараагаа Дорнод аймгийн Ардын депутатуудын хурал гүйцэтгэх захиргаанд мэргэжилтнээр эхлүүлсэн байна.
БАРИМТ 2
Улмаар Дорнод аймгийн Булган суманд мэргэжлээрээ ажиллаж байгаад “Хишиг агро” компанийг байгуулжээ. Энэ үед Дорнод аймгийн “Гурил тэжээл” нэртэйгээр 1959 онд зүүн аймгуудын хүн амыг грилаар, мал сүргийг тэжээлээр хангах зорилгоор 4500 тн гурил, 5500 тн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтайгаар анх байгуулсан үйлдвэрийг 1997 онд бүрэн хувьчлан авч захирлаар нь ажиллажээ.
БАРИМТ 3
“Дорнод гурил” компани нь 1999 оноос газар тариалангийн салбартай болж өдгөө Халх гол сумын нутагт 2200 га талбайд улаан буудай, Цагаан-Овоо суманд 630 га бүрэн автоматжисан усалгаатай талбайд төмс, улаан буудай тариалж байна. Үндсэн 80, түр ажлын байранд 100-150 иргэнийг ажиллуулдаг. Гурил, малын тэжээл үйлдвэрлэж төмс тарихаас гадна өдөрт 5000-6000 ширхэг талх үйлдвэрлэн Дорнод аймгийн хүн амын хүнсний хэрэгцээний дийлэнх хувийг хангадаг улсын хэмжээний үйлдвэр.
БАРИМТ 4
Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд аймагтаа ажиллаж, амьдрах болсон Х.Болорчулуун улс төрд орсон цаг үе нь 2000 он. Хувийн компаниас хувьсгалын ажилд оролцох болсон тэрбээр энэ үеэс 2012 оныг хүртэл аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллажээ.
БАРИМТ 5
2012 оны сонгуулиар Дорнод аймгаас бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдох үед парламентад гурван бие даагч байсны хоёр нь Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нар.
БАРИМТ 6
Улмаар Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар “Бие даагчдын зөвлөл” байгуулж, “Монгол хүний төлөө” гэсэн уриатайгаар долоо хоногийн даваа гариг бүр тухайн долоо хоногт УИХ, Байнгын хороо, Ажлын хэсгээр хэлэлцэх хуулийн төсөлд ямар байр суурь чиглэл баримталж ажиллахаа мэдээлдэг байв. Харин үүнийг нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Бие даагчдын бүлэг гэж биеэ үнэлэгчдийн бүлэг” хэмээн шүүмжилж байсан удаатай.
БАРИМТ 7
Түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа нэгэн яриа гарсан нь Н.Номтойбаяртай холбогдож байв. Тодруулбал, Н.Номтойбаяртай сөргөөцөлдөх болсон “Мунзуй” хочит Нямдоржийн ард Х.Болорчулуун гишүүн байгаа гэсэн яриа гарсан байдаг.
БАРИМТ 8
Тэрбээр үүнийг үгүйсгэж “Н.Номтойбаярын мэдэгдэл хийж байгааг харсан. Уг хэргийн цаана УИХ-ын гишүүд байгаа гэдэг юу л бол доо. Номтойбаяр гишүүний уг асуудалд би холбогдолгүй ээ. Хүмүүс Н.Номтойбаяр гишүүн бид хоёрыг Дорнод аймагт нэг тойрогт өрсөлдөн УИХ-ын гишүүн болсон болохоор тэгж санагдаж байгаа юм болов уу. Бид УИХ-ын сонгуулийн үеэр шударга, хар хоргүй өрсөлдсөн хүмүүс. Тиймээс ямар нэгэн асуудалд нэр холбогдох шаардлага байхгүй” гэсэн байдаг.
БАРИМТ 9
Х.Болорчулуун тэргүүтэй “Бие даагчдын зөвлөл”-өөс хүчтэй шүүмжилдэг байсан асуудлын нэг нь Оюу Толгой. Тэдний зүгээс монголчуудын эрх ашгийг уландаа гишгэж, Оюу Толгойг Рио Тинтод бэлэглэсэн луйврын гэрээнд гарын vсэг зурсан хэдхэн тооны улстөрчдийг шалгах ёстой. Дэлхийд эхний 10-т эрэмбэлэгдсэн Оюу Толгойн уурхай явдгаараа яваад Рио Тинтогийн эздүүд хагартлаа баяжсаар байхад баялагийн эзэд монголчууд юу ч авч чадахгvй сууцгааж байна хэмээн шүүмжлэлтэй ханддаг байсан юм.
БАРИМТ 10
С.Ганбаатарын нарын “Бие даагчдын зөвлөл”-өөс УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа шүүмжлэлтэй ханддаг ч хөшигний ард албан тушаал наймаалцсан талаарх шүүмжлэл тухайн үеийн хэвлэлээр явсан байдаг. Тэдгээрийн нэг нь “Монросцветмет”-ийн захирлаар ажиллаж байсан Х.Болор- Эрдэнийг ахынхаа нэрээр төрийн өмчит томоохон газрыг удирдах болсон гэсэн хардлага гарч байв.
БАРИМТ 11
Ийнхүү өмнөх парламентын үед “Бие даагчдын зөвлөл” нэрийн дор УИХ-ын гишүүнээр ажилласан Х.Болорчулуун 2016 оны сонгуулиар Ц.Даваасүрэн гишүүний хамт МАН-ын гишүүнчлэлээ сэргээж дахин нэр дэвшин, хоёр дахь удаагаа сонгогдсон юм.
БАРИМТ 12
УИХ-ын сонгуулийн дүнгээр МАН 65 суудал авч, үнэмлэхүй олонхиор засаглах эрхтэй болсон ч Х.Болорчулуун гишүүний Оюу Толгойн тойрсон асуудалд шүүмжлэлтэй ханддаг байр суурь өөрчлөгдсөнгүй. Үүний нэг илрэл нь Оюу Толгойн гэрээг байгуулах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр эсэргүүцсэн удаатай.
БАРИМТ 13
Тэрбээр “С.Баярыг Элчин сайдаар томилохыг дэмжихгүй байна. Учир нь Оюу Толгойн гэрээг хийсэн Ерөнхий сайд бол С.Баяр. Гэтэл өнөөдөр монголчууд Оюу Толгойгоос ямар ч ашиг шим хүртэж чадахгүй, хамаг баялгаа гадагшаа гаргаад дуусч байна. Мөн М.Энхсайханыг дэмжиж чадахгүй. Та Ерөнхий сайд байхдаа 30 хувиас дээш байсан импортын татварыг бууруулсан. Тухайн үед С.Зориг агсан ингэж болохгүй гэж хэлээд нэмэр болоогүй. Энэ 20-иод жилд Монгол Улс үйлдвэрлэгч биш хэрэглэгч улс орон болсон. Энэ таны буруу. Тиймээс таныг би дэмжиж чадахгүй" хэмээж байлаа.
БАРИМТ 14
Хариуд нь Элчин сайдад нэрийг дэвшүүлсэн С.Баяр “Оюу Толгойн гэрээний тухай хоёр ч гишүүн ярилаа. Би Ерөнхий сайдынхаа хувьд энэ гэрээг байгуулах нь зүйтэй гэж зүтгүүлсээр байгаад байгуулсан. Үүгээрээ бахархдаг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг сайнгүй байгаа. Хамгийн их татвар төлж байгаа байгууллага нь Оюу Толгой шүү дээ.
БАРИМТ 15
40 жилийн өмнө байгуулсан “Эрдэнэт”, дөрвөн жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн Оюу Толгой хоёр л өнөөдөр Монголын эдийн засгийг авч явж байна. Энэ мөнгөөрөө л бид тэтгэвэр тэтгэмж, цалингийн асуудлыг шийдэж байгаа. Үүнээс УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын цалин тавигдаж байгаа болов уу гэж бодож байна. Монголоос нэг ч төгрөгийн зардал гараагүй. Үйл ажиллагаа явуулснаас хойш 1.8 их наяд төгрөгийн төсөв хуримтлуулчихсан байгаа. Гэрээг сайжруулах асуудал бол засгийн эрх барьж байгаа нам, Засгийн газар, УИХ-д нээлттэй байгаа шүү дээ” гэж хариулсан байдаг.
БАРИМТ 16
УИХ-ын даргын захирамжаар Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд хийх шалгалт хийх ажлын хэсэг байгуулахад Х.Болорчулуун гишүүн багтаж ажилласан. Ажлын хэсгээс Монгол ажилчдын цалин гадаад ажилчдынхаас 5-15 дахин бага, Дубайн гэрээг хүчингүй болгох нь зөв, 2010 оны ТЭЗҮ бодит амьдралаас зөрсөн, Хөрөнгө оруулалтын дүнд тавих хяналт хангалтгүй зэрэг хэд хэдэн дүгнэлт гаргасан. Энэ талаар Х.Болорчулуун гишүүн “Рио Тинто компани менежментийн ашиг 2017 онд 133 сая ам.доллар, өртөг дэх мэргэжлийн үйлчилгээ гээд 69 сая ам.доллар, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү нь 470 сая ам.доллар байгаа юм. Рио Тинтогийн авч буй ашиг 2017 оны байдлаар 744 сая ам.доллар, Монголынх 175 сая ам.доллар. Ийм л харьцангуй байна. Рио Тинто хөрөнгө оруулагч компани бус харин мөнгө хүүлэгч компани байна. Бид энэ компанийг хөрөнгө оруулагч гэж дөвийлгөх ч хэрэггүй” гэж байв.
БАРИМТ 17
УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд, хууль хяналтын байгууллагын удирдлагууд мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, хамаарал бүхий компанидаа ЖДҮ-ээс зээл авсан асуудал сөхөгдөхөд Х.Болорчулуун гишүүний “Дорнод гурил” ХХК 950 сая төгрөгийн зээл авсан нь ил болж байв. Тухайн үед тэрбээр “Би зээл авснаа нуухгүй. Авсан зээлээрээ үйлдвэрээ өргөжүүлээд үйл ажиллагаагаа явуулж байна” гэсэн байдаг.
БАРИМТ 18
Мөн “ЖДҮ-ийн асуудал гарахад би “Миний хувьцаа эзэмшдэг компани зээл авсан” гэдгээ шууд илэрхийлсэн л дээ. Нэрээ нууж, өөр компаниар аваагүй. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг компани байгаа. Тариа, төмс тарьж, гурил, малын тэжээл үйлдвэрлэж, талх барьдаг л компани юм. Эдгээр бүтээгдэхүүнүүдээрээ Дорнод аймгийн хэрэгцээг 70-80 хувь хангадаг. Компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд зориулж зээл авсан. Хөнгөлөлттэй зээл авах хүсэлтээ 2017 онд тавьсан. Тэр төслөөрөө л энэ жил зээл авсан юм” гэсэн тайлбарыг өгсөн удаатай.
БАРИМТ 19
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Оюу Толгой гэрээг хэлэлцэх үеэр гишүүн Х.Болорчулуун Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой маргалдсаны улмаас биед халдсан тухай мэдээлэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гарч байв. Тухайн үед хоорондоо маргалдсан Х.Болорчулуун, Ц.Нямдорж нарыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, гишүүн А.Сүхбат нар салгасан гэдэг. Болсон үйл явдлын талаар Х.Болорчулуун тайлбарлахдаа “Энэ асуудлыг манай намын Бүлэг хаалттайгаар хэлэлцсэн нь үнэн. Энэ гэрээг сайжруулах битгий хэл үг дурдаад ч хэрэггүй гэсэн үзэл бодолтой гишүүд байдаг. 2008-2012 оны парламентэд суусан гишүүд л дээ. Тэдний нэг нь Ц.Нямдорж. Оюутолгойн гэрээ ямар муу гэрээ болсныг бүгд мэдэж байгаа. Алдагдалыг ирээдүйд шилжүүлэх нөхцөл бий болгосон. 2009 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 5-ын 5-д ганцхан өгүүлбэр нэмээд Оюу Толгойн гэрээний 34 хувийг үнэгүй авах байсан нөхцөлийг үнэтэй авах болгож өөрчилсөн. Ц.Нямдорж энэ үед Хууль зүйн сайд байсан. Би хардах эрхтэй. Сайд байсан хүн мэдэхгүй байна гэж байхгүй. Мөн ганц С.Баярцогт гэдэг хүн энэ гэрээг хийгээгүй. МАНАН бүлэглэл хамтарч хийсэн нь тодорхой” гэж байв.
БАРИМТ 20
Мөн “Өнөөдөр Оюу Толгойн муу гэрээний улаан хамгаалагч, хамгийн шударга дүр эсгэж, Засгийн газарт 20 гаруй жил сайд хийж байгаа этгээдтэй Оюу толгойн гэрээг илт хамгаалж хаацайлан давшлахад нь тэвчсэнгүй, маргалдаж багагүй нервтлээ.
БАРИМТ 21
Монголын төрд идээ буглаа болтлоо бугшсан хувалз мэт нөхдийг төрөөс зайлуулагдаж гэмээнэ, монголчуудын хүсэн хүлээсэн шударга ёс, ардчилсан нийгэм бүрэлдэн тогтох, Монгол ялах буй за. Оюу Толгой болон Дубайн нэмэлт гэрээ бол төрд байгаа авлигач, оффшорч нарын шилдэг бүтээл, загалмайлсан үр могой нь мөн. Харин энэ өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг Монгол Улсын эрх ашгийг хохироосон хууль бус гэрээ /акт/болохыг тогтоосон нь сэтгэл тайвшруулах гэгээлэг мэдээ байлаа” хэмээн өөрийн цахим хуудастаа бичиж байлаа.
БАРИМТ 22
Х.Болорчулуун гишүүний хувьд Оюу Толгойн асуудалд шүүмжлэлтэй ханддагаас гадна УИХ дахь Оффшорын эсрэг лобби бүлгийн гишүүн. Тэрбээр “Оффшорын эсрэг Парис төвтэй эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага гэж бий. Энэ төвд Монгол Улс элсэх ёстой. Ингэж байж Монгол Улс Оффшорын тухай хуулийн дагуу харилцан мэдээлэл солилцох эрх үүснэ. Мөн манай улсын Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллагууд оффшортой тэмцэхэд бэлэн биш, нэгж хэлтэс нь сул ажиллаж байна.
БАРИМТ 23
Прокурорын байгууллага гэхэд гадаад харилцааны хоёрхон хүнтэй байдаг. Оффшор бүстэй улс орнуудтай харилцаа үүсэхэд дан ганц англи хэл төдийгүй Европын орнуудад өргөн хэрэглэгддэг хэлээр улс орнуудтай харилцахаас эхлээд чадвартай мэргэжилтэн хэрэгтэй байна. АТГ, прокурорын байгууллагын чадавхийг сайжруулж байж оффшортой тэмцэх ажлыг өргөн хүрээнд явуулна” гэсэн байдаг.
БАРИМТ 24
УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хувьд 2016 оны сонгуулиар тухайн үеийн Зам тээврийн сайд М.Зоригттой өрсөлдөн ялалт байгуулсан байдаг. Сонгуулийн тухай хуулиар УИХ-ын ээлжит сонгуулийг томсгосон тойрогт явуулахаар болсон энэ цаг үед тэрбээр МАН-аас нэр дэвших гишүүдийн тоонд албан ёсоор багтаж буй.
Сэтгэгдэл (19)