Говийн нэгэн аймгийн төвийн дунд сургуульд тоо физикийн багш Дарам, хэл бичиг утга зохиолын багш Дэрэм хоёр гэгч хоёул өнгөрсөн жил хотоос иржээ. Тэдний алхаа гишгээ, яриа хөөрөө, бие бялдар цөм өөр...Зүйрлэвэл, хичээл номыг тэр дор нь ойлгодоггүй авч нэг ухаарч авбал ер мартдаггүй лагс ухаантай хүүхэд хааяа байдаг даа.
Дарам бол яг тийм төрхийн хүн. Гэтэл юмыг тэр дор нь гялсхийтэл тогтоогоод авчихдаг мөртөө маргааш нь болоход мартчихдаг нэн сэргэлэн атлаа овилгогүй ухаантай хүүхэд бас байдаг. Дэрэм бол яг л тийм төрхийн хүн. Бие бялдар нь хүртэл ухаан бодолтойгоо зохицсон мэт. Дэрэм бол яс хөнгөнтэй, мах мяраа муутай байхад Дарам бол боргил зузаан, хүдэр чийрэг ажээ. Тэд хоорондоо ийм эрс өөр байх ч бас яах вэ. Харин заадаг хичээл нь тэр хоёрыг дууриасан мэт бас өөрийг яана. Дунд сургуульд хамгийн хэцүү хичээл бол тоо, хэлбичиг байдаг. Тооны хичээлд овоо хүүхэд хэлбичигт тааруу. Хэлбичигт сүрхий хүүхэд тоо муу байх нь элбэг. Yүнээс болоод эхний жил улирлын дүн гарах бүр Дарам, Дэрэм хоёрын хооронд маргах, зүтгэлцэх, тэр ч байтугай хэрэлдэх явдал ч үе үе гардаг байв. Одоо бол тэгж эг маг хийлцэхийн оронд тоо, хэлбичгийн хичээлд хүүхдийг яаж адилхан сайн болгох вэ гэж уйгагүй махран зүтгэцгээх болжээ. Дэрэм бол бүтсэн бүтээгүй хамаагүй аль дайралдсан амьтанд тус болохыг хичээнэ. Дарам бол тийм хөнгөн хөдлөх нь үгүй. Хэрэв нэг заа гэвэл ёстой ёогүй хүн. Гэтэл тэр хоёрт бас төсөөтэй юм бий. Тэр нь юу гэвэл хоёул гэр бүлгүй залуус. Тийм ч учраас өөд өөдөөсөө харсан ганц ганц өрөөнд амьдран сууна. Шинэ жил болох дөхөж аймгийнхны хөл хөдөлгөөн хэдий нь ихэссэний хажуугаар хоёрдугаар улирлын дүн гарах гэж багш сурагчид бүр хөлтэй байлаа. Гэтэл сүүлийн хэд хоногт Дарам ямар нэгэн зүйлд сэтгэл зовсон нь илт, толгой гудайн гүн бодолд дарагдан, үе үе уртаар шүүрс алдан сэтгэл бодол нь үерлэсэн голын ус лугаа адил улаан хоормогоор эргэлдэж байхыг Дэрэм аль хэдий нь ажигласан боловч сэтгэл санааг нь юуг урвуулж хөрвүүлснийг надад аяндаа хэлнэ биз гэж өөр шигээ бодно. Нээрээ өөрөө бол сэтгэлдээ юуг ч хадгалж чаддаггүй, хэнд ч хамаагүй хэлээд тавьчихдаг хүн. Гэтэл Дарам тийм бишээр барахгүй, миний бодол санааг хэн ч мэдээгүй гэж баттаж итгэж явжээ.
Нэгэн өдөр Дэрэм тэднийд зориуд орж шалгалтын дүнгийн тухай ярилцан, бас маргаашаас эхлэн арван хэд хоног явж амрах вэ гэхчлэн ярианы сэжүүр гаргаж байгаад, сэтгэлээр нэг л дундуур явах болсныг нь асууж орхив. Дарам эхлээд “ Яагаа ч үгүй, зүгээр байдгаараа л байна” гэж булзааруулахыг оролдсон боловч Дэрэмийн хэл амны хэцүүд автав уу, аль эсвэл тэртэй тэргүй мухардсан хэрэг болохоор үнэнээ хэлье. Бас ч тус болж юуны магад гэж горьдов уу? Ямар боловч хэлье гэж шийдээд:
- Дэрэм минь, чамаас би юугаа нуух вэ? Оюутан байх үедээ нэг бүсгүйд сэтгэлтэй болж хэдэн жил хөөцөлдсөн авч “За ч гэдэггүй, үгүй ч гэдэггүй. Хайр сэтгэл гэдэг чинь санааны зоргоор шийдчихдэг юм биш” гэчихээд явсаар байгаад өдий хүрчихсэн юм. Би энэ зун арга тасраад “Чимгээ минь болж бүтэхгүй гэж бодож байгаа бол түүнийгээ зүгээр хэл, хэн хэн маань замаа бодъё” гэж хүртэл үзлээ.
Гэтэл урдаас “Чи тэгж байгаа бол яах вэ. Харин би эхэлж ийм үг хэлээгүй шүү” гэхээр нь бас горьдлого тасралгүй байсаар наашаа ирээд хичнээн ч захиа явуулав даа. Тэгсэн чинь хэд хоногийн өмнө нэг захиа иржээ” гээд инээмээр болсноо хий дэмий мурчилзав.
- За тэгээд юу гэж бичиж вэ дээ гэж Дэрэмийг асуухад Дарам: Хайр сэтгэлийн талаар бол ч яах вэ. Нөгөө хэлдгээ бараг хэлсэн байна билээ. Харин нэг яггүй юм надаас хүссэн байх юм. Тэр нь тийм амархан биелэх зүйл биш ээ. Би хэд хоног бодоод бодоод бодын шийр дөрөв гэгчийн үлгэрээр ороод байнаа гэж цөхөрсөн нь илт уртаар санаа алдав.
- Yгүй ээ, тэгээд чамаас юу хүсээ вэ? Чи хэл л дээ. Дөнгөх юм байвал өвгөн чинь бас туслахыг бодъё.
- Дэрэм минь, тэгвэл сайн л байна. Арван дөрвөн хоногийн дотор гучин ширхэг үнэгний арьс олж яаралтай явуулаач гэсэн байх юм. Гэтэл тэр хугацаанаас нь ганцхан долоо хоног одоо үлдээд байна. - Тэр олон үнэгний арьсаар юу хийдэг хүүхэн байх нь вэ. тэгээд үлгэрт гардаг шиг хоног хугацаа заадаг нь ч юу билээ дээ. Одоо долоо хоногийн дотор гучин үнэг алах хэрэг болж байна уу? гээд толгой сэгсрэн Дэрэмийг инээхэд нь Дарамын зэвүү хүрсэн боловч бас инээх дур үзүүлэн:
- Тэгэх л болж байна. Уул нь үнэндээ ч их л хэрэгтэй юм байна л даа. Чимгээ удалгүй гадаадад явах болсон юм байх. Тэгээд үсийг нь гадагш харуулсан үнэгэн дээл хийлгэж өмсөх гэж яарч сандарч байгаа бололтой гээд Дарам толгой бөхийн суув.
- Тэгвэл одоо яанаа найзаа? Ядахдаа жилийн хугацаатай юм бол ч бас учир байхсан. Ингэхэд чи ан гөрөө хийдэг билүү? гэж Дарамаас асуув.
- Өвгөн чинь ан гөрөөний хувьд ёстой “А” ч үгүй амьтан даа. Уул нь хугацаа уртсан бол үнэ хайрлахгүй худалдаж аваад л өгчихмөөр байна. Тэгэхээр ийм юмыг ер яавал дээр вэ? гэж Дэрэмээс асуув
- Ёстой бүү мэд ээ. Yнэндээ ухаан санаанд багтамгүй юм байна. Ер нь аваагүй байхдаа авгай сайхан, алаагүй байхад үнэг сайхан гэдгийн үлгэрээр л орох бололтой доо гэж хэлэхэд нь:
- Уул нь анхны нь хүсэлтийг яаж ийж байгаад биелүүлчих юмсан. Гэтэл санаа байвч сачий хүрэхгүй гэдэг л болоод байна даа гэж цөхөрсөн нь илт хэлэв. Дэрэм нөхрийнхөө сэтгэлээр унасныг хараад өрөвдөж:
- Найз минь, аргыг нь олохыг бодъё л доо. Эр хүний дотор эмээлтэй морь багтдаг гэж эртний үг байдаг болохоор арга ухаан сүвэгчилье. Хүчээ зарахаар ухаанаа зар гэж ер нь үнэн үг шүү. Бид аргыг нь олж чадахгүй байгаагаас биш, арга нь олдохгүй юм амьдралд ер байдаггүй гэдэг. Тэгэхээр урдаар бодъё. Маргааш болтол сайн бодъё гэж нөхрийнхөө сэтгэлийг түр боловч тайтгаруулаад Дэрэм тэднийхээс гарч гэртээ оров. Өвлийн өдөр яах ийхийн зуургүй дуусаж орой болсон байлаа. Дэрэм нөхөртөө яаж тус болъё доо гэж элдвийг эрэгцүүлэн бодов. Гэтэл тэр Чимгээ гэдэг ямаршуу янзын хүүхэн бол? Бодвол цав цагаан царайтай, өндөр туранхай хүүхэн байгаа байх. Аягүй бол үнэг шиг зальтай амьтан ч байж мэднэ. Ямар ч гэсэн аашилж ч чаддаг, аргадаж ч чаддаг амьтан байх гэж бодсоноо ганцаар түсхийтэл инээд алдаад “За тэр хүүхэн ямар байх нь надад юуны хамаа байна. Гагцхүү нөхөртөө тус болох арга чарга юу байдаг билээ?” гээд анчин гөрөөчидтэй уулзан учирч энэ тэр элдвийг яриулан байсан бүхнээ эргэцүүлэн бодовч, анчдын адил явдлаас авахаар юм ер бодогдсонгүй. Гэтэл яагаад ч юм бэ, өнгөрсөн зун Тэрэлжийн амралтанд амарсан нь гэнэт санагдав. Бодвол тэнд нэг сүрхий загасч залуу байсныг санангуут ч тэр бүхэн сэтгэлд нь урган ирсэн байж мэднэ. Энэ бүхнийг лавшруулан бодоход Туулын ус тууз мэт цэнхэртэн урсаад, үүний хөвөөгөөр нарлан хэвтэж байгаа хүүхнүүдийн булбарай цагаан бие цогцос харагдах шиг болж, зуны хурц нар зулай дээрээс ээх шиг болох нь бүр ч сэтгэлд тааламжтай агаад цааш гүнзгийрүүлэн бодох хүслийг улам оргилуулав. Амралтанд очсон эрэгтэй хүн бүхний ганц дуртай ажил гэвэл загас жараахай өдөржин эргүүлнэ. Хэдэн өвгөдөөс бусад нь өглөөнөөс орой болтол голын хөвөө өгсөж уруудаж тэнэнэ. Зарим өвгөчүүл хийх ажилгүй уйдаад эхлэхээрээ өөрсдөө барьж чадахгүй ч гэсэн бусдын барих аргыг сонирхон явах нь бий.
Амрагчдын дунд загас барихдаа гоц нэгэн залуу байв. Голын хоёр захаар эгнэн зогсчихоод зэрэг л дэгээ, гувчуураа чулуудаж эхлэхэд бусдынхад нь ганц ч тээглээгүй байхад нөгөө залуугийнхад заавал орсон байна. Тэрбээр уснаас дэгээгээ хоосон гаргана гэж заяа нь үгүй. Өдөрт арав хорь хүргэнэ. Атаархсан зарим нь түүнийг загасны эрлэг гэнэ. Бахадсан нэг нь түүнийг загасны бурхан, эвсэл загасны тэнгэртэй хүн гэнэ. Голын хөвөөний хайрга элсэн дээр хаягдсан загас хурц нарнаас зайлж бургасны сүүдэрт орохыг хүсэх мэт холбирон хөлбөрч, нойтон сүүлээрээ газар цохилон, ангалзан эргэж хөрвөсөөр тэнхээ нь алдарч хурц цагаан өехийгээ дээш харуулан хөдөлгөөнгүй хэвтэх яг тэр үед нь усанд эргүүлж хийнэ. Харин барьсан загасаа ална гэж ер үгүй. Тэгээд яах гэж барьдаг юм бэ? гэхэд “Яах вэ, сонин байдаг юм. Энэ чинь нэг ёсны биеийн тамир шүү дээ” гэнэ. Цаанаа бол яаж загас барьдгаа бусдад гайхуулах гэж тэгж хэлдэг биз ээ. Тэр ч байтугай “Энэ загасыг би өглөөхөн бариад тавьчихсан юм. Дахиад орчихож” гэж бардамнах дуртай билээ. Өглөө орсон загасыг ялгаж таних гэдэг тийм ч амаргүй баймаар... гэтэл тэр залуу андахгүй таньдаг нь бас сонин “Ойр хэвийн загас жараахайг хашрааж орхиод бүүр баригдахаа болилоо” гэж ангийн хорхойтой хүмүүс илт дургүйцнэ.
Нэрээ л тэдгээр хүмүүсээс зугтдаг атлаа нөгөө залууд баригдаад байдгийн нууцыг олох санаатай хэдэн өдөр би зориуд дагаж, голын хөвөөний битүү бургасан дотор суугаад сэм ажигладаг болов. Ус шил толь шиг тунгалагхан болохоор гүнд нь ийш тийш хошууран хөвөх загас жараахай ив илхэн. Тэр залуугийн бусдаас онцлог нь гэвэл шидсэн дэгээгээ татаж авах нь нэн уран. Халбага төмөр нь эрчлэн мушгир эргэн хөврөх нь загасны байтлаа хүний боловч сониуч занг хөдөлгөмөөр... хараад байхад загас жараахайнууд дэгээний араас өрсөн дайрна. Нээрээ л саяхан баригдаад хаа нэг газраа сэт татуулсан загас ч хүртэл эдний дунд явж байгаа болов уу? гэж бодогдмоор. Загас гэдэг үнэхээр сониуч амьтан. Халбага төмрийн өнгийг солиод шидэхэд бүүр улайран хөөцөлдөхийг нь яана. Тэр залуугийн цамц өмдөнд нь гялалзаж гялтганасан чимэг зүүлт дүүрэн болохоор тэр нарны гэрэлд туяаран усны үелзэх урсгалд тусаад загасны хорхой хөдөлгөдөг онцлогтой ч байсан юм билүү, хэн мэдэх билээ. Ямар ч гэсэн түүн шиг мэргэжсэн хүн ховор биз ээ. Хэрэв үнэгийг тэгж амархан агнадаг хүн байвал ч гучин арьс гэдэг юухан байх вэ гэж шал дэмий юм бодож хэвтэв. Тэгээд ухаан санаанд нэгэнт юм орохгүй болохоор одоо яая гэх вэ, эртхэн унтаж амраад өглөө сэргэлэн толгойгоор бодвол эв арга нь олдож юуны магад гэж бодоод гэрлээ унтрааж орондоо оров.
Тий, тий яасан хүйтэн юм бэ... Татаад бай. Усны гүехнийг дагуулаад тат. Сөргөөж татвал дэгээний утас тасарчих нь шүү... Зүйтэй гаргаад голын эрэг дээр хаячих. Наадах чинь яасан гоё үстэй үнэг вэ? говийн халтар үнэг гэдэг ёстой мөн дөө. Аль вэ, Дарам аа, дээшээ яваад тэр цүнхээл рүү дэгээгээ нэг шийдээд орхи. Аяархан.. нэг том үнэг ч наад цүнхээлд чинь байна даа. Даанч хашир юм. Дэгээндээ загасны сүүл хийгээд хаяад орхи. Зөв, зөв. Урсгалыг нь дагуулаад тат. Yсний сор ч гэж ёстой алт аа алт. Чи бид хоёр санасныг бодвол овоо шүү. Yдээс өмнө энэ голоос таван үнэг барьчихлаа. Одоо ус нь булингартаад юу ч харагдахаа болилоо. Yдээс хойш цаад нуурнаас чинь баринаа гэж хашгиран хэлтэл дуунаас нь цочсон юм шиг нөгөө хэдэн үнэг тал тал тийшээ год үсрэн цас манаруулан харайлгаж одоход “Хүүе яадаг билээ” гэж муухай хашгираад зүүд нойрноос Дэрэм арайхийн сэрэв. Тэгээд саяны зүүдээ эргэцүүлэн хэсэг хэвтэв. Гэтэл нэгэн сонин бодол сэтгэлд нь зурсхийн орж ирэх нь тэр. “Нээрээ болох юм биш үү? Загасны хараа нь сайн байдаг бол үнэгний хамар нь сайн...Ер нь дэгээндээ мах хөлдөөгөөд оосрыг нь бөхөөхөн төмөр утсаар хийгээд мэдэгдэлгүйгээр цасанд булж орхивол л болох юм бишүү. Yнэг шарх даахдаа муу гэдэг. За тэгээд үнэгэнд бол хичнээн ч дэгээ хэрэглэж болно. Yнэг элбэгтэй газар бол гучин үнэгийг барьж ядах юухан байх вэ гэж бодоод ганцаар инээмсэглэв. Зүүд нойрноосоо ургуулан ийм сонин арга ухаан олсондоо баярлаж гэрлээ асаав. Тэгээд “Ер нь энэ аргаа одоохон Дарамд хэлье” гэж бодоод яаран босож хувцаслав. Маргааш өглөө нь Дарам, Дэрэм хоёр өвлийнхөө арван хэд хоногийн амралтыг ан гөрөө хийж хөдөө өнгөрөөхөөр тохиролцоод дэлгүүрээс том жижиг янз бүрийн зуун ширхэг дэгээ худалдан авав. Энэ дэгээ нь сайн, тэр нь муу гэж голж шилж маргалдахыг нь харсан танил худалдагч хүүхэн “Загас барьдаг улсыг харахад дэгээг халбага төмөртэй нь л хамт авдаг юм байсан.
Та хоёр чинь хөхөө өвлийн хүйтэнд халбага төмөргүй дэгээгээр, тэгээд бас говь нутгаас ямар гэгч загас барих нь вэ дээ” гэж тоглоом тохуу хийн тас тас хөхрөхийг ч тэр хоёр юман чинээ саналгүй яаран гэртээ харив. Тэгээд Дарам дулаан хувцас хунар, хоол хүнс бэлдэхээр болж, Дэрэм сургуулийн манаач өвгөнийхөөс хоёр номхон морь гуйж ирэх бас калибр буу сум олохоор яаран явав. Yд өнгөрч байхад тэр хоёр анд явахад хэрэглэгдэх юмсаа жин тан болгоод хамгийн ойрын сум нэгдэл рүү маргааш өглөө эрт хөдлөхөөр тохиролцов. Тэгээд маргааш нь сумын төв ч орсонгүй, шууд л суурь бригадын айлуудаар бууж, үнэ хярс элбэгтэй нутгийг хөгшчүүлээр заалган гуу жалга, уул хадны нөмөр нөөлөг, хаваржаа намаржааны ойр хавиар, хаана гүйдэл мөр элбэгтэй газраар мах хөлдөөсөн дэгээнүүдийг нууцлан тавиад өдөржин явж түүнийгээ эргэх ажилтай болов. Эхний өдөр дөрвөн үнэг, нэг хярс барив. Загасны дэгээгээр ингэж амархан барих арга олсноо Дэрэм бусдад сайрхан ярихыг хүссэн авч Дарам түүнийг эрс хориглож, цөмийг буудаж алсан юм гэж худал хэлэв. Тэгээд өдөрт гурав дөрвөөс доошгүй антай ирдэг болсон тул нутгийн хүмүүс “Төвөөс ирсэн хоёр багш өдөрт арваас доошгүй үнэ алах юм.
Тэдний буудахын цэцнийг яана. Yнэг, хярс нүдэнд нь өртвөл амьд гарах номгүй” гэсэн цуу үг дэгдэж, тэр хоёрыг бараг хорвоод ховорхон анчид гэж ярилцах болов. Тэгээд долоо хонотол нээрээ ч үнэг хярс урьдынх шиг үзэгдэх нь ховордсон тул зэрэгцээ орших өөр нэг сум нэгдлийн нутагт очин дахин долоо хоног гөрөөлөв. Тэгтэл өвлийн амралт дуусаж, мань хоёр ч гучин үнэг, арван нэгэн хярстай аймгийн төвд буцаж ирэв. Нэг өдөр Дарамыг долдугаар ангид хичээл зааж байхад нь хүн ирээд уулзъя гэж байна гэв. Түүнийг яаран гарч очиход нэгэн залуу тосч уулзан өөрийгөө жолооч хүн гэж танилцуулаад Чимгээгийн нэрийг дурдаж “Танаас үнэгний арьс аваад ирээрэй” гэсэн юм. Дарам тэр жолооч залуутай хэдэн үг яаран солиод “Та хичээл завсарлатал түр хүлээнэ үү? Тэгээд манайд очъё, цай хоол хийе” гэсэнд нөгөө жолооч “Би тун яарч явна. Та тэр юмаа л өгөөд орхи” гэхэд нь яагаад ч юм бэ Дарамын сэтгэл дорхноо хөрөөд явчихав. Тэгээд хоёр шуудай тэвхийтэл чихсэн үнэг хярсны арьсыг тэр жолоочоор өгүүлж нэг ёсны сэтгэл амрав. Түүнээс хойш хэдэн удаа захиа явуулсан боловч хариу ирсэнгүй. Бодвол өдийд гадаадад явчихсан биз гэж санаад захиа бичихээ болив. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр нэг мэдэхнээ хавар болж, дараа нь удсан ч үгүй сургуулийн зуны амралт эхлэв. Энэ жил Дарам хот орж амрахаар явлаа. Түүний яаран явдгийн учир нь нийтэд тодорхой юм чинь. Харин Дэрэм нутгийнхаа нэгэн нэгдлийн амралтад амрах болов. Энэ зуны хувьд тэрбээр маш их ажилтай байлаа. Сургууль тарсны дараа хагас сар шахуу сургуулийн байшин барилгын засвартай баахан ноцолдов. Дараа нь сумдын бага сургуулийн хэл бичгийн багш нарын семинарт хичээл зааж бүүр наймдугаар сар өнгөрсөн хойно амралтад явав.
Барагшин замаас дутахгүй тэгшхэн, говь нутгийн хайргархаг замаар машин тоос татуулан давхина. Энэ бол “Урагшаа” нэгдлийн амралтад амрахаар яваа хүмүүс билээ. Тэд нэгэн өвгөнөөс энэ тэрийг шалгаан асууна. Амралтад очиж байгаа хүмүүст асуух юм юу эс мундах вэ. машины кабин налж суусан нэг эр “Та энэ нэгдэлд удаж байна уу? гэж асууснаар уул яриа эхэлсэн билээ. Тиймэрхүү албаны маягийн яриа маань яван явсаар “Танай амралтын хоол унд хир вэ?”, “Ойр уул толгод бий юу?”, “Гар бөмбөг тоглодог уу?” гэхчлэн хүн бүхэн өөр өөрсдийн сонирхож байгаа зүйлийг асууж гарав. Дэрэм яаж дуугүй байгаад байх вэ гэж бодоод:
- Өвгөн гуай. Танай амралтын айраг хир вэ дээ? гэж асууж орхив. Нярав өвгөн өтгөн хар хөмсгөө нэгэнтээ өргөснөө:
- Айраг зүгээр. Гэхдээ ер нь сааль сүүний хувьд урьд жилүүдийг гүйцэхгүй байгаа гэв. - Яагаад тэр билээ? Энэ жил хур бороо элбэгтэй, сайхан жил биш үү? гэцгээхэд
- Тийм нь ч тийм. Гэхдээ бэлчээр тааруу.. Yлийн цагаан огтоно элбэгшээд бэлчээр нутаг сүйтгээд хаячихсан
- Яахлаараа тэгж оготно гэнэт элбэгшээд байнаа? гэж хүмүүс дахин шуугилдав.
- Яах юу байх вэ. Yнэг хярсыг хядаад дуусчихаар аргагүй шүү дээ. Өнгөрсөн өвөл аймгийн төвөөс айхтар хоёр анчин багш ирээд өдөрт л арав хориор нь алаад байна гэж дуулдсан. Тэрний л гай гарч байхгүй юу. Энэ өвөл ч манай нэгдлийнхэн өөр тийш отор нүүдэл хийхгүй бол барахгүй байхаа гэж хэлээд дуугүй болов. Говь нутгийн халуун салхи өмнөөс сэвэлзэн үлээнэ. Машин улам хурдлан урагшлан давхина. Амрагчдын хэн нэг нь дуу эхэлмэгц бусад нь цөм хөгжилтэйгөөр түрэн авч дуулцгаав. Гагцхүү Дэрэм л машины хашлага налан суугаад өнгөрсөн өвөл үүгээр үнэг хярс хөөж явснаа, бас нөгөө Дарамыг... дараа нь Чимгээг эргэцүүлэн бодож, алсад мяралзах зэрэглээг гөлрөн ширтэж явлаа.
Д. Мягмар
Сэтгэгдэл (1)