Баримт 1.
Дуламдоржийн Тогтохсүрэн. Цагдаагийн дээд сургууль, хуульч мэргэжлээр төгссөн.
Баримт 2.
Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын даргаар ажиллаж байсан тэрбээр 1996-2000 онд Өвөрхангай аймгийн МАН-нд хороонд улс төрийн ажилтан, дэд даргаар ажиллаж байжээ.
Баримт 3.
Түүний хувьд 2000-2008 онд Аймгийн ИТХ-ын даргаар ажилласан бол үргэлжлүүлэн 2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллажээ.
Баримт 4.
Аймгийн ИТХ, Засаг даргаар ажиллаж байсан туршлагаар нь Д.Тогтохсүрэнг Өвөрхангайнхан сайн таньдаг байж болох ч улс төрд тэрбээр шинэ хүн. Учир нь, түүний хувьд УИХ-ын гишүүнээр анх удаагаа сонгогдож, улмаар МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаа юм.
Баримт 5.
2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахад голлох нөлөөтэй оролцсон хүний нэг нь гишүүн Д.Тогтохсүрэн. Хууль батлагдсанаар танил тал ашиглаж, төрийн албанд ордог үзэгдэл эрс багасна. Албан хаагчдын ёс зүйтэй холбоотой асуудлыг нэгмөр болгоно хэмээн Д.Тогтохсүрэн гишүүн хэвлэлд хэдэнтээ ярилцлага өгсөн байдаг.
Баримт 6.
Гэвч Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж гарсан зарим хуулийн нэмэлт, өөрчлөлт улстөрчид төрийн албанд өөрсдийн гар хөл болсон, ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг томилох боломжийг нээсэн тухай эсэргүүцэл гарч эхэлсэн билээ.
Баримт 7.
Уг нь аливаа хуулийг батлахдаа санаачлагчид нь мэргэжлийн байгууллагынхнаас санал, дүгнэлтийг нь авдаг. Гэтэл Төрийн албаны тухай хууль батлуулсан, улс төрөөс ангид байх нөхцөлийг нь бүрдүүлсэн хэмээн ярьж эхэлсэн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тэргүүтэй 12 гишүүн АТГ-аас санал, дүгнэлтийг нь аваагүй гэдгийг холбогдох байгууллагынхан хэлж байлаа. Нөгөөтээгүүр, АТГ-ынхнаас асуувал өөрсдийнх нь эрх ашигт нийцэхгүй хариулт өгөх болохоор хулгайн аргаар хуулиа батлуулсан гэсэн шүүмлжлэл одоо ч явдаг.
Баримт 8.
УИХ дахь МАН-ын бүлэг өөр хоорондоо хоёр хуваагдаж толхилцоон үүсгэхэд хамгийн голлох нөлөөтэй оролцсон хүний нэг нь Д.Тогтохсүрэн гишүүнийг гэж хэлэх хүн олон.
Баримт 9.
Төрийн албаны шинэчилсэн найруулгын төслөөр холбогдох хууль хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг авалгүйгээр парламентаар “ногоон гэрэл”-ээр яаран батлуулсан гэх Д.Тогтохсүрэн гишүүний балаг үүрэг дуусахгүй. УИХ дахь МАН-ын бүлэг ашиг сонирхлын үүднээс хоёр хуваагдах үеэр тэрбээр өмнөх дарга Д.Хаянхярвааг суудлаас нь унагааж өөрөө уг албан тушаалд очсон нэгэн.
Баримт 10.
МАН-ын бүлгийн даргаар томилогдоод удаагүй түүнийг эсэргүүцэх гишүүн ч тухайн үед олон байв. Тэдгээрийн нэг нь Н.Номтойбаяр. Тэрбээр “Бүлгийн дарга гэгдэх Д.Тогтохсүрэн буруу ташаа мэдээлэл өгч байна. ЖДҮ-чин сайд, гишүүдийг Бүлгийн хуралд ч оруулахгүй байх шаардлага тавьж, энэ нөхөрт би оруулж өгсөн. Гэтэл Бүлэг хуралдсан нэр зүүгээд “Засгийн газрыг огцруулахгүй байх 100 хувийн шийдвэр гарлаа. Энэ бүлгийн шийдвэр хүчингүй шүү” гээд гарч байв.
Баримт 11.
Н.Номтойбаяр гишүүний Бүлгийн дарга руугаа чулуудсан тухайн үеийн байр суурь хувь хүн хоорондын зөрчил гэж харж болох ч ЖДҮ-ээс зээл авсан УИХ-ын гишүүдтэй холбоотой хууль хяналтын байгууллагын шалгалт, дүгнэлтийг өнөөг хүртэл хайцаалж ирсэн хүн нь Д.Тогтохсүрэн байсныг эндээс төвөггүйхэн ойлгож болохоор.
Баримт 12.
Гишүүн Д.Тогтохсүрэнг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар томилсны дараа тэрбээр энэ албан тушаалд ямар шалтгаанаар очсон шалтгаанаа нэг биш удаа нотолсон байдаг. Угтаа Бүлгийн дарга гэдэг бол гишүүдээ зангидах, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцуулахаас эхлээд мэдээллээр хангах үүрэгтэй. Гэвч Д.Тогтохсүрэн Бүлгийн дарга болсныхоо дараа УИХ МАН-ын бүлгийн зөрчил тогооноосоо улам хальж, парламентын үйл ажиллагаа сар гаруйн хугацаанд тэг зогсолт хийсэн удаатай.
Баримт 13.
Улмаар Д.Тогтохсүрэн тэргүүтэй МАН-ын бүлгийн гишүүдийн зөрчил УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөр намжсан билээ.
Баримт 14.
Нэгэнтээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг авлигын хэргээр шалгаж байгаа тухай мэдээлэл зарим хэвлэлд нийтлэгдэж байлаа. Уг мэдээллийн дагуу тэрбээр “Энэ тухай мэдээллийг харлаа. Энэ дагуу АТГ-тай утсаар холбогдож асуухад, дээрх мэдээллийг үгүйсгэсэн хариу өгсөн. Нэгдүгээрт, би шалгагдаж байгаа асуудал байхгүй. Хоёрдугаарт, би аймгийн Засаг дарга хийж байх хугацаандаа хэн нэгнээс авлига авсан асуудал огт байхгүй. Миний нэр хүндэд халдсан ийм мэдээлэл гаргасанд харамсаж байна. Уг нь мэдээллийг гаргахаасаа өмнө шалгадаг газраас нь асуусан бол олон нийтэд зөв мэдээлэл өгөх байсан болов уу” гэсэн тайлбарыг өгч байсан юм.
Баримт 15.
УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй гишүүд Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэр нэгэн шуугиан дэгдсэн нь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Сидней хотод казино тоглож байгаа зураг. Тэрбээр 2020 оны нэгдүгээр сарын 17-18 нд шилжих шөнө Австрали улсын Сидней хотын казинод тоглож явсныг гэрэл зургийн хальснаа буулгасан нь хуурай өвсөнд чүдэнз зурсантай агаар нэг нийгэмд шүүмжлэл дагуулж эхлээд байна.
Баримт 16.
Санаж байгаа бол Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн 40-ийн 2-т зааснаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёсзүйн дүрмийг шинэчилсэн байдаг. Энэ хүрээнд гадаадад зорчихдоо мөрийтэй тоглосон нь нотлогдсон хоёр албан тушаалтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж байсан юм. Тодруулбал, хоёр мэдээлэл нь баримтаар нотлогдсон тул Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, “МИАТ” ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нар, мөрийтэй тоглож энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлсэн нь нотлогдсон тул ажлаас чөлөөлсөн юм.
Баримт 17.
Уг хоёр албан тушаалтныг мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлсэн тухай мэдээлэл нь баримтаар нотлогдсон учраас үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь үнэн л юм бол өдгөө МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүнд ч хариуцлага асуудал яригдаж, эгүүлэн татах эсэхийг мухарлах нь.
Баримт 18.
Австрали улсын Сидней хотын мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлсэн нь илэрсэн эл үйлдэлдээ Д.Тогтохсүрэн гишүүн албан ёсны ямар нэгэн тайлбар хийгээгүй ч энэ өдрүүдийн гол сэдэв байх тодорхой болж байна.
Баримт 19.
Төрийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой томоохон байр суурийг илэрхийлж, парламентаар батлуулах хүртэл нь явсан Д.Тогтохсүрэн гишүүнээс ийм үйлдэл гарсан нь ЖДҮ, концессийн асуудалтай эн зэрэгцэхүйц төвшинд яригдах нь тодорхой болж байх шиг.
Баримт 20.
Манай улс 2002 оны Эрүүгийн хуулиар мөрийтэй тоглосон бол шийтгэдэг байсан. Харин 2017 оны Эрүүгийн хуулиас энэ заалтыг авч хаясан юм. Өөрөөр хэлбэл, мөрийтэй тоглохыг хориглосон өгүүлбэр хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуульд байхгүй гэсэн үг.
Баримт 21.
Манай улс 2002 оны Эрүүгийн хуулиар мөрийтэй тоглосон бол шийтгэдэг байсан. Харин 2017 оны Эрүүгийн хуулиас энэ заалтыг авч хаясан юм. Өөрөөр хэлбэл, мөрийтэй тоглохыг хориглосон өгүүлбэр хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуульд байхгүй гэсэн үг.
Баримт 22.
Нөгөөтээгүүр, УИХ-ын даргын албан томилолтын бүрэлдэхүүнд багтаж явах үеэрээрээ Сиднейд мөрийтэй тоглоомын үйлчлүүлсэн Д.Тогтохсүрэн гишүүнд наанадаж ёс зүйн асуудал яригдах нь. Учир нь, түүнийг хувь хүн гэхээсээ хууль тогтоох дээд байгууллагын гишүүн, Бүлгийн дарга гэдгээр нь харах хүн олон.
Баримт 23.
УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргадаг Дэд хороо гэж одоогийн парламентад бий. Өдгөө Б.Бат-Эрдэнэ гишүүний даргалдаг уг хороогоор өмнө оффшор дансаа мэдүүлээгүй гэх асуудлаар С.Баярцогт гишүүний асуудлыг хэлэлцэж УИХ-ын дэд даргыг суудлаас нь буулгаж байв. Харин энэ удаад МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргахаас өөр аргагүйд хүрч байна.
Баримт 24.
Өмнөх парламентын үед Ёс зүйн дэд хорооны шийдвэрээр С.Баярцогтыг УИХ-ын дэд даргын албан тушаалаас огцруулж байсан Д.Тогтохсүрэн гишүүнийг ч МАН-ын бүлгийн даргаас буулгах нь тодорхой. Гэхдээ дан ганц албан тушаалаа өгөөд зогсохгүй, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь ч түдгэлзүүлэх хэмжээний шүүмжлэл, эсэргүүцэл түүнийг тойрохгүй гэдэг нь цаг хугацааны асуудал юм.
Сэтгэгдэл (34)