Хүмүүсийн хашгичих, машин техникийн хяхтнах чимээ намайг сэрээлээ. Эргэж унтахыг хичээсэн ч нойр хүрэхгүй юм. Өглөө болгон эрт сэрээд сурчихсан бололтой. Босох гэж өндийв. “Юундаа ч яарах билээ” гэж бодогдоно. Буцаж хэвтэв. Тэгсээр байтал нойр бүрэн сэргэх нь тэр. Тэтгэвэртээ гарах гэдэг сонин мэдрэмж. Өчигдөрхөн манай эмнэлэг, манай тасгийнхан намайг тэтгэвэрт гаргасан гэхээр хаашаа юм дээ, өтөл нас руу минь үдэж өгсөн гэвэл болох юм уу. Түүнийгээ бас гавъяаныхаа амралт гэчихжээ. За даа, тэднийг ч хэлэлтгүй, өдий болтол ажиллах хугацаанд олон ч хүн тэтгэвэрт гарч байсан даа. Тэр үед ийм өдөр надад ирэхгүй юм шиг л бодож явж. Цаг хугацаа гэж . . . Хүн болгон л хэзээ нэгэн цагт над шиг ингэж санаа алдацгаадаг байх даа.
Би элдвийг бодож хэзээ ч юм хагарсан, бас хэзээ ч юм хэн нэг нь битүүлж шавардсан адар ширтэн хэвтлээ. Адарын тэр хагархай гүрэлзэж гүрдийн, хөгшин хүний судас шиг санагдана. Яагаад ч юм “Ийм судсанд тариа хийвэл мөн амархан олдоно доо” гэж бодлоо. Ёстой л нөгөө мэргэжлийн өвчин гэж иймэрхүү юмыг хэлдэг байх даа гэж санахаар инээд ч хүрэх шиг. Намайг сэрвэлзээд унахаар тэгсэн үү, өвгөн маань яраглан тамшаалаад дээш харан хэвтлээ. Хажуудаа хүн байгааг гэнэт санасан мэт би түүнийг тогтуун харав. Цав цагаан толгойтой ёнхигор өвгөн л нойрсоно. Сайхан өвгөн. Тиймээ, сайхан ч өвгөн, сайхан ч хүн. Миний хань.
Тэр унтаж байгаа хэдий ч бие цогцос нь сэрж байгаа. Одоо мөдхөн нүдээ нээнэ. Би мэдэж байнаа. Би чинь насаараа эмч хийсэн хүн шүү дээ. Миний бодлыг батлах мэт өвгөн нүдээ алгуурхан нээлээ. Тэгснээ
-Яасан бэ дээ хөгшөөн?. Нойр нь хүрдэггүй юү?. Тэгдгийм даа, тэгдгийм. Хэд хоногоос даснаа хө гэлээ. Би түүний сэрэхийг мэдэж байсан шиг тэр миний нойр сэрвэлзсэний учрыг мэдэж байгаа бололтой. Аргагүй дээ, өвгөн маань цэргийн хүн тул надаас аль эрт, бараг үсэнд нь сор унав уу, үгүй юү тэтгэвэртээ гарсан хүн. Тэгээд л тэтгэвэртээ гарсан эхний өглөө ямар байдгийг мэдэрч байгаа хэрэг. Хөөрхий дөө, яг тэр үедээ над шиг, бүр надаас ч хэцүү байсан биз. Би тэр үед нь юун ингэж ойлгохтой манатай. Харин ч бүр “За тэтгэвэрийн өвгөн минь хоол цайгаа хийгээд, хог шороогоо цэвэрлээд олигтойхон байгаарай. Битгий хов жив ярьж, хавь ойрын эмгэчүүл рүү сэлбэлзээд байгаарай” гэж ирээд л цаашлуулж байж билээ. “Ээ дээ, хүн гэдэг ер нь өөр дээр нь ирэхгүй л бол юу ч ойлгохгүй, мэдрэхгүй сонин амьтан байдаг юм байна даа” гэж ёнхигор шар өвгөний өндөр хамрыг ширтэн хэвтэхдээ бодож байлаа. Тэгтэл өвгөн маань
-Энэ улс одоо хүн амьтан амарч байгаа гэж огт боддоггүй л юм байх даа гэж үглэв.
Нээрээ л намайг сэрээсэн нөгөө чихэнд чийртэй чимээ үргэлжилсээр л байлаа. Манай энэ хавийн хуучин байшингуудыг нурааж оронд нь цоо шинэ өндөр, өндөр барилгууд барьж байгаа юм. Хэзээ мөдгүй манай байрыг ч нураах л юм гэсэн. Хэдийгээр оронд нь орд харш шиг сайхан өргөө барина гэх боловч бараг энэ насны амьдралаа өнгөрүүлсэн байрыг минь нураана гэхээр сэтгэл өвдөх ч шиг. Миний бодлыг тасалж өвгөн
-Хөгшөөн, босч цайгаа чанавал яасын? Одоо унтах ч бүр өнгөрөв бололтой гэж хүнгэнэв.
-За за, тэгье дээ, тэгье гээд өндийж цаг харвал 5:45. Цагны хажууд өнгө зүсээ алдаж, үмхэрч ноорсон “Бүжин” хэвтэх суухын завсар өеөлдөж харагдана. Харин гадаа, ирж буй цаг гэсэндээ нар аль хэдийн манджээ. Унтлагын өрөөнөөсөө шууд л гал тогоо руу чиглэлээ. Өглөө эрт болохоор манай цонхон доогуур шахуу өнгөрөх зам чөлөөтэй харагдана. Төд удалгүй үүгээр тоо тоймшгүй олон машин юунд ч юм яаран давхилдах болно.
Өчигдөр манайхны өгсөн цэцэгнүүд ширээн дээр хөглөрч харагдана. Баяр хүргэхэд цэцэг өгөх нь нэг ёсны соёл гэх боловч хэдхэн хоноод үхчихдэг болохоор өнөөх хүргэсэн баяр нь тэгэсгээд дуусчихна гэж боддоггүй л юм байх даа. Миний энэ бодол мэдээж орчин цагийн залууст таалагдахгүй нь лавтай. Гэхдээ нэгэнт ороод ирсэн бодлыг одоо яалтай.
Цайгаа гал дээр тавьчихаад, одоо ингээд усанд ороод шууд л ажилдаа гарах ёстой мэт бодогдоод болох биш. “Өнөөдөр тэгээд юугаа хийх вэ?” Энэ бас л сонин бодол. Урд нь ингэж бодож байснаа санахгүй юм даа. Хийх ажил тодорхой байсан болоод тэр байх. Эмнэлэгтээ асрагч, нярав гээд юүхэн хээхэн хийе гэж даргаасаа гуйдаг ч юм бил үү. Үгүй ээ, тэр ажлыг ч гэсэн хэн нэгэн хүн хийж л байгаа шүү дээ. Тэгэхээр яалаа гэж надад өгөв гэж. За, за олон юм бодож байхаар өнөөдөр гэрээ нэг сайхан цэвэрлэе. Эмэгтэй хүн гэдэг сонин шүү дээ. Гэрээ цэвэрлэж хүртэл жаргаж чаддаг.
Гэрээ тойруулж харлаа. Сэтгэл санаа маань уйтайхан байгаа болохоор тэр үү гэр ч гэсэн гундуухан, бүрэнхий дүү. Хананд өлгөөтэй зурагнууд дунд Сувдаагийн маань зураг аль тэртээ олон жилийн өмнөх шигээ инээмсэглэсэн хэвээрээ ч сэтгэл дагаад тэр үү нүдэнд нь гуниг хурсан ч юм шиг. Гараараа нүүрний шилийг нь арчлаа. Тоос дарчихаж. Ойрд цэвэрлээгүйн дээр хажууханд барилгын ажил хийгдэж байгаа болохоор нэг давхрын цонх онгойлгохгүйг хичээх ч яаж ийж байгаад л шороо дараад болж өгөхгүй юм. Түүний зургийг ширтжээ зогстол нэгэн гар мөрөн дээр минь зөөлхөн хүрлээ. Өвгөн маань босчихож.
-Энэ зургийг харахаар яг л тэр үеийнх шигээ байгаа юм шиг санагддаг гэж тэр маань хэлж байна. “Тиймээ, яг л тэр үеийнх шигээ” гэж бодсон ч түүнд юм хэлсэнгүй, толгой л дохилоо. Өвгөн хэсэг харж зогссоноо цааш эргэн явав. Бодвол угаалгын өрөө рүү биз. Өвгөнтэйгээ хоёул цайгаа уучихаад гэрээ цэвэрлэлээ. Цаг өнгөрөөд аятайхан ч юм шиг. Гэтэл гэнэтхэн “Өнөөдөр дуусчихвал маргааш юугаа хийнээ” гэсэн бодол харвав.
-Өвгөөн! Өнөөдөр ч яахав. Маргааш юугаа хийнэ ээ гэтэл
-Хийх юм аяндаа олддог юмаа. Ер нь тэгээд тэгж, ингэжээ байтал өдөр өнгөрчихнө шүү дээ гэж өнөөх чинь их л туршлагатай цаг өнгөрөөгчийн дүрд хувилав.
-Анхмаагийнд очдог юм билүү? гэтэл
-Хаа байсан Дархан руу яаж явах вэ. Тэгээд ч тэр чинь чи бид хоёрыг бодвол залуу хүн шүү дээ гэнэ.
“Нээрээ ч тийм дээ. Биднээс залуу юм болохоор тэтгэвэртээ гараагүй байж таарна даа” гэж бодохтой зэрэг атаа төрөх ч шиг. Өвгөн миний сэтгэлийг ойлгов бололтой
-Хөгшөөн! Санаа зоволтгүй дээ. Маргаашнаас бага охины банди нар шуугилдаад л ирнэ. Чи ч хэрдээ таарсан ажилтай болно гэсэн үг гэлээ. Бид хоёр охинтой, таван зээтэй хүмүүс л дээ. Том охиноос минь хоёр охин, бага охиноос минь гурван банди төрсөн юм.
Нээрээ л өвгөний хэлснээр маргааш гэлтгүй оройдоо охид, хүргэдүүд бөөнөөрөө ирцгээлээ. Намайг тэтгэвэрт гарлаа гэж баярлацгааж байна гэх үү, эсвэл эмзэглэж байна гэх үү ямартаа ч бид сайхан хоол хийж, бөөнөөрөө бужигнацгаалаа даа. Манай бага хүргэн их гярхай. Намайг юу бодож байгааг гадарласан бололтой
-Ээж, тэгээд одоо юу хийе гэж бодож байна даа гэхэд Сувдаа
-Ажил нь бэлэн шүү дээ. Манай гурав байна гэх нь хүүхэд хар л гэсэн үг бололтой. Харин том охин маань
- Цаг сайхан дулаарч байгаа юм чинь аав ээж хоёр амралтанд явна байгаа. Одоо мөдхөн зуны эхэн сар гарлаа гэхэд Сувдаа
-Өө, дэмий, дэмий, хаврын хавсарганд жиндчихнэ. Тэгснээс зунаас болсон нь дээр гэхэд өвгөн
-Хэ, зун ч мэдэхгүй ээ. Хүүхдүүд амраад ирэхээр биднийг ер нь гэрээс гаргах уу? гэхэд том хүргэн
-Харин тийм. Эдний гурав, дээр нь манай хоёр нэмэгдчихээр мөн ч бужигнана даа гэх нь бас л хоёр охиноо харуулах бололтой. Тэгтэл бага хүргэн маань
-Ээж одоо завтай болсон юм чинь ном бичээч гэхэд бид бүгдээрээ гайхацгаалаа. Би ч гэсэн бүр мэлэрч гүйцэв. Сувдаа
-Чи юу яриад байгаа юм бэ? Насаараа эмч хийсэн хүн яаж ном бичих юм? Манай энэ их сонион гээд толгойгоо түүн рүү сэжихэд хүргэн
-Юу хийж явсан нь ямар хамаатай юм. Насаараа амьдарна гэдэг чинь л өөрөө ном байхгүй юу. Тэгээд ч аав ээж хоёрын амьдрал сонин ш дээ. Сувдаа
-Юу нь сонин гэж? Чи одоо өөлөөд байгаа юм уу хаашаа юм гэж шарвалзахад том хүргэн дэмжих өнгөөр
-Харин. . .? Би ер ойлгосонгүй гэхэд том охин нилээн бодож сууснаа
-Дүүгийн зөв юм байна гэхэд Сувдаа өөрийгөө гэж бодов бололтой царайд нь итгэл тодров. Тэгтэл том охин цааш нь
-Та дурсамжаа бич. Хажууд чинь аав байна. Мартсаныг чинь сануулах болно. Бидний амьдрал нээрээ л сонин, гоё ш дээ. Хүмүүст сонирхолтой. Харин бичээд дуусахад нь би хүнд үзүүлж хэл, найруулга дээр нь засаж янзлуулъя гэхэд Сувдаа
-Өө, тэгээд энэ олон мангаруудыг яах юм бэ? гээд уруулаа унжуулав. Олон мангарууд гэдэг нь гурван хүүгээ хэлж байгаа юм. Бага хүргэн эхнэрээ хараад инээж л суух. Эгч нь
-Чи одоо битгий урваганаад бай л даа. Одоо яаж болоод байгаа юм түүгээрээ л болно биз гэлээ. Түрүүнээс хойш дуугуйхан сууж байсан өвгөн маань
-Миний охидууд том ээжүүд болчихоод битгий ингэж муудалцаж бай. Өнгөрч буй өдөр хоног бүхэн биднээс явж байгаа шүү дээ. Хүүхдүүдээ зүгээр л аав ээждээ аваад ир. Эд яахав жаахан шуугилдана л биз. Гараас гарчихсан амьтад яав л гэж гэснээ надад хандан
-Миний хөгшин ч гэсэн бич. Хүүхдүүдийн хэлж байгаа зөв шүү. Би ч гэсэн мартсан санаснаа сэргээе. Ер нь тэгээд их сайхан санаа байна шүү гэж бид бүгдийн эвийг оллоо. Угаасаа л ингэдэг юм даа, зайлуул. Сувдаагийн маань хошуу цаашилж, том хүргэний маань ч санаа амрах шиг болов. Сонин шүү. Манай Сувдаа, том хүргэн хоёрын зан авир төстэй. Харин том охин бага хүргэн хоёрын санаа дандаа нийлнэ. Эсрэг тэсрэгийн хууль гэдэг л энэ юм байх даа.
Хүүхдүүд маань хэсэг бужигнаад явцгаалаа.
-Багачуулаа үлдээхгүй юм уу? гэж намайг хэлэхэд
-Маргаашнаас болъё гэцгээв.
Тэднийг явсны дараа миний сэтгэл гэгэлзэж орхилоо. Байн, байн түүний зураг руу ширтэнэ. Хажууд нь хоёр туулай тэвэрсэн охины зураг байна. Жинхэнэ туулай биш л дээ, чихмэл. Өвгөн маань намайг ажиглаад байгаа бололтой. Тэгэхээр нь
-Би бичиж чадах болов уу? гэж итгэл муутайхан асуув.
-Бүгдийг нь биш юмаа гэхэд хамгийн сэтгэлд хоногшсон хэсгийг нь бичихэд л болно шүү дээ гэлээ. Бодоод үзэхэд бас тийм юм.
-Заавал тэр ном нь ч юүв. Зүгээр л дурсамж, тэмдэглэл байж болно биз дээ? Түүнээс илүүг би чадахгүй байх гэтэл
-Бололгүй дээ. Их том юм бодоод юүхэв гэлээ.
Тэр шөнө би бас л хөрвөөж хонолоо. Шөнө дунд арай ч барилгын ажил хийхгүй тул нам гүмхэн. Хажууд, өвгөний жигдхэн амьсгаа сонсогдоно. Гадуур хаа нэг машин өнгөрч байгаа бололтой үе үе өрөөгөөр нэг цагаан гэрэл цацраад алга болно. Орны хажуугийн шүүгээн дээрх “Бүжин” гэрэлд учиргүй тодорч ирснээ бүдгэрнэ. “Энэ туулай бид хоёрт их түүх бий” гэж бодохтой зэрэг энэ хавиас л дурсамжаа эхлэх юм байна даа гэж санагдаад баяр ч хүрэх шиг болж “Бүжин”-гээ авч үнслээ. Түүнээс тоос үнэртэж байна. Өвгөн маань унтаж байсан хэрнээ гараа явуулж миний гарыг атгалаа. Би тэгсгээд нам унтсан юм байж.
Дахиад л нөгөө барилгачдын дуу чимээ түжигнэж сэрлээ. Хорвоогийн дахиад нэг өглөө эхэлж байгаа нь энэ.
Яг энэ өглөөнөөс эхэлж би орчноо мартаж эхлэв. За, юун сүртэй юм. Гэнэтхэн зохиолч болчихлоо гэх гэж байгаа юм биш биз дээ гэж хэн нэг нь бодох л байх. Гэхдээ л би өнгөрсөндөө умбасан хэрэг. Нэгэнт би “Бүжин” буюу өөрт минь өдий хүртэл хадгалагдаж байгаа туулайн чихмэлээсээ эхэлнэ гэсэн болохоор тэндээсээ л эхлэхээс өөр арга алга. Энэ туулайг надад миний анхны хайрын эзэн, бүтэлгүй дурлалын учиг, энэ дэлхийд мэндлэх хувьгүй тэр нэгэн хүний эцэг эцсийн удаа уулзахдаа өгсөн юм. Чухам яагаад өгсөнийг би ойлгоддоггүй. Гэхдээ яагаад өдий болтол хадгалж, бүр чин сэтгэлээсээ хайрлаж явдагаа бол ухаардаг.
* * *
Тэр шар хөвгүүн бид хоёр нэг байранд, бүр нэг орцонд байдаг байлаа. Түүнийг Сүхээ гэнэ. Тэднийх нэг давхарт. Манайх гурван давхарт. Манай байр хотын төвийн, төв зам дагуух ягаан байшингуудын нэг л дээ. Энэ хавийг тавин мянгат гэдэг. Цагтаа монголын гайгүй сэхээтэн, одооны хэлээр бол элит гэмээр айлууд амьдрана. Үнэндээ бол хөдөөнөөс анх л ирж хотожсон хэсэг нь гэсэн үг юм даа. Манай дээд талд Анхмаа гэдэг охинтой айл байв. Надаас нилээн хэд дүү. Тэр үед намайг эгчээ, эгчээ гээд гүйдэг байснаа сүүлдээ чи, чи болж хувирсан юмдаг. Бодвол найз болж байсан нь тэр байх. Манай доод талын Сүхээгийнх нилээн сүүлд нүүж ирсэн юм. Сүхээ бид хоёр маш сайхан, дэндүү сайхан үерхэж байлаа. Тэр үеийн хүүхдүүд байраараа их нийлнэ. Манай байранд олон л хүүхэд байсан ч шинээр нүүж ирсэн гэдэг утгаараа ганцхан би ч биш бүх хүүхдүүд, тэр дундаа охидууд Сүхээг их сонирхож байсан юм. Тэр орос сургуульд явна. Энэ нь түүний царай муутай гэдэг үзүүлэлтийг дарж байв. Гэтэл тэр банди гитарыг гайхалтай гоё тоглоно. Бас болоогүй ээ, сагсан бөмбөгт хачин эвсэлтэй. Түүнийхээ хажуугаар нэг их сонин инээнэ. Нэг тийм юу гэмээр юм дээ. Түүнийг инээхээр ганцхан би ч биш манай байрны бүх охидууд хачин болчихдог байж билээ. Магадгүй бидний бяцхан зүрхэнд анхны хайр эсвэл эсрэг хүйстнээ сонирхох анхны мэдрэмж ирж байсан ч байж болох юм. Тэрийг мэдсэн юм шиг Сүхээ сонин инээмсэглэлээ зөвхөн над руу л өгөөд байх шиг. Бид хоёр нэг орцных болохоор тэр үү цуг байх нь элбэг. Тухайн үеийн хүүхдүүд орцондоо, эсвэл орцныхоо өмнө гитар тоглож эсвэл буу халж (худлаа ярьж) ихэнх цагаа өнгөрөөдөгсөн. Эцэг эх гэж яасан ч их ажилтай улс байсан юм. Хар өглөө гараад л харуй бүрийгээр ирэх. Тэднийг орой ирэхэд нь гэр цэвэрхэн, аяга хоол бэлэн байвал болдог байлаа. Ер нь ийм байлгаж чадвал ажилтай, сайн охиндоо орно шүү. Тэгээд л бусад цаг биднийх.
Удалгүй Сүхээ бид хоёр үерхсэн юмаа. Байрныхан байтугай сургууль даяараа мэддэг боллоо. Манай ангийнхан, чи орос сургуулийн тэрэнтэй үерхэж байгаа юм уу? гээд л. Сүхээ ч гэсэн намайг хэрээрээ л хайрлана. Хорин дөрвийн чихэр, жаран мөнгөний мөхөөлдөс идэхгүй өдөр надад байсангүй. Хааяа кино үзнэ. Тэр үеийн үерхэл харьцангуй энгийн, харьцангуй даруухан байсан санагддаг юм. Магадгүй, үе үеийн үерхэл тухайн цагтаа тийм байдаг байж болох л юм.
Бидний үерхэл даамжирсаар нэг л өдөр том хүний хэмжээнд очсым даа. Итгэмээргүй. Яг эхэндээ бол юу болоод байгааг ухаараагүй байтал нэг мэдэхэд би нус нулимстайгаа холилдчихсон тэдний жижиг өрөөнд байж байсан юм. Гэхдээ надад тийм ч муухай санагдаагүй. Харин юунаас ч юм их айж байлаа. Айсан ичсэнээ ч ялгахгүй тэднийхээс гараад дээшээ, гэр лүүгээ гүйж билээ. Өдөр болохоор л Сүхээ манай хаалгыг тогшино. Би онгойлгож өгөхгүй. Лав л гурав хоног түүнтэй уулзаагүй юмдаг. Гээд яахав дээ нэг л өдөр гарч, тэр өдрөөс эхлэн түүнийхээ гараас хөтлөн энэ хорвоо зөвхөн бид хоёрынх юм шиг явцгаасансан. Тэр үе яг одоогийнх шиг хавар цаг байлаа. Тэр ч, би ч төгсөх анги.
Гэтэл . . . гэтэл нэг л өдөр болохоо байлаа. Би жирэмсэн болчих нь тэр. Айсан гэж юүхэв. Тэр үед ямар одооных шиг тест энэ тэр гэж байсан биш. Биений юм ирэхээ байчихлаа. Гайхсандаа тэнэг юм шиг ээждээ хэлж орхив. Хүүхэд байж дээ. Ээж гэдэг хүн манараад явчих нь тэр.
-Арваа ч төгсөөгүй байж заваан, замбараагүй юү юү гэнэ вээ мэдэхгүй. Ээж, аавын загнахаас айх, тэдний яриад байгаа ирээдүй гээч нь ингээд өнгөрч байгаа юм байх гээд л дотор харанхуйлна. Арга барахдаа Сүхээд хэллээ. Гэтэл өнөө мангар чинь
-Ямар гоё вэ? гэдэг байгаа. Надад хэлэх үг олдсонгүй.
-Бид хоёр чинь арваа ч төгсөөгүй байна ш дээ гэтэл
-Тэр ямар хамаатай юм. Би төгсөөд шууд үйлдвэрт ачигч болж та хоёрыгоо тэжээнэ л гэнэ. Мөн их романтик юм ярьж байнаа. За тэгэх л юм байх гэж бодов.
Гэтэл хэд хоногоос нэг л биш ээ. Ээж нь загнасан, аав нь зодсон л гэнэ. Нөгөө их оргилсон хайр сэтгэл нь алга болчихлоо. Яг энэ үеэр манай ээж намайг хүүхдээ авхуулахыг ятгаж эхлэв. Миний ирээдүйд энэ хүүхэд маш их гай тотгор болох юм байх. Эх хүн гэдэг хүүхдээ яаж загнах, яаж үгэндээ оруулахаа мэддэг юм шиг байгаа юм. Хувь тавилан гэдэг юмыг үнэхээр хэлж болдоггүй юм билээ. Нэг өдөр ээж маань
-Өнөө орой манайд хүн ирнэ. Чиний хүүхдийг авхуулах боллоо гэдэг байгаа. Дотор харанхуйлаад нэг л биш. Ямар ч байсан эцэг нь болох нөгөө хүүдээ хэлмээр санагдаад болдоггүй. Ээжийг арай гэж аргалаад хог асгах гэж буй хүн болон хогийн сав бариад гарлаа. Нэг давхрын хаалгыг тогшив. Харамсалтай нь Сүхээ гэртээ байдаггүй. Аргагүйн эрхэнд абортонд орлоо. Тэр үед абортыг зөвшөөрдөггүй. Хийвэл нууцаар хийдэг байв. Уг нь бол эмч ч тэр, ээж ч тэр маш аюултай юм хийж байна гэсэн үг л дээ. Би тэр хүний царайг одоо болтол санадаггүй юм. Орж ирснээс нь хойш айгаад эгцэлж хараагүй. Сүүлд нь нүүрэндээ маск зүүчихсэн болохоор харах ч аргагүй. Тэгээд ч юун царай харахтай манатай. Эхэндээ шал танихгүй эрэгтэй хүнд хамаг юмаа дэлгээд үзүүлж байгаадаа туйлгүй их ичиж, айж байж билээ. Харин сүүлдээ юун ичих, голоос нэг юм зулгаагаад шархиран өвдөж өөрийн эрхгүй нулимс урсаад л . . . Ээж маань харин их хатуу чанга, надад бүр хайргүй ч юм шиг санагдсан даа.
-Дахиад тэр нэг юмтайгаа заваараад үзээрэй гэж хэлсэн нь чихэнд бүх амьдралын минь туршид, заримдаа бүр одоо ч гэсэн сонсогдсоор байдаг юм. Хэдийгээр ээж минь намайг, миний ирээдүйг бодсон гэж ярьдаг боловч тухайн үеийн нийгэм, хүн амьтны хэл амнаас л өөрийгөө хаацайлах гэсэндээ ингэсэн байж магадгүй гэж хааяахан боддог. Би үнэхээр хүүхдээрээ байсан болохоор ээжээсээ, ааваасаа айж тэдний өмнө буруу юм хийчихсэн юм шиг л байдаг байлаа. Ээж маань сургууль соёлоор их далайлгасан. Тэр үед сургуулийн хүүхэд жирэмсэн болвол одоогийнхоор хамгийн айхтар бас ичгэвтэр шуугиан болж сургуулиас хөөгдөх байлаа. Аав ээж нь асуудалд орно. Магадгүй, манай сургууль ч гэсэн хот дүүргийн хэмжээнд асуудалд ордог байсан байж болох юм.
За тэгээд би гэж нэг амьтан ямартаа ч гэсэн гэмээ цайтгаж, ээжийн санаа амарснаар энэ явдал өнгөрөв. Хаврын шалгалт шүүлэг гэж сургууль руу явахаас өөрөөр гэрээс гарсангүй. Сүхээ намайг асуугаад л байх. Тэгж, тэгж нэг өдөр Сүхээгийн хүсэлтээр гарлаа. Хүлээж байгаарай гэсэн сандал дээр нь сууж байтал нэг туулайн чихмэл барьчихсан гүйгээд ирлээ. Би дотроо бол их л хүнд бэрхийг туулаад, даваад ирчихсэн хүн. Өнөөхдөө эрхэлмээр чиг, тунирхмаар чиг болоод болдоггүй. Тэгсэн хэрнээ яагаад ч юм Сүхээ намайг тэвэрч аваад үнсэх юм шиг. Магадгүй бүр өнөөх энхрийллээ дахиад хийх юм шиг санагдаад яаж татгалздаг юм билээ гэсэн шүү юм бодон суув. Харин тэгтэл авчирсан туулайгаа өгөөд
-Болороо, би чамд нэг юм хэлэх гэсэн юм. Чи бид хоёр их сайхан үерхсэн. Би чамд хайртай байсан. Гэвч бид цуг байж чадахгүй боллоо. Манай аав ээж нар намайг Оросод явуулах гэнэ. Би тэнд дунд сургууль дүүргээд тэндээ үлдэх байх гэв. Түүнийг ийм юм хэлнэ чинээ санаагүйдээ тэр үү дотор харанхуйлаад явчихлаа. Юун яасан намайг эрхлүүлэх. Энэ хүртэлх хугацаанд миний юутай ч юм тэмцсэн тэр сэтгэл, түүнийгээ даван гарч ирсэн итгэл, урьдын сайхан үерхлээ үргэлжлүүлнэ гэсэн хүсэл тэр чигээрээ түүний өлмий дор зүгээр л хөсөр уначих нь тэр. Миний нулимс сул асгарч эхлэв.
-Чи тэгээд зүгээр л ингэж хэлээд яваад өгч болно гэж яаж бодоо вэ? Намайг яасан гэж ингэж байгаа юм бэ?
-Би чамд дургүйдээ бишээ Болороо. Аргагүйдээ л энэ. Тэгээд ч бидэн дунд байсан хамаг нандин бүхэн тасарчихлаа. Бид цаашдаа хамт байж чадахгүй нь гээд миний гарыг нэг атгасан болчихоод яваад өгөх нь тэр. Хорвоо гэдэг, амьдрал гэдэг ийм амархан хувирч болдог гэдгийг би тэрхэн үедээ яахан ойлгох билээ. Араас нь юм хэлж ч чадалгүй нулимсаа залгиад л үлдлээ. Нээрээ ч удалгүй Сүхээ харагдахаа байчихсан. Гэсэн ч гэсэн би гарч орох тоолондоо хаа нэгтэй тааралдчих юм шиг санагдаад орц руугаа орохдоо ч халширч, тэдний цонх руу харахгүй юмсан гэж хичээдэг байж. Тэдний эцэг эхтэй таарчихвий гэхээс эмээнэ. Сүүлдээ манайх энэ байрнаас нүүчихээсэй гэж хүртэл боддог байж билээ. Тэгсэн хэрнээ харцаараа, сэтгэлээрээ түүнийг бас үе үехэн хайна.
Сургууль төгсөх хоёрхон сарын хооронд миний зан авир, царай төрх, нүдний харц ер нь тэр чигээрээ хачин өөрчлөгдсөн байлаа. Би том хүүхэн болсон байв. Сэтгэл санаа ч өөрчлөгдсөн. Үе үехэн тэр масктай хүнийг зүүдэлдэг болсон. Зүүдэнд, тэр масктай хүн миний дээр гарчихаад бэлгийн ажил хийх гээд дайраад болох биш. Би ямар ч байсан хэд хэдэн удаа тэгж зүүдэлсэн юм. Сүүлдээ бүр хүсэх аястай. Мэдээж энэ бодлоосоо айна, бас зэвүүцнэ. Одоогоор бол сэтгэцийн асуудал үүсэж байна гэсэн үг л дээ.
Аав гэдэг хүн дуугай хэрнээ их сонин хүмүүс байдаг шүү дээ. Нэг өдөр намайг тэвэрч буйдан дээр суугаад ихээ олон юм ярьсан санагдана. Яагаад ч юм надад, миний сэтгэлд үгүйлэгдээд байсан зүйлсийг зөөлхөн аядуухан хэрнээ эр хонгор дуугаар
-Миний охин өглөө болгоны нарыг харж, өдөр бүр чамд шинэ амьдрал, шинэ хайр ирнэ гэж итгэж амьдарч яв. Залуу хүний үзэж өнгөрүүлж буй бүхэн “залуу” л байдаг юм даа гэж хэлээд духан дээр минь үнсэж, намайг бага байхад яг л ингэж бүүвэйлж унтуулдаг байсан болов уу гэмээр намайг тэвэрсэн чигтээ их л удаан ганхаж суусан юмдаг. Залуу хүнд тохиолдож буй бүхэн бага байдаг гэсэн санаа байсныг би сүүлд ойлгосон юм. Намайг бага байхад халуурахаар тас тэвэрч хэвтээд хамаг халууныг авчихдаг шигээ аав маань намайг тэвэрч удаан суугаад сэтгэлд байсан хамаг л гуниг шаналалыг алга болгочихсон. Сүүлд нь бодоход аав өөртөө авчихсан ч байж магадгүй. Яагаад гэвэл нэг хэсэг их гуниглаж, уцаарлаж, сүүлдээ архи хүртэл балгасан юмдаг. Би одоо тэр ярианаас
“Засч болдоггүй алдааг л алдаа гэдэг юм шүү дээ, охин минь” гэсэн үгийг огт мартдаггүй юм.
Харин би аавдаа тэврүүлсэн тэр өдрөөс хойш хачин илт сэргэсэн дээ. Шалгалтуудаа сайн өгч, оноогоороо улаан шугамнаас дээш гарлаа. Химийн хичээлдээ сайн байсан болохоор тэрэндээ дулдуйдаад анагаахын их сургуульд шалгалт өгч, орлоо. Сүхээгээ ч тэгэсгээд мартаж эхлэв. Миний анхны хайр тэр байранд өнгөрч, анхны эр хүнтэйгээ тэдний жижиг өрөөнд учирч, бас анхны хүүхдээ тэдний жижиг өрөөний харалдаа дээр гурван давхрын бас яг тийм жижиг өрөөнд устгасан юм. Энэ бол миний анхны хайраас үлдсэн дурсамж. Харин тэр хүүгийн үлдээсэн туулай нь одоо энэ “Бүжин” юм шүү дээ. Түүнээс хойш амьдралын минь бүхий л мөчид надтай хамт байж, миний жаргал зовлонг хуваалцаж яваа юм. Надад мөн ч олон удаа загнуулсандаа, зайлуул.
Анхмаагийн тухай би түрүүн цухасхан дурдсан. Бид хоёрын ойртох шалтгаан бол тэр Сүхээ бид хоёрын хооронд тэр нэг хэсэг холбоо барьсан юм. Тэднийх их зарчимч мөртлөө халуун дулаан айл байлаа. Нэг өдөр Анхмаа
-Би тань шиг найзтай болох юмсан гэхээр нь
-Удахгүй дээ. Чи мөдхөн үерхдэг хүнтэй болно гэж хэлсийм.
Надад туулай тэврүүлээд одсон тэр өдөр Анхмааг би их л том хүн шиг санан, тэр хүүгийн тухай хамаг л бүхнээ ярьчихаж билээ. Бодвол Сүхээд гомдсон гомдолдоо л тэр байх. Тэгээд хэнд ч хэлэх ёсгүй зүйлээ ярьчихсандаа учиргүй санаа зовсон. Учир нь тэр үед бол асар том нууц шүү дээ.
-Хэнд ч битгий хэлээрэй, энэ бид хоёрын нууц шүү гэхэд тэр толгой дохисноос цаашгүй. “Одоо ч энэ газар сайгүй ярих байхдаа” гэсэн чинь харин тэр нэг ч үг унагаагүй юм. Магадгүй, энэ ч бидний үерхэлийн итгэлцүүр байсан байж мэднэ. Нилээн сүүлд, намайг овоо сэргэчихсэн шалгалт шүүлгээ өгөөд гүйж явахад Анхмаа надад
-Чамайг нэг хэсэг харагдахгүй болохоор чинь айх шиг болсон. Ер нь би том болтлоо хүүхэдтэй үерхэхгүй гэхээр нь
-Үерхэж болно ш дээ. Харин над шиг л алдаж болохгүй. Би бол хөвгүүдийг үзэн яддаг гэж хэллээ.
* * *
Бодолдоо ороогдон хэвтсээр өглөө болж нар мандахыг, тэр байтугай гадаах барилгачид ажлаа хэзээ эхэлснийг ч анзаарсангүй. Өвгөн маань сэрж байгаа бололтой хөрвөөж байна. Би босож цайгаа гал дээр тавиад, гар нүүрээ угаалаа. Гэлээ гээд би нөгөө их хөвөрсөн бодлоосоо салахгүй л байлаа. Ёстой нөгөө онгод монгод гэдэг нь энэ юм байхаа даа. Өвгөн маань хаанаас ч юм дэвтэр үзэг барьж ирээд
-Хөгшөөн, үүн дээр бич. Урд шөнө муухан унтах шиг болох юм. Их л юм бодоо байлгүй. Тэмдэглээд явахгүй бол эргээд мартчихна. Харин би сүүнд гараад ирье. Булангийн дэлгүүрт өнөөдөр шинэ задгай сүү ирдэг юм гэх нь миний мэдэхгүй хэр нь цаашдаа мэдэх ёстой зүйлийг хэлж байв. Хөөрхий минь намайг шөнөжингөө хөрвөөж хонолоо гэж байхыг бодоход би бас түүнийг унтуулаагүй бололтой. Өвгөн ч гараад явлаа. Би түүний өгсөн дэвтэр цаасыг авч том ширээн дээр суув. Угаасаа тасгийн эрхлэгч олон жил хийсэн надад үзэг цаас нийлүүлээд суух нь тийм ч төвөгтэй биш. Харин өнгөрсөн амьдралаа хөврүүлэн бодож, бодсоноо тэмдэглэн цааш нь үргэлжлүүлнэ гэдэг тун сонин байлаа. Үнэндээ бол ингээд цааш нь бичихээр бүрэн шийдэж байна гэсэн үг л дээ.
“За байз, түрүүн чинь юу бодож байгаад тасарлаа даа” Аа тийм. Үзэн ядах тухай . . .
* * *
-Би хөвгүүдийг үзэн яддаг гэж Анхмаад хэлсэн. Гэхдээ би сэтгэлийнхээ гүнд хөвгүүдийг үзэн яддаг уу гэвэл үгүй юм шиг байгаа юм. Би чинь хүүхэд байхын л нуруу туруу өндөр, царай зүсээр ч тийм мууд орохгүй охин байв даа. Оюутны зургаан жил чухам тэгсхийгээд л өнгөрсөн. Хоёр ч залуутай холбоотой байлаа. Гэхдээ би тэдэнд хайртай байсангүй. Хайрлах нь байтугай тэднийг ашиглан зовоож, нааш цааш нь гүйлгээд тэднийг ер жаргаасангүй. Урвайж унжийгаад гүйгээд ирэхээр нь арай аядуу зөөлөн болно. Тэгээд, өөртөө нилээн итгэлтэй болоод ирэхийн багцаанд нь зайгаа барина. Би хэзээ ч тэднийг бодож, хайрлаж байгаагүй. Яагаадыг өөрөө ч сайн ойлгохгүй байв. Магадгүй, би тэднээс Сүхээгийн орхиод явсны горыг авч байсан ч байж болох юм. Гэхдээ би тэгж бодож, занаж, шүдээ зууж байгаагүй болохоор магадгүй гэж байгаа юм. Энэ бол зүгээр л одоо бодож буй бодол.
Харин надад нэг сонин мэдрэмж бий болоод байгаа нь анзаарагдаж байлаа. Анагаахын оюутнууд бид эмнэлэгүүдэд хичээл заалгана, дадлага хийнэ. Тэр үед эмнэлэгээр дүүрэн маск зүүсэн эрэгтэй хүн зөрөлдөхийг харахаар эхлээд айдас төрдөг байв. Бодвол нөгөө үр хөндүүлсэнтэй холбоотой байх. Сүүлдээ айдас маань “Маскны цаана ямар хүн байгаа бол” гэсэн сониуч бодлоор солигдов. Хүний маскыг авч хармаар санагдаад байж сууж чадахгүй үе ч таарна. Яагаадыг би ер ойлгоогүй. Магадгүй, ээжтэй ирсэн тэр хүнийг битүүдээ хайгаад байсан ч байж болох юм. Аль эмнэлэгт ажилладаг хүн болохыг ээжээс нэг удаа асуусан боловч надад юу боллоо гэж хэлэхэв дээ. Түүний дуу хоолойг эргэж санах гээд ч бүтсэнгүй. Яаж ч санав гэж. Тэгээд л эрэл мухардсан боловч масктай хүн харахаар бие эрвэгнэж, хамаг л нандин бүхнээр минь оролдоод ч байх шиг, ер нь их сонин болдог болов. Хамгийн хэцүү нь миний эргэн тойронд масктай хүн маш олон байсан даа. Би тэр нэг шөнийг одоо гэнэтхэн санаж байна.
Энэ явдал түрүүний ярьдаг хоёр залуугаас жилийн өмнө болсон юм. Дөнгөж л оюутан болоод дадлага эхэлж байсан үе. Шөнийн ээлжинд гарах болов. Тэр шөнө гарсан эмч намайг сонирхоод байгаа нь илхэн. Эрчүүд чинь яг ийм үе дээрээ өөрийгөө хянахдаа жаахан муу ш дээ . . .
* * *
Ингэхэд би үүнийг бичиж болж байгаа юм болов уу? гэж гэнэтхэн өөрөөсөө асуун сэхээ авлаа. Яг үүнийг мэдсэн юм шиг өвгөн маань
сүү барьсаар орж ирлээ. “Наашаа ирж, бичиж байгааг тонгойж харах вий дээ” гэж санаа зовохдоо түүн рүү сэмхэн хялмалзаад байлаа. Ямар ирэнгүүт нь жаахан охин шиг хамаг юмаа хумиад, нуугаад уналтай биш. Тэгэхгүй гэхээр хөгшин улс бие биенийхээ сэтгэлд юм хийчихвэл үхтлээ юугаа ярьж суух билээ. Би чухам ямархуу царайтай болсноо анзаарсангүй. Өвгөн маань
-Бичээд бай, бичээд бай өвгөн нь ойрхон гараад ирье гээд нүдээ нэг хөөрхөн ирмээд, нэг их халуун дулаахан харлаа. Энэ хүн надад үнэхээр хайртай юм гэдгийг мэдээд мөн ч олон жил болж байна. Би ч азтай л хүн. Гэхдээ яг одоо бол “хурдхан гараасай” гэж бодож байв. Хүн гэж муухай шүү. Өвгөн гарч хаалганы түгжээ торхийхэд би цааш нь үргэлжлүүлэх гэснээ нэг их сонин санагдчихав. Бодвол өөрөөсөө л ичээд байгаа бололтой. Яаж яваад энэ сэдэв рүү орчихов доо. Санаа зовмоор юм. Энэ зохиолч нар ер нь яаж болж байдаг юм бол? Магадгүй, тэдэнд өөрсдөд нь хамаагүй байдаг болохоор тэр юм болов уу? Харин энэ бол миний амьдрал учраас үр хүүхэд, хань ижил гээд бүгд уншина гэж бодоод санаа зовоод байж болох л юм. Ямартай ч гэсэн нэг хэсэг сууснаа үзэг цаасаа цааш нь түлхэж, энэ сонихон хэсгийг зүгээр л дурсаж бодъё гэж санаад гэрээ цэвэрлэж гарлаа. Тэгэвч бодол санаа минь аль тэртээх халуун залуу насандаа очсон байлаа.
* * *
Тэр эмч намайг тэр шөнөдөө эзэмдлээ. Яагаад эзэмдүүлсэн гэхээр Сүхээгээс хойш орь тас орхигдсон тэр сэрэл мэдрэмжийг би битүүдээ хүсч байсан юм билээ. Тархи толгой манараад л доошоогоо халуу шатаад л явчихсан. Би хүний бие физилоги судалж байгаа хүний хувьд өөртөө чухам ямархан үзэгдэл явагдаж байгааг анзааралгүй яахав. Харин сэтгэл санааны хувьд маш сонин мэдрэмжинд байв. Би түүнд
-Та маскаа зүүчих тэгэх үү? гэсэн чинь тэр ихэд гайхан
-Би тийм царай муутай байна уу? гэсэн хэдий ч надаас хариу сонсолгүйгээр хурдхан шиг маскаа зүүв. Яагаад гэвэл тэр хүсэл тачаалдаа дийлдэж юу ч хэлсэн зөвшөөрөхөөр байснаас гадна маск гэдэг чинь эмнэлгийнхний эрүүн доор л байдаг болохоор нэг их төвөг болоогүй байх. Би тэр хүнээс ер харц салгасангүй. Өрөө харанхуй ч сарны гэрэл түүнийг харахад хангалттай байлаа. Хэсэг аахилж уухилаад намайг яг сайхан болж байтал тэр дуусчих нь тэр. Тэр юу ч юм яриад л, уучлалт гуйгаад л . . . эрчүүд чинь ер нь тиймэрхүү амиа бодсон чанартай ш дээ. Хэсэг хугацааны дараа тэр дахин хүсэж эхлэв. Энэ удаа би өөрийгөө л бодохыг хичээж, дахиад маскыг нь зүүлгэж байгаад дээр нь гараад авлаа. Миний сэтгэлд би түүнтэй биш, миний хүүхдийг устгасан тэр масктай хүнтэй л байгаа юм шиг төсөөлөгдөөд байх нь тэр. Гэхдээ би түүнтэй бэлгийн ажил хийгээд байгаа юм уу эсвэл тэр миний доотохыг ухаад хамаг юм гаргаж шидээд байгаа юм уу бүү мэд. Би ялгасангүй. Нэг мэдсэн чинь би эмчийн дээр маш хүчтэй, эрчтэй хөдөлж байснаа л санаж байна. Энэ бүх хугацаанд тэр масктай нүүрнээс харцаа бас л салгаагүй. Бүх зүйл дууслаа.
-Чи ч галзуу охин юмаа гэж баярласан гэхээсээ илүү гайхсан өнгөөр хэлж байлаа. Надад тэгж санагдсангүй. Байх л ёстой мэт.
-Яагаад надад маск зүүлгэж байгаа юм бэ? Би тийм царай муутай юм уу гэж түрүүнийхээ асуултыг асууж байна. Би бас л хариулаагүй. Ер нь ганцхан тэр эмч ч биш түүнээс хойш надтай учирсан бүх эрчүүл ингэж асуудаг байлаа. Би хөндий хоосон өнгөөр “үгүй” л гэнэ. Зарим нэг шалчигнасан нэгэнд нь бол “тийм” л гэчихнэ. Надад тэдний гомдох баярлах хийгээд сэтгэл зүрх нь огт хамаагүй байсан юм.
Би сургуулиа төгсөөд эмч болсон. Ингэж тэгсээр нэг мэдэхэд нас ч гуч гарчихав. Олон ч оюутан банди нар надтай жижүүрт хонодог байсан. Мөн ч олон удаа жижүүрт гарсандаа. Мэдээж бүгдтэй нь биш гэхэд надтай унтдаг хөвгүүд байдаг л байлаа. Тэдэнд бүгдэд нь маск зүүлгэдэг байсан юм. Би чухам хэдэн хүнтэй унтсанаа мэдэхгүй. Гэлээ гээд намайг учир замбараагүй амьтан гэж бодохгүй байх. Учир нь хүний амьдрал гэдэг ихээ урт. Дамаа бүр ганц бие бүсгүй хүний амьдрал түүнээс ч урт байдаг юм.
* * *
Энэ мэтийг бодсоор гэрээ цэвэрлэхэд өнөөдөр яагаад ч хийж амжихгүй дээ гэсэн ажлаа бүгдийг нь амжуулчихав. Өвгөн ч ороод ирлээ. Гадаа өвгөчүүлтэй шатар тоглож гэнэ. Бас хожиж гэнэ. Тэрийгээ ихэд хөөр бахдал болгон ярих аж.
“Тэтгэврийн хүмүүс ээ гэж иймэрхүү янзтай л өдөр хоногийг өнгөрөөдөг улс байдаг бололтой” гэж өвгөнийгөө ярих зуур бодож байлаа. Удахгүй би ч гэсэн сэтгэл зүйгээрээ эдэнтэй адилхан болно. Харин өнөө маргаашдаа арай л үгүй болов уу. Хүүхдүүд маань ирнэ гэсэн алга. Ажил нь болсонгүй юм байхаа даа. Оройдоо тэгэс, ингэсгээд зурагт харж өнгөрөөлөө. Хэвтэхийн алдад өвгөн маань
-За өнөөдөр хэр их юм бичив дээ? гэнэ
-Нэг их шальсангүй ээ
-Ганц суугаад л биччих тийм амар юм гэж хаа байхав дээ. Жаал бодохгүй юү дээ. Зураг, хөрөг гээд дурсамж сэдрээх юу байна, түүнийгээ үз гэж байна. Тэр зөв л юм хэлж байлаа.
Маргаашнаас нь эхлэн овоо суулаа. Хананд Сувдаагийн зураг инээмсэглэнэ. Өчигдөрхөн арчсан болохоор өнгөлөг харагдана.
* * *
Энэ манай охин Сувдаа биш шүү дээ. Миний найз Сувдаа юмаа. Хүүхэд байхад эднийх манай доор, нэг давхарт байдаг байлаа. Тэнд чинь нөгөө бандийх байгаагүй билүү? гэж гайхаж магадгүй. Тэднийхийг нүүж ирэхээс өмнө энэ Сувдаагийнх байсан юм. Айлын ганц охин. Надаас ганц хоёр дүү. Гэхдээ бид бараг ухаан орсон цагаасаа л хамт тоглож өссөн найзууд. Тэдний аав ээж Хөдөө аж ахуйн яаманд ч билүү ажилладаг. Ямар ч байсан байнга л хөдөө явсан гэдэгсэн. Охидууд л болсон хойно орцныхоо өмнө элдвийн зураг зурж, чарта хэмээх үсэрдэг тоглоом тоглоно. Сувдаа их адтай. Хэзээний л биднийг бүгдийг нь хожно.
Намайг найм төгссөн зун манайх зуслан нүүлээ. Ер нь жил болгон ингэдэг л дээ. Эргээд намар ирсэн чинь Сувдаагийнх байхгүй болчихсон байсан. Аймаар. Аав ээжийн яриагаар бол Сувдаагийн аав ээж нь хөдөө явж байгаад осолд орж нас барцгаасан байв. Харин Сувдааг асран хамгаалах хүн байхгүй тул асрамжийн газар аваад явсан байлаа. Би Сувдаагаа хичнээн их өрөвдсөн гээч. Гэвч түүн дээр очиж чадахгүй нэг хэсэг удсан. Яагаад гэвэл асрах газар гэхээр л нэг сонин бие зарайгаад, хөндий хүйтэн, айдас төрмөөр төсөөлөгдөнө. Тэгж, тэгж нэг удаа хүнээс асууж байгаад очлоо. Хөөрхий Сувдаа маань намайг хараад л уйлж гарав. Ээж аавыгаа алдсан амьтан тэгэлгүй яахав. Түүний ярьснаар бол гэр орноо, аав ээжийгээ, байраа, сургуулиа, намайг хүртэл санадаг гэнэ. Байрных нь охидууд дээрэлхдэг гээд ер нь хэцүү байдгаа ярив. Би гэрийнхэндээ хэлж түүнийг авчрах юмсан гэж мөрөөдсөн боловч хэлж чадаагүй юм. Тэгээд сарын дараа ч билүү дахиж очиход Сувдаа тэндээ дасчихсан, уйлж унжихаа больсон байлаа. Миний их өрөвдөл ч түүнд хэрэггүй байв. Харин намайг түүн дээр гурав дахь удаагаа очиход тэр бүр тэс өмнөө охин болжээ. Байж байгаа байдал, хэл яриа, тэр ч бүү хэл харж байгаа харц нь хүртэл өөрчлөгдсөн санагдана. Өдөр хоног өнгөрөх тусам Сувдаа миний сэтгэлээс холдож байлаа. Барагтай бол түүнийг санахгүй. Хаа нэг бодогдсон ч тэгэсгээд мартагдана. Тэгээд ч тэдний оронд нүүж ирсэн өнөө шар хүүтэй хайрын романс зохиогоод завгүй ч болсон байж мэднэ. Хүүхдийн сэтгэл гэдэг хөнгөндөө. Тэр үеэс хойш Сувдаатай уулзаагүй юм.
Харин Анхмаа бид хоёр их ойртсоныг урд хэлсэн билээ. Тийм л юм бол яагаад Анхмаагийн биш түүний зураг манайд байгааг гайхаж магадгүй л юм. Энэ зураг чинь түүний гуч гарсан үеийнх нь зураг л даа. Анхмаа маань сургуулиа төгсөөд гадаад хэлний сургуульд орсон байлаа. Намайг эмч болсон хойно над дээр хааяа ирнэ. Хүүхэд байсан тухайгаа жаал хуучлана. Овоо холбоотой байснаа нэг хэсэг алга болчихов. Тэгтэл харин хүнтэй суугаад хоёр ч хүүхэд ойрхон гаргасан гэж нэг удаа ирэхдээ ярьлаа.
-Үгүй чи тэгээд яагаад надад хэлж ярьдаггүй ямар сонин хүн бэ? гэхэд хэсэг түгдэрснээ
-Сюрприз барих гэж булзааруулав. Анхмаа маань ярьж байнаа. Оюутан байхдаа нэг залууд дурласан боловч тэр нь бүтэлтэй болоогүй юм байх. Тэр үедээ миний анхны хайрыг санаж, тийм жаахан охин яаж зовж, шаналж байсан бол гэж хүртэл бодсон гэнэ. Харин сүүлд өөрөөсөө нилээн ахимаг насны хүнтэй сууж, хоёр хүүтэй болж гэнэ.
-Сайхан л амьдарч байгаа юм байна ш дээ гэвэл
-Сайхаан, сайхан гээд дуу нь цаашлах янзтай. Бодвол бас л нэг асуудал байдаг бололтой. За тэгээд аль хүний амьдралын нарийн ширийнийг тэр гэхэв дээ. Ажиглаад байхад нөхөртэй хүүхнүүд заавал нэг сэтгэл дундуур явдаг хойно. Нэг үеэ бодвол бид чинь гуч гарчихлаа. Өөрсдийн л шийдэх асуудал гээд л надаас юм асуучихсан юм аятай зайлуулж бодлоо. Харин Анхмааг гарсны дараа надад анх удаа
“Ингэхэд надад ингээд ярих хань ижил байгаа билүү” гэж гэнэтхэн бодогдсон юм. Би өдий хүртэл хүүхэд олохгүй байв. “Хань ижлээ байг гэхэд ганц хүүхэдтэй болох юмсан” гэж анх удаа бодсон доо. Тэрнээс хойш бараг өдөр бүр шахуу бодсон гэвэл болно. Юун төлөө эмч хүн билээ элдвийн шинжилгээ өгч, эмчилгээ хүртэл хийлгэлээ. Тэр үед би өөрөөсөө нилээн хэд дүүмэд нэг залуутай болздог байлаа. Болзох ч юу байхав дээ. Тэр оюутан. Түүнийг би “Хөөрхөн хүү” хэмээн өхөөрдөнө. Хааяа ч бас эгдүү хүрмээр. Юмаа нууна гэж байхгүй. Надад мөнгө хэрэг болоод байна л гэнэ. Мөнгө төгрөгний хэрэгцээ хааяа гардаг байсан юм шиг байгаа юм. Утас дуугарч “Huurhun huu” гэсэн нэр гарах юм бол тэр ирэхийг хүсэж байнаа л гэсэн үг. Би ч ирэх тоолонд нь хэдэн төгрөг өгнө. Хөндлөнгийн хүн харах юм бол би нэг биеэ үнэлэгч залууг аваад байгаа юм шиг л харагдана. Мөн л нөгөө маскаа зүүлгэчихнэ. Түүнээс хүүхэдтэй болъё гэж бодоод аргаа барахдаа масканд учир байна гэж санан авахыг нь ч зөвшөөрсөн. Яаж ч хичээгээд олсонгүй. Анхны хүүхдээ авхуулсан тэр аборт л нөлөөлсөн байж таарав. Ийм үед ээждээ л их гомддог юм билээ дээ. Өөрсдийнхөө нэр нүүрийг авч гарах гэсэндээ миний хүүхдийг устгасан гэж бодогдоно. Гэтэл ганц охин нь бүх насаараа хүүхэдгүй болох бараан тавиланд уначихдаг гэж бодоод ээждээ насан эцэс болтол нь гомдсондоо.
Нэг удаа ажлаа тараад алхаж явлаа. Хүмүүс хос хосоороо, зарим нь хүүхдээ хөтөлчихсөн инээмсэглэн зөрнө. Гадаа тэнгэр цэлмэг, салхи шороогүй тогтуун байсан хэрнээ сэтгэл учиргүй гэгэлзээд, хачин гуниг төрчихөв. Хуучин байрныхаа тэрүүгээр очлоо. Хүүхэд ахуйн тоглож байсан газраараа явлаа. Хотын төвийн байр юм болохоороо нэг давхар нь тэр чигээрээ өргөтгөл хийгээд янз бүрийн үйлчилгээний газар болсон байв. Сүхээгийн байрыг хүртэл урагш нь сунгаад “Ганц сувд” гэдэг кафе болсон байлаа. Надад яагаад ч юм сонин санагдаад орлоо. Их цэвэрхэн аятайхан газар юм. Үйлчлэгч нар нь хүртэл учиргүй нахилзаад хоол захиалахгүй байхын арга алга. Хоол идэх гэхээр ганцаардаад тэгээд бас зүгээр байж болохгүй аяга ногоон цай аваад сууж байтал цаад өрөөнөөс хэн гарч ирсэн гээч.
* * *
Хаалганы хонх дуугарах шиг болов. Дахиад дуугарах болов уу гэсэн таг. Үгүй, тэгээд цааш нь бичих гэсэн чинь хамаг анхаарал хаалга руу сортолзоод болдоггүй. Арга ядаад очиж онгойлголоо. Хэн ч байдаггүй. Бүтэн цээжээ гаргаж, гадаах хонгил руу харсан боловч хүн алга. Заримдаа хий юм сонсох, хааяадаа ямар нэгэн үйл явдал яг давтагдаж байгаа юм шиг санагдах энэ тэр бол хүнд байдаг л даа. Гэхдээ энэ нэг л сонин. Эргэлзсэндээ эргэн, эргэн харсаар ширээндээ ирж суулаа. . .
* * *
Эгээтэй л хашгирсангүй. түүнийг дагуулаад л хараад байлаа.
-Миний дүү хүн багатай үед үүгээр түүгээрх юмаа байнга тэгшилж, янзалж бай. Хүн орж ирэхэд сэтгэлд дулаахан байдаг юм гэж хэлчихээд намайг хараад зогсчихлоо. Би түүнийг түрүүлж харсан болохоороо инээмсэглэв. Тэр
бүсгүй бол Сувдаа байсан юм. Жаахан байрагшсан л болохоос ерөнхий төрөх нь яг л хэвээрээ.
-Хүүе ээ! Ямар сонин хүн бэ? гэж хашгираад тэр намайг тэвэрлээ. Надад ч сайхан санагдав. Бүр худалч хүнд сормуус ч норох шиг.
-За тэгээд, сонин сайхан юу байна даа? Завтай бол хоёулаа хэсэг ярьж сууя л даа гэж байна. Мэдээж би зөвшөөрөлгүй яахав. Бидний яриа хэдэн цаг үргэлжилснийг одоо бараг санах юм алга. Их л удсан санагдана. Би түүнийг их удаан харж суув. Миний мэдэхийн асрах газрын жаахан танхайвтар охин биш болсон байлаа.
Сувдаа маань ер нь элдвийг л үзсэн юм байх. Асрах газраасаа гараад сургууль соёл ч гэсэнгүй. Сурлага нь ч хүрээгүй гэнэ. Тэгээд нэг найзыгаа даган наашаа цаашаа явдаг наймаанд явж гэнэ. Угаасаа өөрийн гэсэн мөнгөгүй учир өдөр хоногоо л аргацаасан юм болж. Тэгтэл нэг боломж гараад Солонгос явсан байна. Тэр үеэр манайхан бараг явдаггүй. Монгол хүн тэнд их нэр хүндтэй байсан гэнэ. Солонгосын виз ердөө л хорин ногоон л байлаа шүү дээ гэнэ. Тэгэхээр эрт явсан бололтой. Миний анагаах төгсөж байсан үетэй давхцаж байв. Тэнд очоод хоолны газар ажилд орж, солонгос хоолыг харин чамгүй сайн хийж сурсан гэнэ. Тэгээд хэдэн жилийн өмнө ирээд энэ байрыг түрээслэн ажиллуулж байгаа гэнэ.
-Энд чинь танайх байсан ш дээ гэхэд
-Харин тэгээд л энд ирэхгүй юү. Би угаасаа тэндээс ирэнгүүтээ ийм кафе нээнэ гээд л байр хайж эхэлсэн. Тэгээд л хотын төвд гээд хуучин байраа бараадсан хэрэг. Ашгүй тэгтэл үүнийг худалдаж авсан хүн нь түрээсэлсэн юм. Сүүлдээ нөгөө эзэнтэйгээ ярилцаад, удаан хугацааны зээл авч энэ байраа худалдаж авахаар цаг наргүй зүтгэж байгаа гэв. Яриаг нь сонсож суухдаа түүнээс эрч хүч гэрэлтэж байгааг мэдэрч байлаа. Байсгээд л намайг яриач, яриач гэх. Надад ярих олигтой юм олддоггүй. Анагаах төгссөн, эмч болсон. Энэ байрнаасаа эрт нүүсэн гэхээс өөр юм байдаггүй. Магадгүй би түүний хажууд эрчим багатай амьдарсан бололтой. Дөнгөж уулзсан болохоор учиргүй сэтгэл доторхоо уудлаад, үр хүүхэд байдаггүй гээд яриад байж чадсангүй. Нөгөө масктай хүмүүсээ хэлэлтэй биш.
Тэндээс гараад явж байхдаа түүнд атаархах шиг болов. Яг юунд атаархсанаа сайн ойлгосонгүй. Түүний гадаад төрхөнд гэхээр тэр эмэгтэй хүнийхээ хувьд надаас илүү гарах юм байсангүй. Намхан нуруу, махлагдуу бие, хэд нугаларсан харвин үс гэзэг нь гэж өөрийнх гэхээсээ хүний л гэмээр хайш яайшхан хамаад боочихсон. Гэхдээ л түүнээс гэрэл гэгээ эрч хүч цацарч байсанд л атаархаад байсан байх. Гэтэл би түүний хажууд сайхан бүсгүй. Сүүлийн үед үр хүүхэд, хань ижлийн талаар хэт их бодож өөрийгөө дарамталсан байж болох юм.
“Нээрээ, дарамталсан гэснээс Сувдаа ингэхэд хань ижилтэй болсон болов уу? Би энэ талаар асуугаагүй юм байна. Уг нь хүүхнүүдийн хамгийн түрүүнд асууж, хамгийн түрүүнд л ярих сэдэв байдаг биз дээ? Хэрвээ тэр надаас энэ талаар асуусан бол би ярихаас цааргалах байсан. Тэгэхээр бид хоёр ойролцоо шалтгаантай юм болов уу? Магадгүй л юм” гэж бодсоор гэртээ ирлээ.
Манай гэр яахав дээ, хэн ч үгүй хов хоосон, хав харанхуй. “Бүжин” маань намайг хүлээж цөхсөн мэт буйдан дээр хэвтэнэ. Анхандаа тэр уйт өдрийг санагдуулаад байдаг байсан “Бүжин” одоо миний л нэг ижил болж, олон ч жилийг надтай хамт өнгөрөөжээ. Одоо түүнийг анхных шигээ ямар нэг буруутан мэт бодохоо больчихож. Гэхдээ хүн гэдэг адайр ааштай. Юм л бол хажуудахтайгаа муудаж байдаг юм хойно хааяа “Бүжин”-тэйгээ муудчихна. Тэр надад юм хэлэхгүй ч би түүний өмнөөс надад юу хэлэхийг нь бодоод олчихно. Тэр орой бас тиймэрхүү л өдрийн нэг таарсан юм.
-Бүжин минь, чи надад ямар хэцүү байгааг төсөөлөхгүй дээ. Эмэгтэй хүнд тохиолдож болох хамгийн хэцүү үе энэ л байх. Юу гээч? Хүүхэд хүсэх. Төрөх юмсан гэж бодох ямар зовлонтойг чи мэдэх үү? гэлээ. Бүжин юугаа хариулахав дээ. Байдгаараа л бүлтийн хэвтэнэ.
-Тиймээ, тийм. Чи хариулахгүй. Муу санаатай өөдгүй муу туулай. Нүдээ ч цавчихгүй харж байгаа нь гөлийгөөд, чиний бах чинь ханаж байна уу?
- . . .
-Чи миний хүүхэд гаргахгүй хувь заяаны төлөөсөнд ирсэн биз дээ? Би хэзээ ч хүүхэд гаргахгүй. Хэзээ ч миний хөхөнд сүү орохгүй. Яагаад гэвэл чи хөхөж мэдэхгүй юм чинь. Чамайг л тэвэрч насаа барна. Ямар өрөвдмөөр юм бэ гэж би галзуу хүн шиг ганцаар инээлээ. Тэр дуугай л намайг ширтэнэ. Би баахан бачуурч байснаа хувцасаа ч тайлалгүй бүхлээрээ хэвтлээ. “Бүжин”-г нэг авах гэснээ уур хүрээд буруу харав.
* * *
Хаалга балбах чимээнээр өвгөн очиж тайлтал том охин хоёр охинтойгоо, нөхөртэйгээ орж ирлээ. Би суугаад байж чадсангүй. Хүүхдүүдээ үнслээ. Бас ч гэж тэднийгээ ирэхээр сэтгэл уясаж орхидог юм. Том охин маань шууд л хормогч өмсөж
-Аав ээж хоёртоо сайхан хоол хийж өгье. Ямар хоол идмээр байна?
-Ямар ч яахав дээ. Миний охины ямар ч хоол амттай юм чинь
-За тэгвэл сайхан банштай цай хийе
-Тэгээ тэг.
Тэр орой банштай цай ууж жаал хөөрөлдөж байгаад тэд ч явлаа. Бид хоёр ч хэвтлээ. Би дэрээ янзлах зуураа
-Хөөрхий дөө охидууд маань овоо л болж байна гэхэд
-Харин ээ хэлээд юүхэв. Миний охин нас ахих тусмаа эжийтэйгээ ижилхэн болж байгаа гэж . . . Би ч охиноо харах тусам л хайр хүрэх болж гээд өвгөн маань миний гарыг нэг сайн атгачихаад цаашаа харан хэвтлээ. Хөөрхий дөө, надтай ханилсан цагаасаа хойш ингэсээр одоо бараг зуршил болчихож дээ. Ингэж атгахгүй л бол унтаж чадахгүй болох шахтлаа дасчихаж.
Намайг барилгачдын нижигнээн биш шувуудын жиргээн сэрээлээ. Өвгөн аль эрт босоод явчихаж. Би ихээ бөх унтсан бололтой. Шууд босчих гэснээ эргээд жаахан хэвтмээр ч юм шиг. Яг залуугийнх шиг ээ.
* * *
Тэр өглөө ч гэсэн би нам унтчихсан байсан. Бүхлээрээ хэвтсэн хэрнээ шүү дээ. Сайн нойртой хоносон болоод тэр үү урд оройгоо бодвол сэтгэл ч гэсэн сэргэсэн байв. Өндийгөөд харсан чинь “Бүжин” маань газар хэвтэнэ. Өрөвдөх ч шиг болов. Надад хэн ч байхгүй шиг түүнд ч гэсэн надаас өөр хэн ч байхгүй ш дээ. Бүжингээ авч хошуун дээр нь хэд үнсчихээд угаалгын өрөө рүү явлаа.
Дараагийн удаа би Сувдаагийн кафед Анхмааг дагуулж очсон юм. Бид бас л нэг байранд байснаа ярьцгаав. Улаан эрээн даашинзтай, үсээ толгой дээрээ боочихдог жаахан охин байсан гээд Анхмааг таньж байнаа.
-Хүүе! Болороо, энд бас нөгөө Сүхээгийнх байсан биз дээ? гэж Анхмааг хэлэхэд
-Тиймээ, тэднийх бас байсан гээд би санаа алдлаа.
-Танай дараа нүүж ирсэн айл. Манай Болороогийн . . . гээд үгээ тасалж байна. Тэгэхээр нь би
-Миний анхны бөгөөд эцсийн хайр гээд муухан мушийлаа. Тэгтэл Сувдаа
-Юун эцсийнх гэж. Хүүхэд насны үерхэл чинь гоё, дурсгалтай ш дээ. Надад л лав тэр үед хүүхдүүд хоорондоо үерхэж байгааг харахад нэг л гоё санагдаад байдаг байсан.
-Надад ч гэсэн. Би бүр энэ хоёрыг хараад хэн нэгэнтэй үерхэх юмсан гэж боддог байж билээ. Тэднийг ийн ярихад би улам л дуугай болж байлаа. Надад тийм сайхан дурсамж байхгүй юм байна гэж бодогдож байв.
Тэр өдөр бид гэр бүл, үр хүүхдийн талаар ярьж таарлаа. Анхмаагийн тухай мэдэж байсан болохоор Сувдаад л сонин байсан байж магадгүй.
Харин Сувдаа маань энэ тал дээр нилээн зовлон үзсэн байлаа. Солонгосоос мань хүн ёстой амьдралыг цэцэглүүлэх хүсэл эрмэлзэлтэй ирсэн байж. Тэгээд нэг залуутай танилцжээ. Анхандаа ч хачин сайхан байсан байлгүй яахав. Гэтэл өнөөх нь адгийн чөтгөр байсан нь өдөр өдрөөр мэдрэгдэж эхэлжээ. Яаж нэг юм түүнтэй суучихаагүй юм. Үе үе согтуу ирэх болсон тэр байнга л Сувдаагаас мөнгө нэхдэг болж. Өгөхгүй бол кафед нь ирээд суучихдаг. Нэг өдрийн маргаанаас болж түүнийг зоджээ. Маргааш нь эрүүлдээ уучлалт гуйж, амлалт өгч. Гэтэл байдаггүй, хэд хоногоос дахиад л согтуу ирж
“Чи надад хүүхэд төрүүлж өгсөнгүй муу сувай эм. Одоо чи төмөр замын солгой Аюуш гэж хэн болохыг үзнээ гайгүй” гээд л зодсон гэнэ. За тэгээд л ирдэгээрээ ирж, явдгаараа явсаар нэг өдөр Сувдаа жирэмсэн болжээ. Одоо л нэг гайгүй болох болов уу гэж санаад хоёр сарын дараа түүнд хэлжээ. Гэтэл нөгөө Аюуш нь хүүхдээ авхуулчих гээд салдаггүй гэнэ. Харин энэ удаа Сувдаа зөвшөөрсөнгүй. Тэгээд ч Сувдаагийн нас гуч хүрч байсан болохоор гаргая гэдгээрээ зүтгээд эсэргүүцжээ. Үүнээсээ болж бүр хэвтэрт ортлоо зодуулсан байгаа юм. Харин аз болж үр нь зулбасангүй тухай ярьлаа.
-Үгүй тэгээд яваад өгдөг нь овоо доо гэхэд
-Юун явах. Нэг хэсэгтээ л намайг зовоосон. Манай энэ хэдийг ч зовоосон гэж ажилчдаа хэлээд. Цагдаа сэргийлэх болж байж арайхийж хөндийрсөн ш дээ. Эрс эсэргүүцээд, байнга цагдаа дуудаад байхаар нэг юм салдаг юм билээ. Тэгээгүй нэг л нүүр өгвөл тэгээд л өнгөрөө. Түүнээс хойш эр хүн гэхээр бараг худалч хүнд хамаг бие зарайдаг болсон. Дамаа бүр согтуу хүн харахаар уу, ёстой алергийтэж өгнө шүү дээ гээд Сувдаа сэтгэл ханасан хүн шиг инээлээ. Сувдаа охинтой болсон байлаа. Охиноо 24-ийн цэцэрлэгт өгчихдөг. Баасан гаригийн орой аваад нэг дэхийн өглөө өгдөг гэнэ.
-Одоо ч овоо болсоон миний охин гэж Сувдаа нүүр дүүрэн инээж байв. Санасандаа хүрч яваа хүн аргагүй дээ.
Сувдаад бас нэг сонин гэмээр зуршил байсан нь дуу хураагчид тааралдсан сонин болгоноо бичдэг байв. Анх надтай таарснаа, кафегаа яаж нээснээ, нөгөө Аюушд зодуулж үйлээ үзсэнээ, яаж охиноо төрүүлснээ гээд бичээгүй юм тэнд алга. Яагаад ингэдэг гэхээр анх Солонгост хоол хийх аргаа өөрөө өөртөө бичиж авч байсан юм билээ. Учир нь хэл мэдэхгүй учир гарын авлага гэж юм байхгүй. Зүгээр л өөрийнхөө харсныг, сахар тэдэн гр, мах тэдэн кг, тэдэн градуст тэдэн минут чанана гэх мэтээр бичдэг байж. Тэгсээр байгаад үзсэн харснаа, сүүлд нь бүр өөрийнхөө бодсон дүгнэснээ хүртэл бичсээр байгаад зуршил болсон байгаа юм. Хэзээний л өнөөх дуу хураагчаа халаасалчихсан явах. Гаргаж ирээд л өнөөдөр тэдэн оны тэдэн сарын тэдэн гээд л урсгаж өгнө.
Тэр оройноос хойш бид гурав долоо хоногт нэг орой уулзаж байхаар боллоо. Анхмаа хагас бүтэнд завгүй гэсэн тул бид даваа гариг болгонд уулздаг болсон юм. Ажилтай болохоор надад л их сонин өдөр санагдаад байснаас тэдэнд бол болж байлаа. Ингээд нэг байрны, нэг орцны гурван охин хэзээ хойно мөн тэр байрандаа, тэр орцныхоо нэг давхрын кафед уулздаг боллоо. Тэр нь манай Сувдаагийн гэр нь байсан байр. Бас миний анхны үерхэж байсан хөвгүүний гэр. Бас охин насаа өгсөн унтлагын өрөө маань одоо кафены нэгээхэн булан болчихож. Сонин л түүх юм даа.
Долоо хоног гэдэг хүүхнүүдэд хов жив, сонин хачин цуглуулахад хангалттай хугацаа. Сүүлдээ Сувдаагийн кафены ажилчид биднийг андахаа байв. Бүр ямар хоол захидаг хийгээд юу уудгийг ч мэддэг болсон. Орж ирээд л сууна. Захиагүй байхад л бидний ууж идэхийг авчраад тавьчихна. Тэгээд л ярьж гарна. Сувдаа
-За та хоёр яриад байж дээ. Би ямар эндээс гарах биш л гэнэ. Энэ бол бидний уулзаад л хэлдэг анхны үг, анхны асуулт. Сувдаагийн суудал яг цонх руу харж, Анхмаа бид хоёрынх өөд өөдөөсөө харж таардаг байв. Тэгсээр энэ бидний тогтмол суудал болж хувирсан юм. Хааяа бидний хэн нэг маань ирэхгүй бол тэр суудал хоосон л байдаг байлаа. Би л лав нэг дэх өдрийг их хүлээдэг байж. Тэр хоёр яадаг байсныг мэдэхгүй юм. Бид хоёроос гадна бас нэг байнгын үйлчлүүлэгч байдаг нь тэдний хөрш юм. Кафены хажуу талын хаалганд нэг нотариатч сууна. Тэр бас үе үе орж ирнэ.
Зохиолч Т.Бум-Эрдэнэ
Үргэлжлэл 2019 оны аравдугаар сарын 6-нд нийтлэгдэнэ
Сэтгэгдэл (3)