Банкны салбарынхан түүнийг “Хас”-ын тодотголоор нь мэднэ. Үзэгчид “Монгол ТВ”-ийн “Шарк” гэдгээр нь илүү танина. Харин өнөөдөр тэрбээр Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын хувиар төрд зүтгэж байна. Хөгжлийн банкны ТУЗ-ийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар очихдоо тэрбээр “Манай банкинд тулгамдаж буй гурван том зүйл байна. Нэгдүгээрт, Засгийн газрын шалгалтаар илэрсэн чанаргүй томоохон зээлүүдийг төлж барагдуулах. Хоёрдугаарт, банкны санхүүжилт, төсөл хөтөлбөрт тавих шаардлагыг өөрчлөх. Эцэст нь, зээлийн багцын чанарыг сайжруулах ажил байгаа” гэж байв.
Түүнээс хойш, Г.Амартүвшинг гүйцэтгэх захирлын албан тушаалд томилсноос хойш яг зургаан сарын хугацаа өнгөрчээ.
Тэгвэл тус банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин тэргүүтэй удирдлагын багийнхан 2019 оны үйл ажиллагааныхаа тайланг танилцуулсан юм. Мэдээллийн эхэнд Г.Амартүвшин захирал Засгийн газар, Үндэсний аудитын газраас хийсэн шалгалт хүрээнд гаргасан чиг үүргийг гүйцэтгэж ажилласан гэдгээ онцолсон. Түүний хэлснээр Хөгжлийн банкинд бий болсон чиг үүргийн давхардлыг арилгах үүргийн дагуу бүтцийн өөрчлөлт хийж, анхан шатны нэгжийн тоог 18 хувиар бууруулжээ. Ингэснээр 2019 оны цалингийн төсвийг 460 сая төгрөгөөр хэмнэсэн байна. Мөн банкны дэргэд Тусгай актив хариуцсан хэлтсийг байгуулжээ.
Уг хэлтсийг байгуулснаар таван сарын хугацаанд 704 тэрбум төгрөгийн зөрчилтэй зээлдэгчдийн асуудлаар ажиллаж, 3.8 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлжээ.
Үүнд нийт 22 зээлдэгч багтаж байгаа аж. Улмаар 350 гаруй тэрбум төгрөгийн зээлийн нөхцөлийг өөрчилж, эргэн төлүүлэх графикийг шинэчилжээ.
2019 оны эхний 11 сарын байдлаар Хөгжлийн банкны нийт актив 4.2 их наяд, өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Нийт зээлийн үлдэгдэл 2.7 их наяд төгрөгт хүрснээс 46.7 хувь нь ам.долларын, 35.8 хувь нь төгрөгийн, 17.5 хувийг бусад валютын зээл эзэлж байгаа гэнэ. Тус банк 2020 онд гаднаас шинэ эх үүсвэр татан төвлөрүүлэх бодлого барьж байгаа гэнэ.
Энэ бонд нь илүү тодорхой, зорилтот төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэсэн байхаар төлөвлөсөн байна.
Үүнээс гадна бусад орны Хөгжлийн банкуудтай хамтран ажиллаж урт хугацааны зээлүүд авах төлөвлөгөөтэй байна. 2020 онд 320-350 тэрбум төгрөгийн эх үүсвэр татан төвлөрүүлэхээр тооцжээ.
Өдгөө Хөгжлийн банкны чанаргүй зээлд хамгийн жин дарахуйц хувь эзэлж байгаа таван аж ахуйн нэгж буй. Тэдгээр нь “Кью Эс Си”, Хөтөл, “Монгол Драй Милк”, Эрэл, Капитал банк. Эдгээр таван компанийн нийт зээлийн хэмжээ нь 530 тэрбум төгрөг. Жишээ нь, “Кью Эс Си” компани гэхэд 163 тэрбум, Хөтөл 161.2 тэрбум, Капитал банк 56 тэрбум зэргээр хамгийн томоохон зээлдэгчид болж байгаа юм.
Эндээс Капитал банкинд Хөгжлийн банкнаас 56 тэрбум төгрөгийг байршуулсан ч тус хөрөнгө эрсдэлд орсон байдаг. Харин “Эрэл” компани томоохон гурван төсөлд зээл авсан ч өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг төгрөгийн зээлийг буцаан төлөөгүй явна.
Хагас их наяд төгрөгийн зээл авсан атлаа өнөөг хэр нь төлөөгүй байгаа уг асуудлыг шийдүүлэхээр холбогдох өргөдлөө Улсын ерөнхий прокурорт хүргүүлснээ Г.Амартүвшин захирал тодотгосон. Харин МАК-д Хөгжлийн банкнаас олгосон 166 тэрбум төгрөгийн зээл олгосноос 27 тэрбумыг нь эргэн төлүүлж, үлдсэнийг нь шинэ графикаар төлүүлэхээр ярилцаж байгаа аж. Ямартай ч, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд зургаан сар ажиллах гэрээ байгуулсан Г.Амартүвшингийн хугацаа дуусгавар болохтой зэрэгцэн тэрбээр тодорхой тоон мэдээлэл, томоохон зээлийн асуудалд төвлөрч ярьсан нь энэ байв.
Түүнийг цааш үргэлжлүүлэн ажиллах эсэхийг Хөгжлийн банкны ТУЗ эцэслэн шийдэх учиртай.
Энэ тухай өөрөө ч “Цааш үргэлжлүүлэн ажиллах эсэхийг ТУЗ шийдвэрлэнэ. Миний хувьд мэргэжлийн банкир учир банкны салбартаа үргэлжлүүлэн ажиллана” гэсэн тайлбарыг өгнө лээ. Түүнийг ажилласан зургаан сарын хугацаанд Хөгжлийн банкнаас зээл авсан нэр бүхий таван компанийн зээлийн асуудал прокурорт шилжиж, цалингаас 460 сая, нийт үйл ажиллагааны төсвөөс 3.1 тэрбум төгрөгийг хэмнэж, зарим зээлийн графикийг шинэчилжээ.
Чамлахааргүй харин ч чанга атгах ёстой л үзүүлэлт.
Харин одоо хуулийн байгууллага асуудлыг хэрхэн мухарлах, улстөрчид дотоод асуудал руу дахин гар дүрэхгүй, хамаарал бүхий компаниараа дамжуулан том дүнтэй зээл гаргуулахгүй байх нь Хөгжлийн банк гэхээсээ Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй. Юу үнэн энэ үнэн.
С.Гандөл
Сэтгэгдэл (7)