Зургийг Bloomberg tv
Дорноговь аймгийн Алтанширээ сумд барьж байгуулах Газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн ажил дуусч, энэ сарын 8-нд нээлтээ хийсэн. Ирэх оноос эхлэн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэж мэргэжилтнүүд хэлсэн юм. Бүтээн байгуулалттай холбоотой зарим асуудлаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн захирал Д.Алтанцэцэгээс тодрууллаа.
-Газрын тосны үйлдвэрлэлийн процесс хэрхэн явагдаж байна вэ?
-Газрын тосны үйлдвэрийг төлөвлөх, барьж байгуулах, үйлдвэрийг ашиглах гэсэн гурван шатанд хуваан үзэж болно. Одоогийн байдлаар бидний ажил төлөвлөлтийн үе шатандаа явж байна. Ер нь төлөвлөлтийн ажил хамгийн хүнд нь. Тухайлбал, инженерчлэлийн үе шатыг хийхэд биднээс маш их мэдлэг, чадвар шаардаж байгаа. Мэдэхгүй зүйлээ богино хугацаанд нөхөж мэдэх шаардлага гарч байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн төлөвлөлтийн зураг төслийн ажил явагдаж байна. Үйлдвэр нь технологийн болон технологийн бус байгууламжууд гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Технологийн бус байгууламжуудын барилга угсралтын ажлыг ирэх хаврын улирлаас эхлүүлнэ. Ингэхдээ ерөнхий гүйцэтгэх тендерийг Энэтхэг улсаас эхлэн зарладаг. Тус улсаас хураангуй жагсаалт ирсний дараа тендер шалгаруулах юм. Энэ ажлыг ирэх оны гуравдугаар сар гэхэд эхлүүлэх боломжтой гэж бодож байна. Харин уг хугацаа хүртэл газрын тос боловсруулах процессын технологиудын зураг төслийн ажил явагдана. Үүний тулд лиценз эзэмшигч байгууллага тус бүр дээр нарийвчилсан зураг төсөл боловсруулж, холбоно. Яг энэ хурдаар ажиллаж чадвал 2021 оны хавраас технологийн буюу газрын тос барих процессын байгууламжаа барьж эхлэх боломж бүрдэнэ.
-Газрын тосоо ямар тээврийн хэрэгслээр зөөвөрлөх юм бэ?
-Газрын тосны хоёр талбай буюу тухайлбал, Тосон уул 19, Тамсаг 21 гэдэг талбай бий. Алтанширээ сумаас Тосон уул хүртэл 551 км, Тамсаг хүртэл 641 км зайтай. Тиймээс арай ойр газарт тос цуглуулах цэгээ байрлуулна гэж тооцоолж байна. Газрын тосоо ямар тээврийн хэрэгслээр зөөвөрлөх вэ гэдэг асуудлыг төр засаг, мэргэжлийн хүмүүстэй нийлж тооцоо судалгаа гаргаж байж шийднэ. Уг нь газрын тосоо дамжуулах хоолойгоор тээвэрлэх зураг төслийн ажил хийлгэх захиалга Энэтхэг улсын компанид өгсөн. Гэхдээ төр засгаас өөр шийдвэр гаргах магадлалтай бий. Мэдээж дамжуулах хоолой өртөг бага зарцуулахаас эхлээд давуу тал их бий. Газрын тосыг ямар л бол ямар тээврийн хэрэгслээр тээвэрлэж болно л доо.
-1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт бүтээн байгуулалтад хангалттай хүрч чадах болов уу?
-Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсын дэд бүтцийн хөгжилд зориулж 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болж, 2016 онд газрын тосны үйлдвэр байгуулах шийдвэр гаргасан байдаг. Үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-г хийж үзэхэд төслийн нийт зардал 1 тэрбум 236 сая ам.доллар болсон. Төслийн нарийвчилсан ТЭЗҮ-д гардаг тоо нэмэх, хасах 20 хувьтай байдаг. Бид аль аль шатандаа хөрөнгө оруулагчдын зардлыг бууруулах тал дээр хичээж ажиллаж байна. Үүний нэг жишээ бол газрын тос үйлдвэрийн хотхон Сайншанд хотод баригдаж байна. Үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтын зардал өөрөөр хэлбэл, тэр олон мянган инженер, техникийн ажилтнуудыг байршуулах зардлыг хямдруулж чадвал, хөрөнгө мөнгөө ч хэмнэж чадна. Цаашлаад уг хотхон манай ажилчдын орон сууц болно шүү дээ.
-Зээлийн нөхцөл нь ямар юм бэ?
-Энэтхэгийн Засгийн газраас 1.2 тэрбум ам.долларыг жилийн 1.75 хүүтэй зээлдүүлж байна. Ингэхдээ зээл олгосноос хойш эхний долоон жил зээл болон зээлийн хүү төлөхгүй. 20 жилийн хугацаатай төлөхөөр тохирсон.
-Худалдан авалтаа хэдэн хувиар тохирсон бэ?
-Ямар ч улсын экспорт, импорт банкны нөхцөл гэж байдаг. Тухайн улсаас худалдан авах бараа, ажил үйлчилгээний хувь, төсөл хэрэгжиж байгаа болон бусад газрын бараа, ажил үйлчилгээний хувь гэж байдаг. Энэтхэгийн банкны стандарт хэмжээ 75:25 хувийн харьцаатай байдаг. Бидний зүгээс Энэтхэгийн талтай удаа дараа яриа хэлэлцээр хийж байгаад 65:35 хувийн харьцаатай болгосон. Өөрөөр хэлбэл, 65 хувь нь Энэтхэгээс авах бараа, ажил үйлчилгээний хүмүүс орно.
-Бүтээн байгуулалтад хэчнээн хүн оролцох бол?
-Бүтээн байгуулалтын ид үеийг 2022 он гэж харж байгаа. 2022-2023 онд давхардсан тоогоор 5-8 мянган ажилчин ажиллана.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)