Орлогод нийцсэн ногоон орон сууц төсөл эхэлж, эхний ээлжийн оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болжээ. Энэ талаар НОСК-ийн захирал Б.Сүхбаатараас тодрууллаа.
-Орлогод нийцсэн ногоон орон сууцны эхний ээлжийн жишиг орон сууц ашиглалтад орж байгаа гэсэн. Энд газраа чөлөөлсөн иргэд хөнгөлөлттэй үнээр хамрагдах юм билээ. Уг орон сууцанд хамрагдах иргэдийн хэд нь газраа чөлөөлж өгсөн иргэн юм бэ?
-Тухайн хэсэгт 200 гаруй газрын эзэд бий. Орон сууцны 30 хувийг нь зах зээл дээр борлуулна. Өөрөөр хэлбэл, нэг талд орлого багатай иргэдийг хэт төвлөрүүлэхгүй гэдэг дээр хатуу зогсоно.
-Ногоон орон сууц төслийн хүрээнд хэчнээн айлын янданг цөөлөх боломжтой юм бэ?
-Засгийн газраас 150 мянган айлын орон сууцны хөтөлбөр батлагдсан. Мөн орлогод нийцсэн орон сууцны хүрээнд нийслэлд эхний ээлжинд 50 мянган айлын орон сууцны төсөл хөтөлбөр эхлүүлээд байна. Ирэх онд 10 мянган айлын орон сууц эхэлнэ. Жилд энэ хэмжээний орон сууц бариад, эхлүүлээд байвал богино хугацаанд орон сууцны хөтөлбөр хэрэгжих боломжтой. Хамгийн гол нь бага, дунд орлоготой иргэдэд орон сууц хүртээмжтэй олгох шүү дээ. Тиймээс энгийн түрээснээс эхлээд түрээслээд өмчлөх зэрэг орлогод нийцсэн орон сууц бий болгохын төлөө ажиллах ёстой. Орлогод нийцсэн орон сууцны талаар 2016 оноос эхлэн ярьж эхэлсэн. Үүний эхлэл болгож Буянт-Ухаа 972 айлын орон сууцыг түрээслээд өмчлөх борлуулалтыг анх удаа хийсэн юм. Энэ нь орлого багатай иргэдийг орон сууцаар хангах нэг шийдэл юм. Гэхдээ үүнд нийцүүлэхийн тулд цаашид олон төрлийн хөтөлбөрийг гаргах ёстой.
Мөн хотын төвлөрлийг бууруулахын тулд хотыг тойрсон хэлбэрээр орон сууц барих, харин гэр хорооллын айл өрхийг зургаан дэд төвд хувааж байгаа. Энэ хүрээнд орлогод нийцсэн орон сууц төслийн хүрээнд 570 сая ам.доллар босгохоор зорьсны 270 орчим сая ам.долларыг нь босгосон. Түүнчлэн БНСУ-ын банкнаас авах 500 сая ам.доллар, БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар барих Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууц эдгээрийг нэмээд нийслэлийн 50 мянган айлын орон сууцны хөтөлбөрүүд далайтай явах бололцоо нь нээгдсэн гэж хэлж болно.
-Хотыг тойрсон болон хот дотор байгаа байршлуудад инженерийн дэд бүтэц чухал. Дэд бүтцийн ажлыг хэрхэн шийдэх юм бэ?
-Зургаан дэд төв тухайлбал, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн дэд бүтцийг хийгээд дууссан. Одоо орон сууцны ажил эхлэхэд бэлэн болоод тухайн айлуудтай уулзаад явж байна. Мөн Дамбадаржаа, Дэнжийн 1000, Шар хад, Толгойт зэрэг төвд дэд бүтцийн ажил үргэлжилнэ. Морингийн даваанд 129 га талбайд инженерийн дэд бүтэц нь барилгынхаа ажилтай зэрэг эхэлнэ. Морингийн даваанаас цааш Авто худалдааны цогцолбор, Туул дээгүүр гарсан гүүр барихаар төлөвлөсөн. Нисэх, Буянт-Ухаа, Морингийн даваа руу гүүрээр даваад гарах боломжтой болох юм. Үүнийг дагаад Авто худалдааны цогцолборт түшиглэн орон сууцны цогцолбор хийхээр төлөвлөсөн. Зургийн ажил нь эхэлсэн бөгөөд уг ажилд БНСУ-ын Сөүлийн Орон сууцны корпорац хамтран ажиллана. Инженерийн дэд бүтцийн ажил өнгөрсөн онд эхэлсэн.
Түүнчлэн Найрамдал зуслан руу явах замд Баянголын амд 2000 айлын орон сууцын ажил ирэх онд эхэлнэ. Инженерийн дэд бүтцийн ажил нь дууссан.
-Орлогод нийцсэн ногоон орон сууцанд хамрагдах иргэдэд ямар шалгуур тавих вэ?
-Буянт-Ухаа 972 айлын орон сууцанд инженерийн бүтэцгүй буюу гэр хорооллын айл өрхийг хамруулахаар зарласан. Гэр хороололд 220 мянга гаруй айл өрх бий гэж ярьдаг. Үүний 35 мянга нь орон сууцанд хамрагдах хүсэлт өгсөн байна. Тиймээс эхний жилүүдэд жилүүдэд инженерийн дэд бүтэцгүй гэр хороолол уу чиглэх нь зөв гэж харж байгаа. Учир нь бид агаар бохирдлоосоо эхлээд салах ёстой. Ингэж байж дараагийн ажил буюу шинээр гэр бүл болж байгаа иргэдийг байртай болгох зэрэгт чиглэнэ. Хамгийн гол нь орлогод нь яаж нийцүүлэх вэ гэдэг чухал байна. Ипотекийн зээл төдийлөн хангалттай биш байна. Мөн ипотекийн зээл авч чадахгүй байгаа иргэдэд орлогод нийцсэн гэдэг хөтөлбөрөөр явуулах ёстой. Үүнийг бид анх удаа хийх гээд байгаа зүйл биш. Дэлхийн бүх хотууд иргэдийн орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ингэхдээ хот бүр өөр өөрийн онцлогдоо тааруулан хэрэгжүүлж байна. Хамгийн гол нь иргэдийн орлого бага байгаа учраас хороолол, хотхон хэлбэрээр орон сууц барихдаа иргэдийн орлогыг яаж нэмэгдүүлэх талаар цаашид гол зорилгоо болгон явах ёстой.
-Орлогод нийцүүлсэн ногоон орон сууц гэж яриад байна. Тэгвэл яг хэдэн төгрөгийн орлоготой байж хамрагдах юм бэ?
-Тухайн өрхийн хамгийн бага орлого нь 500 мянга байна. Жишээ нь, 150 мянган төгрөгийн энгийн түрээсийн орон сууцанд амьдарч байгаа өрхийн орлого хамгийн багадаа 500 мянган төгрөг байх юм. Өрхийн орлого бүр адилгүй. Энэ нь НОСК дээр очоод тулах шалгуур гэсэн үг. Хэрэв тухайн өрх нэг сая хүртэл төгрөгийн орлоготой бол ийм байна гээд тодорхой зааж өгнө.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)