БАРИМТ 1
2016 оны сонгуулийн дүнгээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон бизнесмэн гишүүдийн нэг Г.Солтаны улс төрийн намтар чуулганы хуралдаанд хэлсэн үг шигээ товчхон.
БАРИМТ 2
Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсныг нь эс тооцвол тэрбээр улс төрд шинэ хүн. Ерөнхий сайд асан Сү.Батболдын зөвлөхөөр ажиллаж байснаас өөрөөр улс төрийн намтар түүнд үгүй.
БАРИМТ 3
Түүний хувьд УИХ-ын IV тойрогт Баян-Өлгий аймагтаа нөлөө бүхий туршлагатай улстөрч А.Бакейтэй өрсөлдөн ялалт байгуулж, анх удаагаа гишүүнээр сонгогдсон.
БАРИМТ 4
Москва хотын Хими технологийн дээд сургуулийг шаазангийн инженер, технологич мэргэжлээр төгссөн Г.Солтан 1985-2010 он хүртэл Шаазангийн үйлдвэрийн ерөнхий технологич, лабораторийн эрхлэгч, ерөнхий инженер, “Монгол шаазан” ХК-ийн ТУЗ-ийн дарга, үйлдвэрийн даргаар ажиллажээ.
БАРИМТ 5
Г.Солтан гишүүний хувьд улс төрийн намтар нимгэн ч шаазан үйлдвэрлэлийн салбарыг гарын арван хуруу шигээ мэдэх нэгэн. 25 жилийн энэ салбарт ажилласан тэрбээр Ерөнхий сайдын зөвлөх болсноор улс төрд орсон гэхэд болно.
БАРИМТ 6
Гэхдээ 2012 оны сонгуульд МАН ялагдахад Г.Солтан Хөдөө аж ахуйн бодлого хариуцсан зөвлөхийн ажлаа өгч оноос "Монгол шаазан" үйлдвэрийнхээ гүйцэтгэх захирлаар эргэн очжээ. Харин 2013 онд МАН удирдлага өөрчлөгдөхөд тэрбээр Баян-Өлгий аймгийн намын хорооны дарга болжээ.
БАРИМТ 7
Г.Солтан гишүүний нэр дэвшсэн тойрогт МАН-аас Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Саулег өрсөлдүүлэхээр яригдаж байсан гэдэг.
БАРИМТ 8
Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхөд орон сууц, барилга байгууламжийн жагсаалтад хамгийн олон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гишүүний тоонд Г.Солтан багтсан. Тэрбээр таван орон сууцтай гэж мэдүүлэгтээ дурджээ.
БАРИМТ 9
Үг дуу цөөтэй шалтгаанаа тэрбээр “Одоохондоо нэг их мундаг улстөрч болчихоогүй байна. Олон удаа сонгогдож, их зүйл хийж бүтээж, мундаг улстөрч болсныхоо дараа нүүр бардам олны өмнө гарч ирвэл зүгээр юм уу гэж боддог. Тиймээс хэвлэлийнхнээс хол байдаг” хэмээн тайлбарласан байдаг.
БАРИМТ 10
Гишүүн Г.Солтан парламентад явдаг шигээ үг дуу цөөтэй нэгэн үү гэвэл үгүй. УИХ-ын гишүүд албан тушаалаа ашиглаж, хамаарал бүхий этгээд, компаниараа дамжуулан ЖДҮ-ээс бага хүүтэй зээл авсан асуудал дэгдэхэд түүний нэр холбогдсон нь олны анхаарлын төвд орсон.
БАРИМТ 11
Түүний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдсан “Монгол шаазан” компани ЖДҮ сангаас 950 сая төгрөгийн санхүүжилт авсан нь ил болсон юм.
БАРИМТ 12
Тодруулбал, Г.Солтан нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” компанийн нэр дээр 950 сая төгрөгийн зээл авсан. Ингэхдээ малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 4081 дугаартай төслийг дэмжиж "ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье" гэсэн албан бичиг хүргүүлсэн байдаг.
БАРИМТ 13
Түүний хүсэлт нь жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн ангилалд багтахгүй, зээлийн материалын бүрдэлт дутуу, зээлийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг нь эхнэрийнхээ данс руу хийж, банкинд хүүлснийг АТГ-аас тогтоосон юм.
БАРИМТ 14
ЖДҮ-тэй холбоотой хэрэг ийн сөхөгдөхөд Г.Солтан гишүүн “Надад хамааралгүй. Би 2010 он хүртэл тус компанид удирдах ажил хийж байсан. Түүнээс хойш ажиллаагүй. 2013 оноос Баян-Өлгий аймагтаа амьдарч, улс төрийн ажил хийсэн. 2016 оноос УИХ-ын гишүүн болсон. Тиймээс би энэ аж ахуйн нэгжид хамааралгүй. 950 сая төгрөгийн зээл авсныг мэдэхгүй” хэмээн хуулийн байгууллагад тайлбар өгсөн байдаг.
БАРИМТ 15
Хачирхалтай нь, 2018 оны арванхоёрдугаар сарын 12-нд болсон шүүх хурлын тэмдэглэлд гишүүн Г.Солтаныг “Монгол шаазан” компанитай хамаарал бүхий этгээд гэдгийг дурдсан нь мөн ил болсон юм.
БАРИМТ 16
“Энэ асуудлыг компанийн удирдах ажилтнууд мэдэх байх. Би энэ асуудлыг шийдэх эрх байхгүй. Би энэ зээлийг аваагүй болохоор би уучлалт гуйхгүй. Энэ компанийг би үүсгэн байгуулсан нь үнэн. Гэхдээ би үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Би энэ зээлийг өөрөө аваагүй, нөлөөлөөгүй болохоор уучлалт гуйх шаардлагагүй гэж үзэж байна” хэмээсэн Г.Солтан гишүүнийг мэдээлэлд ойр байдлаа ашиглан ЖДҮ сангаас зээл авсан асуудлаар прокурорын байгууллагаас яллагдагчаар татаж шалгах хүсэлтээ УИХ-д өргөн барьсан байдаг.
БАРИМТ 17
Улсын ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах хүсэлт хүргүүлсний дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдахаар товлосон Г.Солтан гишүүн ирээгүй гэх үндэслэлээр хойшилж байв. Улмаар Г.Солтан гишүүн ирснээр Дэд хороо хуралдаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргасан юм.
БАРИМТ 18
Г.Солтан нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах хүсэлтийг УИХ-аар хэлэлцэх үеэр Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан “Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой юм. Хаана байгаа юм бэ, тэр шударга ёс чинь. Хууль ёсыг дээдлэх ёстой гэсэн зарчимтай Их хурал чинь яагаад энэ хүмүүсийг журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм” хэмээн бухимдаж байв.
БАРИМТ 19
Мөн “Түдгэлзүүлэхгүйгээр шалгах жирийн иргэн хоёр чинь шал өөр шүү дээ. Сангийн эрхлэгч жирийн иргэн өнөөдөр цагдан хоригдчихсон байж байна. Шийдвэр гаргасан Их хурлын гишүүн нь болохоор энд сууж байна. Энэ хүний шийдвэрээр үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь цагдан хоригдоод явж байна. Энэ чинь шударга ёс юм уу. Энэ шударга ёсыг тогтоохын төлөө л би оруулж ирж байна” гэж байлаа.
БАРИМТ 20
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханыг Г.Солтан гишүүний оролцоотойгоор огцруулах тухай яриа гарахад тэрбээр “Яалаа гэж би А.Гылымханыг огцруулах юм бэ. Бид хоёр чинь нэг намын гишүүд. Тэгээд ч манай нам ялалт байгуулснаар А.Гылымхан Засаг дарга болсон. Би намын даргын хувиар түүнийг Засаг дарга болгосон гэж ойлгож болно. Тийм байтал би өөрийнхөө хүнийг огцруулах гээд явах уу. Би тэр хүн ганцхан л шаардлага тавьдаг. Хамаатан садангаа битгий ажилд аваад бай гэж. “Чиний ажилд авсан хүмүүс чинь чадварлаг, мэргэжлийн, хүний төлөө ажилладаг хүн байх ёстой. Тэр цэцэрлэг, эмнэлэг, сургуулийн манаач, үйлчлэгч, тогооч гэх мэтийн хүмүүсээ ажилд авах эрхийг нь захиралд нь өг. Өөрийнхөө хүмүүсийг ажилд оруулахын тулд битгий гарын үсгээ өгөөд бай” л гэж хэлсэн. Мэдээж үнэхээр мэдлэг, чадвартай, ажил сайн хийдэг хүн байвал тэр даргын хамаатан садан байх нь хамаагүй шүү дээ” гэсэн тайлбарыг өгч байв.
БАРИМТ 21
Мөн тэрбээр “Баян-Өлгий аймгийг би байтугай Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч самарч чадахгүй. Яагаад гэвэл, Засаг даргын ажлыг ард түмэн дүгнэдэг юм. Ард түмнээс сонгогдсон Иргэдийн хурал гэж бий. Тэд Засаг даргаа байлгах уу, байлгахгүй юу гэдгээ шийддэг болохоос биш мань мэт нь дүн тавьж, огцруулдаг эрх мэдэлтэй хүмүүс биш. Яах вэ, би намын даргын хувьд А.Гылымханд “Хамаатан садангаа ажилд оруулдагаа болиорой нөхөр минь. Наад асуудал чинь хэрээс хэтэрч байна шүү” гэж ярьсан удаа бий. Гэхдээ тогоон дотроо л ярьж, шаардлага тавьснаас биш өөр намын нөхдүүдтэй нийлээд олон долоон юм ярьж явсан удаагүй. Чи бодоод үз дээ. Би энд байгаа хүн долоохон хоногийн дотор баахан хүн цуглуулаад хаа холын Баян-Өлгийд очоод “самарч” чадах уу. Би л хувьдаа тэгэж чадахгүй” гэж байжээ.
БАРИМТ 22
“Хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүнд маш чухал нэг хариуцлага байдаг. Тэр нь ажилгүйдлийг бууруулах. Миний хувьд энэ ажлыг хангалттай хийж чадахгүй байна. Яагаад гэвэл бид ямар эдийн засагтай төрийг хүлээж авлаа. Мэдээж ажилгүй хүмүүсийг ажилтай болгохын тулд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Тэднийг дэмжихийн тулд наад зах нь татварын хөнгөлөлт үзүүлэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох хэрэгтэй. Ийм нөхцөл өнөөдөр манайд бүрдэж чадахгүй байна” хэмээн ярьж байсан Г.Солтан гишүүн ийнхүү албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа ашиглан ЖДҮ-ээс бага хүүтэй зээл авч, эцэст нь хуулийн байгууллагын хаалга татсан гэсэн тодотголтойгоор бүрэн эрхээ дуусгах гэж байна.
БАРИМТ 23
Нэгэнтээ Баян-Өлгий аймагт казах иргэд газар усны нэрийг өөрчилж байгаа тухай зарим мэдээллийн хэрэгслээр гарахад УИХ-ын гишүүн Г.Солтан “Газар нутгийн нэрийг өөрчилнө гэдэг чинь нэг хүний хийх ажил биш. Нэг аймгийн Засаг дарга захирамж гаргаад ч гаргах юм биш. Газрын нэрийг өөрчлөхийн тулд УИХ-аар батлагдсан захирамж гарах ёстой. Хэрэв газар нутгийн нэр өөрчлөгдсөн бол УИХ-д асуудал тавиад эндээс шийдэгдсэн юм байж магадгүй. Тэгж шийдэгдсэн зүйлийг би санахгүй байна. Бид чинь нүүдэлчин ард түмэн шүү дээ. Нүүдэлчин ард түмэн өөрсдийнхөө нүүж явж байгаа үед хялбарчлаад “Хэн гуайн өвөлжөө”, “Тэр гуайн хаваржаа” гэдэг. Аягүй бол сайн хурдан морь үхсэн бол “Тэрний морь нь осолдсон газар” гээд нэрлэж байж ч магадгүй” гэж байв.
БАРИМТ 24
УИХ-ын ээлжит сонгуульд Г.Солтан гишүүн дахин нэр дэвших эсэх нь одоохондоо тодорхойгүй байна. Гэхдээ мэдээлэлд ойр байдлаа ашиглаж ЖДҮ-ээс бага хүүтэй зээл авсан, хуулийн байгууллагын овоо хараанд орсон яваа нь түүнийг дахин нэр дэвшсэн тохиолдолд хасах оноо болж буух нь тодорхой.
Сэтгэгдэл (4)