Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудын өрийг нэг удаа тэглэх тухай шинэ оны босгон дээр мэдэгдсэн билээ. Улсын хэмжээнд 416 мянган тэтгэвэр авагч байгаагаас 233 мянга нь тэтгэврийн зээлтэй юм байна. Тэдгээрийг дотор нь задалбал, 10-15 сая төгрөгийн зээлтэй 10 мянга орчим, 15-аас дээш сая төгрөгийн зээлтэй 4000 гаруй бол үлдсэн буюу 220 мянган ахмад нь дунджаар гурван сая төгрөгийн зээлийг 4-6 сарын хугацаатай зээлжээ.
Эдгээр иргэдийн 90 орчим хувь нь “Хаан”, Төрийн банкаар дамжуулж тэтгэврийн зээл авчээ.
Тэгвэл өрийг нэг удаа тэглэх сэдэвтэй зэрэгцэн “Хаан” банкны хувьцаа эзэмшигчдэд өөрчлөлт орох тухай яриа гарах боллоо. Тодруулбал, “Хаан” банкны 41.3 хувийг албан ёсоор эзэмшдэг Япон улсын иргэн Хидео Савада өөрийн хувиа худалдахаар болсон гэх мэдээлэл юм. Тэрбээр Монголын нэр бүхий 4-6 бизнесмэнд өөрийн хувийг санал болгосон гэх бөгөөд нэрсийг жагсаавал “MCS” группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал, “Баян” Ч.Базараа, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга “сахал” Д.Эрдэнэбилэг, “Хаан” банкны 22.9 хувийг эзэмшдэг “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарт санал тавьсан гэх.
ОУВС-гаас Монгол Улсыг саарал жагсаалтад багтаасан.
Ингэхдээ үйл ажиллагаа нь тогтвортой ажиллаж байгаа хэд хэдэн банкийг онцолсон байдаг. Үүний нэг нь “Хаан” банк. Гэтэл бизнесийн талбартаа брэнд болсон компанийнхаа хувийг Японы иргэн Хидео Савада үнэхээр зарахаар болсон уу гэдэг хардлага өөрийн эрхгүй төрнө.
Бодит байдлаас харвал амжилттай яваа бизнесээ зарахыг хэн ч хүсэхгүй. Харин ч ийм яриа гарсан нь өр тэглэх Ерөнхийлөгчийн санаачлагатай шууд холбоотой гэж хардах хүмүүс цөөнгүй байна. Учир нь энэ жил буюу 2020 онд УИХ-ын ээлжит сонгууль болно.
2016 онд харамсалтайгаар өвдөг шороодсон АН-ынхан сонгуульд оноо цуглуулахын тулд ахмадуудын эмзэг цэг дээр дарсан.
Гэвч эсрэг талаас буюу МАН-ын зүгээс “Хаан” банкны хувьчлал гэсэн сэдвийг, сэвэх замаар асуудлыг Ерөнхийлөгчийн давхар мэх мэт харагдуулж байх талтай. Бодит байдал дээр яг ийм дүр зураг харагдаж байгаа юм.
Нөгөө талаасаа “Хаан” банкны хувьчлалд Ерөнхийлөгч Х.Баттулга ямар нэг байдлаар холбоотой бол түүний улс төрийн карьерт сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. Улстөрчийн карьер нь өдөр ирэх тусам өсөж байгаа энэ цаг үед түүнд ингэж галаар наадах ямар ч шалтгаан байхгүй болов уу.
Хаан банкны хувьцаа эзэмшигчдийн хувьд 41.3 хувийг Савада Холдингс, 13.1 хувийг Эйч Эс Интернэйшнл (Ази) лимитед (Хонгконг), 22.96 хувийг Таванбогд Трейд, 13.32 хувийг Монгол Улсын иргэн Д.Хулан, 9.32 хувийг Олон улсын санхүүгийн корпораци эзэмшдэг юм байна.
Г.Алимаа
Сэтгэгдэл (5)