Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб, Азийн хөгжлийн банктай хамтран "Агаарын бохирдол- Орон сууцжуулалт" сургалт семинарыг зохион байгууллаа. Сургалтад НОСК-ийн захирал Б.Сүхбаатар, БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбат, Монголын ипотекийн корпорацийн Тэргүүн дэд захирал З.Мөнх-Оргил, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч газрын хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Арно Хекманн нар оролцлоо.
Энэ үеэр орлогод нийцсэн орон сууц, түүний хүртээмжийн асуудлаар шийдвэрлэвэл зохих болон хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.
-Төрөөс иргэдийг оронсууцжуулах талаар ямар бодлого барьж ажиллаж байна вэ. Хамгийн сүүлд гэхэд Засгийн газраас 150 мянган айлын орон сууцны төсөл батлагдсан шүү дээ?
БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Баярбат: Засгийн газраас иргэдийг орон сууцжуулахтай холбогдуулан бодлогын болон хууль эрх зүйн үйл ажиллагааг байнга хэрэгжүүлж ирсэн. Засгийн газрын 223 дугаар тогтоолоор 150 мянган айлын орон сууцыг 2019-2023 онд бүтээн байгуулахаар шийдвэрлэсэн. Хөтөлбөрийн хувьд 100 мянга орчим нь нийслэлд үлдсэнийг нь нийслэлд хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөө бий. Мөн үүнтэй холбогдуулан Барилга хот, байгуулалтын сайдын 125 дугаар тушаал гарсан. Уг хөтөлбөр нь дөрвөн зорилт, 86 төсөл арга хэмжээг багтаасан. Тухайлбал, орон сууцны тогтолцоо, хууль эрх зүйг тодорхой болгоно. Ялангуяа зах зээлийн тогтолцоог бий болгох талаар судалгааны ажил явагдаж байгаа. Мөн нийслэлийн гэр хороолол дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууы олноор барих, дэд бүтэц бий болгох тооцоо гарсан. Түүнчлэн дэлхий нийтээрээ тогтвортой хөгжих талаар ярьж байна. Тиймээс эрчим хүчний хэмнэлттэй барилгыг дэмжих чиглэлээр судалгааны хийж ажиллаж байна. Дөрөвдүгээрт, орлогод нийцсэн орон сууц буюу зорилтот бүлэгт орон сууцны нийлүүлэлтийг дэмжих, сайжруулах талаар ажиллаж байна.
-Нийслэлийн хэмжээнд орлогод нийцсэн орон сууцыг нэмэгдүүлэх чиглэлээр олон төсөл хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжиж байна гэлээ. Тэгвэл орон сууцыг нэмэгдүүлэхэд хамгийн гол нь дэд бүтцийн асуудал чухал. Ирэх онд хэчнээн төгрөгийг дэд бүтцийн ажилд зарцуулах вэ. Ингэснээр хэчнээн айл орон сууцаар хангагдах боломжтой болох вэ?
-НОСК-ийн захирал Б.Сүхбаатар: Нийслэлийн төвлөрлийг сааруулах зорилгоор хэд хэдэн байршлуудад орлогод нийцсэн орон сууц бүтээн байгуулахаар ажиллаж байна. Бид анх удаа орон сууцаар газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Иргэд идэхтэй оролцож байгаа. Ингэснээр яндангийн тоо буурна. Иргэдийн газар ч хангалттай үнэлэгдэж байна. Хамгийн багадаа 4 га газар дээр нэгдээд газар өгсөн иргэдийг хамруулж байгаа. Бид аль болох байгаль орчинд ээлтэй байдлаар халаалтаа хийдэг байх шаардлагатай. Үүний эхлэл нь ногоон орон сууц юм. Хотоос инженерийн дэд бүтцэд дийлэнх хөрөнгөө зарцуулдаг. Ялангуяа гэр хорооллын дахин төлөвлөлтөд маш их мөнгө зарцуулсан.
-Арно Хекманны хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хариуцаж ажиллаж байсан. Гэвч энэ ажлын хүрээнд зарим талаар газраа чөлөөлж өгсөн иргэд хохироод үлдсэн асуудал мэр сэр гарсан?
-Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч газрын хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Арно Хекманн: Улаанбаатар хотын захиргаатай хамтран гэр хорооллын даин төлөвлөлтийн ажилд Азийн хөгжлийн банк долоо жилдээ ажиллаж байна. Инженерийн дэд бүтэц, бие даасан байдлыг бий болгоход газар чөлөөлөх шаардлагатай байсан. Ингэхдээ иргэдийг орон сууцанд оруулах замаар газрыг чөлөөлсөн. Зарим иргэд татгалзаж байсан. Учир нь өөрсдийн газрыг эд хөрөнгө гэж үзэж байгаа юм. Харин газрыг байраар солих зарчмаар байргүй үлдсэн иргэн байхгүй.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)