Эдийн засагчид хамтран “Монгол дархлаа” кампанит ажил зохион явуулж эхэлжээ. Уг ажил нь залууст улстөрийн талаар мэдлэг мэдээлэл түгээх болон тэдний улстөрийн оролцоог нэмэгдүүлэх, уриалан дуудах зорилготой юм. Эдийн засагчдаас өнөөгийн нийгэмд гүн гүнзгий нүүрэлсэн гурван тахал болон цаашид хийх ёстой гурван зүйлийг онцоллоо. Энэ талаар болон бусад асуудлаар эдийн засагч Р.Шинэгэрэлтэй ярилцсанаа хүргэе.
-Эдийн засагчдын зүгээс төсвийн орлого жил бүр өсөж байгаагаас биш иргэдийн амьдрал сайжирсан зүйл байхгүй талаар асуудал хөндөж, “Монгол дархлаа” кампанит ажил явуулж эхэллээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Монгол Улсад төр засгаа дөрвөн жилээр сонгодог. Судалгаагаар сонгуулийн санал хураалтад залуусын оролцоо маш бага байдаг. Бид ихэвчлэн ахмадуудынхаа сонголтоор төр засгаа байгуулж ирлээ. Сүүлийн 30 жилийг дүгнээд үзэхэд бид гурван төрлин өвчин эмгэгтэй болсон байна. Үүний нэг нь авлига. Уг нь авлигатай дайн зарлаагүй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхгүй.
Гэтэл улстөрийн авлига, албан тушаалтай холбоотой нэг ч том хэрэг шийдэгдээгүй гэхэд худлаа хэлсэн болохгүй байх. Улсад болон иргэн, аж ахуйн нэгжид учруулсан хохирлоо төлж байсан тохиолдол ч байхгүй.
Өөрөөр хэлбэл, манай улс авлига гэдэг зүйлээр хүнд өвчилсөн. Хоёрдугаарт, иргэд хөдөлмөрлөөд, зүтгээд л байдаг. Гэтэл хүчтэй шуурга дайрахад ихэнх нь нэн ядуугийн эгнээнд ороход бэлэн байна. Үүнтэй холбоотой олон судалгаа, тоо баримт бий. Тухайлбал, 2001 оны төсөв 19 тэрбум төгрөгөөр батлагдаж байсан бол 2020 оны төсөв 10.9 их наяд төгрөгөөр батлагдсан. Үүнээс харахад 20 жилийн хугацаанд төсвийн нийт зардал 560 дахин өссөн. Гэтэл айл өрхийн дундаж орлого ердөө 10 дахин л өссөн байна. Жилийн дундаж орлого нь 12 сая төгрөг. Үүнд Монголын нийт өрхийн 70 хувь нь хүрч чаддаггүй. Тэгвэл төсвийн энэ өсөлт хаашаа явсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Улстөрчид нь бизнесмен болчихсон. Эрх мэдэлд хүрээд баялгийг өөрсдөдөө авдаг байдал газар авчээ.
Гуравдугаарт, иргэд нь ядуу байгаа учраас тэднийг хөгжүүлж, чадвартай болгохыг хүсэхгүй байна. Иргэдийн тархийг угаасан мэдээлэл явуулдаг. Үнэгүй эд бараа тараах нэрээр сонгогчдын саналыг худалдаж авдаг, хоосон популизм хийдэг жишигтэй болоод удаж байна. Эдгээрийг хэрхэн эмчлэх вэ. Үүний эсрэг залуус ямар дархлаатай байх ёстой талаар эдийн засагчид хамтран ажиллаж байна.
-Улсын төсвийг барилга байшин барих зэргээр өгөөжгүй зүйлд зарцуулдаг талаар эдийн засагчид болон зарим улстөрчид шүүмжлэлтэй ханддаг. Таны хувьд үүнтэй санал нэг байна гэж ойлголоо?
-2020 оны улсын төсвийг сонгууль угтсан хөрөнгө оруулалт ихтэй гэх шүүмжлэл их гарсан Энэ үнэн. 2019 оны төсвийн хувьд хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь ямар ч ТЭЗҮ-гүй, тухайн салбарын урт болон дунд хугацааны бодлогод нийцээгүй шинэ хөрөнгө оруулалт батлагдсан.
-Концесс, тендер, сангуудад хуруугаа дүрсэн гишүүдийн тухай их яригддаг ч нэгнийх нь ч хэргийг шүүхээр шийдвэрлэж чадсангүй. Тэгвэл үүнтэй холбоотой нэгтгэсэн тоон мэдээлэл бий юү?
-Энэ талаар нэгдсэн судалгаа гараагүй байна. Засгийн газрын тусгай 29 сан ажиллаж байна. Эдгээр санд үндэслэл тооцоогүй, хэн нэгэн улстөрч эсвэл салбарын сайд нь тухайн салбарынхаа эрдэмтэн мэргэд, үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг маш их санхүүжүүлдэг юм байна лээ. Энэ нь иргэний нийгмийн дуу хоолойг барих гэсэн оролдлого болов уу. Эргээд эрх мэдлээрээ дамжуулж хэсэг бүлэг хүн баялгийн эзэн болж, бизнес эрхэлж байна. Уг нь бизнес эрхлэгчид бизнесээ, улстөрчид нь улс төрөө хийдэг ийм л улс хөгждөг. Гэтэл манай улсад улстөрчид нь бизнес хийж байна. Тиймээс сонгогчдын боловсролыг сайжруулах, залуучуудын улс төрийн мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна одоо өөрөөр ажиллая гэдэг санааг залууст өгөх зорилготой компанит ажил юм. Энэ хүрээнд дархлаатай болох гурван зүйлийн нэг нь хариуцлага. Хариуцлагыг бодлогын түвшинд, байгууллага, төрийн түвшинд яаж сайжруулах вэ. Хэн нэгэн хүнээс заавар зөвлөгөө авах биш бодит ажил болгоход бүх нийтээрээ зүтгэхээс өөр арга бидэнд байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хоёрдугаарт, бүх ажлыг бүтээмжтэй болгох хэрэгтэй. Өнөөдөр Iphone гар утас 2000 ам.долларын үнэтэй байхад манай улсын экспортын гол бараа бүтээгдэхүүн болох нэг ачааны нүүрсний вагон 2000 ам.доллар хүрч чадаж байна уу. Энэ бол бүтээмжтэй холбоотой. Энэ ялгааг арилгахын тулд бүтээмжтэй улс, үндэстэн болцгооё. Гуравдугаарт, бид мэдлэгтэй болохгүй бол популизмыг даван туулахад хэцүү болж. Тиймээс мэдлэгийг шүтсэн, эх сурвалжтай мэдээ мэдээллийг авч үздэг болж байж популизмаас гарах юм. Гаднын маш олон эрдэмтдийн судалгаанд авлига, популизмд автагдсан улс мөхөл рүүгээ явдаг гэж тэмдэглэсэн байдаг. Тиймээс хүн бүр хариуцлагыг нэхэж, бүтээмжтэй ажиллаж, мэдлэгийг шүтэх хэрэгтэй байгаа юм. Бид урагшаа явмаар байна. 30 жил боломжоо бусдад алдлаа шүү дээ. Залуус шинэ зүйл, шийдэл, бодлого хөтөлбөрийг хүсч байна.
-Дэлхий нийтэд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нүүрсний экспорт хэсэг хугацаанд тасалдлаа. Улмаар манай улс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 гаруй тэрбумын бага орлого хүлээсэн талаар Сангийн сайд мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан төсөвт тодотгол оруулах ёстой гэсэн асуудал хөндөгдөж байна. Үнэхээр төсөвт тодотгол оруулах хэмжээний нөхцөл байдал үүссэн үү. Та судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ?
-Дэлхий нийтэд тархаад байгаа халдварт өвчний улмаас нэг өдрийн өмнө бодож байсан бодол маргааш нь өөрчлөгдөх хэмжээний хурдтай өөрчлөгдөж байна. Судлаачдын хэлж байсан таамаг долоо хоногийн дараа бүхлээрээ өөрчлөгдөх магадлалтай байна. Өнөөдөр 66 улсад коронавирус илэрсэн байна гэдэг нь дэлхийн эдийн засагт том шок бий болох нөхцөл бүрдсэний гэрч. Хамгийн тайван байсан Европын орнууд хүртэл өчигдрөөс эхлэн олон нийтийн томоохон арга хэмжээгээ цуцалж эхэллээ. Тиймээс хүссэн хүсээгүй энэ нөхцөл байдлыг угтаж төсөвт тодотгол хийх шаардлагатай. Магадгүй онцын шаардлагагүй шинэ хөрөнгө оруулалт, үйл ажиллагаандаа зарцуулах гэж байгаа зардлыг танаж, нөхцөл байдалд эдийн засгийн хувьд бэлдэх хэрэгтэй.
-Хэрэв халдвар дарагдаж, манай улс халдвар гараагүй орон болж чадвал эдийн засаг бусад улстай харьцуулахад эрс сайжирна гэж улстөрчид хэлсэн. Ийм боломж бий юу?
-Манай улс нүүрс, зэсийн баяжмал гэсэн хоёр л бүтээгдэхүүнээр амьдардаг. Тийм байх ямар ч боломжгүй. Том хэмжээний экспорт байхгүй. Бидний өдөр тутмын бүх хэрэглээ импортынх шүү дээ. Өөдрөг таамаглал гаргахад эрт байна. Хамгийн үр дүнтэй алхам бол хэмнэлт хийх, нөөцөө хамгийн багаар ашиглах юм.
-Дэлхий нийтэд хөл хорио тогтоосон, хязгаарласан энэ үед цаашид олон хүндрэл бий болох нь. Тухайлбал, манай улс ирэх онуудаас томоохон гадаад өр дарах ёстой шүү дээ. Таны хувьд гадаад өрийг хэрхэн дарах боломжтой гэж харж байна вэ?
-Засгийн газрын гадаад өрийн асуудал манай улсын өмнө тулгамдсан гол хүндрэл болоод байна. Гэтэл эрх баригчид 2020 оны улсын нэгдсэн төсвийг батлахдаа хоёр их наяд төгрөгийн алдаатай баталсан. Өнөөдөр коронавирусний халдвар дэлхий нийтэд тархаагүй байлаа ч гадаад өрийг төлөхөд хүндрэлтэй л байсан шүү дээ. Өрийг өрөөр дарах эсвэл олон улсын байгууллагын хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх дээр төр засгаас тодорхой гаргасан шийдэл харагдахгүй байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)