Алтны роялти татварыг энэ оноос эхлэн таван хувь болгон баталснаар алт тушаалтын хэмжээ буураад байгаа билээ. Уг асуудлаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.
-Алт тушаалтын хэмжээ буурсан үзүүлэлттэй байгаа талаар албаныхан мэдээлэг өгч байна. Өнөөдрийн байдлаар алт тушаалт өмнөх оноос ямар хувьтай байна вэ?
-Алт тушаалтын хэмжээ Монголбанкны төлөвлөж байсан түвшинд хүрээгүй. Өнгөрсөн онтой харьцуулахад алт тушаалт 25 хувиар буурна гэсэн хүлээлттэй байна.
-Буурч байгаа шалтгаан нь рояалти татвартай шууд холбоотой гэсэн байр суурь илэрхийлсэн байна лээ. Алт тушаалтыг нэмэгдүүлэхэд Монголбанкнаас ямар арга хэмжээ хэрэгжүүлж байна вэ?
-Алт тушаалтын хэмжээ буурсан нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, татварын орчин өөрчлөгдсөн. Хоёрдугаарт, шороо ордны хувьд ашиглалтын нөхцөл хүндэрсэн. Өөрөөр хэлбэл, нөөц шавхагдах тал руугаа орсон гэж ойлгож болно. Харин ирэх оноос хэд хэдэн үндсэн ордууд нэмэгдэж байгаатай холбогдуулан алт тушаалт өмнөх оны түвшин руугаа очих бүрэн боломжтой гэж харж байна.
-Монголбанк зарим байгууллагатай үнэт металл худалдах, худалдан авах гэрээ байгууллаа. Ингэснээр Монголбанкны үнэт металлын нөөц хэрхэн нэмэгдэх юм бэ?
-Үндсэн хуульд орсон өөрчлөлтийн эхлэл нь тавигдаж байна. Монголбанк, Эрдэнэс Монгол, Эрдэнэс силвер ресурстай хамтран “Үнэт металл худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан. Ингэснээр Монгол Улсын байгалийн баялгийг иргэн бүрт хүртээмжтэй ашиглах юм. Нөгөөтэйгүүр, Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авдаг үнэт металлын хэмжээг нэмэгдүүлэх замаар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх эргээд Монгол Улсын эдийн засгийн дархлаа, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал юм. Гэрээний дагуу Эрдэнэс силвер ресурс компани жил бүр Монголбанкинд 75-аас доошгүй тонн мөнгө худалдана. Ингэснээр энэ хэмжээгээр гадаад валютын нөөц нэмэгдэнэ гэсэн үг. Мөн Монголбанкны дотоодоос худалдаж авах үнэт металлын хэмжээ нэмэгдэх ач холбогдолтой.
-Гадаад валютын нөөц дунджаар хэд орчим хувиар нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм бэ?
-Салхитын мөнгөний орд нь нийт 500 орчим сая ам.долларын нөөцтэй. Ирэх таван жилд бүрэн ашиглана гэж тооцвол Монгол Улсын гадаад валютын нөөцийг 500 сая ам.доллараар нэмэгдүүлэх юм. Мөнгөний ордны хувьд том хэмжээний стратегийн орд биш ч энэ ордыг ашигласнаар бусад том стратегийн ордуудаа оновчтой ашиглах схем нь тавигдах юм. Цаашид ашигт малтмалаа хэрхэн ашиглах зэрэгт дадлага болж, ашиглахад үр дүнтэй гэж харж байна. Эрдэнэс Монгол компаниас иргэн бүр хувь эзэмшдэг. Энэ хүрээнд баялгийн сантай болох эхлэл нь бий болж байна гэж үзэж болно.
-Монголбанк 4.2 тэрбум ам.долларын нөөцтэй байна гэсэн. Ирэх оны хувьд ямар байна гэж тооцоолж байгаа юм бэ?
-2020 онд гадаад валютын нөөцийг бууруулахгүй цаашид нэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөөг барьж ажиллана. Мөн дээрх арга хэмжээний хүрээнд Монголбанкны үнэт металлын хувь хэмжээ нэмэгдэж байгаа учраас ирэх оны ерөнхий дүр зургаар нь авч үзвэл төлбөрийн тэнцэл тогтвортой байх болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Тиймээс нөөцөд нөлөөлөх хэмжээний өөрчлөлт гарахгүй. Одоо олон нийт дунд 2020 онд том хэмжээний өр төлбөрүүд хүлээгдэж байна. Энэ нь эдийн засаг, гадаад валютын нөөц, ханшинд хүндрэл учруулж болзошгүй гэж харж байна. Гэхдээ Олон улсын зах зээл дээрх Засгийн газрын бондын хүүг авч үзвэл 4-5 хувийн хороонд байгаа учраас ирээдүйд хүлээгдэж байгаа их хэмжээний өр төлбөрийг Монгол Улсын хэмжээнд макро эдийн засгийн хэрэгжүүлж байгаа бодлогыг амжилттай хэрэгжүүлбэл нөөцөд дарамт багатайгаар дахин санхүүжүүлэх боломж бий. Ирээдүйд өр төлбөр хүлээгдэж байгаа нь үнэн ч амжилттай санхүүжүүлэх бүрэн боломжтой учраас ханшинд дарамт ирнэ гэж үзэх шаардлагагүй.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)