2019 оны зургадугаар сард батлагдсан Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулиар бичил, жижиг, дунд үйлдвэрлэгч гэж хэн бэ гэдгийг тодорхойлж, тус бүрт нь тохирсон бодлого хэрэгжүүлэхээр болсон билээ. Түүнчлэн Аж ахуйн нэгжийн орлогоын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар жилийн борлуулалтын орлого нь 300 сая төгрөгөөс доош бол жилд нэг удаа тайлан гаргахаас гадна нэг хувийн татвар төлөхөөр тусгажээ. Өөрөөр хэлбэл, жижиг аж ахуйн нэгжүүд жилд дөрвөн удаа тайлан гаргадаг байсан явдал хуулийн шинэчлэлээр ийн таслагдсан байна. Нөгөөтэйгүүр чанар, стандартын шаардлага хангасан дотоодын үйлдвэрлэгчээс төрийн байгууллага шууд худалдан авалт хийхээр тендерийн тухай хуульд тусгажээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны ДЖҮ, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан “ЖДҮ-ийн салбарыг дэмжих төрийн нэг бодлогын нэгээхэн хэсэг нь ЖДҮХС-гаас олгож байгаа хөнгөлөлттэй зээл. Үүнээс гадна маш олон хөтөлбөр, дагалдах хууль, тогтоомжийн шинэчлэл бий. Эдгээрийг цогцоор нь харах ёстой” гэсэн юм. Тэгвэл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид ямар байр суурьтай байна вэ гэдгийг сонирхохоор “Дабель вүүд” ХХК-ийн захирал Л.Даваадорж болон “Резин эдлэл” ХХК-ийн захирал Э.Зол-Эрдэнэ нартай уулзснаа хүргэе.
Л.Даваадорж: “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулийг хөрсөндөө буусан сайн хууль болсон гэж үзэж байна. Гэхдээ сайжруулах зүйлс бий. Жишээлбэл, үйлдвэрлэлээ дөнгөж эхлүүлж байгаа гарааны компаниудыг эхний таван жилдээ татварын хөнгөлөлтөд хамруулж, жилийн орлого нэмэгдэх үеэс нь татвар авдаг гаднын улсын сайн туршлага байдаг. Манай улс ч гэсэн энэ сайн туршлагыг авч хэрэгжүүлбэл сайн байна. Мөн дотоодын жижиг, дунд үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг гаалийн бодлогоороо дэмждэг. Жишээлбэл, манай компани хаалга үйлдвэрлэдэг. Манайхтай ижил дотоодын олон үйлдвэрлэгчид бий. Гэтэл БНХАУ-аас олон тооны хаалга импортоор орж ирдэг. Ингэхээр дотоодын аж ахуйн нэгжээ бус гаднын үйлдвэрлэгчдийг дэмжсэн алхам болж байна. Тиймээс энэ талын бодлогыг зөв алхмаар хэрэгжүүлэх ёстой юм болов уу. Манай компани хавтан үйлдвэрлэх төслөөр ЖДҮХС-гийн сонгон шалгуурт тэнцсэн. Үйлдвэрлэлээ улам өргөжүүлэх болно” гэлээ.
Э.Зол-Эрдэнэ “Хууль, эрх зүйн орчин өмнөхөө бодвол харьцангуй сайжирч байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмждэг болж байна. Жижиг аж ахуйн нэгжийн өмнө хэд хэдэн асуудал тулгамддаг. Гаалийн татварын чөлөөлөлтөд тоног төхөөрөмжийг хамруулдаг байсан. Гэтэл одоо үүнийг энэ чөлөөлөлтийн хугацааг сунгах эсэх нь тодорхойгүй байгаа юм билээ. Уг нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд маш том боломж олгодог байсан. Гэтэл энэ оны нэгдүгээр сараас эхлэн зогсоод байна. Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар жижиг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжсэн юм билээ. Энэ нь бидэнд давуу тал олгох байх. Гэхдээ манай үйлдвэрийн хувьд химийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гэдэг утгаараа хүнд, хортой нөхцөлд хамаардаг. Энэ утгаараа маш олон тооны хяналт шалгалт хийдэг. Манайх жижиг аж ахуйн нэгж. Гэтэл олон улсын стандарт шаарддаг нь жаахан хүндрэлтэй байдаг. Монгол Улсад техникийн резинэн бүтээгдэхүүний хангалттай зах зээл бий. Монголд 15 орчим жил үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ нэг асуудал бий. Монгол Улсад резинэн бүтээгдэхүүний чанар, стандартыг шалгадаг байгууллага байдаггүй. Ийм болохоор Оюутолгой зэрэг томоохон аж ахуйн нэгж манайхаас татан авалт хийе гэхээр бид ямар нэг чанарын сертификат гаргаж өгч чаддаггүй. Бүх юмаа гаднын лаборатори руу явуулж, шинжилгээ хийлгэх боломжгүй шүү дээ. ЖДҮХС-гаас авсан зээлийнхээ хүрээнд энэ төрлийн лабораторитой болох зорилт тавьсан” гэсэн юм.