“М-Си-Эс” групп М нэртэй дижитал банк байгуулах тухай мэдээлэл цацагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Уг мэдээлэлтэй холбогдуулж тус группийн "М” төслийн санаачлагч, Судалгаа, хөгжүүлэлтийн багийн ахлагч Б.Тэмүүлэн “Өдрийн сонин”-д дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.
Тэрбээр "Дэлхийн хандлагыг анзаарахад технологийн хөгжил бүх салбарт нэвтэрсэн. Үүнтэй холбоотойгоор санхүү, технологийн хослол буюу финтек гэх ойлголт хөгжиж байна. Улс орон бүр том банктай. Гэсэн ч алслагдмал амьдардаг, эсвэл банкны үйлчилгээ авах боломжгүй зэрэг олон шалтгаанаар том банкуудын хүрч чаддаггүй хэсэг байсаар байна. Тэр хэсэгт хандсан жижиг финтек стартап-ууд дэлхийд олноор бий болж байна.
Манайд банкны үйлчилгээ авч чадахгүй яваа хэсэг бий. Нийгмийн даатгал төлдөг, эдийн засгийн идэвхтэй хүн ам нэг сая 400 мянга орчим бий. Эднээс идэвхтэйгээр банкны харилцаанд орж чаддаг нь 800 мянгаар тоологдож байна.
Тэгэхээр цаана нь 600 мянга орчим хүн уламжлалт банкуудаар үйлчлүүлж чадахгүй яваа гэсэн үг. Үнэлгээнд нь хүрдэггүй, боломж бололцоо нь хумигдмал зэрэг олон шалтгаан бий.
Тэд банк бус санхүүгийн байгууллага зэрэг өндөр хүүтэй зээл өгдөг газруудаар үйлчлүүлэхээс өөр аргагүйд хүрдэг. Бид банкны үйлчилгээ авч чадахгүй байгаа тэр хэсэгт хүрч ажиллахыг зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, байгууллагад зээл өгдөг банкуудын бизнес рүү орохгүй гэсэн үг. Төв банкнаас тусгай зөвшөөрөл өглөө л бол бид үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон” хэмээн ярьжээ.
Түүний хэлснээр М банк үйл ажиллагаа явуулж эхэлснээр иргэд ойролцоогоор 5-10 минутын дотор зээлээ авах боломж бүрдэх аж. Нэг үгээр, Зээлийн хороо зэрэг хүний оролцоотой ямар нэгэн үйл явц байхгүй юм. Харин тухайн иргэний эрсдэлийг үнэлдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн кредит скоринг системийн хүрээнд зээл олгох юм байна.
М банк байгуулах төслийн тухайд БНСУ-ын “КТ” компанитай хамтарч ТЭЗҮ-ээ хийжээ. Гэхдээ ямар нэгэн байдлаар БНСУ-ын хөрөнгө оруулалт байхгүй гэдгийг төслийн Судалгаа, хөгжүүлэлтийн багийн ахлагч Б.Тэмүүлэн онцолжээ. “Central tower”-ын нэг давхарт үйл ажиллагаа явуулах тус банк нь бүх үйлчилгээгээ ухаалаг утсаар, интернэтээр хийх гэнэ. Тусгай зөвшөөрлөө авч, үйл ажиллагаа явуулж эхэлсэн тохиолдолд эхний ээлжид Улаанбаатар хотод ажиллахаар төлөвлөжээ. Улмаар хөдөө орон нутаг руу хандана гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Сонирхуулахад, тус банкнаас зээл авахад олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх, барьцаа тавих шаардлагагүй.
Зөвхөн өөрийн санхүүгийн мэдээллийг оруулж зээл авах боломжтой, эсэхээ хурдан хугацаанд шалгуулахад болох юм байна. Хэрвээ чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлгүй бол, мөн зээлээ эргэж төлөх боломжтой байвал зээлжих эрх үүсэх ажээ.
“М Си Эс” группийн зүгээс банк байгуулах хүсэлтээ 2017 оны наймдугаар сарын 16-нд Монголбанкинд өгчээ. Төв банк тэдний хүсэлтийг хүлээн авч нэмэлт материал, мэдээлэл шаардсаныг мөн хүргүүлжээ. Харин 2018 оны гуравдугаар сарын 30-нд Төв банкнаас албан тоотоор М банк нь суурь бүртгэлийн програм хангамж, тоног төхөөрөмж, банк хоорондын төлбөрийн системд ажиллахад бэлэн болох ёстой. Мөн банкны нөөц төвийг байгуулах шаардлагыг хангачихвал тусгай зөвшөөрөл олгоход ямар нэгэн асуудалгүй гэжээ.
Улмаар 2018 оны аравдугаар сарын 11-нд М банк бүх шаардлагыг хангасан байна гэсэн хариу өгсөн байна. Гэвч 2019 оны дөрөвдүгээр сард М банк байгуулах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг түдгэлзүүлэх гэсэн агуулгатай албан тоот тус группт хүргүүлснээр шүүхэд хандах шалтгаан болжээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (14)