БАРИМТ 1
Ж.Бат-Эрдэнэ нь 1983 онд Нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд ОХУ, Эрхүү хотын Политехникийн дээд сургууль, 1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг, эрх зүйч мэргэжлээр тус тус төгсчээ. Ажлын гараагаа тэрбээр 1990-1992 онд ОХУ, Рыпкооп улсын үйлдвэрийн газар, менежерээр эхлүүлжээ. Улмаар зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны үед эх орондоо эргэн ирж, “Ашид-Эрдэнэ” ХХК-ийг үүсгэж байгуулсан байна.
БАРИМТ 2
Энэ тухайгаа “Миний бизнес нэг их ухааны бизнес байгаагүй байх. Буяны бизнес гэж боддог. Үнэхээр мөнгөөр гудас хийх нь л холгүй явсан оюутны үе миний амьдралд бий. Тэр үед мөнгөө хадгалах газар байхгүй, гудсан доогуураа л хийдэг байлаа шүү дээ. Гудас дүүрэн мөнгөтэй шахуу, баян хүн байсан. Энэ үнэн. Гэхдээ би өөрийгөө бизнесийн ухаантай гэж боддоггүй. Тухайн үед дээд курсийн ах нарыг “арьсчид” гэж ярьдаг байсан. Хичээлийнхээ завсар зайгаар наймаа хийгээд хөлөө олчихсон ах нар байхгүй юу. Тэд арьсаа хил гаалиар гаргаж, оруулдаг янз бүрийн нүхтэй, сүүхэйтэй эрчүүд байсан.
БАРИМТ 3
Ах нар маань төгсөхдөө надад итгэл хүлээлгэж, бизнесээ өвлүүлж үлдээсэн. Би ч найдлага алдаагүй. Сайн ч, муу ч гэсэн “мужик Бат-Эрдэнэ” гэдэг нэртэй явсан болохоор надад итгэж холбоо хэлхээгээ үлдээж байсан байх. Түүнийг нь залгамжилж оюутан цагт мөнгөөр гачигдахгүй амьдарч байлаа. Монголдоо ирэхдээ овоо мөнгөтэй ирж байсан. Ирээд бизнес хийх гэж нэлээн үзсэн. Янз янзын бизнес эхлүүлсэн. Эрхэлж үзээгүй бизнес гэж байхгүй байх. Миний явах зам биш байсан юм байлгүй дээ орхисон” хэмээн ярьсан байдаг.
БАРИМТ 4
Ийнхүү хувиараа бизнес эрхэлж явсан Ж.Бат-Эрдэнэ төрийн албанд орж ажилласан үе нь 2000 он. МАН УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, үнэмлэхүй олонх болж, Засгийн газраа байгуулахад тэрбээр Авто тээврийн газрын даргаар очсон юм.
БАРИМТ 5
Дараа нь Зам тээвэр аялал жуулчлалын яаманд нэг жил, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар тасралтгүй дөрвөн жил, нийтдээ таван жил яамны “гал тогоог” хариуцжээ.
БАРИМТ 6
Тэрбээр “Төрийн нарийн бичгийн даргаар олон жил ажилласан болохоор намчирхаж хүн халах гэдэг асуудлын эсрэг зогсдог. Удирдагч хүн энэ над руу муухай хардаг, тэр үгэнд ордоггүй, өөдөөс олон юм ярьдаг гээд няслаад байвал өөртэй нь ажиллах хүн олдохгүй. Олдвол нөгөө ярьдаг шиг “пялдага” хүн л таарна. Чадвартай, чадалтай хүн гэдэг өөдөөс хатуу дуугарч, бодлогоо ярьдаг хүнийг хэлнэ. Тэгэхээр удирдлага өөрөө хүнтэй ажиллаж, ажиллуулж чаддаг байх хэрэгтэй. Ямар ч характертай байсан тухайн ажлыг хийж чаддаг хүн тэр мест дээр байх ёстой. Би энэ талаас нь л хардаг” хэмээн ярьсан удаатай.
БАРИМТ 7
Ж.Бат-Эрдэнийн хувьд төрийн албыг шат дамжлага бүрээр нь хашиж ирсэн цөөн гишүүний нэг. Төрийн албанд эрхэлж ирсэн албан тушаал нь ч үүнийг илтгэдэг. Тэрбээр “Төрийн алба найзан дундаа орж, зарчмаа, үнэ цэнээ алдаж байгааг ард иргэд шүүмжлэх болсон.Төрийн албанд хүн урагшаа хараад, урдах зүйлээ зөв, сайн хийж байвал зөв ажиллаж байна. Түүнээс биш инээгээд л, тал засаад, ажлыг урсгалаар явуулаад байвал хэн ч чадна. Төрийн албан хаагчдыг ажлаар нь дүгнэхээс биш хэн ойрхон байж, хэн тал зассанаар дүгнэж болохгүй” гэсэн байдаг.
БАРИМТ 8
Гишүүн Ж.Бат-Эрдэнэ Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан 2007-2012 оны үе төмөр замын бүтээн байгуулалттай холбогддог. Мөн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр хүн гэсэн яриа улс төрийн хүрээнд явдаг. Тухайн үеийн салбарын сайдаар Ерөнхийлөгч Х.Баттулга ажиллаж байсан болоод ч тэр үү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тойрсон шүүмжлэл, хардлагад түүнийг холбодог. Өөрөө ч энэ талаар ярихдаа ямар нэгэн байдлаар үгүйсгэж, асуудлаас зутгахыг хүсдэггүй нь түүний өгч байсан ярилцлагаас харагддаг.
БАРИМТ 9
Тухайлбал, “Бидний хамтран ажиллаж байх тэр хугацаанд салбарын бодлогын чанартай зүйлсийн эхлэлүүд явж байсан. Тэр үетэй холбогдуулаад намайг хардах, шалгах холбох асуудлууд ч гарч байлаа. Төрийн нарийн бичгийн дарга ямар мөнгийг мэддэг вэ гэхээр тухайн яамны төсөвт байдаг мөнгийг л мэднэ. Тэр Ерөнхийлөгчийг холбоод байдаг асуудал бол Хөгжлийн банкнаас Монголын төмөр замаар дамжуулагдаж зарцуулсан мөнгө.
БАРИМТ 10
Үүнд Төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зурахгүй. Энэ гүйцэтгэл Монголын төмөр замаар дамжиж явагдсан. Угаасаа “Шинэ төмөр зам”-ын асуудал намайг Төрийн нарийн бичгийн даргын ажлаа өгснөөс хойш болсон асуудал. Ажил хийж байхад янз бүрийн л асуудал гардаг. Ж.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгч тавьсан, түүний хүн юм гэнэ лээ гэх зүйл одоо ч сошиалаар явж л байдаг. Хамт ажиллаж байсан гэдгээр нь холбож болохгүй байх” гэж байв.
БАРИМТ 11
Таван жилийн турш зам, тээврийн салбарт Төрийн нарийн бичгийн дарга хийсэн Ж.Бат-Эрдэнэ 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газарт сайд болж, салбартаа эргэн ирж байв. Сайдаар томилогдох үедээ тэрбээр салбартаа хэрэгүүлэх бодлогын талаар “Яалт ч үгүй Тавантолгой-Гашуунсухайтын тээврийн асуудал чухал. Ер нь тээврийн зохицуулалтыг бид зайлшгүй хийх ёстой. Энэ тээвэрлэлтийг Монгол Улсын жолооч нар, тээврийн байгууллагууд хийдэг зохицуулалт руу орох, тав тухтай аюулгүй байдлыг хангадаг болох ёстой гэж үзэж байна. Хэд хэдэн сайдуудаас бүрдсэн ажлын хэсэг гаргаж, очиж үзээд дүгнэлт гаргана гэсэн бодолтой байгаа” гэсэн байр суурьтай буйгаа хэлж байсан юм.
БАРИМТ 12
Түүнийг салбарын сайдаар ажиллаж байх үед 1000 вагоны гэх асуудал нийгэм, улс төрийн хүрээнд өрнөсөн. Улмаар 2017 оны есдүгээр сард УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа 977 ширхэг ачааны вагон худалдаж авах гэрээ байгуулснаас 600 гаруй нь орж ирээд тээвэрлэлтэд оролцоод явж байгаа ч ашиглалтын шаардлага хангахгүй хуучин гэсэн шүүмжлэл, хардлага гарч байв. Харин Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Энэ асуудал надаас өмнө болсон. Харахад Сайдын баталсан журмыг зөрчсөн юм билээ. Сайдын журманд баталсан насжилтаас хэтэрсэн вагон оруулж ирсэн. 500 нь орж ирсэн, үлдсэнийг нь зогсоосон. Гэхдээ орж исэн вагонууд нь өртгөө нөхөөд ашгаа өгчихсөн” гэсэн байдаг.
БАРИМТ 13
Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхад нэгэн харамсалтай хэрэг тус яаманд гарч байв. Тодруулбал, Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргаар ажилладаг Г-ийн амийг хөнөөсөн хэрэг гарсан юм. Үүнтэй холбогдуулж, Ж.Бат-Эрдэнэ сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрохоо мэдэгдэж байв.
БАРИМТ 14
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Танаа. Миний толгойлсон Зам, тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ амь насыг хохироосон ноцтой гэмт хэрэг гарсан тул миний бие цаашид тус яамыг удирдан ажиллах ёс зүйгүй гэж үзэж Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсье" гэсэн байдаг.
БАРИМТ 15
Сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Би гаргасан шийдвэртээ харамсахгүй байгаа. Тухайн үед ч, одоо ч. Хамгийн гол нь миний удирдаж байсан цаг үед ийм хэрэг явдал болчихоод байхад би өөрөө өөртөө хариуцлага наахгүй, нөгөө гүлдийх гэдэг шиг суугаад байж болохгүй биз дээ.
БАРИМТ 16
Нөгөөтэйгүүр миний удирдлаганд ажиллаж байсан хүн алтан амиа алдаад, ар гэрийнхэн нь өнчирч, бас төрийн албаны нэр хүндэд том цохилт ирчихээд байхад бицааш нь ажлаа үргэлжлүүлээд суужболохгүй шүү дээ. Миний ёс суртахуун ч ийм байдлыг зөвшөөрөхгүй. Би улс төрийн албан тушаалтан, улс орны чухал салбар хариуцсан сайд хүн. Тиймээс улс төрийн хариуцлага хүлээх ёстой. Яг миний алдаанаас болж энэ бүхэн гарсан уу гэдэг бол харьцангуй ойлголт” хэмээн ярилцлага өгсөн удаатай.
БАРИМТ 17
Мөн “Намайг Ерөнхий сайдын өрөөнд өргөдлөө барьж ороод сууж байхдаа нүдийг нь уншиж байгаа юм л даа. Намайг өргөдлөө гаргаж ирээд ширээн дээр тавихад тийм нэг итгэл шингэсэн харцаар харсан. Нэг ийм шийдвэр гаргах хүн мөн дөө гэж бодох шиг болсон. Манай Баагий ийм шийдвэр гаргах хүн мөн дөө гэсэн харц харагдах шиг болсон. Олон зүйл ярьсан. Ёс зүй гаргаад өргөдлөө өгч байгаа нь зөв өө гэж хэлсэн. Би олон ч Ерөнхий сайд, сайд нарын удирдлагад ажиллаж байсан. Урьд өмнөх Засгийн газар, сайд нарын үед хийгдээгүй, хаягдаад байсан хэд хэдэн ажлыг хийнэ гэж дотроо бодож орж ирсэн. Үүнийгээ ч хийсэн.
БАРИМТ 18
Эргээд харахад энэ Засгийн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх хийж буй ажлуудыг минь ойлгож, дэмжиж ажилласан. Ер нь хийж байгаа гол ажлуудаа иргэдийн эрх ашиг талаас нь харж шийдвэр гаргаж ажилласан. Урьдны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнээс одоогийн УИХ гишүүн, сайд Ж.Бат-Эрдэнэ арай өөр өнцгөөс, иргэд талаасаа асуудлыг хардаг болсон. Давхар хариуцлага хүлээсэн хүн гэдэг арай ондоо ажилладаг юм байна. Хүмүүс давхар дээл гээд их шүүмжилдэг. Гэхдээ миний хувьд давхар дээлийг давхар хариуцлага гэдэг үүднээс харж, тэр хэмжээнд ажилласан гэж бодож байна” гэж байв.
БАРИМТ 19
Сайдын албаа хүлээлгэж өгснийхөө дараа тэрбээр БНСУ-ыг зорьсон гэдэг. Дараа нь тойргоороо явж, “Шинэ хөдөө” төслийн ажлуудаа эргэж, чацаргана тариалалт, усалгааны систем, мал үржүүлгийг сайжруулах чиглэлээр хийж байгаа ажлуудаа үзэж, “Сэлэнгэ” үйлдвэрийнхээ хэдэн бухыг сумдуудаар тараах зэрэг тойргийнхоо ажил руу оржээ.
БАРИМТ 20
Түүний хувьд УИХ-ын болсныхоо дараа “Шинэ хөдөө” төслийг санаачилсан байдаг. Уг төсөл нь иргэдийг орлоготой, ажлын байртай байлгах үүднээс дотоодын тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай үйлдвэрүүдийг түлхүү дэмжих зорилготойгоор улс орны хэмжээнд бодлого болгон хэрэгжих юм. “Өрх баян бол улс баян” гэсэн уриатай уг төслийн хүрээнд 21 аймагт дор хаяж нэг нэг үйлдвэр бий болсон байхаар төлөвлөж байгаа гэнэ.
БАРИМТ 21
Төрийн өндөр албан тушаалтнууд мэдээлэлд ойр байдлаа ашиглан ЖДҮ-ээс бага хүүтэй зээл авсан асуудал ил болох үед Ж.Бат-Эрдэнийг 12.8 тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаж байв. Гишүүн Ж.Бат-Эрдэнэ үүнийг үгүйсгэж "Гүтгэхээ боль. Чацаргана төслөөр намайг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 12,8 тэрбум төгрөг авсан гэж бичиж, ярьж байна. Чацаргана төсөл Булган аймгийн ИТХ-аар орж батлуулаад орон нутгийн төсвөөс санхүүжигдсэн гэдгийг бүгд мэднэ. ЖДҮ-тэй ямар ч хамаагүй. Би Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Тойргийнхоо ард иргэдийнхээ санал бодлыг тээж тэдэндээ тусалж дэмжих үүрэгтэй хүн. Сонгуулиар ЖДҮ-ийг хөгжүүлнэ дэмжинэ гэж ярьж явсан. Түүнийгээ ч биелүүлэхийн тулд бараг сонгуулийн маргаашаас ЖДҮ-ийн талаар хөөцөлдөж эхэлсэн. Иргэдээс олон ч төсөл авсан.
БАРИМТ 22
Даанч тэр болгоныг ажил болгож санхүүжүүлж чадсангүй. Олон төсөл дэмжүүлэхээр ХХААХҮ-ийн яаманд явуулсан. Тэр бүрд бүтэлгүй хариу авсан. Одоо намайг төсөл санхүүжүүлэх хүсэлт явуулсан гэж телевизээр яллаж байна. Явуулсан төслийг ядаж санхүүжүүлчихсэн байгаад ингэж яриач. Ер нь тэгээд ард иргэдийн төлөө гишүүд энэ бусыг хийх ёстой шүү. Тэдэнд туслаж дэмжих үүрэгтэй. Би ЖДҮ-ийн сангаас өөртөө ах дүү нартаа төсөл гуйгаагүй. Нэг ч гэсэн иргэний амьдрал дээшлэг, нэг ч гэсэн ААН хөл дээрээ босог гэж хүсэлтийг нь дамжуулдаг. Цаашдаа ч дамжуулах л болно. Гүтгэлэг арай дэндэж байна" хэмээн өөрийн цахим хуудастаа бичиж байв.
БАРИМТ 23
Ж.Бат-Эрдэнэ гишүүний хувьд улс төрд “Сахал” хочтой. “Сүүлд авах шиг болсон. Төрийн нарийн бичгийн дарга болоод л авсан байх. Анхнаасаа ургасаар байгаад сүүлдээ тодроод байх шиг байна. Багад аавыгаа байхад сахал тавьдаггүй гээд нэг хүн ширүүхэн хэлэхэд нь сахлаа хусчихаад аав дээрээ очсон. Тэгсэн чинь сахал махлаа хусаж юундаа маяглаад байгаа юм гэж зэмлэсэн. Тэгэхээр нь аав минь дуртай байдаг юм байна гээд ахиж сахал хусах талаар бодохоо больсон” хэмээн дурссан байдаг.
БАРИМТ 24
Ж.Бат-Эрдэнэ гишүүний хувьд Булган аймагт одоогийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга О.Амартүвшин, МАХН-ын А.Батдорж, Б.Бат-Эрдэнэ нартай өрсөлдөн ялалт байгуулсан байдаг. Тэрбээр ирэх сонгуулиар тойрогтоо МАН-аас нэр дэвших хүмүүсийн жагсаалтад албан ёсоор багтаж байгаа юм.
Сэтгэгдэл (23)