Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг энэ оны өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-нд баталсан билээ. Тодруулбал, уг тогтоолд Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан бөгөөд үүнд,
1. Монгол Улсын Засгийн газар болон "Айвенхоу майнз Монголиа Инк" ХХК, "Айвенхоу майнз Лтд", "Рио Тинто Интернэшнл Холдингс" Лтд компани хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Эрдэнэс Монгол ХХК болон "Айвенхоу Оюу Толгой" (Ви Ви Ай) Лтд, "Оюу Толгой Нидерланд Би Ви", "Оюу Толгой" ХХК хооронд 2011 оны зургадугаар сарын 8-ны өдөр байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ (нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон)-ний хэрэгжилтийг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” 40 дүгээр тогтоол, 2009 оны “Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 57 дугаар тогтоол болон Монгол Улсын хууль тогтоомжтой уялдуулан сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, шаардлагатай тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах.
2. Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК болон "Туркойс Хилл Ресурсес" Лтд, "Ти Эйч Ар Оюу Толгой" Лтд, "Оюу Толгой Нидерланд Би Ви", "Рио Тинто Интернэшнл Холдингс" Лтд, "Оюу Толгой" ХХК хооронд 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах;
3. Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоололд зааснаар нэрлэсэн үнээр 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай санал боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах;
4. Оюу толгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөгдөж байгаа олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн техник, эдийн засгийн үндэслэлийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах;
5. Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 тоот “Газрыг улсын хэрэгцээнд авах тухай” тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох;
6. Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах;
7. Оюу толгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүүгийн болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж, бэхжүүлэхийг үүрэгдсэн бөгөөд ингэхдээ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Т.Аюурсайхан/-нд даалгасан юм.
Тэгвэл уг тогтоолын төслийг Рио Тинто компани санал нэгтэй хүлээж авснаа мэдэгдэл гаргасан талаар зарим хэвлэл мэдээллээ. Тухайлбал, "Рио Тинто" группээс Монгол Улсын Их хурлаас тус тогтоолыг баталснаар Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурс" компаниудын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын бүх гэрээ хүчин төгөлдөр болохыг дахин нотолж байгааг дээрх мэдэгдэлд онцолсон гэжээ.
Энэ талаар "Рио Тинто" группийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат "Талууд гэрээг дагаж мөрдөн ажиллах нь улс орны хөгжилд чухал ач холбогдолтой. Төслийн хүрээнд 2010 оноос хойш нийт 10 орчим тэрбум ам.доллар зарцуулсан. Энэ нь Монгол Улсын иргэдийн болоод нийгэм, эдийн засагт ихээхэн үр нөлөө үзүүлсэн. Цаашид хамтын ажиллагаагаа баталгаажуулж үргэлжлүүлнэ. Төслийн үр ашгийг хувьцаа эзэмшигчдэд хүртээх боломжит хувилбарыг эрэлхийлсээр байна. “Оюу толгой” бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд хийх ажил их байна.” гэсэн аж.
Г.Алимаа
Сэтгэгдэл (5)