БАРИМТ 1
Ё.Баатарбилэг нь Цэцэрлэг хотын хоёрдугаар дунд сургуулийг 1993 онд төгссөн. 2002 онд МУИС-ийн Нийгмийн факультетыг түүхч археологич-антропологич мэргэжлээр төгсжээ. Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг магистр.
БАРИМТ 2
Түүний улс төрд орсон цаг хугацаа нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үетэй холбогддог. Учир нь, Ё.Баатарбилэг 2002-2009 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, ахлах референт, Ерөнхийлөгчийн Шадар туслахаар ажиллажээ. Харин 2009-2010 онд Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайн зөвлөхөөр ажиллажээ.
БАРИМТ 3
Ерөнхийлөгчийн Шадар туслах, Засгийн газрын гишүүний зөвлөхийн албатай явсан тэрбээр 2010-2012 онд Архангай аймгийн Засаг даргаар ажилласан туршлагатай. Түүнийг Засаг даргаар ажиллах үед Орхон голыг бохирдуулсан компанийн захирлуудаас хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас саатуулж шалгасан байдаг. Улмаар Ё.Баатарбилэгийг прокукороос шалгах шаардлагагүй гэж үзсэнээр хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.
БАРИМТ 4
Сонгуулийн хоёрдугаар тойрогт Н.Батбаяр, Б.Ганцэцэг, Б.Мөнхзул, Б.Мэндсайхан нартай өрсөлдөж сонгогдсон. Түүнтэй өрсөлдсөн хүмүүсээс Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр тодорч байсан ч сонгогчид Ё.Баатарбилэгт итгэл хүлээлгэсэн нь энэ байв.
БАРИМТ 5
Ё.Баатарбилэгийн хувьд чуулган, Байнгын хорооны хуралдааныг нэг удаа таслалгүй оролцсон цөөн гишүүний нэг. Тэрбээр УИХ-ын хуралдаанд нэг ч таслалт, хоцролтгүй ганцхан гишүүнээр тодорч байсан удаатай.
БАРИМТ 6
Танхимынхаа эсрэг ажилласан гэсэн үндэслэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд Ц.Цогзолмаад хариуцлага тооцох албан бичгийг УИХ-д хүргүүлэх үеэр орных хүнийг томилох шаардлага МАН-д үүссэн. Улмаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ё.Баатарбилэгийн нэрийг дэвшүүлснийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар томилсон билээ.
БАРИМТ 7
Ажлаа хүлээж авсныхаа дараа тэрбээр Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулах тухай тушаал гаргасан байдаг. Тушаалын хүрээнд аймаг, нийслэлийн боловсрол, соёл урлагийн газрын дарга нарт бага ангийн хүүхдийг эрэмбэлэж, ялгаа үүсгэсэн, суралцах хүсэл эрмэлзлийг бууруулсан, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан янз бүрийн уралдаан тэмцээн, олимпиад зохион байгуулахгүй байхыг чиглэл болгосон юм.
БАРИМТ 8
Тушаал гаргах болсон шалтгаанаа “Бага ангийн хүүхдүүдийг уралдаан тэмцээнд өрсөлдүүлдэг жишиг өндөр хөгжилтэй орнуудад байдаггүй. Энэ нь хүүхдийг стресстүүлж, ялгаварлал үүсгэдэг. Янз бүрийн одон медаль зүүлгэж, хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлж байна. Зарим хүүхэд амжилтгүй оролцож, сэтгэлээр унаж, өөртөө итгэх итгэл нь буурдаг. Тиймээс үүнийг зохион байгуулахыг хориглож байна” хэмээн тайлбарласан байдаг.
БАРИМТ 9
Түүнийг ажлаа авснаас хойшхи хугацаанд Засгийн газраас дэвшүүлсэн “Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэх”, “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтын хүрээнд салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг эрчимжүүлж ажилласнаар сүүлийн 10 жилийн хамгийн их бүтээн байгуулалтыг 2019 онд хийжээ. Тухайлбал, 76 цэцэрлэг, 46 сургуулийг ашиглалтад оруулснаар цэцэрлэгийн ор 10, ЕБС-ийн суудал нэг ээлжиндээ 17 мянга болж нэмэгджээ.
БАРИМТ 10
Мөн “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр зэрэг шинэ барилгын санхүүжилт 2020 оны улсын төсөвт суусан нь соёлын салбарын хувьд түүхэн бүтээн байгуулалтын эхлэл гэдгийг энэ салбарынхан онцлох болсон.
БАРИМТ 11
Сайд Ё.Баатарбилэг харьяа байгууллагуудын удирдлагатай салбар бүрээр нь уулзаж, санал сонсох ажил хэрэгч уулзалт өрнүүлсэн. Энэ хүрээнд соёл урлагийн байгууллагын захирлуудыг хүлээн авах үеэрээ “Чойжин ламын сүм музейн газрын асуудал яригдаж байна. БСШУС-ын салбарын байгууллагууд газраасаа нэг метрийг ч алдах ёсгүй. Байгууллагууд газрынхаа баталгаажуулалтыг сайн хийгээгүйгээс ийм асуудал гардаг. Хэрэв арилжсан, ашиг хонжоо харсан нөхдийн халдлага явуулгад өртөх зэргээр газраасаа алдсан асуудал гарах юм бол газартайгаа цуг салбараасаа яваарай. Үүнийг ажил хариуцсан хүмүүст онцгой анхааруулж байна” гэж байв. Мөн соёл урлагийн салбарын захирлуудын олонх нь 10-аас дээш жил ажилласан туршлагатай ч шийдэж болох асуудлыг шийдвэрлээгүйд шүүмжлэлтай хандаж байсан билээ.
БАРИМТ 12
2019 оны аравдугаар сард сайд Ё.Баатарбилэгийн тушаал гарч, сургалтын төвүүдөд шалгалт оруулахад олон тооны зөрчил илэрсэн байдаг. Жишээ нь, их, дээд сургууль, институт нэртэй боловч улсын бүртгэлийн газраас сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах төрийн бус байгууллагын зөвшөөрөл авсан нь илэрсэн юм. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын газар, бүртгэлийн байгууллаас албан бичиг хүргүүлж, сургалтын төвүүдтэй холбоотой асуудлыг цэгцэлж эхэлсэн билээ.
БАРИМТ 13
Багш нарт илүү цагийн нэмэлт хөлсийг олгох тухай тогтоолыг Засгийн газраас баталсан. Багш нарын нэмэлт хөлсийг 2019 оны улсын төсөвт суулгасан боловч 2018 оны Засгийн газрын 82 дугаар тогтоолд тодорхой зохицуулалт, агуулга орхигдсоноос болж, ялангуяа цэцэрлэгийн багшийн илүү цагийн хөлс олгох боломж хууль, эрх зүйн хүрээнд хаагдаад байсан юм. Үүнийг залруулж зассанаар багш нар долоо хоногт дунджаар 40 орчим цаг ажилласан нэмэгдэл хөлсөө авах боломжтой болжээ.
БАРИМТ 14
Ё.Баатарбилэг сайдын хувьд Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Засгийн газраас баталсан журамд зааснаар дотоодын их, дээд сургуульд зээлээр суралцан төгссөн иргэний ажилласан жилийг харгалзан 2004, 2008 онд зээлээс чөлөөлж байжээ. Гэвч одоогийн байдлаар 14413 иргэний дээд боловсролын диплом 16.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд Боловсролын зээлийн санд хадгалагджээ.
БАРИМТ 15
Энэ талаар сайд Ё.Баатарбилэг Энэ талаар сайд Ё.Баатарбилэг “Үүнийг ЖДҮ-ийн зээл гэдэг шиг бусад зээлтэй холих аргагүй. Үеийн үед Боловсролын зээлийн сангаас зээл авч сургуулиа амжилттай төгсөөд Монголынхоо өнцөг булан бүрт ажиллаж, хөдөлмөрлөөд явж байгаа олон мянган залуус бий. Сүүлийн жилүүүдэд жилд 10 мянга гаруй оюутан Сургалтын зээлийн сангаас сургалтын төлбөрийнхөө асуудлыг шийдүүлсэн. Энэ жил гэхэд дахин 10 мянган оюутны асуудал яригдаж байна. Энэ л оюутнуудын асуудал шүү дээ. Одоо 2008-2016 оны оюутнуудын асуудал яригдаж байна. Тэдэнд төр хуулиараа дипломыг нь олгох ёстой юм. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй оюутнуудыг зээлийг нь төлүүлэх асуудлыг тусад нь ярина” гэжээ.
БАРИМТ 16
Мөн тэрбээр “Өндөр хөгжилтэй орнуудад Төрийн сангийн зээлээр суралцдаг асуудал 1990-ээд оноос эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 1800 орчим хүн зээлийн санд хамрагдаж тэргүүлэх чиглэлээр суралцаж төгссөн байна. Яг л үүнтэй адил гэрээтэй. Төгсөөд эх орондоо ажиллах ёстой. Тэгж байж гэрээний өр биелэгдсэнд тооцогдоно. Одоогоор улсын хэмжээнд 160-170 хүний л асуудал байна. Зээлээ эргэн төлөөгүй буюу хаяг нь тодорхойгүй, гэрээний үүрэг биелүүлээгүй асуудал яригдсан. Яамнаас чиглэл өгсний дагуу Боловсролын зээлийн сан хамт батлан даасан хүмүүстэй нь холбогдож зээлийг эргэн төлүүлэх процесс явагдаж байгаа” хэмээн ярьсан байдаг.
БАРИМТ 17
Ардын хувьсгалын 100 жилийн ой болж байгаатай холбоотойгоор Драмын театр, Дуурийн театр, Төв номын сангийн барилгыг засварлахаар болсон. Гэвч засварлах нэрийдлээр барилгыг нурааж, газар дээр нь өндөр барилга барих тухай хардлага нийгэмд үүсээд байсан юм. Мөн түүх соёлын дурсгалт газар руугаа халдсан буруу шийдвэр гэж шүүмжлэх хүн олон байв.
БАРИМТ 18
Харин Ё.Баатарбилэг сайд үүнийг үгүйсгэж “Соёлын өв болсон барилгуудыг нураах гэж байгаа мэтээр улстөржүүлж байна. 2019 оны аравдугаар сарын 8-нд миний өгсөн байр суурь, яамны шийдвэр хэвээр. Сонгууль дөхөж байгаа энэ үед янз бүрийн мэдээлэл гарч байна. Энэ онд соёлын салбарт маш олон хөрөнгө оруулалт хийхээр байсан ч газрыг нь авах гэж байна гэх мэт мэдээлэл гараад, Засгийн газрын ажлыг хийлгэхгүй байна. Гурван байгууллага тус бүрт шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Барилгын засвараас гадна хэрэгцээт зүйлсийг асууж тодруулна. Ямар ч байсан 2021 он гэхэд эдгээр гурван барилгыг засаж, сайжруулна” хэмээн мэдэгдсэн билээ.
БАРИМТ 19
Тэрбээр сайд болсныхоо дараа сургалтын цөм хөтөлбөрийг шинэчлэх ажлыг хийсэн. Холбогдох албаныхны хийсэн судалгаагаар сургалтын хөтөлбөрт шинэлчлэл хийснээр чанар улам сайжирчээ. Тодруулбал, бага ангийн сургалтын 30 гаруй хувийн агуулгын давхцалыг арилгасан байна. Мөн дунд, ахлах ангид 8-9 хувийн давхцалыг арилгалжээ. Давхцалыг арилгах тусам төдий чинээ ачаалал буурсан гэсэн үг.
БАРИМТ 20
Энэ талаар “Ер нь манай ЕБС-ийн хүүхдүүд хэрэгтэй, хэрэггүй маш их хичээл орж байна. Яваандаа хичээлээ сонгон суралцдаг чиглэл рүүгээ орохгүй бол хүүхдийн тархийг хогийн сав шиг л болгох нь. Нийгэм асар хурдацтай өөрчлөгдөж, хүмүүсийн сэтгэлгээ хөгжиж байхад аль эртний хөтөлбөрөөрөө яваад байж болохгүй. Тиймээс засаж сайжруулах шаардлагатай. Цаг үедээ зохицуулж сургалтын хөтөлбөрөө шинэчилж явахгүй бол нэг хөтөлбөрөөрөө 5-10 жил заадаг үе ард хоцорсон”гэдгийг тэрбээр тухайн үед онцолсон байдаг.
БАРИМТ 21
Салбарын яамнаас Азийн хөгжлийн банктай хийсэн гэрээ, хэлэлцээрийн хүрээнд найман тэрбум төгрөгийн сурах бичгийн санхүүжилтийг шийджээ. Ингэснээр 1-5 дугаар ангийн төрөөс үнэгүй олгогддог сурах бичгийн хэвлэлтэд оруулсан байдаг. Мөн дунд, ахлах ангийн эмзэг бүлгийн хүүхдүүдийн сурах бичгийг хэвлэлтэд оруулж, холбогдох газарт нь хүргүүлсэн байна. 2019 оны хувьд жил сурах бичгүүд “Арслантай гүүр” орчмоор зарагдаагүй. Энэ нь сурах бичгийг сургуулиудад түрээсийн журмаар олгосонтой холбоотой аж.
БАРИМТ 22
Монгол Улсын шигшээ багийн холбон тоглогч, шилдэг залуу тамирчин агсан О.Дөлгөөн АНУ-ын Сан Франциско хотын Их сургуулийн эмнэлэгт элэгний архаг дутмагшил гэсэн оноштойгоор өнгөрсөн жил хэвтэн эмчлүүлж байсан билээ. Үүнтэй холбогдуулж, монголчууд гараа сунгаж байгаа хандивын аян өрнүүлсэн байдаг. Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хамт олон болон Ё.Баатарбилэг сайд NBA буюу Америкийн сагсан бөмбөгийн холбоонд хандаж хүсэлт илгээж байсан удаатай.
БАРИМТ 23
Түүнийг сайд болсноос хойш сураг бичиг, багш нарын цалин хангамж, сургалтын орчинтой холбоотой хэд хэдэн эерэг шийдвэр гарч эхэлсэн тухай боловсролын салбарынхан ярьдаг. Үнэхээр ч сайд Ё.Баатарбилэг Цөм хөтөлбөрт шинэчлэл хийж, сурах бичиг тойрсон бизнесийг цэгцлэхээр ажиллах болсныг түүний гаргасан шийдвэр, тушаалаас харж болно.
БАРИМТ 24
Ё.Баатарбилэг нь УИХ-ын ээлжит сонгуулиар дахин нэр дэвших сонирхолтой хүмүүсийн тоонд албан ёсоор багтаж байна. Түүний хувьд сайд болсноосоо хойш эрхэлсэн салбартаа хийж хэрэгжүүлж байгаа ажил нь түрүүчээсээ үр дүнгээ өгч байгаа нь нэмэх оноо болж буух магадлал нь өндөр.
Сэтгэгдэл (15)