Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах замаар агаар, орчны бохирдлыг бууруулах, эдийн засагт хэмнэлт бий болгох сонирхолтой иргэд болоод аж ахуйн нэгжүүд олширч байна. Энэ ч утгаараа төрөөс энэ төрлийн хэрэглээг дэмжихэд онцгой анхаарч буй юм. Ингээд Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн захирал Ц.Цэрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах замаар эдийн засгийн хэмнэлт хийх болсон. Манай Улсын хувьд ч энэ асуудалд анхаарлаа хандуулж байна. Танай байгууллага энэ чиглэлээр дагнан ажилладаг гэдэг утгаараа цахилгаан автомашиныг байгууллагын хэрэгцээнд ашиглаж, улмаар цахилгаан автомашин цэнэглэх хоёр зогсоол байгуулсан байна лээ. Эдийн засгийн хувьд хэр өгөөжтэй байна вэ?
-Тиймээ, Дэлхий нийт нүүрс шатаан, хүлэмжийн хий ялгаруулахаас татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа нь зөвхөн эдийн засгийн хэмнэлт үзүүлээд зогсохгүй байгалийн шавхагдах нөөцийг олборлох явцад байгаль орчинд учруулж буй хор хөнөөлийг бууруулах чухал ач холбогдолтой юм. Манай орны хувьд арвин их байгалийн нөөцтэй хэдий ч олборлож байгаа л бол хэзээ нэг цагт дуусах нь тодорхой учраас нар, салхи, ус, биомасс, газрын гүний дулаан зэрэг байгалийн шавхагдашгүй эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэж, ашиглах чиглэлээр судалгаа, шинжилгээ хийж, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ үйл ажиллагааг эрхлэн явуулдаг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ түүхт 30 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг угтсан олон ажил зохион байгуулагдаж байгаагийн нэг нь “Смарт” хөтөлбөрийн хүрээнд шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх зорилго дэвшүүлсэн явдал юм. Энэ ч үүднээс Олон Улсын стандартад нийцсэн нарны эрчим хүчээр цахилгаан машин цэнэглэх зогсоол байгууллаа. Энэ зогсоол нь 8кВт-ын хүчин чадалтай. Өөрөөр хэлбэл, нэг автомашиныг 1-2 цагийн хугацаанд бүрэн цэнэглэх чадвартай гэсэн үг. Түүнчлэн 2019 онд багтаан 30 минутад цэнэглэх хүчин чадалтай гурав дахь зогсоолыг байгуулахаар ажиллаж байна. Бид цахилгаан автомашинаа өвлийн хүйтэн, зуны халуун, зам түгжрэлтэй үед ашиглаж, туршиж үзсэн, нэг бүтэн цэнэглээд зуны цагт 100 км, өвлийн улиралд 60 орчим км зам туулж байна лээ. Шатахуун засвар үйлчилгээ тос тосолгооны зардлаас жилдээ гурван сая төгрөг хэмнэсэн тооцоо гарсан байгаа. Байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглахад эдийн засгийн өндөр үр ашигтай, хугацаа, үйлчилгээ хэмнэсэн жинхэнэ ухаалаг шийдэл болж чадлаа гэж үзэж байгаа.
-Цахилгаан автомашин унах сонирхолтой иргэдийн тоо олширч байна. Танай цахилгаан автомашин цэнэглэх зогсоолоор өдөрт хэчнээн иргэн үйлчлүүлдэг юм бэ?
-Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг олон нийтийн хүртээл болгох үүднээс цахилгаан машин эзэмшигчдэд машинаа үнэгүй цэнэглэх үйлчилгээг үзүүлж байна. Өдөрт ойролцоогоор 5-7 иргэн үйлчлүүлж, машинаа цэнэглэхийн зэрэгцээ заавар зөвлөгөө авч, мэдээлэл солилцдог уламжлал тогтсон байна.
-Хотоор ногоон дугаартай машинууд яваад байна. Эдгээр автомашинууд цахилгаанаар явдаг гэсэн үг үү?
-Тийм. Ногоон дугаартай автомашинууд 100 хувь цахилгаанаар хөдөлдөг юм шүү дээ. Агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд эко хэрэглээг олон нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор цахилгаан автомашиныг импортын татвараас чөлөөлж, дугаарын хязгаарлалтгүй зорчих зэрэг боломжийг бүрдүүлж байгаа нь эерэг нөлөө үзүүлж байна.
-Цахилгаан автомашиндаа нарны үүсгүүр суурилуулсан гэсэн. Ингэхээр явж байх үедээ ч цэнэглэгдэх боломжтой гэсэн үг үү?
-Яг тийм. Цахилгаан автомашин дээрээ 12 вольтын нарны үүсгүүр суурилуулж нэг ёсондоо автомашины гэрэлтүүлэг, хөгжим, агаар шүүгч зэрэг дотоод хэрэглээг бүрэн хангах туршилт хийж байгаа юм. Нэмэлт нарны цахилгаан үүсгүүр суурилуулснаар автомашины туулах км 10-15 хувиар нэмэгдэхээр урьдчилсан тооцоог гаргасан. Энэ өвөл туршиж үзээд үр дүнгээс нь хамаарч ирэх оноос цахилгаан автомашин дээр нарны дэлгэц суурилуулах үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байна.
-Эрчим хүчний салбарын “Нээлттэй өдөрлөг” Сүхбаатарын талбайд боллоо. Энэ үеэр иргэдийн сонирхлыг нарны зайн хураагууртай автомашин яах аргагүй татаж байсан. Энэ санааг хэн анх санаачилсан юм бэ. Үйлдвэрлэлд нэвтрүүлж, улмаар нийтийн хэрэгцээнд нэвтрүүлэх боломж хэр байна гэж та харж байна вэ?
-Нээлттэй өдөрлөгийн үеэр ойролцоогоор 960-аад иргэд үзэж сонирхсон байна лээ. Манайх төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас нарны үүсгүүрээр цахилгааны тодорхой хэрэглээгээ хангаж, цахилгаан автомашин ашиглан, түүнийгээ нарны үүсгүүрээр цэнэглэх зогсоол ашиглалтад оруулсан анхдагч байгууллаа болоод байна, цаашид олон байгууллагуудад нэвтрэх байх гэж итгэж байна. Эхнээсээ “Эрчим хүчний зохицуулах хороо” цахилгаан автомашин хэрэглэж, нарны эрчим хүчээр өөрсдийн барилгын цахилгааны хэрэглээний тодорхой хувийг хангах төслийг эхлүүлж байна. Гадаад харилцааны яам ч гэсэн нарны дээвэр төслийг хэрэгжүүлэхээр холбогдох тооцоо судалгааг хийж байгаа.
-Сэргээгдэх эрчим хүчний технологийн парк байгуулна гэсэн. Ямар зорилгоор ийм парк байгуулах гэж байгаа юм бэ?
-Өнөө цагт сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэх нь дамжиггүй. Үүнтэй зэрэгцээд сэргээгдэх эрчим хүчний шинэ технологийн шийдлүүдийг танилцуулах, мэдээ, мэдээллийг солилцох, цаашлаад холбогдох зураг төсөл, төсвийн тооцоолол зэргийг хийж гүйцэтгэх шаардлага бий болноодоо. Үүнийг л цогц байдлаар шийдвэрлэх зорилготой сэргээгдэх эрчим хүчний талаарх мэдээ мэдээллийг түгээж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх томоохон төв болж байгуулагдана. Сэргээгдэх эрчим хүчний технологийн парк байгуулж ажиллахаар олон улсын байгууллага болон ижил төрлийн бизнес эрхэлдэг байгууллагуудад саналаа хүргүүлж, зураг төсөл, холбогдох тооцоолол, төсвийг гаргасан байгаа.
-Иргэдийн дунд нэг эргэлзээтэй асуулт байдаг. Аж ахуй нэгж айл өрхийн цахилгааны төлбөр дээр сар бүр сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр гэж 5000 орчим төгрөг нэмж суутгадаг. Танай байгууллага захиран зарцуулах эрхтэй гэж сонссон. Энэ мөнгийг чухам юунд зарцуулдаг юм бэ?
-Манай байгууллага дэмжих төлбөрөөс нэг ч төгрөг авдаггүй, харин сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүдэд энэ мөнгө очдог. Энэ ташрамд хэлэхэд манай байгууллага төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, 100 хувь өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг бөгөөд гүйцэтгэсэн ажил үйлчилгээгээрээ орлогоо бүрдүүлдэг.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (1)