ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн билээ.
Өөрөөр хэлбэл, ОУВС-гийн шаардлагын дагуу Монголбанкны зүгээс арилжааны зургаан банкинд өөрийн хөрөнгийн нэмэгдүүлэх үүргийг 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хүлээлгэсэн юм. Энэ хүрээнд арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн тайлангаа Монголбанкинд хүргүүлсэн аж. Гэвч Монголбанк нь өөрөө бие даан уг тайланд хяналт шалгалт хийх эрх зүйн боломжгүй учир ОУВС-гийн зөвлөмжийн дагуу хөдлөнгийн аудитын байгууллагаар шалгалт хийлгүүлжээ.
Уг шалгалтын тайланг удахгүй нэгтгэж, танилцуулахаар Монголбанкнаас төлөвлөсөн байна.
Хэрвээ аудитын тайлангаар арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ бүрэн нотолж чадсан тохиолдолд VI шатны үнэлгээ эцэслэж, ОУВС-гаас олгох ёстой дараагийн санхүүжилт олгогдох ёстой.
Энэ талаар ОУВС-гийн Жэф Готтлийбээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн зургадугаар сарын 19-28-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, ОУВС-гийн Дүрмийн IV заалтын дагуу хийсэн зөвлөлдөх уулзалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн юм. Тухайлбал, Монгол Улс дараах гурван зүйлийг анхаарахыг онцолсон. Үүнд,
- Төсвийн бодлогын хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нэгдсэн төсөв ашигтай гарсан. Төсвийг ашигтай гаргах тал дээр Засгийн газраас анхаарлаа хандуулсан хэвээр байх хэрэгтэй. Гэхдээ төсвийн зарлага, санхүүжилт нь эдийн засгийг дэмжиж, ядуурлыг бууруулахад түлхүү анхаарах ёстой.
- Банкуудын зээлийн өсөлтийг хязгаарлах шаардлагатай байна. Банкны зээлийн өсөлт нэмэгдээд ирэхээр төлбөрийн тэнцэл, инфляцид тодорхой хэмжээний дарамт болж, орж ирдэг. Өнгөрсөн 1.5 жилийн хугацаанд зээлийн өсөлт өндөр байсантай холбоотойгоор төгрөгийн ханшид бас сөрөг нөлөө ажиглагдсан. Энэ нь эргээд бидний их хүчин чармайлтаар олж авсан амжилтаас ухрахад хүргэж байна.
- Банкны хяналт шалгалтыг илүү чангатгах хэрэгтэй. Мөн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэсэн юм.
Энэ үеэр 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө арилжааны банкууд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагыг бүрэн биелүүлээгүй. Зарим арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн гэж байгаа ч Монгол Улсын хууль болон олон улсын шилдэг туршлагад нийцэхгүй байна гэж төлөөлөгчид дүгнэсэн талаараа энэ үеэр мөн л онцолж байсан.
Тэгвэл "Капитрон" банк дүрмийн сангаа 22.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээ өнөөдөр зарлалаа.
Энэ талаар Монголбанкнаас тодруулахад аудитын шалгалтын хариуг нэгтгэсний дараа бүх зүйл тодорхой болно. Капитрон банкны хувьд хөндлөнгийн аудитын байгууллагад тайлангаа хүргүүлсэн гэдэг утгаараа дүрмийн сангаа нэмэгдүүлсэн талаараа мэдээлэл цацсан байж магадгүй гэсэн юм.
Өнгөрсөн хугацаанд арилжааны банкуудын эргэн тойронд өрнөсөн үйл явдлаас цухасхан дурдахад, Монголбанкнаас “Капитал” банкинд арга хэмжээ авч татан буулгасан. Тэгвэл дүрмийн сангаа 22.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн "Капитрон" банк нь активын чанарын үнэлгээг маш амжилттай давсан банкуудын нэг, ОУВС болон Монголбанкнаас тавьсан шаардлагыг ханган ажиллаж яваа Монголын 100 хувь хөрөнгө оруулалттай банк гэдгээ онцолжээ.
Ийнхүү арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн талаараа эхнээсээ мэдээлж эхэллээ.
Бусад банкнуудын хувьд чухам ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагаа мэдэгдээгүй ч хэрвээ өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн бол эх үүсвэрээ нотолж чадна гэдэг найдах үлдлээ.
Учир нь ОУВС-ын шаардлагаар манай арилжааны банкууд активаа 700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Гэтэл арилжааны банкууд 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нотолж чадсан бол бусад 500 тэрбумын эх үүсвэрээ “нотолж чадаагүй”. Тиймээс л тэд нотолгоогоо хэр сайн бэлдсэнээс хамаарч ОУВС-гийн дараагийн санхүүжилт орох эсэх нь бүрэн хамаарах юм.
Г.Нацаг-Эрдэнэ