Шарын гол уурхай нь нэг тонн нүүрсээ 46-48 мянган төгрөгөөр олборлодог гэх бөгөөд улсад улсад 40500 төгрөгөөр худалддаг. Үүнээс болж уурхайн санхүүгийн байдал хүндэрч ажилчдын цалингаа өгөх боломжгүй байдалд хүрэх эрсдэл тулгарсан. Тиймээс Эрчим хүчний зохицуулахад үнээ нэмэх хүсэлт гаргасан ч хүлээж авахгүй байгаа хэмээн уурхайн ажилчид мэдэгдсэнийг бид өмнө нь мэдээллэсэн.
Тэгвэл энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад "Уурхайгаас үнэ нэмэгдүүлэх санал ирүүлсэн. Гэтэл энэ нь зургаахан хуудас цаас. Үнэ нэмэх үндэслэлээ хангалттай тусгаж өгөөгүй. Компанийн зүгээс нэг тонн нүүрсийг 6000 төгрөгөөр нэмэгдүүлэх хүсэлт тавьсан. Өмнө нь 2019 онд бас энэ хүсэлтээ ирүүлж байсан. Хариуд үндэслэлээ тайлбарлахыг хүсэхэд үндэслэл, нотолгоогоо хангалттай тайлбарлаж чадахгүй байгаа.
Хэрвээ үнэ нэмбэл төвийн бүсийн цахилгааны тариф хоёр төгрөгөөр нэмэгдэх эрсдэлтэй” гэсэн юм.
Мөн Шарын гол уурхайн нүүрсний үнийг 2016 онд 6500 төгрөгөөр, 2018 онд 2000 төгрөгөөр, 2019 онд 2000 төгрөгөөр буюу нийт 10500 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Бусад уурхайн нүүрсний үнээс Шарын голын нүүрсний уурхайн үнэ өндөр өртөгтэй байдаг. Тодруулбал, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн нэг тонн нүүрсийг 29070 төгрөг, Багануурын уурхайн нүүрсний үнэ 30500 төгрөг байна. Гэтэл Шарын голын уурхай болон уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс “Нүүрсний үнэ бодит өртгөөс 4000-6000 төгрөгөөр бага байгаа, нэмж өг” гэдэг хүсэлтийг гаргасан боловч хуулийн дагуу үнэ тарифын саналаа ирүүлээгүй, үнэ нэмэх үндэслэлээ нотлоогүй учир нүүрсний үнийн тооцоог дахин хянах боломжгүй байна.
Нөгөөтээгүүр, тус уурхайн нүүрсний үнийг нэмэгдүүлснээр 4-6 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого шаардагдах тул хэрэглэгчийн цахилгааны үнийг кВт.ц тутамд хоёр төгрөгөөр нэмэгдүүлэх шаардлагатай болно” гэсэн юм.
Ташрамд дурдахад, Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон хэрэглэгчийн цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифын тэнцвэртэй байдлыг хангаж ажилладаг. Мөн эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагааны зардлыг бодит өртөгтэй уялдуулан хянаж баталдаг бөгөөд ингэхдээ Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.14-д заасны дагуу эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийг тогтоох аргачлалыг баталж, тооцоог зөвхөн хянадаг юм байна.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (4)