Хятад улс нүүрснээс татгалзаж, байгалийн хий рүү идэвхтэй шилжиж байгаан дээр тус улсад байгалийн хий нийлүүлэгч орны нэг Туркменд байдал бүрэн тогтвортой байдалд шилжээгүй байгаа нь хятадууд болгоомжлол үүсэхэд нөлөөлөөд буй. Нөгөөтэйгүүр, БНХАУ нь газрын тос болон байгалийн хийг гаднаас импортлохдоо аль нэг улсад давуу эрх ашиг үүсгэхгүйн тулд олон улсаас тэнцвэртэй хэмжээгээр нийлүүлдэг. Энэ ч утгаараа хийн хэрэглээнийхээ нэгээхэн хэсгийг ОХУ-аас нийлүүлэхээр 2014 онд “Сибирийн хүч” хоолойгоор байгалийн хий нийлүүлэх тухай түүхэн гэрээг үзэглэсэн билээ. Хятад руу Зүүн Сибирийн (Якутын Чаяндын ба Эрхүү мужийн Ковыктийн) орд газруудаас байгалийн хийг Оросын дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна Хятад руу экспортлох юм. Байгалийн хийн хоолойг барьж дуусахад ердөө 40 км шугамын хэсгийг гагнах л үлдсэн тухай өнгөрөгч онд мэдээлж байсан. Түүнчлэн байгалийн хийн эхний нийлүүлэлтийг энэ оны сүүлээс эхлэхээр товлосон тухай мэдээлж байсан юм.
Гэрээний дагуу Хятад руу жил бүр 38 тэрбум шоо метр буюу 30 жилийн хугацаанд 400 тэрбум ам.долларын байгалийн хий нийлүүлэх аж.
Тэгвэл ОХУ-аас БНХАУ руу Дорнын чиглэлээр байгалийн хий нийлүүлэх тохиролцоог хийсэн талаар "Интерфакс" агентлагт мэдээлжээ. Тодуулбал, уг тохиролцоог өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд хийсэн бөгөөд хэлэлцээ хийх өдрйн хуваарийг хоёр удаа өөрчилсөн байна. БНХАУ руу хий дамжуулахдаа Эрхүү болон Якутын хий олборлох төвөөс тээвэрлэх юм байна. БНХАУ-ын хувьд хийн нийт хэрэглээнийхээ дийлэнхийг гаднаас импортолдог. Дээрх гэрээгээр хий дамжуулж эхэлбэл хятадын алслагдсан нутгуудад хийн хомсдол үүсэхээс сэргийлэх бүрэн боломжтой аж.
Өнгөрсөн 2017 онд хятадын байгалийн хийн хэрэглээ 15 хувиар буюу 237 тэрбум шоо метрээр, харин 2018 оны эхний хагас жилд 17.5 хувиар нэмэгджээ. Ингэхдээ, хэрэглээ нь дотоодын олборлолтоос нь хавьгүй хурдан өсч байгаа учир ОХУ-тай яаралтай тохиролцох шаардлага гарсны дагуу ийнхүү удаа дараагийн уулзалт хийсэн байдаг.
2018 оны эхний хагас жилээс өмнө Япон улс дэлхийн аамгийн том байгалийн хий импортлогч улс байсан бол өдгөө энэ байр сууриа хятадад алдаад буй.
Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад Хятад байгалийн хий экспортлох нь 35 хувь буюу 58.4 тэрбум шоо метрээр нэмэгдсэн байна.
Ташрамд дурдахад, Сибирийн хий дамжуулах хоолой нь ОХУ-ын "Газпром" ба Хятадын "CNPC"-ийн хамтарсан төсөл бөгөөд нийт урт нь 3 мянган км юм. Уг хоолой бүрэн ашиглалтад орсоноор хятадууд хийн "цангаанаас" гарч, үйлдвэржилт болон технологийн хөгжилд ихээхэн нэмэр болно гэдгийг Бээжин мэдэгджээ.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (3)