БАРИМТ 1
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сарын 3-7-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ. 2010 оноос хойш 9 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй нь энэ юм.
БАРИМТ 2
ОХУ-ын Ерөнхийлөгч Путины өнгөрсөн есдүгээр сард манай улсад хийсэн айлчлалаар Монгол, Оросын харилцаа нэг шат ахиж, Иж бүрэн Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Хоёр орны харилцаа ийм өндөр түвшинд хүрсний дараах анхны айлчлалыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийлээ.
БАРИМТ 3
ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд тус улсын гурван хотод ажиллалаа. Москва хотноо ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв. Харин Сочи хотноо тус улсын Ерөнхийлөгч В.Путинд бараалхсан юм. Санкт-Петербург хотод зочилж, "Эрмитаж"-ийн захирлыг хүлээн авч уулзав.
БАРИМТ 4
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев нарын албан ёсны хэлэлцээ гурван цаг гаруй үргэлжилсэн бол, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсын Ерөнхий сайдтай 50 минут уулзжээ.
БАРИМТ 5
Ерөнхий сайдын айлчлалын үеэр манай улсад сүүлийн 25 жилийн турш яригдсан байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дайруулах тухай Санамж бичигт Сочи хотноо гарын үсэг зурав. Монголчуудын мөрөөдөл байсан энэхүү төсөл анх удаа цаасан дээр баталгаажлаа.
БАРИМТ 6
ОХУ-аас БНХАУ руу тавих баруун шугамын байгалийн хийн хоолойг "Сибирийн хүч-2" хэмээж буй бөгөөд энэ хоолойн Монголын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх урт 1060 км.
БАРИМТ 7
Монголын нутгаар өнгөрөх хийн хоолойг төмөр замын маршрутын дагуу тавихаар төлөвлөсөн.
БАРИМТ 8
Энэхүү хоолойгоор жилдээ 38 тэрбум шоо метр байгалийн хийг дамжуулахаар урьдчилан тооцоод байна.
БАРИМТ 9
Байгалийн хийн хоолойг барих зураг төсөл, бэлтгэл ажилд 1.5 жил, барихад 2-3 жил зарцуулахаар төлөвлөжээ.
БАРИМТ 10
"Сибирийн хүч-2" төслийг Монголын нутаг дэвсгэрээр татахыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэмжиж байгаа гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэлжээ.
БАРИМТ 11
"Сибирийн хүч-2" төслийг Монголын нутгаар дайруулах Санамж бичгийн дараа байгалийн хийн хоолойг Ямалогаас татаж магадгүй гэж шинжээчид таамаглаж эхлэв.
БАРИМТ 12
Ерөнхий сайдын хойд хөршид хийх айлчлалын бэлтгэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг хийжээ. Байгалийн хийн хоолойг БНХАУ руу тавих ажлыг хариуцаж байгаа "Газпром"-ын эрх бүхий албан тушаалтан нь Сангийн сайдтай Ленинградын Их сургуулийн нэг ангийн найзууд ажээ.
БАРИМТ 13
"Сибирийн хүч-2"-ыг алгууралгүй барьж эхлэх гурван талын сонирхол байгаа юм. ОХУ байгалийн хийгээ борлуулах, манай улс дамжуулж төлбөр хийгээд байгалийн хий авах, БНХАУ жил бүр өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ хангах энэ гурвын огтлолцол "Сибирийн хүч-2"-ыг хурдан эхлүүлэхэд нэгдэж байгаа юм.
БАРИМТ 14
Дулааны станцуудыг багасгах төлөвлөгөөгөөр бол БНХАУ 2020 он гэхэд эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 10 хувийг байгалийн хийгээр хангах ёстой. БНХАУ-ын байгалийн хийн хэрэгцээ 2018 онд өмнөх оныхоос 17.3 хувь өсөж 280.3 тэрбум шоо метрт хүрчээ. Энэ онд 310 тэрбум шоо метр хүрэх таамаг байгаа юм.
БАРИМТ 15
БНХАУ-ын байгалийн хийн хэрэглээ 2030 он гэхэд 550 тэрбум шоо метр болно гэдгийг олон улсын байгууллагууд мэдэгдээд буй. Энэ нь "Сибирийн хүч-2"-ыг яаралтай эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагуудын нэг болж байгаа.
БАРИМТ 16
"Сибирийн хүч-2"-ыг хариуцах ОХУ-ын "Газпром" нь 100 мянга гаруй урт хийн хоолойг барьж байгуулсан компани юм.
БАРИМТ 17
ОХУ-ын Эрчим хүчний яам "Газпром"-д “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх маршрутаар байгалийн хийн хоолой барих ажлын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгосон гэдгийг тус улсын Шадар сайд А.Гордеев сэтгүүлчдэд мэдээлснийг ОХУ-ын хэвлэлүүд онцлов.
БАРИМТ 18
ОХУ дэлхийн байгалийн хийн нөөцийн 20, байгалийн хийн үйлдвэрлэлийн 17 хувийг эзэмшдэг.
БАРИМТ 19
Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 12 баримт бичгийг баталгаажууллаа.
БАРИМТ 20
Манай улсад байдаг ОХУ-ын бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн маргаан шийдвэрлэгдэлгүй удсанаар Монголын олон иргэний эрх ашиг хөндөгддөг. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 500 гаруй өрхийн орон сууцны асуудлыг шийдвэрлэлээ. Энэ нь цаашид ч үргэлжлэх юм.
БАРИМТ 21
Зүүнбаян-Тавантолгойн чиглэлд төмөр замын шугам барих ажил гүйцэтгэхэд “РЖД Интэрнешнл” техникийн зөвлөгөөний үйлчилгээ үзүүлэхээр боллоо.
БАРИМТ 22
Хоёр улсын хооронд байгуулсан 1957 оны худалдааны гэрээнд өөрчлөлт оруулснаар Владивостокт худалдааны төлөөлөгчийн газраа нээх эрх зүйн орчин бүрдэв. Алс дорнод руу нүүрс тээвэрлэх төслийг хэрэгжүүлэхэд энэ нь чухал ач холбогдолтой.
БАРИМТ 23
Улаанталбайн хажууд орших "Метрополь" зочид буудлын төв хаалганы хажууд Д.Сүхбаатар жанжинд зориулсан дурсгалын самбар өдгөө хүртэл байдаг. Айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.Сүхбаатарын дурсгалын самбарт цэцэг өргөсөн билээ.
БАРИМТ 24
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн буусан буудалд Д.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид 1921 онд Оростой хэлэлцээ хийхдээ, 1943 онд дайнд зориулсан Монголчуудын бэлгийг хүргэхдээ Х.Чойбалсан нар буудаллаж байжээ.
Сэтгэгдэл (13)