Манай улсад геологийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ жил тохиож байна. Ингээд тус салбарт шаардлагатай зүйл болон ямар өөрчлөлт гарсан талаар ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, гидрогеологийн салбарын эрхлэгч С.Жаргалантай ярилцлаа.
-Монголд геологийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хугацаанд монголын геологийн салбарт ямар ахиц, дэвшил гарсан бэ?
-1939 онд монголын геологийн алба байгуулагдсан түүхтэй. Энэ хугацаанд эрдэс баялгийн салбарт эрдэм шинжилгээ, судлал, үйлдвэрлэлийн ажлын сургалт, боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ихээхэн өөрчлөлт орсон. Эхний жилүүдэд боловсон хүчнийг Зөвлөлт холбоот улс болон тухайн үеийн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудад бэлтгэж байсан бол 1960 онд сайд нарын зөвлөлийн тогтоол гарч үндэсний мэргэжилтэн бэлтгэх ажил эхэлсэн байдаг. Үүнтэй холбогдуулан 1960-1961 оны хичээлийн жилд тухайн үеийн Монгол Улсын Их сургуулийн Газар зүйн ангийн 13 оюутныг III дамжаанаас нь элсүүлж, анхны оюутнууд төгсөж байсан бол өнөөдөр 4000 гаруй геологичийг бэлтгэн гаргаад байна. Өнөөдөр дэлхийн хэмжээнд дижитал тоон технологи бий болж байна. Үүнтэй холбогдуулан ирээдүйн боловсон хүчинд тавигдах шаардлага нэмэгдсэн.
-Геологичдод ажлын байрны хүрэлцээ хэр байдаг вэ?
-Тухайлбал, 2004 онд дэлхийн хэмжээнд Оюутолгой орд газрыг зарласнаас хойш найман жилийн хугацаанд геологичдийн эрэлт хэрэгцээ их болсон. Гэвч нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлттэй холбоотойгоор геологийн ажил хумигдаж, элсэлт цөөрсөн. Гэхдээ геологийн чиглэлээр төгссөн төгсөгчдийн хувьд 100 хувь ажлын байраар хангагдаж чадаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд геологич олдохгүй, энэ чиглэлээр боловсрол эзэмшиж байгаа төгсөх ангийн оюутан ч олдохгүй эрэлт хэрэгцээ өндөр байсан.
-Манай улсад геологийн судалгаа, шинжилгээ хэр хөгжсөн гэж харж байна вэ?
-Олон улсын түвшинд хүрч чадсан гэж хэлж болно. Гэхдээ лабораторийн нарийн багаж, техник төхөөрөмж байхгүйн улмаас нано технологийн судлагааг дангаараа хийж чаддаггүй. Энэ тохиолдолд гадаад хамтын ажиллагаатай хамтран судлагаа, шинжилгээгээ хийдэг.
-Геологичдод дэмжлэг, туслалцаа ямар байдаг вэ?
-Засгийн газраас геологийн суурь судлагаа хийх талаар их анхаарч байна. Энэ онд улсын төсөвт 24.6 тэрбум төгрөгийг геологийн салбарт төсөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, геологичдийг харах өнцөг өөр болж байна гэж харж байна. Бидэнд хамгийн чухал зүйл бол судалгааны лаборатори шаардлагатай. Мөн үүнтэй холбоотой тоног төхөөрөмжийг БСШУСЯ болон бусад байгууллагуудтай хамтарч бодлоготойгоор хөгжүүлэхгүй бол зөвхөн алх болон бусад зэвсгээр энэ салбарыг хөгжүүлэх боломжгүй. Одоогийн байдлаар гадаад хамтын түншээ ашиглаад судалгаа, шинжилгээ хийж чадаж байна. Ирээдүйд судалгаа, шинжилгээгээ өөрсдөө хөгжүүлэх шаардлагатай.
-Манай улсын ашигт малтмалын тархацын хувьд ямар байна вэ?
-Манай улс 1.5 сая км.кв талбайтай. Геологи, ашигт малтмалын тархалтын хувьд гүйцэд судлагдаагүй. Мэдэгдээгүй зүйл маш их бий. Өөрөөр хэлбэл, хаанаас юу ч гарч ирж магадгүй гэсэн үг. Хамгийн гол нь дэлхийн хэмжээнд уриалж буй ногоон технологи, ногоон ирээдүй зорилтыг хэрэгжүүлэхэд “лити” металл чухал болоод байгаа. Уг металлыг 2015 оноос эхлэн судлаачид эрчимтэй хайж эхэлсэн. Үүний үр дүнд манай улсад литийн орд газар байхгүй гэж үзэж байсан ч Дорноговь, Дундговь аймгийн хил дээр 300 орчим км-ийн урт, 60 орчим км-ийн өргөнтэй “лити”-ээр баяжсан бүс олсон. Одоогийн байдлаар тэнд хоёр орд, 10 орчим илрэлийн цэгүүд байна. Уг металлиар гар утас, нөтэбүүк зэрэг хэрэгслийн батерейг хийдэг юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)