БАРИМТ 1.
Ж.Сүхбаатар нь 1975 онд Дархан хотод төрсөн. Тэрбээр 1993 онд Дархан хотын 10 жилийн гуравдугаар сургууль, 1997 онд МУИС-ийн хуульч мэргэжлээр дүүргэжээ. Энэ талаараа “Би 1997 онд С.Төмөр гишүүний туслахаар ирээд, 1999 онд Намын Бүлэгт хуулийн зөвлөхөөр ажиллаж эхлэсэн. Залуу насны эрч хүчээр Намын бүлгийн ажил руу явж орсон. Ид тэмцлийн үе байлаа. Дунд нь ороод л зүтгэсэн дээ. Манай цөөнхийн Бүлгийн ажлын алба ердөө арван ажилтантай. Намын дарга, бүлгийн ахлагчаар Н.Энхбаяр ажиллаж байсан. Ц.Нямдорж дарга бүлгийн ахлагчийн орлогч байсан. Хатуу орлогч, яхир, дайчин. Энэ хоёр даргатай тэр хүнд үед ажиллаад их ч зүйлийг ойлгосон. Ялна гэсэн гэрэл гэгээ байхгүй юм шиг эхэндээ харагддаг байлаа. Хэсэг хугацааны дараа сонгууль ойртоод ирэхийн алдад намын үйл ажиллагаа илт сэргээд ирсэн. Эрх баригч хүчин ч алдаа дутагдал их гаргаж, элдэв ээдрээнд улам орооцолдоод ирсэн” хэмээн ярьжээ.
БАРИМТ 2.
Түүний аав С.Жамъянхорлоо Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул. Төв аймгийн Эрдэнэсант суманд өссөн хүн байжээ. Дарханы гүйцэтгэх захиргаанд анх мэргэжилтнээр ажиллаж байгаад Дархандаа нэхий эдлэлийн үйлдвэрт очиж ажилласан. Жудогийн спортын мастер, аймгийн арслан цолтой. Нөхөрсөг, олонтойгоо нийцтэй, хээгүй энгийн нэгэн монгол эр хүн байсан гэдэг.
БАРИМТ 3.
Харин ээж нь Архангай аймгийн Цэнхэр сумынх. Дарханы тээврийн удирдах газарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан нэгэн. Тиймдээ ч Ж.Сүхбаатарыг хүн Ар, Өврийн хангайн завсраас төрсөн хүн гэж найзууд нь ярьдаг аж.
БАРИМТ 4.
Ж.Сүхбаатар айлын том. Доороо дөрвөн эрэгтэй дүүтэй. Багадаа гэр орноо их цэвэрлэдэг ч хамгийн зовлонтой нь айлын том хүүхэд хонины мах эвдэж сур гээд ноцолдуулна. Сурсан юм нь гурил л сайн зуурч нухаж сурсан. Тэрийг манай аав яс хийлгэдэг. Хамаагүй их ус хийлгэж нойтон болгож болохгүй гэнэ. Би ч хөлсөө гартал ноцолддог. Тэгээд лапша хийдэг. Тэрэнд нь би бас дургүй ээ. Одоо харин сүүлийн хэдэн жилд лапшандаа орж байх шиг л байна гэсэн байдаг.
БАРИМТ 5.
Тэрбээр бага насаа шинэ Дарханы хуучин хороололд VI байшин гээд Хараа зочид буудлын хажууд өнгөрүүлжээ. Энэ тухайгаа “Дарханы маань ерөнхий зохион байгуулалт алдагдаагүй байгаа энэ хэв маягт хайртай. Ер нь хүн төрсөн газраасаа нэр дэвшиж ялах сайхан. Эцэг, эхийн нэрийг хичээж явахаас гадна, өөрийн нэрийг хичээх, наад зах нь өөрөө тодрох яахав, болж өгвөл олон ажил хийж амжуулах, төрсөн газраа өнгөтэй өөдтэй байх ёстой шүү гэсэн давхар сэтгэл зүйн асуудал байдаг юм билээ” хэмээжээ.
БАРИМТ 6.
Аав нь бөхөөр хичээллэдэг байсан болоод ч тэр үү, Ж.Сүхбаатар багаасаа спортод сонирхолтой нэгэн байжээ. Хажуугаар нь ном их уншина. Энэ үедээ дасгал нууцаар хийж эхэлсэн байна. Хичээлдээ сайн байхын хажуугаар бас бие бялдрын хувьд мундаг бодсон учраас удалгүй хөнгөн атлетикаар явж, хотын аваргаас медаль авчээ. Наадмаар өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаанд Дархандаа хоёр ч удаа үзүүрлэж, нэг удаагийнхад нь аавтайгаа хамт наадмын талбайд зодоглож, үзүүрлэжээ. Шагналд нь гүрж ногоон цай, цайны халуун сав, 15 төгрөг авахад аав нь бас шагнал авч таарсан гэдэг. Мөн чөлөөт бөх рүү ороод хотын аварга болжээ. Уг нь Ж.Сүхбаатар жудод илүү авъяас байсан ч чөлөөтөд илүү дуртай байжээ.
БАРИМТ 7.
Тэрбээр чөлөөтийн аварга болчихоод төгсөх аравдугаар ангидаа жудод орох шийдвэр гаргажээ. Гэвч конкурст бэлтгэж шалгалт өгтөл эрх зүйн ангид суралцах эрх авч. Аз болоход улсын хэмжээнд таван хүүхдийг л хуулийн ангид улсын тэтгэлэгтэйгээр авсны нэг нь Ж.Сүхбаатар байв. Энэ тухайгаа хожим хойно мэдсэн гэдэг.
БАРИМТ 8.
Өндөр оноо авч сургалтын төлбөрөөс аав, ээжийгөө чөлөөлж, тэднийхээ итгэлийг алдаагүй тэрбээр нэгдүгээр курсээсээ МУИС-ийн оюутны нэгдүгээр байранд цөөнгүй жил амьдарчээ. Ингэж явсаар хэд хэдэн дотуур байраар дамжсан байна. Улмаар төгсдөг жилээ МУИС-д хуулийн багшаар үлджээ. Тухайн үед багш нар нь Ж.Сүхбаатарыг МУИС-ийн захиргааны эрх зүйн танхимд үлдээх гэж байхад С.Төмөр “Улаанбаатар эрдэм” сургууль руу багшаар, бас гишүүнийхээ туслахаараа ажилла хэмээгээд урвуулан авчээ. Ингэж явсаар Ж.Сүхбаатар УИХ дахь Намын Бүлэгт хуулийн зөвлөх, 2001 онд УИХ-аас Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар томилогдож байжээ.
БАРИМТ 9.
26-тай залууг Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн даргаар таван жилийн хугацаатайгаар томилоход тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Төмөр Л.Энэбиш даргад Ж.Сүхбаатарын анкетийг өгч байжээ. Тэгэхэд “Ийм зузаан анкетнуудаас сонголоо шүү” гээд зузаан анкет руу заагаад “Чамайг би бас боломжийн хүн гэж бодлоо. Бүлгийн ахлагчаас чинь ч асуулаа. Ажлаа давгүй хийдэг гэж байна” хэмээн УИХ-ын дарга агсан Л.Энэбиш дарга хэлж байсан гэдэг. Л.Энэбиш даргад талархаж явдаг тухайгаа ч Ж.Сүхбаатар хожим дурссан удаатай.
БАРИМТ 10.
Ж.Сүхбаатарыг аливаа асуудалд нухацтай, зарчимч байдлаар ханддаг гэдгийг намын болон журмынх нь нөхдүүд ярьдаг. Байнгын хорооны дарга, МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа ч тухайн үед хэлэлцэж байсан асуудлуудад зарчмын хатуу байр суурь баримтлахаа илэрхийлж байв. Энэ талаараа “Надад нэг дутагдал бий. Би ажил алба хашиж байхдаа алба хаагчидтайгаа нэг их ам зөрдөггүй байсан. Дээшээгээ бол цөөн тохиолдолд сөрдөг. Тэр цөөн тохиолдол нь тэгээд их хүчтэй сонсогдчих юм. Зориуд тэгээд байдаг юм биш. Хамт ажиллахад зовлонтой хүн бол би биш. Өөрийгөө их уян хатан гэж амьхандаа боддог. Гэхдээ зарим хүнд тэгдэггүй юм шиг байгаа юм. Ямар ч гэсэн надад хулхидуулчихлаа, бусдыг ялгалаа, хов жив хутгачихлаа, ажлаа тасалдууллаа ч гэдэг юм уу, тийм юманд би өртөж байгаагүй. Гол боддог зарчим маань ажлын горим, машин л зөв хэвийн ажиллаж байх ёстой. Буруу эргүүлгүүдээс нь тухай бүр ангижруулж байх ёстой, байгаагаас нь илүү сайжруулах ёстой гэсэн л зарчим барьдаг” гэжээ.
БАРИМТ 11.
Түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга байхад АН, М.Энхсайхан тэргүүтэй хүмүүс сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн дайрч орж байв. Тухайн үед тэрбээр “Ийм байдлаа удаан үргэлжлүүлвэл, Сонгуулийн ерөнхий хороо ажиллах аргагүй болох нь байна шүү. СЕХ-ны ажиллах нөхцөлийг бүрдүүлэхгүй бол сонгуулийн үр дүн өөрөө асуудалд орно. Ажиллах боломж олго” хэмээн хэлж байжээ. Ингэж явсаар сонгуулийн маргаантай асуудлууд шүүхийн журмаар шийдэгджээ. Эдгээр нь СЕХ-ны эцсийн шийдвэрээр биш дандаа шүүхийн шийдвэрээр эцэслэгдсэн гэсэн үг. Харин Ж.Ядамсүрэн даргатай, Ж.Сүхбаатар гэдэг Нарийн бичгийн даргатай СЕХ Монголын төрийн хэвийн үйл ажиллагааг хадгалахын тулд зүтгэлийн үр дүнд Монголын төр тогтвортой байдал руу орж явж чадсан гэдэг.
БАРИМТ 12.
Ж.Сүхбаатар 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, улмаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болоход нь нам, засгийн зүгээс түүнд нэгэн үүрэг хүлээлгэсэн нь Сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох талаар. Эхэ тухай тэрбээр “Байнгын хорооны дарга болох үед УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл хүлээж аваад “За, Ж.Сүхбаатар аа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга боллоо. Залуу хүн, чиний цаашдын улс төрийн ирээдүй энэ Байнгын хорооны даргын ажлыг хийхээсээ илүүтэй энэ Байнгын хорооны өмнө зогсож байгаа хоёр том ажлыг яаж шийдвэрлэхээс шалтгаална шүү. Итгэл найдвар хүлээлгэж байна шүү. Нэг нь Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал. Нөгөө нь сонгууль. Энэ хоёр асуудал бол Монгол төрийн том асуудал. Хэцүү асуудал. Чи яалт ч байхгүй энэ ажилтай тулгарч байна. Сонгуулийн шинэчлэлийг урагшлуулах ёстой, ахиц гарах ёстой. Энэ хоёр асуудал дээр л чи өөрийгөө харуулна даа” гэж хэлэн захиж байжээ.
Баримт 13.
Улмаар УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталж, 2012 оны ээлжит УИХ-ын сонгуулийг анх удаа холимог системээр явуулсан байдаг. Мөн санал тоолох хар машиныг нэвтрүүлсэн билээ.
БАРИМТ 14.
Энэ талаар Ж.Сүхбаатар “Өмнөх парламент бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас гурав дөрөвхөн сарын өмнө орон нутгийн сонгуулийг, УИХ-ын сонгуультай хамт явуулна гээд хуульд өөрчлөлт оруулчихсан юм байна лээ. Орон даяар нөгөө аймаг, нийслэл, сум, дүүргийг бүгдийг хамтад нь хийхээр. Мэдээж энэ бол нүсэр ажил гэдэг нь ойлгомжтой. Дараагийнх нь юмыг харсан чинь автомат машинаар санал хураана гэдэг асуудал шийдчихсэн байсан. Төсвийн байнгын хороон дээр 2010 оны арванэгдүгээр сард манай Намын Бүлгийн ажлын хэсэг нөгөө Намын Бүлгийн ажлын хэсэг хоёр автомат машин, тоног төхөөрөмжийг худалдаж авах тухай асуудлыг хууль гараагүй байхад худалдан авч хэрэглэнэ гэсэн. УИХ-ын нэгдсэн хуралдаанаар төсөв батлах үеэр дотор нь оруулаад 24 тэрбум төгрөгийн асуудлыг шийдчихсэн. Тэр үед би үнэхээр мэдээгүй, Төсвийн байнгын хорооны гишүүн биш учраас зарим төсвийн заалтуудыг сайн мэдэхгүй байх явдал гардаг юм. Та минь ээ, Сонгуулийн хууль гараагүй байна, тусгай ийм хууль хэрэгтэй гэж би шаардаж худалдан авалтыг хэдэн сар хойшлуулсан. Сүүлдээ явсаар байгаад УИХ-ын удирдлага, Бүлгийн удирдлагаас Төсвийн байнгын хороон дээр Төсвийн хууль гараад, нэгэнт шийдэгдчихсэн худалдан авах ажиллагаа яригдаж байгаа энэ цаг үед хууль зүйн орчныг бүрдүүлэх ёстой” гэсэн гэж тайлбарладаг.
БАРИМТ 15.
Мөн “Байнгын хорооны даргын хувьд надад үүрэг өгсөн. Сонгуулийн шинэчлэлийн ажлын нэг хэсэг нь шүү дээ, энэ чинь. Цаана нь бүртгэл энэ тэр гээд маш олон шинэлэг зүйлүүдийг нэвтрүүлэхээр хүлээгдэж байсан. Нэлээн санаачилга гарган зүтгүүлж, эмэгтэйчүүдийн 20 хувийн квот гээд л олон шинэ зохицуулалт бусад нөхөдтэйгээ хамтран хийсэн нь үнэн, түүгээрээ бас бахархаж явдаг. Яах вэ, унасан хүнд шалтаг мундахгүй гэж манай зарим нэг хүн хар машины асуудлыг энэ нөхөр бараг дангаараа толгой мэдээд шийдсэн. Тэгж байж биднийг унагалаа гэдэг юм Бага хурал дээр ярьсан. Автомат машин дээр би хуулийг нь гаргуулах гэж санаачлагатай ажилласан нь үнэн боловч хэрэглэх, худалдаж авах тухай асуудлыг 2010 оны бүр арваннэгдүгээр сард намайг Байнгын хорооны дарга болохоос сарын өмнө Төсвийн байнгын хороон дээр манай хоёр намын нэр бүхий гишүүд яриад нэгдсэн хуралдаандаа санал хураагдчихсан байсан. Харин автомат машины хуулийг хэрэглэхдээ Сонгуулийн ерөнхий хороо хуульд тусгасан байсан хяналтын механизмыг зориуд журмаараа хасч том толгой гаргаж, сонгогчдын итгэлд сэв суулгах ажлыг хийсэн шүү. Надад хариулах, тайлбар өгөх боломж олдоогүй юм. Зарим нь ч намайг бараг “Ардчилсан намын тагнуул, захиалгаар ингэж ажилласан” гэж хэлсэн шүү дээ. Хоёр гурван нөхөр тэгээд ярьж явдаг юм билээ. Нэрийг нь хэлээд яахав. Тэр нөхдүүдэд миний талаар өөр өнцөгдүүлж өөлж ярих юм олддоггүй юм байлгүй” гэжээ.
БАРИМТ 16.
2012 оны сонгуульд МАН ялагдаж, сөрөг хүчний эгнээнд шилжсэний дараа Бага болон Их хурлаа хуралдуулж, Намын удирдлагаа сонгосон байдаг. Энэ үеэр Нарийн бичгийн даргын албатай явсан Ж.Сүхбаатар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн сунгаанд Ж.Мөнхбаттай өрсөлдсөн ч олонхийн дэмжлэг аваагүй. Хурлын дараа тэрбээр Ж.Сүхбаатар “МАН Т.Бадамжунай гэх мэт авлигачдаасаа салаагүй цагт цэвэршихгүй” гэсэн хатуухан үгийг дамжуулан мэдэгдэж байв. Удалгүй АНУ-ыг зорьж, хэсэг хугацаанд тэндээ амьдарсан билээ. Энэхүү шалтгаанаа тэрбээр “Намаас гарсан, орсон асуудал бол миний улс төрийн тэмцэлтэй холбоотой. Намын нэгэн гишүүний хувьд тухайн үеийн намын удирдлагаа эсэргүүцэж, тэдэнд хариуцлага тооцсон хэрэг. Уул шугамандаа ардчилсан орнуудад намын удирдлага нь муу байвал, муухай ялзарсан болбол, намын гишүүд нь олон мянгаараа гараад явчихдаг, орхидог нь шинэчлэх өөрчлөх дохио сануулга болдог. Тэгэхгүй муугийн үүр болсон ч пялдага царайлаад бүгээд суугаад байвал ялзраад л байна шүү дээ. Манайд нам нь тааруу байсан ч гишүүдийн тоо нь нэмэгдэнэ үү гэхээс буурдаггүй эрүүл бус орчин бий. Намаас салбал хоолны саваасаа сална гэсэн өчүүхэн ойлголт байж таарахгүй. Нам хуучин цаг шиг нэр төр, нандин чанар агуулсан, хадгалсан ариун сүм шиг байхаа больсон. Ийм болохоор тангараг өргөөд түүнээсээ ухарч няцах гэсэн асуудал энд яригддаггүй. Орчин цагт улс төрийн байгууллага, тэмцэл өрсөлдөөний, үзэл санааны талбар байх ёстой. Харамсалтай нь мафи маягийн бугшмал авилгач бүлэглэлийн сүлжээ болоод байна. Ийм үед үзлээ дагаж тэмцэх үү, удирдлагын том улстөрчийг дагах уу, хий хоосноор байгууллагадаа үнэнч гээд суугаад байх уу, эсхүл найз нөхөд, дэмжигчдэдээ хоргодоод хөдөлж чадахгүй үлбийгээд байх уу гэдэг сонголт тулгардаг” хэмээн ярьсан байдаг.
БАРИМТ 17.
МАН-ынхан сөрөг хүчин болсны дараа чуулганы нэгдсэн хуралдааныг бойкотлож “буйдантай жагсаал” зохион байгуулсан байдаг. Энэ үеэр Намын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар “Би ч гэсэн өөрийгөө, өөрсдийгөө шүүмжлэлтэй нүдээр харсан л даа. Ер нь бид чинь нэг тийм дарга, түшмэл стильтэй. Нэг талдаа энэ дүр төрхийг бас ойлгож болно л доо. Манай нам чинь төр барих школтой, ачаа үүрээд сурчихсан, хариуцлагаас зугтдаггүй нам. Төрийг удирдаж, улс эх орноо авч явдаг нам. Нөгөө нам маань сэлэм л эргүүлдэг, тэгээд засгийн эрхийн төлөө л үздэг, авахын төлөө л ажилладаг байнга сонгуулийн пиар хийдэг нам байсан. Ямар нэгэн аргаар манай намыг унагах ёстой гэсэн л хорсол дээр ажиллаж ирсэн, сэтгэл зүйн тийм гүн шаналгаатай л нам. Энэ хоёрын чинь хооронд тэмээ ямаа шиг ялгаа бий шүү дээ” хэмээн ярьж байжээ.
БАРИМТ 18.
Намын сонгуулийн штабт гар бие оролцож явсан тэрбээр “Сонгуулийн үеийн ялалт, ялагдал олон хүчин зүйлтэй холбоотой. Олон тайлбар хийж болно л доо. Гэхдээ нэг л үг байдаг юм. Ямар ч тохиолдолд ялалт бол хамтынх байдаг гэж. Ялагдал бол өөрийнх нь л буруугаас болдог. Гэвч сонгуульд дан ганц хувь хүний хүчин зүйл нөлөөлдөггүй. Улс төрийн тэмцэл, улс төрийн өрсөлдөөн явдаг. Олон хүчин зүйлс нөлөөлж сонгуулийн үр дүн тодордог. Гэсэн ч сонгуулийн энэ дүнгийн ялагдал яах аргагүй улс төрийн ялагдал болж хувирдаг. Ажил хэргийн замнал талаасаа ирж буй том цохилт учраас ялагдал. Харин хувь хүнийхээ хувьд бол өнгөрсөн он жилүүдээ эргэж харах, өөрийн алдаа оноогоо шинээр бодож эргэцүүлэх тийм нэг босч ирэх боломж юм. Тийм учраас миний хувьд ажлын уналт, сэтгэл санааны гудайлт биш гэдгийг ойлгосон” гэж хожим дурссан удаатай.
БАРИМТ 19.
Өдгөө Ж.Сүхбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарын Хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна. Түүнийг энэ албанд томилогдсоноос хойш парламент нэгэн түүхэн шийдвэр гаргасан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт. Гишүүн байх үедээ тэрбээр нэр бүхий гишүүдийн хамтаар Үндсэн хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж байсан ч улс төрийн дэмжлэг хомс, цаг хугацааны хэмжүүр нь хомс байсан гэдэг. Харин УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллах цаг үетэй нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг парламентаас баталсан хэрэг.
БАРИМТ 20.
Учир нь, 2008 оны парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшинд Үндсэн хуульд хэрхэн нэмэлт, өөрчлөлт оруулахыг журамласан хуулийн төсөл боловсруулах үүрэг очиж, Б.Чимид агсан тэргүүтэй эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан мэргэжлийн ажлын хэсгийг ажиллуулсан байдаг. Төсөл бэлэн болсны дараа хянаж үзэхэд Ө.Энхтүвшин, Ж.Сүхбаатар, Ч.Сайханбилэг нарын есөн гишүүний санаачилснаар УИХ 2010 оны намар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг анх удаа баталсан. Дараа нь Ж.Сүхбаатарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдсон үеэр 2011 оны нэгдүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсгийг 40 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг байгуулж байсан билээ.
БАРИМТ 21.
Ж.Сүхбаатарын хувьд МАН-аас гарсныхаа дараа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хэсэг хугацаанд ажилласан байдаг. Улмаар түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллахаар болсон нь зарим талаараа асуулт дагуулах болсон юм. Харин энэ тухайгаа тэрбээр “Миний хувьд МАН-ын доторх МАНАН сүлжээний эсрэг хүч хүрэхгүй болохоор үзлээ дагаад МАХН дахь МАНАН-гийн эсрэг хуучин журмын нөхөдтэйгээ нийлж тэмцсэн. МАХН ямартай ч сүлжээнээс гадуур байж завхралыг эсэргүүцэж, өөрсдийн дуу хоолойгоо нийгэмд хүргэж байсан. Очоод улс төрийн тэмцэл явуулж болох, миний хамгийн ойр холбогдож болох хүмүүс тэнд байсан. Хэцүү нөхцөлд очиж ажилласан, хамтарсан. Зарим тохиолдолд санаа бодол нийлэхгүй байх явдал ч байсныг үгүйсгэхгүй. Юутай ч уг намд том зорилгоо бодоод үүргээ гүйцэтгэсэн. Миний хувьд 2019 оны зургадугаар сард МАХН-аас гарсан. МАН шинэчлэгдэж өөрчлөгдөж гэмээ нь улс төрийн намууд хөгжиж, төр бэхжинэ гэж би үздэг хүн. Ойрын ирээдүйд МАН, МАХН улс төрийн цул хүч болно гэдэгт эргэлздэггүй. МАН-аас 2015 оны намар гарах өргөдөлдөө өнөөгийн МАНАН, 60 тэрбум гэх нөхдийн үйлдэл, арга барилыг дурдаад МАН-ыг шинэчлэхэд нөлөөлөх үүднээс гарч байгаагаа мэдэгдсэн. Цаг үе ч наашилж эерэг шинж тэмдэг гарч байна” хэмээн тайлбарласан удаатай.
БАРИМТ 22.
МАН-ын гишүүнчлэлээ буцааж сэргээсэн Ж.Сүхбаатар “Нам ялагдсан үед Г.Занданшатар дарга намын генсек, би намын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Бас дөрвөн жил УИХ-д хамт байсан бие биеэ мэдрэх, ойлгох хоёр л доо. Сэтгэлийн дуудлага байсныг ч хэлэх хэрэгтэй. Энд миний найз нөхөд, дэмжигчид гээд маш олон ойрын дотно хүмүүс минь байдаг. Энэ өөрөө онцлог ахуй орчин юм. Хүн хоорондын тусгай холбоос байх шиг. 20 жилийн өмнө намын бүлэгт би хуулийн зөвлөх, У.Хүрэлсүх дарга нийгмийн бодлогын зөвлөхөөр хамт ажиллаж байсан л даа.
БАРИМТ 23.
“Хэлсэндээ байдаг, хулхи хуурмаг зан түүнд байдаггүй нь амар байдаг. Зун таарчихаад “Чи Балт шиг сайхан зэсэрч байгаад ирлээ. Ер нь чиний яриад байсан зүйлүүд буруу биш, зөв байсан шүү дээ. Сайхан ажиллая, дэмжиж байна” гэсэн агуулгаар ярилцсан. Ингээд л эр хүний ёсоор уулзаад салсан. Эргээд харахад бид улс төрийн хувьд зарим асуудал дээр санал зөрөлдөх зүйлүүд байж. Би харьцангуй биеэ даасан хүн. Үүнээс болоод элдэв зүйлтэй л нүүр тулж үзэж явна.Цаг үе өөрчлөгдөж байна. МАН-д залуусын цөн эрчимтэй түрж байна. Хаа газар ажиллахдаа бусдад лай болж яваагүй, чадвал тус дэм болох, ядвал гай болохгүй байх нь миний зарчим.Үнэнийг хэлэхэд хоёр хоногийн өмнө Бүгд найрамдах улс тунхагласны өдөр МАН-ын дарга маань дуудаад намын батлахыг минь гардууллаа” гэжээ.
БАРИМТ 24.
Ж.Сүхбаатарын хувьд ирэх сонгуулиар МАН-аас нэр дэвших эсэх нь одоохондоо тодорхойгүй байна. Гэхдээ Сонгуулийн тухай болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхэд голлох нөлөөтэй оролцсон төдийгүй туршлагатай цөөн хуульчдын нэг гэдгээрээ намаасаа дахин дэвшихэд томоохон дэмжлэг үзүүлэх магадлал нь өндөр.