Зургийг Gereg.mn
Монгол Улс “Саарал жагсаалт”-д орж, ОУВС-гаас хараат болсноос хойш тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмнэ гэдэг ойлголтыг халахаас аргагүй байдалд ороод байв. Гэвч гаднын "зөвлөх багш" нарын үгийг эрх баригчид үл ойшоож, энэ оноос буюу яг өнөөдрөөс эхлээд 21 мянган иргэний тэтгэврийн хэмжээ 50 мянган төгрөгөөр нэмэгдэж, хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгож, төрийн алба хаагчдын цалин нэмэгдэхээр боллоо. Тухайлбал, 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох бөгөөд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг энэ оны төсөвт суулган баталсан юм.
Тэтгэврийн өөрчлөлтийн хувьд төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан, зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр хүүхэд бүрийн тоогоор 1.6 жилийг нэмж тооцох, нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг цалин хөлснийх нь 70 хувиар тооцдог байсныг 100 хувиар тооцож олгох, нийгмийн даатгалд даатгуулаагүй эх хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийн 50 хувийг өөрөө, үлдсэн 50 хувийг төрөөс, сайн дураараа даатгуулсан эхийн хүүхдээ асрах хугацаанд төлбөл зохих шимтгэлийг өөрөө хариуцаж байсныг холбогдох хуульд өөрчлөлт оруулж 50 хувийг өөрөө, үлдэх 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас тус тус олгох, хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр тусгайлан заасан байна.
Дээрхээс гадна Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар төрийн албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэж төрийн алба хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс найман хувиар нэмэх шийдвэр гаргасан юм. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн буюу төрд алба хаасан хугацааны нэмэгдлийг ажилласан жилээс нь хамааруулан олгохоор болсон. Ингэснээр 190 мянган төрийн албан хаагчийн дундаж цалин 1 сая 70 мянган төгрөгт хүрэх бөгөөд энэ нь 2014 оныхтой харьцуулахад 48.9 хувиар нэмэгдэнэ гэсэн үг юм.
Ирэх оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмэгдүүлэхэд 159.8 тэрбум, төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн нэмэгдэл олгоход 142.7 тэрбум нийт 302.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгасан. Энэ удаагийн цалин нэмэх арга хэмжээнд 190 мянган төрийн албан хаагч хамрагдана.
Үүнтэй зэрэгцээд Татварын Ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж шинэчилсэн хууль өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж байна.
Хуучин хуулиар анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой байсан. Тэгвэл шинэчилсэн хуульд хөнгөлөлтийн хэмжээг зургаан сая хүртэлх төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Мөн барилга, тоног төхөөрөмж, хайгуулын үйл ажиллагаанаас бусад худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг шууд хасах зохицуулалт орсон. Үнэ шилжилтийн зарчмыг албан ёсоор зохицуулалт болгон тусгасан зэрэг өөрчлөлтүүд шинэчилсэн багц хуулиудад тусгагдсан байна.
Түүнчлэн 50 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой татвар төлөгч өөрөө хүсвэл хялбаршуулсан горимоор татвараа төлж болно. Хялбаршуулсан горим гэдэг нь хуульд заасан ямар нэгэн хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэхгүйгээр шууд нэг хувиар албан татвар төлнө. Мөн 1.5 тэрбум төгрөг хүртэл татвар ногдуулах орлоготой, хуульд тусгайлан заасан салбарт үйл ажиллагаа эрхэлдэг татвар төлөгчдөөс бусад нь 10 хувиар татвараа төлөөд, 90 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болж байгаа. Цаашлаад татвар төлөгчдийн тайлан тушаах тоог цөөрүүлж, бичил жижиг бизнес эрхлэгчид жилд нэг удаа, дунд бизнес эрхлэгчид хоёр удаа, том бизнес эрхлэгчид дөрвөн удаа тайлангаа тушаахаар зохицуулалт хийгдсэн. Үүний үр дүнд татвараа үнэн зөв тодорхойлж, хугацаандаа тайлагнаж татвар төлөгчдийн тоо нэмэгдэх, хяналт шалгалтаар илрэх зөрчлийн дүн буурна гэсэн хүлээлттэй байна.
Өөрөөр хэлбэл, татварын хувь хэмжээ буурч байгаа гэсэн үг юм байна.
Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байшин барилгад 10 жил, тоног төхөөрөмж, хайгуулын үйл ажиллагаатай холбоотой худалдан авалтад таван жил элэгдүүлэх журмаар буюу тэнцүү дүнгээр хасалт хийнэ гэж заасан. Эдгээрээс бусад хөрөнгийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг шууд хасах өөрчлөлт орсон. Өмнө нь сандал, ширээ, компьютер гээд өөрийн худалдаж авсан бүх үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг борлуулалтын орлогод төлсөн НӨАТ-аас хасдаггүй байсныг ийнхүү өөрчилсөн байна. Энэ нь татвар төлөгчдөд илүү ойлгомжтой, эерэг нааштай алхам болсон аж. Тус хуулиудад хариуцлагыг өндөрсгөсөн байна. Тодруулбал, хэрвээ татвар төлөгч төлөх татварын хэмжээгээ бууруулах, суутган авах татвараа суутгахгүй хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байх, НӨАТ-ын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр заасан. Жишээлбэл, цалингаас юм уу, бусдаас авсан үйлчилгээний төлбөрөөс суутгавал зохих татварыг суутган авч төсөвт төлөөгүй тохиолдолд тус татварыг нь нөхөн төлүүлээд, татварын 40 хувьтай тэнцэх торгууль ногдуулахаар заасан. Мөн энэ зөрчлийг дахин давтан үйлдвэл торгуулийн хэмжээ өсч 50 хувь болохоор тусгажээ. Өөрөөр хэлбэл, өмнөх хяналт шалгалтаар илэрсэн зөрчлөө засаж залруулаагүй, дахин давтан үйлдсэн тохиолдолд торгуулийн хэмжээ нэмэгдэж байгаа аж.
Г.Нацаг
Сэтгэгдэл (13)