Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Экспорт Монгол-2019” олон улсын бизнес форум энэ сарын 28-29-ний өдрүүдэд “Corporate convention center”-т болох гэж байна. Энэ талаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэгээс тодрууллаа.
-“Экспорт Монгол-2019” форум тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн форумын онцлог нь юу вэ?
-Форумын хувьд энэ жил хүрээгээ тэлж олон улсын Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмждэг байгууллагууд оролцохоороо онцлог. Мөн гаднын мэргэжлийн эксперт, хөрөнгө оруулагчид нэг дор цугларах учраас дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд гадаад хамтын ажиллагаа бий болгох түүнийг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэж харж байна. Хамгийн гол нь дотоодын бизнес эрхлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ экспортлохын тулд ямар стандартыг барьж ажиллах талаар шаардлагатай мэдлэг мэдээлэлтэй болно гэсэн үг.
-Манай улсын хувьд экспортод гаргадаг хэчнээн бараа, бүтээгдэхүүн байдаг юм бэ. Өнгөрсөн оны хувьд дотоодын үйлдвэрлэгчийн бизнесийн орчин ямар ахицтай байв?
-Сангийн зүгээс бизнес эрхлэгчдэд зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлэх бус санхүүгийн бус арга замаар экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрхэн хийх вэ. Ялагуяа, гадаад экспортыг дэмжих талаар бодлого барин ажиллаж байна. Өнгөрсөн жилийн хувьд дотоодын үйлдвэрлэгчид 130 гаруй оронд буюу тухайлбал, Ази, европийн зарим орон, АНУ зэрэг улсад арьс шир, ноос ноолуур бусад хөнгөн үйлдвэрлэлийн салбарын чиглэлээр бараа бүтээгдэхүүнээ борлуулсан байна. Улмаар малын гаралтай бүтээгдэхүүн 10 орчим хувь, хүнсний чиглэлээр нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн зургаа орчим хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан. Мөн гоо сайханы бараа бүтээгдэхүүний экспорт дөрвөн тэрбум төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. Үүнээс харахад хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн экспортын бүтээгдэхүүн өсөх хандлагатай байна.
-Европын орнуудад арьс, ширээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үнэтэй байдаг. Гэтэл манай улсад түүхий эд нь Эмээлт дээр хог болон хөглөрч байна. Энэ тал дээр ямар бодлого барин ажиллаж байна вэ?
-Арьс шир, ноос ноолуурын нөөц бидэнд их бий. Хамгийн гол нь үүнээс чанарын шаардлага хангасан ноос ноолуур, арьс шир нь хэр их байна гэдэг нь чухал. Учир нь түүхий эд боловсруулах процесс нь бүх шатандаа чанарын шаардлага хангагдсан байх ёстой байдаг. Тиймээс шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахын тулд түүхий эдээ стандартын дагуу бэлдэх ёстой. Энэ асуудалд салбарын яамнаас бодлогын хэмжээнд ажиллаж байна. Мөн сангийн зүгээс бэизнес эрхрлэгчдэд түүхий эдийг хэрхэн хаягдалгүй бэлтгэх талаар аргазүйн зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллаж байна.
-Жижиг, дунд үйлдвэрийн сангийн зээлийн үндэсний шалгаруулалт дууслаа. Энэ жил сонгон шалгаруулалт ямар шалгуураар яаж явагдсан бэ?
-Энэ онд Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сангаас 47 тэрбум төгрөгийн зээлийг дөрвөн багцтай зарлан сонгон шалгаруулалт энэ сарын 10-нд дууссан. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 101 аж ахуйн нэгж шалгарлаа. Зээлийн болон барьцааны гэрээ байгуулах ажил санхүүжилтийн 40 хувьтай явж байна. Түүнчлэн дээрх төсвөөс орон нутагт 20.5 тэрбум төгрөг нь хуваарилагдан. Үүнд 366 иргэн, аж ахуйн нэгж хамрагдсанаас өнөөдрийн байдлаар 240 гаруй иргэн, аж ахуйн нэгж арилжааны банкаар дамжуулан орон нутгаар төслөө хэрэгжүүлэх боломжтой болоод байна.
-Энэ оны төсөлд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил ороогүй гэж та баттай хэлж чадах уу?
-Бид бүхэн өнгөрсөн зургадугаар сараас аравдугаар сарыг дуустал Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн бүх сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулах бүх талын арга хэмжээг авсан. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн маргаан, гомдол гараагүй учир ЖДҮХС-ийн зээл эзэндээ очсон байна гэж дүгнэж байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)