"Блокон хашаа даваад хоёр хүн зугтаачихлаа" гэж нэг орилох чимээнээ гурван залуу хашааны булан тойрон араас нь хар эрчээрээ харайлгав. Төд удалгүй "Мотоциклтэй залуус ардаа суулгаад гүвээ даван зугтаачихлаа. Түй чорт, арай л гүйцсэнгүй. Дараа таарна аа” хэмээн өнөөх гурван амандаа үглэсээр ирэв. "Хэн байсан бэ" гэж нэгэн хүн асуухад "Мэдэхгүй ээ. Энэ хашаанаас гарч ирээд л зугтаачихлаа. Хятадууд болов уу" гэв. Энэ үед цагдаагийн хэд хэдэн алба хаагчид, гадаадын иргэн харьяатын ажилтан зэргэлдээхэн байсан ч яагаад ч юм бэ, хөдөлсөнгүй. "Ямар учиртай хүмүүс зугтаав. Хаалгыг нь нүдээрэй. Дотор нь хүн байна шүү” гэх хүмүүс “Мал, мах өгье өө. Хаалгаа нээ” хэмээн орилолдох аж.
Ийм дүр ажиглагдсан үйл явдал энэ сарын 17-нд Архангай аймагт болсон юм. Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай ч бүх бичиг баримт нь Монгол Улсын иргэн буюу тэр дундаа Архангай аймгийн Жаргалант сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан н.Баясгалан гэгчийн нэр дээр байдаг гэх мах боловсруулах "Найруулга" үйлдвэрийн гадаа нутгийн иргэд жагссан учирыг энд сийрүүлье.
Монголчууд 60 сая гаруй малтай. Гэвч махны үнэ тэнгэрт хадаж, барагтай айл өрх худалдаж авч дийлдэхээргүй болсон. Цагийн сайханд жилийн өдийд махны үнэ буурч, өвлийн идшээ бэлдэх таатай орчин бүрддэг байлаа. Үүнд мэдээж оюутан залуусын төлбөр нөлөөлдөг байсан нь үнэн. Гэвч цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдсэн. Дагаад махны ханш буухаасаа илүүтэй өсөх нь элбэг болов. Үүний цор ганц шалтгаан нь хятадууд малчдын махыг өндөр үнэ цохиж авдаг болсонтой шууд холбоотой.
Тэгвэл Архангай аймгийн нутгийн иргэдийн эсэргүүцлээ илэрхийсэн дээрх жагсаал энэ процессийг эсэргүүцэж, хятадын хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагаанд хяналт тавих ёстойг шаардсан шаардлагаар дүүрэн байв. Хамгийн хачиртай нь, хууль хяналтын байгууллагаас зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байгаа гэж нутгийн иргэд найдсан нь эсрэгээрээ байв. Тодруулахын бол, хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай мах ангилан боловсруулах “Найруулга” компанийн үйлдвэрийн хашаа руу одоогоос гурав хоногийн өмнө Баянхонгор аймгаас 500 үхэр оруулжээ. Тэнд мэдээж нялж, төхөөрөөд хятад руу гаргахыг нь гаргаж, үлдсэнийг нь Улаанбаатар хот руу нийлүүлсэн нь ойлгомжтой.
Хятадууд дээрх 500 үхэрийг Архангай, Баянхонгор аймаг дахь манхны ченжүүдээс илүү үнэ төлж авсан байна.
Үүний дараагаар нутгийн иргэд махны ханшийг зохиомлоор өсгөлөө гэж ийн эсэргүүцэх үеэр “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын салбар зөвлөлийн тэргүүн н.Банзрагч холбогдох албаны хүмүүсээс тус үйлдвэр зөвшөөрөлтэй эсэх, хэчнээн гаднын иргэд ажилладаг, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй эсэх, үйлдвэрийн газрын зөвшөөрөлд “но”-той байгаа нь ямартай учиртай юм бэ зэрэг асуултыг Гадаадын иргэн, харьяатын Архангай хариуцсан алба болон тус аймгийн Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага, газрын алба, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар зэргээс тодруулсан юм. Газрын албаны дарга н.Мөнхбаярын хэлснээр үйлдвэрийн газар байсан газрыг өмнө нь 4-5 монгол иргэн өмчилж байсан байж. Ингээд хятадуудад зарсан гэх бөгөөд худалдаж авсан хятадууд үйлдвэрийн газар барихдаа газраа томосгож барисан учир хашааг нурааж, татуулсан гэдэг тайлбар өгсөн. Хэдий ийм тайлбар өгсөн ч гэлээ монголчуудаас худалдаж авсан гэх газрын дундах гудамжийг бөглөж, хашаалсан нь хууль бус үйлдэл биш гэж үү гэдгийг тус төрийн бус байгууллагын салбар зөвлөлийн н.Банзрагч асуусан юм. Харамсалтай нь, одоогоор тодорхой зүйл хэлэх боломж алга. Нягталж шалгаад хариу хэлэх болно гэсэн.
Харин гадаадын иргэн харьяатын холбогдох ажилтан жагсагчид дээр ирсэн боловч ямар ч тоймтой зүйл хэлсэнгүй.
Ганцхан товч бөгөөд тодорхой зүйл хэлсэн албаны хүн нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын алба байв. Тус байгууллагаас “Найруулга” үйлдвэр нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй. Манай байгууллагаас дүгнэлт гарсны дараа үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн тодорхой хариулт өгсөн. Үүнтэй зэрэгцээд цагдаагийн алба хаагчид ирсэн учир дээрх тайлбарыг жагсагчид учирлаж, “Зөвшөөрөл аваагүй хэрнээ мал, мах нядалж байна. Шалгах ёстой” гэв.
Цагдаагийн албаныхан ч тоймтой зүйл хэлэхгүй байх хооронд хоёр хятад иргэн хашаа даван зугтаасан нь энэ.
Нутгийн иргэд үйлдвэр нь зөвшөөрөлгүй аваагүй хэрнээ мал нядалж байна. Энэ зугтаасан хятадууд лав Монголд ажиллах зөвшөөрөлгүй байсан байж таарна. Ямар нэг асуудалгүй бол юу гэж зугтаахав” хэмээн ам амандаа үглэнэ. Ингэх зуур цагдаагийн байгууллагаас тус үйлдвэрт шалгалт хийх болж, энгийн иргэдийг орохыг хориглов.
Архангай аймагт ийм зүйл болж байна. Улаанбаатар хотод борлуулагдаж байгаа нийт махны дийлэнх хэсгийг баруун аймгуудаас нийлүүлэгддэг. Гэтэл сүүлийн жилүүдэд малчдын мал, мах махны ченжүүдийн гар дээр бус харин хятадын хөрөнгө оруулалттай гэх компаниудын хаалгаар шууд орох болсон нь үнэн. Малчид ийм сонголт хийсэн нь ганцхан шалтгаантай. Энэ нь хятадууд ченжүүдээс өндөр үнэ санал болгодог болохоор тэр. Хэдийгээр зах зээлийн хууль мэт боловч энэ нь эргээд махны үнэ тэнгэрт тултлаа өсөх шалтгаан болоод буй нь. Эмээлт захын ойр орчим дахиас эхлээд бусад аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хятадын бүх махны үйлдвэрүүд махны үнийг ийнхүү зохиомлоор өсгөж байна. Бүр хууль хяналтын байгууллагын алба хаагчдыг тохуурхаж, хашаа хайс давж, бүр замаас нь унаагаар үйлчилж зугтаалгадаг тоглоомын дүрэмтэй болчихож, тэд.
Тэдний эл бизнесийн тоглоомын урхагаар монголчууд авсан цөөн хэдхэн цалингаа тэдний халаасанд өөрийн гараар хавчуулж байна.
Гэсэн атал өнөө л муу хэдэн малчдаа “Ямар ч татвар төлөхгүй хэрнээ махны үнэ өсгөлөө” гэж хараана. Гэтэл хөшигний цаана хятад иргэдийн ийм булхайтай тоглоом өрнөж байна. Тиймээс л Монгол Улсын хууль, журмыг уландаа гишгэлэгч хятадууд стратегийн гол бүтээгдэхүүн болох махны үнийг тогтоосоор байх нь шударга гэж үү.
Би хэдий болтол “мал, мах өгье. Хилээ нээ” гэж орилох юм бэ.
Г.Нацаг-Эрдэнэ
Сэтгэгдэл (12)