ЭШЛЭЛ 1
Төр засаг гавьяатай хүнээ алдаршуулж, гай тарьсан хүнээ шийтгэж байх учиртай. Энэ нь нэг талаараа төрийн үүрэг.
ЭШЛЭЛ 2.
Авлигатай соён гэгээрлээр тэмцдэггүй юм. Хуулийн хариуцлага хүлээлгэж байж авлига багасдаг. Авлига авсан хүний авлигаар олсон эд хөрөнгийг нь хураах ёстой. Тэгээд хуулийн хариуцлага хүлээлгэж биеэр нь ял эдлүүлэх ёстой. Тэгж байж дараа дараагийн хүн “Би авлига авбал ийм хариуцлага хүлээх юм байна” гэдгийг харж, ухаарснаар авлига багасна. Хулгай хийчихээд төрийн албыг хаяад гараад явчхаж байна. Тэгж чадсанаараа тэр хүн хожиж байна шүү дээ. Төр, ард түмэн, олон нийт хохироод үлдэж байна.
ЭШЛЭЛ 3.
Урвадаг, хулгай хийдэг, худлаа ярьдаг хүмүүсийг Монгол төрийн босгыг дахиж давуулж болохгүй. Ялангуяа Ардчилсан намаас давах ёсгүй. Ийм хатуу байр суурь байгаа. Намаар дамжаад дөнгөтэй, мөнгөтэй, хувийнхаа ашиг сонирхлыг хөөцөлддөг тийм хүмүүс улс төрд гарахгүй байх ёстой гэсэн хатуу байр суурь, итгэл үнэмшил байгаа юм. Нэгэнт бохирдчихсон хүн буцах аргагүй. Тийм хүмүүсээ улс төрийн тавцангаас буулгаж, зайлуулах хэрэгтэй юм байна лээ.
ЭШЛЭЛ 4.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ард түмний амьдрал сайжирсангүй. Гэтэл 30 жил гэдэг их хугацаа. Энэ хугацаанд улс орон үсрэнгүй хөгжилд хүрдэг шүү дээ. Тийм сайхан жишээнүүд олон. Энэ хугацаанд бид Монгол орныхоо өөрийн онцлогт тохирсон хөгжлийг бий болгох боломж байсан гэж үздэг.
ЭШЛЭЛ 5.
Ил гараад энэ бүгдийг ярьдаг, илэрхийлдэг, даргынхаа улаан нүүр рүү харж байгаад хэлдэг хүн бол маш цөөхөн. Хэн нэгэн энэ бүхнийг заавал хэлэх ёстой. Бид ингэж л бодож өнөөдрийг хүртэл бүх зүйлээ дэнчин тавиад явж байна. Улс төрийн тэмцэл бол хүн бүр зориглоод барьж аваад байх тоглоом биш.
ЭШЛЭЛ 6.
Баабар гуай С.Эрдэнийг намын дарга болох үед “За Эрдэнийн үед АН ёроолдоо тулах юм байна. Түүний дараа АН сэргэх байх аа” гэж хэлж байсан. Аливаа зүйлийн зүй тогтол тийм байдаг. Байгууллага, хамт олны ч тэр. Улс орны ч тэр. Улс орон авлигад идэгдэж, түшмэдүүд нь урваж, ингэж хүчгүйдэх үе байдаг. Түүний дараа бол мэдээж сэргэж, мандаж, урагшаа явдаг. Ардчилсан нам 30 жилийн түүхэнд өнөөдөр хамгийн хүчгүй байдалдаа хүрээд байна. Үүнээс цааш дахиад доошоо зам байхгүй.
ЭШЛЭЛ 7.
Нам гэдэг чинь хувьцаат компани биш, олон нийтийн байгууллага шүү дээ. С.Эрдэнэ АН-ын 100 мянга гаруй гишүүдийн нэг нь. Нөгөө хүн нь нийт гишүүдийнхээ хэлсэн захиснаар биш, итгэл үнэмшлийнх нь эсрэг яваад эхлэхээр тэр хүнийг солих эрх нь гишүүдэд бас л нээлттэй. Сонгож болсон юм чинь мэдээж огцруулж болох ёстой.
ЭШЛЭЛ 8.
УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлэхийн тулд 100 сая төгрөг тушаа, дараа нь өргөдлөө бичиж өг гэж байгаа юм. Энэ нь яг нэр дэвшинэ гэсэн үг биш, зөвхөн өрсөлдөөнд орохын тулд. Энэ бол төр талаасаа харах юм бол Засгийн эрх мэдлийг, албан тушаалыг мөнгөөр үнэлж зарж байна л гэсэн үг.
ЭШЛЭЛ 9.
100 саяын асуудал чинь Улс төрийн намын тухай хуулийг илт зөрччихсөн. Одоогийн улс төрийн намын тухай хуулийн тавдугаар зүйлийг 5.1.3-т “Улс төрийн нам өөрийн гишүүнээ төрийн сонгуульд нэр дэвшихэд нь үндэс угсаа, боловсрол, гарал үүсэл, хөрөнгө чинээгээр нь ялгаварлахгүйгээр тэгш боломж олгоно” гэсэн заалт байдаг. Тэгэхээр наад захын хуулиа зөрччихсөн үйлдлийг улаан цайм хийгээд явж байгаа юм.
ЭШЛЭЛ 10.
Намд олон янзын боломж байдаг. Цүнх бариад дээшилж байгаа хүмүүс ч байна. Хөдөлмөрлөөд хамт олондоо үнэлэгдэж байгаа нь ч бий. Энэ бол хувь хүний хүмүүжил, арга барил, суурь зан характер гээд олон зүйлээс шалтгаалдаг байх. Өнөөдөр цүнх бариад амжилттай яваа залуучууд манай нам дотор ч байна. Яг л теннисний бөмбөг шиг. Аль дарга нь дээшлэх гэж байна, түүн дээр очдог. Нөгөө даргаа унахаар дараагийн дарга руу гүйдэг, урваж шарвадаг. Гэхдээ энэ хүмүүс нь олонх байж болохгүй. Мөн тэд намын шийдвэр гаргах төвшинд байж болохгүй.
ЭШЛЭЛ 11.
Өнгөрснөө үгүйсгэсэн зүйл ерөөсөө биш. Бид энэ хулгайч, дээрэмчин хүмүүстэй л тэмцэж байна гэж хардаг. Ардчилсан хувьсгалыг хийхэд манлайлан оролцсон, жагсаал цуглаанд орсон манай намын ахмад гишүүд өнөөдрийг хүртэл 1990 онд гаргаж тавьж байсан хүмүүнлэг, шударга ардчилсан нийгмээ байгуулъя гэсэн хүсэл зорилго дээрээ, хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэсэн хүсэл зорилго дээрээ үнэнч байж л байна. Тэр хүмүүс өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрөөс ирж албан тушаал аваагүй, төсвийн мөнгийг хулгайлаагүй. Өөрийн урдах амьдралаа яг л ард түмний адилаар болгоод л, ажиллаж хөдөлмөрлөөд явж байна. Бид тэр ахмад үеэ хүндэлдэг, үгийг нь сонсдог. Харин энэ намын удирдлагад байгаа хүмүүс чинь тэд биш л дээ. Энэ хүмүүс чинь эрх мэдэл, мөнгөний дон тусаад хэнээс ч хамаагүй урвадаг, шарвадаг, нам дамжсан хүмүүстэй хуйвалддаг ийм хүмүүс болчихсон. Тэдний эсрэг тэмцэж байгаа юм.
ЭШЛЭЛ 12.
Намуудын удирдлага гээд байгаа хүмүүс нь бизнесменүүдийн барьцаанд орчихсон. Эхлээд эд нар хууль шүүхийн байгууллагаа захиалж хөдөлгөдөг байсан бол одоо эргээд тэдэндээ барьцаалагдсан.
ЭШЛЭЛ 13.
Нам ард түмнээсээ холдох тусмаа л дэмжлэггүй болж, улс төрийн тавцангаас арчигддаг. Нам гэдэг олон нийтийн байгууллага учраас дотроо дархлаатай байх ёстой. Болохгүй байгаа зүйлээ дотроо засаж чаддаг байх ёстой. Тэгээд цаашаа явна л даа. Гол нь АН нэг хүний нам биш байхгүй юу. Одоо нам маань хоёр хуваагдчихлаа. УИХ-д бүлэггүй болчихсон. Энэ шүүмжлээд, дуугараад байгаа нөхдүүд шинэ нам байгуулаад гараад явчхаасай ч гэж Эрдэнэ хүсдэг юм шиг байгаа юм. Намын гишүүд бид ирэх сонгуулийн наана ч бай, цаана ч бай Эрдэнэ гэдэг хүнээс заавал сална.
ЭШЛЭЛ 14.
Нам сонгох үедээ би 24 настай байсан. Намайг улс төрд орооч ээ гэж нааш татсан хүн байгаагүй . Тэр тусмаа ардчилсан намд орооч гэсэн хүн байхгүй. Би өөрөө бодож байгаад л ухамсартайгаар улс төрийн сонголт хийсэн.
ЭШЛЭЛ 15.
Бид хувь заяандаа эзэн болох ёстой. Энэ чинь бидний амьдралын сонгосон зам, зорилгын нэг хэсэг шүү дээ. Мэдээж өнөөдөр бусад нам руу давхиад очихгүй. Шинэ нам байгуулаад улс төрд явъя гэхэд энэ хэмжээний цаг хугацааг туулахад адилхан л эрсдэл туулна. Тийм учраас миний нэг хэлдэг үг байдаг. “Гэр дотор хулгайч дээрэмчид хойморт гараад суучхаад байна аа. Гэр орноо хаяж зугтаад яах вэ, тэд нартайгаа үзэлцье ээ” гэсэн тийм л философиор явж байгаа.
ЭШЛЭЛ 16.
Нам бол хамт олны байгууллага. Олуулаа хэлэлцэж шийдвэрээ гаргаж урагшаа явдаг. Тиймд нам доторх болохгүй, бүтэхгүй улс төрчидтэйгээ хийж буй тэмцэл зөвхөн минийх биш, манай үеийн хүсэл зориг, итгэл үнэмшил гэж харж байгаа. Бас тэгж мэдэрч байна. Зөвхөн намын залуучуудаас гадна, олон нийтийн дэмжлэг ч их байгаа. Биднийг эрх ашиг биш, зөв зүйтэй зорилго нэгтгэж байгаа.
ЭШЛЭЛ 17.
Ардчилсан намд шинэ ирээдүй хэрэгтэй. Үнэт зүйлтэй, үүнийгээ урдаа тавьдаг улс орноо хөгжүүлье, хамтдаа зүтгээд намаа аятайхан болгоод авчихъя, нийгмээ өөрчилье гэдэг ийм л шинэ ирээдүй зорилго Ардчилсан намд хэрэгтэй байна. Энэ шинэ зорилго дээр, үнэт зүйл дээр нэгдсэн тийм эв нэгдэл бас хэрэгтэй. Гэхдээ одоогийн наймаалдаг, тохиролцдог, хуйвалддаг, албан тушаал дээр цугласан эв нэгдэл биш шүү. Манай нам болохгүй зүйлээсээ салж, эвлэрч, нэгдэж, зорилгоо тодорхойлж, сэргэж, урагшаа зүтгэх тийм л үе бидний урд байгаа гэж хардаг. Энэ бол Ардчилсан намын шинэ ирээдүй.
ЭШЛЭЛ 18.
Бүрэн хэмжээнд үр дүнд хүрэхийн тулд С.Эрдэнийг өөрчлөх ёстой. Тэгээд хулгайч, худалч биш, урвагч биш намын даргатай болох нь чухал байна. Мэдээж шударга, зүрх зоригтой, улс орныхоо хөгжил дэвшлийг нэгдүгээрт тавьж чаддаг, тийм л боловсролтой хүмүүсийн хэсэг нь энэ намыг удирдах ёстой. Тэр хэсэг л энэ намын жанжин туг болж манлайлан авч явна Манай намын лидерүүд гэх хүмүүс өнгөрсөн 30 жилийн хугацаанд бүгдээрээ ээлжлээд намын болон төрийн хариуцлагатай албан тушаалыг хашчихсан. Нэг нь ч үлдээгүй. Бүгд ээлжлээд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга УИХ-ын гишүүн, сайд, дарга бүгдийг хийчихсэн. Гэтэл харин намд тийм ч сайн түүх байхгүй, бүтэл муутай түүх л байна шүү дээ. Одоо бол бидэнд арагшаа харах шаардлага алга. Урагшаа харж явах хэрэгтэй
ЭШЛЭЛ 19.
Хамгийн энгийн бөгөөд оновчтой арга бол ард түмэн сонгохгүй байх шүү дээ. 2020 оны сонгууль болох гэж байна. Хулгай хийгээд л, худлаа яриад зурагтаар гараад байдаг хэдэн улс төрчдийг нам харгалзахгүйгээр сонгохгүй байх хэрэгтэй. Ер нь улс төрчдөд хоёр, гурван удаа гэж байх ёсгүй. Амласнаа биелүүлж чадаагүй бол хариуцлагыг нь ард түмэн тооцох хэрэгтэй. 2020 онд нам харгалзахгүй ард түмний хүсээд байгаа төрийн хүнийг олж сонгох нь зөв л дөө.
ЭШЛЭЛ 20.
Миний бодлоор Монголын нийгэм хэтэрхий их сонгууль, улс төржилт дунд хөл алдаж байна гэж хардаг. Дөнгөж Их хурлын сонгууль дуусаж байтал намар нь орон нутгийн сонгууль гээд л болдог. Орон нутгийн сонгууль гээд хөл толгой нь мэдэгдэхгүй, орон даяар явагдаж, Засаг даргаа солино, ИТХ-аа солино гээд л явж байтал хавар нь Ерөнхийлөгчийн сонгууль. Ерөнхийлөгчийн сонгууль дөнгөж дуусаад шинэ Ерөнхийлөгч гарч ирээд өмнөх Ерөнхий сайдаа огцруулж засгаараа тоглож байтал дараагийн сонгууль болчихдог.
ЭШЛЭЛ 21.
Сүүлийн үед хараад байхад ганцхан АН л засаг бариад 30 жилд улс орныг сүйрүүлчихсэн юм шиг үзэл суртлын ажил явдаг болчихжээ. Яг үнэндээ хариуцлагын 60, 70 хувийг Монгол ардын нам үүрэх ёстой. Яагаад гэхээр, засаг барьсан хугацаагаар нь ч тэр, үе үеийн парламентад эзэлж байсан суудлынх нь хувийг харьцуулаад үзсэн ч тэр.
ЭШЛЭЛ 22.
Өнөөдөр бид өөрийнхөө намыг өөрчилж чадаагүй байж бусад нам руу шүүмжилж чадахгүй байгаа юм. Нөгөө “Өөрийнхөө толгой дээрх бухлыг харахгүй байж бусдын толгой дээрх өвсийг харна” гэдэг шиг. Түүнээс МАН-тай ярих юм бас их бий шүү.
ЭШЛЭЛ 23.
Монголын төрд ус агаар шиг хэрэгтэй зүйл бол хариуцлага, сахилга бат, дэг журам. Монгол төр бол эзэнгүй төр шиг л байгаа шүү дээ. Эзэнгүй болгож байгаа хүмүүс нь улс төрийн нам дамжсан бүлэглэлүүд, нэг хөнжилд орж хариуцлагаас бултаж сурсан улстөрчид юм.
ЭШЛЭЛ 24.
Улстөрчдөө өөрчилж чадвал нам өөрчлөгдөж эхэлнэ. Улс төрийн намуудыг өөрчилж чадвал төр засагт өөрчлөлт бий болно.
Сэтгэгдэл (34)