Хөгжиж буй орны иргэд хамгийн ихээр улстөрждөг гэсэн судалгааны баримт байдаг. Үүнд улс төрийн нам эвсэл болоод улстөрчдийн баримталж буй бодлого, гаргасан шийдвэр нь ийм байдалд нөлөөлдөг нь үнэн. Тиймдээ ч манай улсын иргэн бүр шахуу ямар нэг хэлбэрээр улстөржиж, жалга довоороо хуваагддаг нь нууц биш. Тэгвэл дэлхийн бусад орны хувьд хэн Ерөнхийлөгч байх, төрийн эрхийг аль нам барихаас үл хамаарч бизнес эрхлэгчид болон ард иргэд нь өмнөх ажлаа тогтвортой үргэлжлүүлж, улс орны хөгжилд гар бие оролцдог аж. Үүнд нь мэдээж улс төрийн тогтвортой байдлаас гадна төрийн бодлого тодорхой, хүртээмжтэй байдал шууд нөлөөлдөг нь дамжиггүй. Тэгвэл яг ийм зарчмаар бизнес эрхлэгчид тогтвортой үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн эрх чөлөөнд хүрэх алхмыг нээх нэгэн хууль батлагдсан нь Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хууль. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хамгийн дуулиан дагуулсан сэдэв нь ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, эрх бүхий хүмүүс өөрт болон өөрт хамаарал бүхий этгээдүүддээ хөнгөлөлттэй зээл авч өгсөн хэрэг байв. Тэгвэл дээрх хууль батлагдсанаар энэ мэт үйлдлийг таслан зогсоох эхний алхам болсон хийгээд хөнгөлөлттэй зээлийг зорилтот бүлэгт хүргэх хамгийн зөв, оновчтой шийдэл болж чадсан юм. Өөрөөр хэлбэл, ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батлахаар өөрчилснөөс гадна эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, өөрт болон өөрт хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн, нөлөөлсөн тохиолдолд оногдуулах хариуцлагын тогтолцоог холбогдуулах хуулиудад шигтгэж өгчээ.
ХЭНИЙГ ҮЙЛДВЭРЛЭГЧ ГЭХ ВЭ?
Тухайн улс орны эдийн засгийн гол амин сүнс нь жижиг, дунд үйлдвэрлэгчид байдаг гэсэн судалгаа бий. Манай орны хувьд өнөөдрийн байдлаар 90 мянга орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээрээс 67 орчим хувь нь Улаанбаатар хотод, үлдсэн 33 хувь нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Ажилчдын тооны хувьд 88.6 хувь нь 1-9 ажилтантай бол 9.6 хувь нь 10-50, үлдсэн 1.8 хувь нь 51-200 ажилтантай юм байна. Эндээс л бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг зөв бодлогоор дэмжсэнээр ирээдүйн акулуудыг төрүүлэх боломж нээгдэх боломжтой болох нь тод харагдах биз ээ. Старт апп буюу гарааны компаниуд нийт аж ахуйн нэгжийн 88 орчим хувийг эзэлж байгаа нь ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн шалгуурыг бууруулж, сонгон шалгаруулалтыг оновчтой хийх нь зүйтэй болохыг харуулна. Тиймдээ ч Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуульд үйлдвэрлэл эрхлэгчдийн тодорхойлолтыг олон улсын стандартад нийцүүлэн ангилжээ. Өөрөөр хэлбэл, хэнийг бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч бэ гэдгийг тодорхой болгож өгснөөс гадна олгох зээлийн хэмжээг ч гэсэн нарийвчлан тусгаж өгчээ.
Тухайлбал, 10 хүртэлх ажилтантай, борлуулалтын орлого нь 300 сая төгрөг бол бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч гэсэн ангилалд хамаарах юм.
Харин жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь 10-50 ажилтантай бөгөөд жилийн борлуулалтын орлого нь 300 саяас нэг тэрбум төгрөг,
Дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь 50-200 ажилтантай, жилийн борлуулалтын орлого нь 1-2.5 тэрбум төгрөг байх аж.
Аж ахуйн нэгжийн тодорхойлолтыг ингэж ялгаж салгаж, ангилснаар хэн хэдэн төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хаанаас авах боломжтой бэ гэдэг асуудал тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл, бичил үйлдвэрлэл эрхлэгчид хөнгөлөлттэй зээл авахын тулд заавал арилжааны банкны үүдийг сахиж, олон тооны баримт сэлт цуглуулах шаардлагагүй. Нэг үгээр хэлбэл, ЖДҮХС-гаас нэг хувийн хүүтэй хөнгөлттэй зээлийг олгох бөгөөд ингэхдээ зээлдэгчид элдэв шалгуур тавьж, цензурдахгүй юм байна. Хамгийн гол нь зах зээлээ сайн судалсан байх ёстой. Хэрвээ ийм боломж дутмаг бол тус сангаас дэмжлэг үзүүлж, зөвлөн туслах үйлчилгээг мөн үзүүлэх аж.
ОЛОН БОЛОМЖ-ХАМТЫН ХҮЧ
“Улстөрд найз гэж байхгүй” гэдэг үг бий. Харин бизнесийн салбарт энэ ойлголт эсрэгээрээ үйлчилдэг. Аливаа бизнесийг амжилттай явуулъя гэвэл найдвартай хөрөнгө оруулагчаас гадна найдвартай, итгэл даахуйц, чанартай хамтрагч хэрэгтэй. Яг энэ зарчмаар эдийн засгаа чадавхжуулсан улс бол Япон орон. Тус улсад үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжих үед тухайн эцсийн бүтээгдэхүүнд шаардлагатай бүх зүйлийг нэг компани үйлдвэрлэх бус харин олуулаа хамтарсан байдлаар ажиллаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тогтолцоог бий болгосонд оршдог аж. Өөрөөр хэлбэл, автомашины бүхий л эд ангийг нэг компани дангаараа үйлдвэрлэж, угсарсны эцэст хэрэглэгчдэд эцсийн бүтээгдэхүүн хүргэдэг бус харин зарим эд ангийг бусад үйлдвэрлэгчид үйлдвэрлэж, тэднээс татан авалт хийх замаар баялаг бүтээж эхэлжээ. Япон улс эрчимтэй хөгжиж, дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болоход нөлөөлсөн хүчин зүйлийн нэг нь энэ. Тэгвэл манай улс ч гэсэн энэ замналаар замнах эхлэлээ Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай хуулиар баталгаажуулаад байна. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд кластерийн бүсчилсэн байдлаар төрөлжин хөгжих боломжийг бий болгох, орон нутагт кластерийн хэлбэрээр хамтран ажиллах нөхцөлд төрөөс санхүү, татварын дэмжлэг үзүүлэх боломжийг дээрх хуулиар олгосон юм. Үүнд, хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн хүүг бууруулах, батлан даалт үзүүлэх, тоног төхөөрөмжийн түрээсийн хүүгийн дэмжлэг, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх замаар санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна.
Жишээлбэл, Сэлэнгэ аймагт зөгийн бал үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийг төрөөс түлхүү дэмжих бөгөөд эцсийн бүтээгдэхүүнээ экспортод гаргахдаа хамтарсан байдлаар ажиллавал санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой гэсэн үг. Ундааны компани хаяг, шошгоо заавал өөрсдөө үйлдвэрлэх албагүй. Бусад туслан гүйцэтгэгч компанитай хамтран ажиллах замаар шаардлагатай бараа, материалаа татан авалт хийж болно.
Энэ мэтчилэн улс орны эдийн засгийг бэхжүүлж, ирээдүйн акулуудыг анхнаас нь зөв бодлогоор бойжуулах зорилт бүхий ЖДҮХС-гийн үйл ажиллагааг цэгцэллээ. Аж ахуйн нэгж, иргэд бизнес эрхлэж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж ийн бүрдсэнээр эдийн засгийн коридор өргөжиж, улс орны эдийн засаг сэхээнээс гарч, зөв голдиролдоо орох баталгаа болж буй юм.
Энэ оны байдлаар 467 аж ахуйн нэгж ЖДҮХС-д төсөл ирүүлснээс 300 орчим төсөл нь сонгон шалгарч, 50 тэрбум төгрөгийн санхүүжилтээ аваад байна. Сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжийг онлайнаар бүртгэдэг болсон зэрэг нь ЖДҮ-гийн зээл зорилтот бүлэгтээ 100 хувь хүрэх бас нэгэн баталгаа болсон гэхэд болох биз ээ.
Г.Алимаа