Урчуудын эвлэлийн... аймгийн салбарт нэг чулуун арслангийн хоншоорыг “эмчилж” байлаа. Хорь гаруй жилийн өмнө нэг “Зоригт” эр, арслангийн хоншоорыг хуга цохиж “номхтгосон” юм байжээ. Тэр зоригтон ”арслангийн’’ хоншоорыг түлээний сүхээр ганцхан далайлтаар хэмх цохисон байхад, одоо түүнийг сэлбэх гэж хоёр сайн барималч хорь хоног оролдож байж хоншоортой болголоо. Олон зуун нас насалж, олон юм үзэж, хорин хэдэн жил хоншооргүй байхдаа турж үхээгүй тэр арслан одоо ч бүр алзахаа байж, орчлон дээр мөнхжих нь тэр билээ. Ард түмэн түүх соёлынхоо дурсгалт зүйлийг ингэж нандигнаж байдаг. Гэтэл хориод жилийн өмнө түүх дурсгалын зүйлийг сүйтгэж байсан хүмүүс бий. Тэд чухам ямар хүмүүс байсныг өөрийн олж мэдсэний хирээр тодорхойлон бичих гэж оролдъё.
Өөрсдийгөө юм юмны захаас гадарладаг гэж үздэг хоёрын зэрэг хүнийг би мэдэх юм. Энэ хоёр одоо амьд мэнд яваа л байх. Мань хоёр тэр үед 35-45 насны хүмүүс байсан юм. Тэр хоёр орчин цагийн ном ярьсан ч, бурхан багшийн ном ярьсан ч ярьж л байдаг. хулгай ч ярьдаг, машин ч мэддэг, мал ч мэддэг. Юу ч бол юуг чалчиж чаддаг байжээ. Чалчихдаа, магтаж ч чаддаг байлаа. Мэдэмгий чадамгай гэгчид маань тоолж болшгүй олон юм гадарладаг боловч тодорхойхон мэддэг нэг ч юмгүй ажээ. Тэр хоёр ам хэлээрээ бол гал ус хоёр шиг нийцдэггүй байсан боловч үнэндээ гал ус хоёр биш хоёул “бохир ус” байсан юм. Тэр хоёрын угийн нэр Тунсаг, Пунцаг боловч нутаг усныхан пийсүү Тунсаг, Пийдаал Пунцаг гэдэг байжээ. Мань хоёрын аль аль нь бичиг уншдаг ч үгүй байж. Юм юм гадарладаг хүнд тэр илүү зан гэж боддог биз дээ. Бас тэд яриа таниулгад оролцдоггүй, бүхнийг төсөөлдөг хүнд ухуулга таниулга сонсох хэрэг алга гэж санадаг байгаа биз дээ. Пийсүү-Тунсаг чалчихдаа нэг бол “авай гэгээн” эсхүл “эвий хөөрхий” гэж эхэлдэг зантай. Авай гэгээн гэж эхлэхдээ нүд нь сээтийж, нүүр нь малийж, баярласан муур цээж нь хэрчигнэж байгаа юм шиг талимаарна. Эвий хөөрхий гэж эхлэхдээ нүд нь жартайж нүүр нь үрчийж өлссөн муур шиг гонгинон, сүүрс алдана.
Тэр “авай гэгээ! Урьдын цаг мөн ч сайхан байсан юм” гээд муу юмыг сайн болгож, муухай юмыг сайхан болгож, хар нохойг ч цагаанаар будах гэж хамаг хүчээ шавхдаг байв. Авай гэгээн! Наад захаас нь хэлбэл: “гангар шаазан, гавжийн дугуй, баранзад хадаг, бажгар дурдан, даргар чисчүү, даацай торго, пүүсүү пийсүүгий чинь эдэлж явлаа” гээд түрийнээсээ пийсүү соруултай гаансаа суга татан авч тамхи нэрдэг байсан тул пийсүү Тунсаг нэрийг олсон юм байж. Пийсүү Тунсаг өөрийгөө хүндлүүлэх дуртай хүн байсан бөгөөд “цагийн сайнд” юм үзэж нүд тайлан урьд цагт торгон дээр хөрвөөж, тосон дээр умбаж, хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи зооглож явсан мундаг эр болох гэж хуучны юм бүхнийг магтдаг байсан ажээ. Чалчсаар байгаад эрүү нь эцэж хэл нь хатаад аргагүй болж пийсүү Тунсагийг мордоход Пунцаг пижигнэтэл давхиж ирээд,
-Өмхий “пийдаал” өгөр толгой, танайд чалчиж байгаад мордов уу? Өнөөх “пийдаалийн” чинь нэг тэр мөн. Дорж гуай та “пийдаалтай” нөхөрлөөд пийдаал болох нь уу? За ер нь тэгээд та болохтой болбол хэдэн мал гээд гадаа гандаж хөдөө хөхрөөд байгаа биз. Мал хөрөнгө бол “пийдаалын” үлдэгдэл. Та тоононоосоо зүүсэн хадгийг устга! Энэ чинь балрын суртал “Пийдаалын” үлдэгдэл ... гэдэг байжээ. Пунцаг эрүү өвдөг нийлсэн эцэг эх хоёрыгоо мал ахуйгаа янзалж бид хоёроо өргөж тээх хэрэгтэй гэж үглэхэд нь
- Та хоёр “пийдаалын” суртал битгий гарга! Ер нь та хоёр “пийдаалын” үлдэгдэл ... Би, ардын хүүхэд, ангийн хүүхэн байна. Та нарт дарлагдаж мөлжигдөхгүй! Мал хэрэггүй, машин мотор хэрэгтэй. Хазаар ногт барихгүй харандаа цаас барина. Хөх бууц “пийдаалынх”, хөдсөн дээл ч “пийдаалынх” гэж загнадаг байжээ. Хувьсгалаас өмнөх үеийн юм бүхнийг феодалын юм гэж хэлдэг Пунцагийг нутгийнхан нь “пийдаал” Пунцаг гэж нэрлэсэн учир тэр ажээ. Хөдөө нутагт жил ирэх тутам өсөж байгаа шинэ хүмүүсийг “пийдаал” Пунцаг огт тоохгүй тэдний хийж байгаа ажлыг сонирхдоггүй, хүмүүжлийн ажилд оролцдоггүй, би мэднэ чадна гэж давхиад “пийдаалын” үлдэгдэл гэж юм бүхнийг чичсээр яваад хамгийн хоцорсон хүн болсноо өөрөө ухаарсангүй. Тэр, цогтой хувьсгалч хүн дэвшиж дарга болдог. Яаж байж цогтой хувьсгалч болж, том тушаалтай дарга болдог билээ гэж бодохдоо “Аа тийм! Цогтой хувьсгалч бол “пийдаалтай” зад тэмцэгч байх ёстой. Тэгэхээр би “пийдаалтай” зад тэмцье ... Халаг гэм! Манай хушуу ноён байсан Шажинбадрах амьд байсан болоосой, тэгсэн бол би түүний толгойг хага цохих юмсан. Тэгвэл намайг цогтой хувьсгалч гэхгүй яах вэ” гэж боддог байжээ. “Пийдаал”-Пунцагийн гар загатнаж нэг далим гарлаа. Нутгийн хуучин түшмэд Сундуй хурц гэгч нас барахад түүний гурван мухлаг тэргэнд хадгалж явдаг монгол манж, олон номыг “Пийдаал”-Пунцаг олж үзээд Сундуйн бэлбэсэн эхнэр, ах лам хоёрын нь “Пийдаалын” юм хадгалж байна.
Эсэргүү дайсан, өмхий “Пийдаал” гэж хараан зүхэж тэр номуудыг шатааж устгах гэжээ. Тэгэхэд нь сумын захиргаанаас хүн ирж болиулснаар барахгүй сумын дарга, “Пийдаал”-Пунцагийг дуудан аваачиж, учир явдлыг ухуулан, нугалаа завхрал дахиж гаргаж болохгүй гэж хатуу сануулав. Гэвч тэр сумын даргыг бас нэг “Пийдаал” гарах нь гэж хараан, тэр уурандаа нутгийн жижиг хийд дээр давхин очиж дуган сүмд нь ороод бурхан тахилыг нь хэмхчие гэж бодсоноо арай зүрх хүрсэнгүй тул сүмийн үүдэнд байдаг чулуун арсланг сүхээр балбаж хоншоорыг нь хага цохижээ. Сумын намын үүрийн нарийн бичгийн даргаас аваад нэлээд гишүүд “Пийдаал”-Пунцагтай уулзаж, хийж байгаа ажлын нь хор холбогдол, жинхэнэ хувьсгалч тэмцэгч хүн ямар байх тухай зүйл бүрээр ухуулан таниулсан боловч Пунцаг сэнхэрсэн юм огт үгүй бөгөөд “эд намайг өөрсдөөсөө илүү хувьсгалч гарах гэж айж дарж байх гэж оролдож байна” гэж буруу ухаарчээ. Улс орон түргэн хөгжиж байлаа. Тэр хөгжил юм бүхэн дээр мэдэгдэж байв. Ясны цагаачин, тарвагачин “заяаны буянгүй амьтан” гэж Пийсүү-Тунсагийн доромжлон хараадаг байсан хөх Гэндэнгийнх дүнхэр цагаан гэр барьж, үр хүүхдээр өнөр, үрээ даагаар баян тохитой айл болжээ. Түүнийг үзээд пийсүү-Тунсаг гашуунаар инээмсэглэж, ажил унхиа муутайгаасаа яйжийлгаж жажийлгасан янхир хар гэрээ, буурлын буян гэж бузгайрхаж бардахаас биш арчилж торддоггүйгээс цөөрсөн хэдэн малаа бодож гол нь горойдог байж. Хөх Гэндэн, хар торгоор гурав эмжсэн сайхан буурал даавуу дээл өмсөж, сайн малчны тэмдэг зүүгээд цог хийморио бадруулан явахыг пийсүү-Тунсаг хараад жөтөөрхөх хор нь буцлахдаа, дал мөрнөөс нь аваад даг хир болсон ганц чисчүү дээл, тамхины бохинд тагжичрсан пийсүү соруулаа бодож, буурлын буян ингээд дуусдаг байжээ гэж санаа алджээ. Тунсагийг тоодог амьтан ч үгүй, буурлын буян ч үгүй, мэддэг юм юмгүй, чаддаг ч зүйлгүй, үгүйгээр дүүрч гүйцжээ.
За ингэхлээр чинь яадаг хэрэг вэ гэхдээ есөн зоос гүйлгэж чаддагаа санаад хүйтэн хөх инээд нь хүрч гэнэ. “Пийдаал”-Пунцаг ардын хүүхэд, ангийн хүү гэж ханхалзаж, аягүйхэн харсан юмаа пээ-пүү “Пийдаалийн” үлдэгдэл гэж чичээд “мал гэхээр манас гэж, мах гэхээр ухас гэж”, эцэг эх хоёроо зараад эгээ л нэг феодал ёсоор амьдарч байжээ. Тэгж хэдэн жил болоход насан болсон эцэг эх хоёр нь эсгий гэрээ орхиж энгэр гэртээ харьцгаав. Эцэг эхийн хэт хайранд мансуурч өсөхөөсөө өтөлтлөө аж төрөхийг мэдэхгүй тонгочиж явсан Пунцаг, эцэг эхээсээ хойш элдвийг үзэж эхэллээ. Мал маллая чаддаггүй, машин жолоодъё мэддэггүй. Алба хаая амждаггүй: “ардын хүүхэд, ангийн хүү ... пээ пүү “пийдаалийн” үлдэгдэл” гэж хэлж сурсан хэдэн үгнээс өөр мэдэц боловсролгүй, ёстой л “ганц чорт /чөтгөр/ алинд ч хүрдэггүй ээ!” За тэгээд мань эр эцэг эхийн үлдээсэн хэдэн мал хөрөнгөөр наймаа панз нэлээн үсэргэж, найр хурим баахан хийж, мөрийтэй тоглоом эргүүлж ч үзэж, муу хүнтэй нөхөрлөж ч үзжээ. Ингэж ингэж эцсийн бүлэгт янгиа хар эмээл, яндан цагаан морьтой ягдаж хоцров. Одоо яаж амьдаръя гэж олон арга бодовч, амьтан хүнээс нэрэлхээд асууж зөвлөн үзсэнгүй. Зайлуул яахав. Ингээд амьдар гээд зааж өгсөн хүнд за яршиг хатуу ажил, хар ажил хийхгүй гэж амар хөнгөн ажил олох гэж арга бааш бясалгаж үзлээ. Зүйл зүйлийн мэх олдсонгүй. Ингэж цөхөхдөө элдэв юм боджээ. Бага залуу байхдаа баруун хүрээнд шавилан сууж бурхны ном заалгаж, бузгай сайн уншигч болж, манз цав зооглож малилзаж явснаа дурсаж, гүзээт дооромбыг дагаж гүрмийн хэнгэрэг балбаж барьц тавьц болж баяжих шахсанаа санажээ. Чанцал чавганцын зүүд зөн муу гэнэ.
Жил нь ороод бие нь бүр базаахгүй гэнэ.
Мэрэгч төлөгчөөр үзүүлэлгүй горьгүй, гүрэм засал уншуулалгүй болдоггүй гэнэ. Сэвжид чавганц сэмхэн шивнэж төлөгч гүрэмч хоёрыг төдхөн олжээ. Өнжиж хүлээсэн өдөр болоход өнөөх Чанцал чавганцынх руу мэрэгч, гүрэмч хоёр мэгдэн яаран алхацгаажээ. Гүрэмч түрүү ирээд гүзээгээ баахан дүүргээд арц, рашаан бэлдэж айхтар дүвчигнэж суутал, төдөж удсан ч үгүй төлөгч орж ирлээ. Гүрэмч дүвчнийг үзээд төлөгч мэргэн давхийв. Мэргэч төлөгчийг хараад мэхтэй гүрэмч өндөсхийв. Хэн билээ энэ чинь гэж хэн хэнээ таньсан чинь нэг нь Пийсүү Тунсаг байж гэнэ.
Нөгөө нь “Пийдаал”-Пунцаг мөн гэнэ. За тэгээд, Чанцал чавганцын өмгөр бор гэрт “гал”, “ус” хоёр ингэж золгожээ. Мартсан чулуун арслангийн тухай хэлэхэд, малчин ардууд мань хоёрыг шүүмжилж, зүгээр суугаад идэж болдоггүйг зүрхэнд нь ортол сэнхрүүлжээ. Тэгээд мань хоёр урчуудын эвлэлийн аймгийн салбарын хуучин түүх соёлын дурсгалт зүйл сэлбэж байгаа хэсэг урчуудад хар бор ажил хийх болсон байжээ. Тэгэхдээ мань Пунцаг хоншооргүй болгосон чулуун арслангаа сэлбэн засахад чадах хирээрээ туслалцаж “нүглээ наминчилсан” гэнэ билээ.
Зохиолч Л.Бадарч