Их Британийн эзэн хааны шагналт, Лондонгийн Хейуорд галерейн захирал, америк гаралтай куратор Ралф Ругофын удирдлага дор зохион байгуулагдсан “May You Live in Interesting Times” буюу “Сонирхолтой цаг үед амьдрах болтугай” нэртэй Венецийн дүрслэх урлагийн 58 дугаар олон улсын биенналь 7 сарын туршид үргэлжилсний дараа саяхан албан ёсоор хаалтаа хийлээ.
Америк гаралтай болон америкт амьдардаг уран бүтээлчдийг түлхүү оруулсан гэх шүүмжийг дагуулаад авсан олон улсын гол үзэсгэлэнд нь япон уран бүтээлч Риожи Икеда, Данийн Дэн Во, Английн Эд Аткинс, америк уран бүтээлч Артур Жафа зэрэг нэрд гарсан 79 уран бүтээлчид уригдан оролцжээ. Харин тус наадмын шүүгчийн бүрэлдэхүүнд Стефани Роусэнтал (Герман), Дефни Аяас (Турк), Кристина Коллу (Итали), Сүн Жун Ким (Солонгос), Хамза Уолкер (АНУ) нар ажилласан ба тэд “Алтан Арслан” шагналыг Америк уран бүтээлч Артур Жафа болон Литвийн “Нар ба Далай” нэртэй үзэсгэлэнд, “Мөнгөн Арсан”-г Кипр уран бүтээлч Харис Эпаминондад олгосон байна.
Олон улсад нэр хүндээр тэргүүлдэг энэхүү Венецийн биеннальд энэ жил 89 орон оролцсоноос Гана, Мадагаскар, Малайз, Пакистан улсууд анх удаа оролцсон тохиолдол байв. Мөн Казакстан улс анх удаа оролцохоор албан ёсоор зөвшөөрлөө авч, биенналийн цахим хуудас, бусад хэвлэл мэдээллээр бичигдэж эхэлсэн боловч багийн дотоод зөрчил, үл ойлголцлоос үүдэн төсөл нь зогсож, тус маргаан нь олон улсын хэвлэл мэдээллийн бай болж дуусчээ.
Харин Монгол улс гурав дахь удаагаа “Агшин зуур” нэртэй үзэсгэлэнгээр амжилттай оролцлоо. Тус үзэсгэлэнг 7 сарын туршид 80.000 орчим хүн үзэж сонирхсон ба олон улсын 30 гаруй сэтгүүл хамгийн шилдэг үзэсгэлэнгийн тоонд жагсаасан юм.
Монголын “Агшин Зуур” үзэсгэлэнгийн талаар
“Агшин Зуур” төсөл нь тодорхой орон зай, мөчлөг дэх түр зуурын мэдрэмж, түүнээс үүдэн гарах үйлдэл, хувьсал өөрчлөлтийн талаар өгүүлэхийг зорьжээ. Үзэсгэлэнгийн танхимд ер бусын нийлэг материалаар бүтээсэн хар өнгийн абстракт баримлууд байршсан ба тэдгээр нь Венецийн хуучны барилгын тоосгон хана, модон тааз, чулуун шалнаас урган гарч ирэх харь гарагийн биетүүд шиг хэрнээ ер бусын байгальлаг шинжийг агуулсан нь онцгой байв. Тэрээр тухтай болон тухгүй, өнгөрсөн ба одоо цагийн хачин хоёрдмол мэдрэмжийг төрүүлэхийн сацуу амьтай болон амьгүй зүйлсийн хувьсал, зохицлын талаар өгүүлжээ.
Эдгээр бүтээлүүдийг тууривсан, Венецийн биеннальд эх орноо төлөөлөн оролцсон, уран бүтээлч Э.Жанцанхорол нь дүрслэх урлагийн чиглэлээр Нью Йорк хотын Хантэр коллежид суралцаж баклаврын зэрэг, Лос Анжелос хотын Калифорнийн Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан ба нэртэй уран бүтээлч М.Эрдэнэбаяр, Ж.Мөнхцэцэг нарын хүү юм. Тэрээр өөрийн гарал үүсэл, өвөг дээдсээс өвлүүлэн ирсэн үлгэр, домог, оньсого таавар, зүйр цэцэн үгс, нээлттэй зан чанарыг онцгойлон сонирхохын сацуу нийгэмд тогтсон явцуу ойлголтууд, мухар сүсэг, зан үйл, дадал зуршлын хувьсал, өөрчлөлтийг судалж, өөрийн бүтээлээр дамжуулан өнгөрсөн хийгээд өнөө цагийг холбосон яриаг өрнүүлдэг билээ.
“Агшин Зуур” үзэсгэлэнг онцгойлон баяжуулсан өөр нэг зүйл бол үзэсгэлэнгийн орон зайнд монгол хөөмэйч Н.Ашит, Д.Дамдин, А.Ундармаа, Д.Даваасүрэн нар Германы домогт уран бүтээлч Карстэн Николайн хамт харилцан үйлдэлт авиан дүрслэлийн туршилтыг хийсэн явдал юм.
Хөөмэйн уламжлалт экспериментал хэв шинж нь эрин цагийн дүрслэх урлагийн төрөл болох "performance art", "interactive sound performance"-тай олон талаар төстэй байсан нь тус үзэсгэлэнгийн куратор Б.Гантуяагийн сонирхлыг татаж, хэрхэн орчин цагийн хэллэгт хөрвүүлж болох талаар нилээд бодсоны эцэст Карстэн Николайг хамтран ажиллахыг урьжээ. Эрт дээр үеэс хүмүүс өөрөө өөртэйгөө, байгаль дэлхий, ан амьтадтай харьцах зорилгоор хөөмэйлж ирсэн бол энэ удаад тэд хүний гараар бүтээсэн ер бусын орон зай, өөр цаг мөчлөгт хөөмэйн техник, электрон хөгжмийг хослуулан авиан дүрслэлийн харилцан үйлдэлт туршилтыг шууд (импровизац) хийсэн юм. Энэхүү бүтээлээр дамжуулан хөөмэйн уламжлалт арга барил нь дүрслэлийн буюу дүрслэх урлагийн төрөл зүйл мөн байсан гэдгийг батлан харуулахыг зорьсон ба нэн орчин үеийн хэллэг рүү хөрвүүлж чадсанаар уг бүтээл ер бусын шинэлэг болж чаджээ. “Нүүдлийн соёл иргэншлийн өвөрмөц хэв маяг нь урлаг, утга зохиолыг биет хэлбэрээр хөгжүүлэх боломжийг хязгаарлаж ирсэн ба үүнээс үүдэн аман илэрхийллийн олон төрөл зүйл хөгжиж тэдгээрийн зарим нь дүрслэх урлагийг орлосоор ирсэн” хэмээн Монголын павильоны куратор Гантуяа ярьж байна.
Б.Гантуяа нь Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, 976 галерейг үүсгэн байгуулагч. 2012 оноос эхлэн дүрслэх урлагийн салбарт ажиллаж монгол уран бүтээлчдийг олон улсад таниулах олон ажлыг санаачлан зохион байгуулсан юм. Тухайлбал монгол улсыг Венецийн дүрслэх урлагийн биеннальд оролцуулах төслийг 2015, 2017, 2019 онд удирдан ажиллаж, Германы Документа 14 (2017), Австралийн Ази номхон далайн триенналь (2015, 2019), Хятадын Инчуан биенналь (2018) зэрэг олон улсын өндөр зэрэглэлийн наадмуудтай хамтран ажилласан ирсэн юм. Мөн Мальта, Абу Даби, Варшавт болсон урлаг, соёл, дүрслэх урлагийн дээд чуулга уулзалтад уригдан илтгэл тавьж, бичвэр нь Документа 14, Венецийн 58-р олон улсын биенналийн каталогт нийтлэгдэж байв. Эх орондоо монгол болон гадаадын уран бүтээлчдийн 100 гаруй үзэсгэлэн, арга хэмжээг, олон улсад 10 гаруй үзэсгэлэн зохион байгуулсан туршлагатай. Тэрээр Санкт-Петербургын Санхүү эдийн засгийн их сургуулийг баклавр, АНУ-ын Уилямс Коллежийг макро эдийн засгийн бодлогоор мастерийн зэрэгтэй дүүргэж байжээ.
Зочин уран бүтээлч Карстэн Николай нь дэлхийд нэрд гарсан хөгжмийн зохиолч, саунд артист, герман үндэстэн хүн юм. Тэрээр Берлин хотноо ажиллаж амьдардаг. Түүний бүтээлүүд хүний мэдрэхүй, хүртэхүй, шинжлэх ухааны үзэгдэл, математик бүтцийг агуулах ба хөгжим, урлаг, шинжлэх ухааны завсар орон зайд төрөн гардгаараа онцгой. Түүний минималист, нууцлаг өрөг бүтээлүүд нь олон улсын Документа, Венецийн 49, 50 дахь удаагийн наадмуудад анх дэлгэгдэж улмаар Нью Йоркийн Орчин үеийн урлагийн музей, Гүгэнхэйм, Сан Францискогийн Орчин үеийн урлагийн музей, Парисын Помпеду, Токиогийн НТТ, Лондоны Тэйт Модэрн зэрэг дэлхийн тэргүүлэх музейнуудэд дэлгэгдэж байжээ. Түүнчлэн авиан дүрслэлийн бүтээлүүдээ тууривсаар ирсэн юм. Алва Ното (Alva Noto) нэр дор олны танил болсон хөгжмийн зохиолуудаас гадна Карстэний Майкл Ниймантай хамтран бүтээсэн Спарки: Кэйж ба Бионд нэртэй дуурь, Риучи Сакамототой хамтарсан Рэвэнант (Revenant) киноны дуу авиа болон бусад бүтээлүүд, Риожи Икидатай хамтарсан Сикло зэрэг хамтарсан олон бүтээл нь түүнийг улам алдар цуутай болгожээ. Тэрээр Растэр Нотон (Raster Noton) лабелийн гишүүн, үүсгэн байгуулагчдын нэг билээ.
Сэтгэгдэл (2)