Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Монголбанкны Зах зээлийн газрын захирал Б.Батдаваа “Мөнгөний нийлүүлэлт аравдугаар сарын байдлаар 20.5 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь өмнөх мөн үеэс 11.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг төгрөгийн хадгаламж, гадаад валютын хадгаламж зэрэг бүрдүүлж байна. Мөнгөний нийлүүлэлтийн байршуулалт талаас нь авч үзвэл дотоод сервер актив 17.7 их наяд төгрөг, гадаад сервер актив 20.7 их наяд төгрөгтэй тэнцүү байна. Мөн зээлийн өсөлт аравдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.6 хувьтай тэнцүү байна. Зээлийн нийт хэмжээ 18 их наяд төгрөгт хүрсэн байна. Нийт зээлийн 87.8 хувийг төгрөгийн зээл, үлдсэнийг гадаад валютын зээл бүрдүүлж байна. Харин хугацаа хэтэрсэн зээл нийт зээлд эзлэх хувь 10.7 хувь болж өмнөх сараас 0.22 хувиар буурсан. Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь хэмжээ 10.7 хувь бол өмнөх сараас 0.27 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Банкны салбарын шинээр татсан хадгаламжийн жигнэсэн дундаж хүү төгрөгийн хувьд 11.1 хувь, валютын хувьд 4.1 хувьтай тэнцүү байна. Шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү төгрөгийн хувьд 16.8, валютын хувьд 8.9 хувьтай тэнцүү байна. Үүнийг иргэд болон байгууллагаар нь задалж үзвэл шинээр татсан хадгаламжийн жигнэсэн дундаж хүү иргэдийн хувьд 11.6 хувь, байгууллагын хувьд 11 хувьтай тэнцүү байна.
Төлбөрийн тэнцлийн урсгал данс оны эхний есдүгээр сарын байдлаар 970 сая ам. долларын алдагдалтай гарсан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33 хувиар буурсан үзүүлэлт юм. алдагдал буурахад голлон нөлөө үзүүлсэн нь манай улсын экспортын дүн нэмэгдсэнтэй, бараа, худалдааны тэнцэл сайжирсантай холбоотой. Санхүүгийн дансны хувьд оны эхний есдүгээр сарын байдлаар 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Үүнд 1.4 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт, бондын хэмжээ 400 сая ам.доллартай тэнцсэн нь голлон нөлөөлсөн” гэв.
Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Эдийн засгийн сэргэлтийг үргэлжлүүлэн батжуулах, төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах гэсэн Төв банкны үндсэн чиг үүргийн бодлогыг цаашид үргэлжлүүлнэ. Ирэх жилийн онцлогтой холбоотой үндсэн гурван сорил байна гэж харж байгаа. Энэ утгаараа Монголбанкны удирдлага, бодлого, үйл ажиллагаа дээрх сорилтыг богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэх, үүнд чиглэсэн эрчимтэй арга хэмжээ авахаар ажиллаад эхэлсэн. Нэгдүгээрт, ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хугацаа ирэх оны тавдугаар сард дуусгавар болно. Тиймээс энэ хөтөлбөрийг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлж дуусгах нь Монгол Улсын ирээдүйн дунд хугацааны сорилтуудыг амжилттай болгох гол тулгуур нь болох юм. Энэ хүрээнд Монголбанкнаас шалтгаалах ажлыг эрчимтэй хийнэ.
Хоёрдугаарт, “Саарал жагсаалт”-д Монгол Улс өнгөрсөн аравдугаар сард орсонтой холбогдуулан 2020 онд багтаан энэ жагсаалтаас гарах зорилго тавин ажиллаж байна. Монголбанкны Зөвлөл, санхүүгийн мэдээллийн албаны үндсэн үүрэг нь төрийн холбогдох байгууллагуудын хоорондын харилцаа уялдааг сайжруулах замаар Монгол Улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бүрдүүлж, эрчимжүүлэх ёстой. Тиймээс бусад олон улсын байгууллагуудтай хамтран энэ ажлыг хэрэгжүүлнэ.
Гуравдугаарт, ирэх оны долдугаар сард Монголбанк болон Хятадын ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийн хугацаа дуусна. Ирэх оны төрийн мөнгөний чиглэлд ч гэсэн энэ талаар туссан байгаа. Монгол Улс гадаад өрийнхөө асуудлыг зохистой шийдвэрлэх ёстой. Энэ утгаар бусад олон улсын байгууллагуудын дэмжлэгийг авах, тухайн банктай гэрээ, хэлэлцээрийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх ёстой.
Дээрх гурван чиглэлд Монголбанк үндсэн чиг үүргээс гадна онцгой анхаарах бодлого гарган ажиллаж байна” гэлээ.
Б.Лхам