НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсвийн зарлагад шинжилгээ хийсэн билээ. Тодруулбал, Монгол Улс дахь агаарын бохирдол ба хэтийн боломжууд: Төсвийн зарлагын шинжилгээний тайланд "2012-2015 онд PM тоосонцрын түвшин буурсан нь Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлснээр эерэг үр дүн. Гэвч агаарын бохирдлын түвшин үүнээс хойш өссөн ба ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээ болон Монгол Улсын Үндэсний стандартуудаас маш олон дахин өндөр хэвээр байна" гэдгийг онцолсон байна. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд түүний дотор хавсарсан байдлаар нас баралт хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдлийн 10 гол хүчин зүйлийн нэг болоод байна. Монгол Улсад агаарын бохирдолтой холбоотой эдийн засгийн зардал жилд 645 сая ам.доллар буюу ойролцоогоор 1.6 их наяд төгрөг байна. Бага орлоготой гэр хорооллын өрхүүд нүүрс хэрэглэнээс түлхүү хамааралтай учраас төвийн дулааны сүлжээнд холбогдсон бусад хэрэглэгчээс илүү зардлаар дулааны хэрэгцээгээ хангах байгааг чухалчилжээ.
Мөн 2008-2018 онуудад улсын төсвөөс 147.3 тэрбум төгрөг, 60,7 сая ам.доллартай тэнцэхүйц гадаадын буцалтгүй тусламжийг агаарын бохирдлын эсрэг зарцуулсан бөгөөд энэ хугацаанд агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурч байсан байна.
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр 2017-2025 (АОББҮХ)-ийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт санхүүжилт ойролцоогоор 4.1 тэрбум ам.доллар (9.8 их наяд төгрөг), үүний 86 хувь нь агаарын бохирдлыг бууруулахад шууд холбоотой арга хэмжээнд зарцуулагдах бөгөөд одоогоор энэхүү санхүүжилтийн 80 орчим хувийн эх үүсвэр баталгаажаагүй байна. Энэ бүгдээс харахад шаардагдах санхүүжилт хэт өндөр, бодит бус харагдаж байгаа учраас АОББҮХ-ийн арга хэмжээг илүү эрэмбэлж хэрэгжүүлэх шаардлагатай нь харагдаж байна.
Сайжруулсан зууханд ашиглах түлшний олдоц, зохион байгуулалттай холбоотой асуудлуудаас шалтгаалж сайжруулсан зуухны үр ашигтай байдалд эргэлзээ үүсэж байсан авч энэ нь бодлогын гэхээсээ илүү хэрэгжилтийн явцад гарсан алдаа дутагдал юм. Дэлхийн банк болон ЖАЙКА-н судалгаанд сайжруулсан зуух нь эрчим хүчний урт хугацааны өөр оновчтой шийдлүүдийг олтол агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж байгааг онцлоод дараах зөвлөмжийг гаргасан байна. Үүнд:
- Сайжруулсан зуух ба түлшийг орон байрны дулаалгатай хамт хэрэгжүүлэх нь богино болон дунд хугацааны бодлогын чухал хэсэг болох ёстой. Төрөөс зуухыг солих, шинэчлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн, орон байрны дулаалгын болон бусад нэмэлт хувилбаруудыг турших нь зүйтэй юм.
- Сайжруулсан зуухыг дэмжих санхүүжилтийг олгохдоо орлогоос хамаарсан ялгавартай татаас нэвтрүүлэх боломжтой. Татаасыг зөвхөн сайжруулсан зуухны санаачилгыг дэмжихэд ашиглах эсэхийг нягтлах нь зүйтэй.
- Төрийн байгууллагын ажилтнуудыг түлш, зуухны болон дулаалгын технологийн стандартыг хянах сургалтад хамруулах гэжээ.